Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 841

 

Тэдмэнт секьюрити ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Базориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00433 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тэдмэнт секьюрити ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Металл энд Вүүд ХХК-д холбогдох

 

Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 11 820 000 төгрөг, алданги 1 472 400 төгрөг, нийт 13 292 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Тэдмэнт секьюрити ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Д.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Металл энд Вүүд ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  гэрээ байгуулан  сарын 1 800 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ хугацаанд манай компани нь гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор  гүйцэтгэж, ямар нэгэн зөрчил, маргаан гаргаагүй бөгөөд нийт 7 сар 17 хоног үйлчилгээ үзүүлснээс эхний сарын 1 800 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хамгаалалтын  хөлсөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 6 сар 17 хоногийн хамгаалалтын хөлс болох 11 820 000 төгрөг, алданги 1 472 400 төгрөг нийт 13 292 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Металл энд Вүүд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний талууд ажилласан он сар хугацаан дээр хариуцагч маргахгүй. Харамсалтай нь 2016 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан хайхрамжгүй, хариуцлагагүй байсны улмаас эксковатор нэвтэрч барилгын шанагыг нууцаар авч гарсан. Барилга барихад нэн шаардлагатай төхөөрөмж алдагдсаныг нэхэмжлэгч талын харуул хамгаалалтын албан хаагч анзаараагүй улмаас Металл энд вүүд ХХК-д хохирол учирсан. Гэрээний 3.1, 6.2.2, 6.2.5, 7.5, 8.1 дэх заалтуудыг нэхэмжлэгч тал ноцтой зөрчсөн. Үүний улмаас 2016 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн Тэдмэнт секьюрити ХХК-ийг ажиллуулахаа больж гэрээг цуцалсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс  учирсан хохирлыг харуул хамгаалалтын алба бүрэн хариуцна гэж заасан. Барилгын гол төхөөрөмж алдагдаж 20 хоногийн хугацаа алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал алдангийг хэрхэн тооцож бодсон нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Металл энд вүүд ХХК-иас 13 172 399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэдмэнд секьюрити ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 120 001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Металл энд вүүд ХХК-иас 223 811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэдмэнд секьюрити ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Металл Энд Вүүд ХХК-ийн захирал О.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компаний ажилтан Энхтөр 2016-11-11-ний өдөр албан үүрэгтээ хайнга хандасны улмаас барилгын суурийн ажлын гол төхөөрөмж болох нүдэгч хэрэгслийг алдаж, барилгын хувиарт ажил саатаж их хэмжээний хохирол учирсан тул 2016-03-25 өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” №16/02 тоот гэрээний 3.1, 6.2.2, 6.3.1,7.5, 8-р зүйлүүдэд заасны үндэслэлээр хариуцагч талаас гэрээг цуцалсан болно. Нэхэмжлэгч  албан үүрэгтээ хайнга хандсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт илэрхий болсон атал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.  Иргэний хуулийн 367 дугаар зүйл 367.2-т заасныг зөрчин уг заалтыг хэрэглээгүй  нэг талыг барьсан. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Тэдмэнт секьюрити ХХК нь хариуцагч Металл энд Вүүд ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 13 292 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, уг гэрээгээр  Тэдмэнт секьюрити ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, Металл энд Вүүд ХХК нь үйлчилгээний хөлсөнд  сард 1 800 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.  /3-11/

 

Дээрх гэрээгээр  нэхэмжлэгч Тэдмэнт секьюрити ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 11  дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 7 сар 17 хоногийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн, Металл Энд Вүүд ХХК нь 1 сарын хөлс 1 800 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч Металл энд Вүүд ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас хамгаалалтын талбайгаас эд хөрөнгө алдагдаж, хохирол учирсан гэх боловч хэзээ хэдэн төгрөгийн хохирол, хэрхэн учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагчаас 13 172 399 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн оноосон нэрийг Тэдмэнд гэж буруу бичсэнийг Тэдмэнт гэж залруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтын “Тэдмэнд секьюрити ХХК” гэснийг “Тэдмэнт секьюрити ХХК” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 811 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД