Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00887

 

“Тэдмэнт секьюрити” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00433 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 841 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Тэдмэнт секьюрити” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Металл энд Вүүд” ХХК-д холбогдох,

Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 11 820 000 төгрөг, алданги 1 472 400 төгрөг, нийт 13 292 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: .нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Металл энд Вүүд” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан сарын 1 800 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ хугацаанд манай компани нь гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэгэн зөрчил, маргаан гаргаагүй бөгөөд нийт 7 сар 17 хоног үйлчилгээ үзүүлснээс эхний сарын 1 800 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хамгаалалтын хөлсөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд 6 сар 17 хоногийн хамгаалалтын хөлс болох 11 820 000 төгрөг, алданги 1 472 400 төгрөг, нийт 13 292 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Гэрээний талууд ажилласан он сар хугацаан дээр хариуцагч маргахгүй. Харамсалтай нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан хайхрамжгүй, хариуцлагагүй байсны улмаас эксковатор нэвтэрч барилгын шанагыг нууцаар авч гарсан. Барилга барихад нэн шаардлагатай төхөөрөмж алдагдсаныг нэхэмжлэгч талын харуул хамгаалалтын албан хаагч анзаараагүй улмаас “Металл энд вүүд” ХХК-д хохирол учирсан. Гэрээний 3.1, 6.2.2, 6.2.5, 7.5, 8.1 дэх заалтуудыг нэхэмжлэгч тал ноцтой зөрчсөн. Үүний улмаас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “Тэдмэнт секьюрити” ХХК-ийг ажиллуулахаа больж гэрээг цуцалсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг харуул хамгаалалтын алба бүрэн хариуцна гэж заасан.

Барилгын гол төхөөрөмж алдагдаж 20 хоногийн хугацаа алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал алдангийг хэрхэн тооцож бодсон нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00433 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Металл энд вүүд” ХХК-иас 13 172 399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэдмэнд секьюрити” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 120 001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Металл энд вүүд” ХХК-иас 223 811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэдмэнд секьюрити” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 841 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “Тэдмэнд секьюрити ХХК” гэснийг “Тэдмэнт секьюрити ХХК” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 811 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч компанийн ажилтан Энхтөр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас барилгын суурийн ажлын гол төхөөрөмж болох нүдэгч хэрэгслийг алдаж үүний улмаас барилгын хуваарьт ажил саатаж манай компанид их хэмжээний хохирол учирсан тул 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” №16/02 тоот гэрээний 6.2.2, 6.3.1, 7.5, 8-р зүйлүүдэд заасан үндэслэлээр хариуцагч талаас гэрээг цуцалсан болно.

Нөгөө талаас нэхэмжлэгч компани албан үүрэгтээ хайнга хандсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт илэрхий болсон атал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т заасан заалтыг зөрчин уг заалтыг хэрэглээгүй нь уг хэргийг нэг талыг барьсан шийдвэр гаргах үндэслэл болсон тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлгүй өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хууль, заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр магадлалыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан хариуцагч талаас нэхэмжлэгч талыг гэрээгээ зөрчсөн буруутай үйл явдлыг тодруулах зорилгоор холбогдох нотлох баримтыг Цагдаагийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, уг үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг бүрдүүлэх боломжийг хааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу эсрэг талын шаардлагад үндэслэл бүхий тайлбар өгөх боломжгүй болгожээ. Шүүхээс нэхэмжлэгч талын буруутай үйлдэл нь “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” №16/02 тоот гэрээг цуцлах, үүний улмаас нэхэмжлэгч тал шаардах эрхгүй болж байгаа тухай эрх зүйн зохицуулалттай энэ ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоож өгөх нөхцлийг бүрдүүлээгүй нь ийнхүү нэг талыг барьсан шийдвэр гарах үндэслэл болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч компанийн нэрийг ташаа бичсэн алдааг залруулж, өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Тэдмэнт секьюрити” ХХК нь хариуцагч “Металл энд Вүүд” ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс, алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “Металл энд Вүүд” ХХК нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирол учирсан тул хөлс төлөхгүй гэж тайлбарлажээ.

 

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулсан байх ба энэ гэрээгээр нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 48 дугаар байрны барилгын талбайд харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах, хариуцагч компани сар бүр 3 хамгаалагчийн 1 800 000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч компанийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

Дээрх гэрээг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 359.2.-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 7 сар 17 хоногийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн ба хариуцагч зөвхөн 1 сарын хөлс төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй байна.

 

Хариуцагч  “Металл энд Вүүд” ХХК нь харуул хамгаалалт муу байснаас барилгын талбайгаас эд хөрөнгө алдагдсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч “Металл энд Вүүд” ХХК нь нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээний харилцаатай болохоо хүлээн зөвшөөрсөн боловч хөлс төлөх үндэслэлгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шийдвэр, магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх эдгээр дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах,  шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулдаг байна.

Барилгын талбайгаас эд хөрөнгө алдагдсан талаарх нотлох баримтыг хариуцагч Цагдаагийн байгууллагаас өөрөө гаргуулан авах боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 841 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН