Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 113

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02870 0852 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Т, Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод түр оршин суудаг, ...регистрийн дугаартай, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 531 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, мөн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөнийг хүндэд нь багтаан нийт 5 жилийн хугацаагаар тогтоосон;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тустай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.Б-ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 32 инчийн “Фунай” загварын зурагт, амбаарт байсан барилгын шат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 385,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б овогт Д.Т нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух Д.Б-ын өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 32 инч хэмжээтэй “Funai” загварын зурагт, мөн амбаарт байсан барилгын шатыг нууцаар авч явж, бусдад 385,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 7 цаг 50 минутын орчимд гэрээсээ гарсан, орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд ...байшингийн урд талд байх амбаарын цонх онгорхой байсан, очоод өнгийгөөд хартал сунадаг А шат алга болсон байсан. Тэгээд эргээд байшин руугаа хартал байшингийн урд талын вакум цонх онгорхой байсан. Гэртээ ортол том өрөөний баруун талд байсан зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-31 дугаар хуудас);

3. Гэрч Я.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Э үл таних залуутай ирээд “таксинд явах уу” гэхэд нь би “мөнгөгүй хүнд явахгүй” гэж хэлсэн. Гэтэл Э “зурагт зарчхаад мөнгийг нь өгье” гэхэд нь би “үгүй” гэж хэлээд явуулсан. Орой гэртээ иртэл манай нөхөр Б-ийн дүү Б гэрт хулгай ороод зурагт нь алдагдсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас);

4. Гэрч Р.К-ийн “...би 112-н буудлын ард гагнуур хийгээд байж байтал үл таних хоёр залуу ирээд хүүхдийн бие өвдөөд байна энэ зурагтыг яаралтай зармаар байна гэж хэлсэн. Зурагт чинь ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэхэд асуудал байхгүй, манай гэрийнх гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залууд 50,000 төгрөг бэлнээр өгөөд хавтгай хар өнгийн зурагт авсан. 5 хоногийн дараа зурагт зарсан залуу ирээд эхнэр уурлаад байна гэж хэлээд надаас зарсан зурагтаа буцаагаад 50,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дугаар хуудас);

5. 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-16 дугаар хуудас), 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 24 дүгээр хуудас), 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 25 дугаар хуудас), 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 73 дугаар хуудас);

6. Дамно ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гаргасан “2010 онд худалдаж авсан, 32 инч хэмжээтэй Funai загварын хавтгай зурагтыг 259,600 төгрөгөөр, барилгын сунадаг А шатыг 126,000 төгрөгөөр тус тус үнэлж, шууд хохирлын хэмжээг 385,600 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 74-75 дугаар хуудас);

7. Б.Э-ы яллагдагчаар өгсөн: “...гэртээ байж байтал 10 цагийн үед Т гаднаас 0.75 литрийн хэмжээтэй Шим нэрийн нэг шил архи барьчихсан орж ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж ууж байгаад би тасраад унтсан. Нэг мэдэхэд Т зурагт барьчихсан манай гэрт орж ирээд, намайг сэрээсэн. Би түүнээс “ямар учиртай зурагт юм бэ, хулгайнх биш биз дээ” гэж асуухад Т “түрээсийн байрандаа хэрэглэж байсан юм, энэ зурагтыг зармаар байна, чи такси олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Төгсгэрэлд туслах гээд дагаж явсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 100-103  дугаар хуудас);

8. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаартай “...эрүүгийн 1808 02870 0852 дугаартай хэргээс ...яллагдагч Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн прокурорын тогтоол (хх-ийн 206-207 дугаар хуудас);

9. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай гэснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай гэж өөрчилсүгэй...” гэсэн прокурорын тогтоол (хх-ийн 208-210 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 108 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 140 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113 дугаар хуудас), урьд яд шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолтын хуулбарууд (хх-ийн 117-138 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод байх Э-ы гэрт очиж 0.75 литрийн “Шим” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Э нэлээд муудаад байхаар нь би “цагдаагийн газар луу явлаа” гэж хэлээд гарсан. Тухайн өдөр манай эхнэр Н эрүүлжүүлэхэд хоночихсон байсан тул эхнэрээ очиж авахаар Эы гэрээс гарсан юм. Тэгээд цагдаагийн газар луу явах замдаа “мөнгөгүй юм чинь яаж авах вэ” гэж бодоод явж байтал хойд айлынх нь байшин эзэнгүй байх шиг харагдсан. Тэдний хашаа руу ороход эд хогшил хийдэг зуны амбаар байсан, тэр амбаарын цонхоор харахад барилгын А шат байсан. Цонх нь нимгэн фанераар хаачихсан байсан тул би фанерыг нь түлхэж унагаад А шатыг нь авсан. Тэр шатаа Э-ы хашаа руу давуулж шидчихээд тухайн байшингийн гал тогооны өрөөний вакум цонхны доод талын жижиг салхивчийг онгойлгон дотогш орж, том өрөөнд байсан 32 инчийн Фунай загварын зурагтыг авч, том өрөөнийх нь салхивчаар гарч, Э-ы гэр лүү явж орсон. Гэрт нь ороход Э унтаж байсан. Тэгээд сэрээхэд Э надаас “хулгайн эд зүйл биш биз дээ, хаанаас юу аваад ирэв” гэж асуухаар нь би “түрээсийн байрандаа тавьж байсан, миний зурагт байгаа юм” гэж хэлсэн. ...Зурагтаа авч яваад 112-ын автобусны буудал дээр байдаг гагнуурчинд 50,000 төгрөгөөр зарсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90-94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 32 инч хэмжээтэй “Funai” загварын хавтгай зурагтыг 259,600 төгрөгөөр, барилгын сунадаг А шатыг 126,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 385,600 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Т нь хулгайлах гэмт хэргийг хохирогч Д.Б-ын өвлийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч үйлдсэн байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохын зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг хэсэг болох хууль тогтоогчийн хуульчилсан тайлбар (authentic) ёсоор хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Т нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Т-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б нь хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Д.Т нь урьд таван удаа ял шийтгүүлж, эдэлж дууссан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаагүй боловч түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Т нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Харин хуулийн энэхүү зохицуулалтыг шүүх хэрэглэх нь шууд хорих ялын доод хэмжээнээс хасаж тооцох ойлголт биш бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялаас нь хуульд заасан хязгаарын хүрээнд хөнгөрүүлж оногдуулах зохицуулалт тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан “нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-д гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан” хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 9 (ес) хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Д.Т-ийг хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-д гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүнд оногдуулсан хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Т-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Т-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА