Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00037

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00146 дугаар шийдвэртэй,

С.*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2022 оны үр дүнгийн урамшуулалт цалин болон ажил хавсран гүйцэтгэсний 30 хувийн нэмэгдэл цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн, Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарын агуулга: 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 28 дугаартай тушаалаар тус компанид тооцооны нягтлан бодогчоор томилогдон 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагатайгаар хандаж ирсэн. Ажиллах хугацаанд 2011 онд Сангийн яамны Хүндэт жуух бичиг, 2012 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд ******* ХК-ийн Санхүү хангамжийн албаны шилдэг ажилтан, 2016 онд Уул уурхайн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд Шилдэг татварын мэргэшсэн зөвлөхөөр тус тус шагнаж, урамшуулж байсан бөгөөд тус байгууллагад 13 жил ажиллахдаа санхүүгийн тайлантай холбоотой нэг ч алдаа дутагдал гаргаж байгаагүй нь тухайн үеийн аудитын дүгнэлтүүдээс тодорхой харагдана. Гэтэл ийнхүү цаг наргүй, сэтгэл гарган ажиллаж байхад Захиргаа, удирдлагын газрын захирал Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой 2 цагдаа дагуулан орж ирээд намайг хүчээр ажлаас маань хөөн гаргаж санхүүгийн тайлан, компьютер зэргийг минь хураан авч ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байсаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг өгсөн бөгөөд хэрхэн ямар зөрчил гаргасан талаар минь тайлбар өгч, шалгаж ч тогтоолгүй гэнэт ийнхүү халсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл миний бие өнөөдрийг хүртэл намайг яагаад ажлаас халсан талаар тодорхой тайлбарыг удирдлагаасаа огт аваагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1"В, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 Удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, 6.2.6 Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах, үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан, 6.2.7 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан, 6.2.9 "Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн"-т заасан үндэслэлүүдийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие дээрх зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд намайг ажпаас чөлөөлсөн тус тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа учраас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.*******ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан Тооцооны нягтлан бодогч-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 450 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой ******* ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус тогтоолын 3.1 дэх заалтаар ...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх..."-ийг даалгасан.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд, Засгийн газраас өөрт олгосон онцгой эрхийн хүрээнд компанийн үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлж, шаардлагатай арга хэмжээ авах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байсан. Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр компанийн офиссын байранд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэн, компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулж, хэрүүл маргаан үүсгэн заналхийлж, хэл, үг яриагаар доромжлон, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг үл биелүүлж, өөрийн гар утсаар зөвшөөрөлгүйгээр дуу дүрсний бичлэг хийж, улмаар байгууллагын ажилчдын Фейсбүүк группт худал мэдээлэл түгээж, байгууллагын ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Иймд ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл буюу 6.2.3 "... албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан. Орхиж явсан. Ажил тасалсан өдрүүд нийлбэрээр нэг сард 24 ба түүнээс дээш гарсан, 6.2.6 Ажлын байранд компанийн хэвийн уйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан. Хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах уйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан", 6.2.7 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй. Ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан". 6.2.9 Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

С.*******ийн гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу компанийн удирдлага, Дотоод аудитын хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 03, 06-ны өдрүүдэд уулзалт хийж, улмаар ажил олгогчоос ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж нь 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор санхүүгийн тайланг эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөх үүрэгтэй ба 2022 оны хагас жилээс хойших санхүүгийн баримт санхүүгийн программд шивэгдэж ороогүй, эмхэлж цэгцлээгүйн улмаас уг үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал компанид бодитоор бий болсон тул бусад ажилчдыг хавсран гүйцэтгүүлэхээр нэмэлтээр уртасгасан цагаар ажиллуулсан. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах эрхтэй гэж, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч С.******* нь дээрх хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ 2022 оны 06 сараас хойш бүрэн гүйцэд биелүүлээгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхийг удирдлагаас удаа дараа сануулж, нөхөн гүйцэтгэх боломжийг олгосоор байхад санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр Засгийн газрын үйл ажиллагаа болон компанийн санхүүгийн бүртгэл, тооцооллын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах үйлдэл гаргасан.

Тодруулбал, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаад удирдлагын зүгээс удаа дараа засаж сайжруулахыг шаардсан ба С.*******ийн гүйцэтгэх ёстой байсан 2022 оны 09 дүгээр сараас хойших санхүүгийн бүртгэлийг хожим ажил үүрэг хүлээлцсэн нягтлан бодогч нөхөн бүртгэсэн болох нь байгууллагын Дотоод аудитын хэлтсийн илтгэх хуудас, тус компанийн ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нар болон нярвуудын гаргасан тайлбараас ажил үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан болох нь нотлогдоно. Мөн С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд өдөр бүр ажилдаа хоцорч ирсэн, 4 удаа өглөө ажилдаа ирээгүй буюу нийт 38 цаг 39 минут ажил тасалсан болох нь байгууллагын хүний нөөцийн цаг бүртгэлийн системийн мэдээгээр нотлогдох ба удаа дараа ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, ажлын цаг дууссаны дараа орой шөнийн цагаар гэрээсээ ирж цаг бүртгэлийн системд илүү цагаар ажилласан мэтээр цагаар бүртгүүлдэг. ******* ХК-ийн компанийн удирдлага, ажилчдыг гутаан доромжилж, нэр төрд халдан олон нийтийн сүлжээнд байгууллагын ажилчдыг удирдлагын эсрэг турхирч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан ******* ХК-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй компьютер, багаж (хэрэгсэл, холбогдох программд нэвтрэх эрх зэрэг нь зөвхөн компанийн өмч бөгөөд ажилчид зөвхөн компаниас олгосон зөвшөөрлийн дагуу ашиглах үүрэгтэй. Тийм байтал С.******* нь компанийн санхүүгийн программд нэвтрэх нэр, нууц үг, санхүүгийн тайлан баримтыг хувийн өмч мэт аяглан компанийн эрх бүхий албан тушаалтанд өгөлгүй үйл ажиллагаанд нь саад учруулсан.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай." гэж заасан ба Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой бүрэн эрхийн хүрээнд шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын ажиллагаанд саад болсон этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор гаргасан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум ******* ХК-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 26,822,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сум ******* ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. Анхан шатны шүүхийн 127 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дээрх хуулийн шаардлагын хэмжээнд хууль зүйн дүгнэлтээ бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Анхан шатны шүүх Хариуцагч байгууллага нь С.*******ийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил тасалсан, удаа дараа зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ...Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасантай нийцэхгүй байна гэж дүгнэжээ.

С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр компанийн ажлын байранд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэн компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон бусад ажилчин, албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулж, хэрүүл маргаан үүсгэн ажилчдыг заналхийлж, доромжлон хэв журам сахиулахаар ирсэн хууль сахиулах байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг үл биелүүлж, өөрийн гар утсаар зөвшөөрөлгүйгээр дуу дүрсний бичлэг хийж, улмаар байгууллагын ажилчдын Фейсбүүк группт тараан худал мэдээлэл түгээж, байгууллагын ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.

С.*******ийн гаргасан дээрх зөрчилд компанийн дотоод хяналтын албанаас мэдүүлэг авч, улмаар ажил олгогчоос ноцтой зөрчил гэж үзэж, нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, өөрийнх нь тайлбар хавтаст хэрэгт авагдсан байдаг ба үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар хөдөлмөрийн харилцааг сонгож хэрэглэнэ гэсэнтэй нийцэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нөгөөтэйгүүр С.******* нь дээрх зөрчлийг хэзээ гаргасан, түүнийг нь ажил олгогч хэзээ илрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ...Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан cap, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэснийг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь өөрийн ажил үүрэг болох тооцооны нягтлан бодогчийн хийх ажил үүргээ өмнөх 2022 оны 06 сараас хойш гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар ажил үүргээ гүйцэтгэхийг удирдлагаас удаа дараа сануулж, ажил үүргээ нөхөн гүйцэтгэх боломжийг олгосоор байхад эсэргүүцэж, санхүүгийн бүртгэл, тооцооллын үйл ажиллагаанд саад учруулсан нь Засгийн газрын үйл ажиллагаа болон компанийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах үйлдэл гаргасан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, энэ талаар удирдлагаас удаа дараа шаардсан болох нь байгууллагын дотоод аудитын хэлтсийн баталгаажуулсан тус компанийн тооцооны нягтлан Э.Цогтбаяр, Э.Баярцогт, ахлах нягтлан бодогч Ц.Болормаа нарын тайлбар хуудас, дотоод аудитын хэлтсийн илтгэх хуудас зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

2022 оны 09 дүгээр сараас хойшхи ажил үүргээ хангалтгүй биелүүлснийг хожим ажил үүрэг хүлээлцсэн нягтлангууд 4 хоног сууж, хүнсний бараа болон сэлбэг хэрэгслийн материалын орлого, зарлагын гүйлгээг санхүүгийн программд нөхөн бүртгэж гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох илгэх хуудас болон нөхөж хийж гүйцэтгэсэн ажлын тайлангуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ ямар нотлох баримтыг үндэслэсэн дүгнэлт хийсэн эсэх нь тодорхойгүй, иргэний хэрэгт зохигч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн бүхий л нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шийдвэрлэж 146 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Гэтэл хариуцагч талын гаргасан гомдлыг харахаар анхан шатны шүүхийн 127 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, 127 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дээрх хуулийн шаардлагын хэмжээнд хууль зүйн дүгнэлтээ бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй гэсэн байдаг. С.*******ийн гаргасан нэхэмжлэлийн хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай шийдвэрийн талаар гомдол гаргаагүй. Харин 127 дугаартай шийдвэрийн талаар гомдол гаргасан байна гэж үзэж байна. С.******* нь хөдөлмөрийн гэрэнээний 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.9 дэх хэсгүүдэд заасан зөрчил гаргасан, танхайрсан, бусдыг доромжилсон, бусдын зөвшөөрөлгүйгээр дуу, дүрсний бичлэг хийсэн, заналхийлсэн, хууль сахиулагч байгууллагын албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн зөрчлүүдийг гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг үнэлж дүгнээгүй гэж гомдол гаргасан. С.******* эдгээр зөрчлүүдийг гаргасан гэдгийг нотолсон баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагч талаас эдгээр зөрчлүүдтэй холбогдуулан гаргаж өгсөн материалууд нь тушаал гарснаас хойш бусад хүмүүсээс авсан тайлбар, удирдах албан тушаалтнаас гаргасан мэдэгдэх хуудас зэрэг байдаг. Тэгэхээр зохих баримтуудыг бүрдүүлээгүй байж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөөгүй байна гэдэг нь харагдаж байгаа. С.*******т энэ талаар мэдэгдэж тайлбар авсан гэдэг. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тайлан мэдээгээ 02 дугаар сарын 04-ний өдөр гэхэд гүйцэтгэж бэлэн болгоно гэсэн бичиг хийлгэж авсан байдаг. Гэтэл 02 дугаар сарын 04-ний өдөр нь болоогүй байхад буюу 02 дугаар сарын 03-ны өдөр эдгээр зөрчлийг гаргасан гээд 02 дугаар сарын 07-ны өдөр тушаал гаргасан байгаа нь хуулийн дагуу гараагүй, хууль бусаар үндэслэлгүйгээр гарсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. Гомдолдоо С.******* нь байгууллагын ёс зүйн дүрэмд дурдсан ноцтой зөрчлүүдийг гаргасан, 2022 оны 06 дугаар сараас хойш ажлаас гүйцэтгээгүй, 09 дүгээр сараас хойших ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн. Нотлох баримт гаргаж өгсөөр байхад шүүх үндэслэлгүйгээр шийдвэрлэлээ гэсэн гомдол гаргаж, тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талаас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна.

Гомдолд дурдсанаар байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9 дэх хэсгүүдэд заасныг зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан гэдгийг хариуцагч талаас нотолж чадаагүй. Дээрх зөрчлүүдийг гаргасан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддоггүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. 2022 оны 06 дугаар сараас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй гэсэн тайлбарыг хариуцагч талаас гаргадаг. Нэхэмжлэгч талаас цалингийн мэдээлэл, цалингийн жагсаалт, цалин хөлсний талаарх тодорхойлолт, лавлагаа зэргийг гаргаж өгсөн. Эдгээрээс нэхэмжлэгчийг тухайн саруудад ажлаа бүрэн хийж гүйцэтгэж байсан гэж үзэж цалинг нь бүрэн олгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаа таслалгүйгээр гүйцэтгэж байсныг нотлох баримт. Тиймээс хариуцагч талын гаргасан 2022 оны 06 дугаар сараас хойш ажлаа гүйцэтгээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

2022 оны 09 дүгээр сараас хойш ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарласан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан заалтыг баримтлаагүй. Сахилгын зөрчил гаргасан гэсэн заалтыг баримтлаад сахилгын зөрчлөө хөдөлмөрийн гэрээтэйгээ холбон тайлбарладаг. Хөдөлмөрийн гэрээнд дурдсан дээрх зөрчлүүдийг харвал ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалт байхгүй. Үүнийг баримталж ажлаас чөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл тушаалд заагаагүй үндэслэлийг гомдолдоо дурдсан байгаа нь учир дутагдалтай бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдохгүй байгаа учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.9 дэх хэсгүүдэд хөдмөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн гэж заасан байгаа. Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан бэ гэдгийг тогтоосон баримт байхгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын хариуцлага алдсан гэж байгаа. Гэтэл ямар байдлаар ажлын хариуцлага алдсан, ямар үүрэг даалгавар өгснийг нь биелүүлээгүй гэдгийг нотолсон баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг үүсгэсэн гээд байгаа. Хэвийн үйл ажиллагааг нь яаж алдагдуулсан талаарх нотлох баримт байхгүй. Ажлаа тасалсан гээд байдаг мөн үүнийг нотлосон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, тушаалынхаа үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээ, хуулийн зүйл заалтуудыг нотлосон, нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоосон баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд давж заалдах гомдлын хэлбэр, агуулгын талаар тодорхой заасан байдаг. Хариуцагч талаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл энэхүү зохицуулалт нь зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад хамааралтай хариуцагчид хамааралгүй заалт. Тиймээс давж заалдах гомдол гаргах хэлбэр, агуулгыг зөрчиж гомдол гаргасан байгааг анхаарч үзнэ үү гэв.

 7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна. Үндэслэлийнхээ гол агуулгыг тайлбарлая. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Цогтбаяр, Ичинхорлоо нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 479 дугаартай шүүгчийн захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00146 дугаар шийдвэр нь үндэслэл бүхий буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангахгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын тайлбарыг үндэслэсэн. Нэхэмжлэгч талаас удаа дараа тайлбар хэлдэг, хариуцагч талаас татгалзлаа мөн тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн гэрээний харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож байна вэ. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9 гэсэн заалтуудыг баримталсан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг дүгнэж, үүнийг няцаасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4 дэх хэсгүүдийг баримталсан. Хариуцагч талаас тайлбар татгалзлаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж байсан зэрэг нөхцөл байдлуудыг тайлбарлаж, дүгнэлт гаргаад байхад ганцхан зүйл заалтыг нь дүгнээд шийдвэрээ гаргачихсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тэрнээс үүнийг дарааллаар нь хэрэглэнэ гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрт хуулийн энэ зүйл заалтуудыг дэс дараалаар нь хэрэглэх байсан гэх байдлаар тайлбарлаж, үндэслэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байж чадахгүй байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Мөн шүүхэд хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалт байгаа. Б.Энхбат өмгөөлөгчийн зүгээс хариуцагч талын гэрч асуулгах хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь ойлгомжгүй буюу эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж тайлбарласан. Тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөөө гомдлыг дэмжиж байна гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар Зарим арга хэмжээний тухай тогтоолоор ******* ХК-д авах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүрэн эрхт төлөөлөгчөөр ******* гэх хүнийг томилсон. Засгийн газрын тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны хэлбэрээр явагдаж хамтын зарчимд үндэслэн тогтоол гаргадаг. Энэ гаргасан тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Мөн Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Засгийн газар хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно гэсний дагуу 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар Зарим арга хэмжээний тухай тогтоолыг гаргасан. ******* гэх хүн нь энэ тогтоолын дагуу ******* ХК-д тодорхой арга хэмжээ авч, үүргээ гүйцэтгэж байхдаа тодорхой тооны албан тушаалтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Энэ нь үндэслэлтэй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим алдаанууд гарсан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүгчийн захирамж алдаатай байсан. Гомдолд дурдаагүй ч хэргийг бүхэлд нь хянах эрх шүүх бүрэлдэхүүнд байгаа учраас энэ талаар тайлбарлах хүсэлтэй байна.

Нэгдүгээрт, хариуцагч тал татгалзлаа нотлох үүднээс С.*******ийн өмнөөс ажлыг нь гүйцэтгэж байсан Ичинхорлоо, Цогтбаяр гэх хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан гэрчээр асууж болохгүй нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Гэтэл анхан шүүгч гэрч асуулгах хүсэлтийг яагаад хангаагүй вэ. Өөрөөр хэлбэл, гэрч асуулгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэдэг нь юугаар нотлогдоод байна вэ. энэ талаар үндэслэх хэсэгтээ тодорхой заагаагүй. Захирамжлах хэсгийн 1 дэх заалтдаа гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон юм уу, хангасан юм уу эсэх талаараа бичилгүй шүүх хурлаа хойшлуулчихсан. Энэ асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг засах эрх хэмжээ нь анхан шатны шүүхийн шүүгчид байсан боловч энэ алдаагаа залруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн ноцтой зөрчил. Энэ ч утгаараа хариуцагч тал татгалзал болоод байгаа үйл баримтыг нотлох гэрчийг асуугаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасан энэ үндэслэл тогтоогдож байна. Тийм учраас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2022 оны үр дүнгийн урамшуулалт цалин болон ажил хавсран гүйцэтгэсний 30 хувийн нэмэгдэл цалинг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маргад-Эрдэнэ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ш.Ичинхорлоо, Э.Цогтбаяр нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт /1-р хх-200/ гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШЗ2023/00479 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн /1-р хх-201-202/ үндэслэх хэсэгт ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маргад-Эрдэнээс ирүүлсэн Ш.Ичинхорлоо, Э.Цогтбаяр нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв гэж тусгагдсан байх ба шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эрх зүйн акт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хэргийн оролцогчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00146 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ