Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 290

 

Д.Т-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808028700852 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Д.Т-, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг гэх,

            - Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 531 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1061 дугаартай тогтоолоор 10 сар 27 хоногийн хорих ял өршөөн хасагдаж, Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 530 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Д.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 29-16 тоотод оршин суух иргэн Д.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч, 32 инчийн “Funai” загварын телевизор, амбаарт байсан барилгын шат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 385.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Т-ийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Т- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг бүрэн арилгасан. Энэ тохиолдолд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулна гэж заасан байдаг. Би өндөр настай эхийн хамт амьдардаг. Хөдөө орон нутагт том оврын автомашин барьдаг. Иймээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр бусдад учруулсан хохирлоо сайн дураар төлсөн, гэм буруугийн асуудлаар эхнээсээ маргаагүй, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан. Иймд уг ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 29-16 тоотод оршин суух иргэн Д.Батжаргалын өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 32 инчийн “Funai” загварын телевизор, амбаарт байсан барилгын шат зэргийг тус тус хулгайлж, 385.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Д.Батжаргал нь “...2018 оны 6 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд ... байшингийн урд талд байх амбаарын цонх онгорхой байхаар нь очоод хартал сунадаг А шат алга болсон байсан. Тэгээд эргээд байшин руугаа харахад урд талын вакум цонх онгорхой байсан. Гэртээ ортол том өрөөний баруун талд байсан 32 инчийн “Funai” загварын зурагт алдагдсан байсан...” /хх-ийн 29-31/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Я.Хишигтогтохын “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэчулуун үл таних залуутай ирээд “таксинд явах уу, зурагт зарчихаад мөнгийг нь өгье” гэхэд нь би “үгүй” гэж хэлээд явуулсан. Орой гэртээ иртэл манай нөхөр Бат-Эрдэнийн дүү Батжаргалын гэрт хулгай ороод зурагт нь алдагдсан гэж хэлж байсан...” /хх-ийн 37/,

гэрч Р.Конаевийн “...үл таних 2 залууд 50.000 төгрөг бэлнээр өгөөд хавтгай хар өнгийн зурагт авсан. 5 хоногийн дараа зурагт зарсан залуу ирээд эхнэр уурлаад байна гэж хэлээд буцаагаад аваад явсан...” /хх-ийн 39/,

яллагдагч Д.Т-ийн “...би фанерыг нь түлхэж унагаад амбаар дотроос А шатыг авсан. Тэр шатаа Эрдэнэчулууны хашаа руу давуулж шидчихээд тухайн байшингийн гал тогооны өрөөний вакум цонхныг онгойлгон дотогш орж, том өрөөнд байсан 32 инчийн “Funai” загварын зурагтыг авсан... Эрдэнэчулууныг сэрээхэд надаас “хулгайн эд зүйл биш биз, хаанаас аваад ирэв” гэж асуухаар нь би “түрээсийн байрандаа тавьж байсан, миний зурагт байгаа юм” гэж хэлсэн... зурагтаа авч яваад гагнуурчинд 50.000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 90-94/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 74-75/, алдагдсан эд хөрөнгийг Д.Т-ээс хураан авч, хохирогч Д.Батжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу гурван жилийн хорих ял оногдуулсныг буруутгах аргагүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

             ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН