Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01468

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01468

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01865 дугаар шийдвэртэй,

Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК, Э.******* нарт холбогдох, орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын ..... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.*******ыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ж.*******, хариуцагч Э.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 32 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох,

1.б. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын ..... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах

1.в. Тус орон сууцнаас Э.*******ыг албадан чөлөөлүүлнэ.

1.1.******* ******* ХХК нь орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ зөрчиж орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, цахилгаан дулааны хангамжийг байнгын ашиглалтад өгөөгүйгээс захиалагчид хохирол учирч дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229 дугаартай шийдвэрээр ******* ******* ХХК-аас хохирол 1,755,000 төгрөг буюу 1,505,14 ам.доллар гаргуулж Ц.*******д олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд ******* ******* ХХК-ийн дансыг хайгаад олоогүй, захирал Э.******* нь шоронд орж, тооцоо нийлэх боломжгүй нөхцөл үүссэн. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ******* ******* ХХК-д 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгах шаардлагыг гаргахад хүлээн аваагүй, үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөхөө мэдэхгүй байсан үйлдэлд нэхэмжлэгч Д.******* буруугүй. Нэхэмжлэгч Д.******* үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй. ******* ******* ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага гаргаагүй, ямар ч сануулга өгөөгүй. Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнээс татгалзах эрхгүй.

1.2. Нэхэмжлэгч Д.******* нь 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны захиалгын .. тоот гэрээний дагуу 10,000,000 төгрөг буюу 8,305 ам.доллар төлсөн. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр 1,755,000 төгрөг буюу 1505.14 ам.долларыг төлбөрт оруулан тооцвол гэрээний төлбөрт нийтдээ 9,810 ам.доллар төлсөн байх ба энэ нь нийт төлбөрийн 82.2 хувь болж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь нэгэнт орон сууц захиалгын төлбөрийн 82,2 хувийг төлсөн, эцэг Ц.*******гийн байрыг өмчилж авахаар тасралтгүй шүүх, цагдаагаар явсан. Төлбөр тооцоогоо нийлж гэрээг дуусгавар болгохоор эрх бүхий байгууллагад хандаж байсан, гэрээг хэрэгжүүлэх бүхий л арга замыг хайсан зэрэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байгааг харгалзан үзвэл түүний байрыг бусдад хямдаар худалдах эрхгүй.

Нэхэмжлэгч Д.*******ын эцэг Ц.*******гийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн байхад ******* ******* ХХК нь өөр этгээдэд давхцуулан гэрээ байгуулах эрхгүй. Энэ нь ******* ******* ХХК болон Э.******* нарын хооронд байгуулагдсан ..... тоот гэрээ хүчин төгөлдөр бус болох нэг үндэслэл гэж үзэж байна.

Шүүх маргаан бүхий орон сууцны 70 хувийн төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн. ******* нь тухайн орон сууцанд 2005 оны 6 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл буюу 12 жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан. Энэ нь өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхтэй нь уг орон өөр этгээдэд худалдвал заавал Д.*******аас зөвшөөрөл авах хуулийн шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл 17,8 хувь төлсөн эсэхээс үл хамаарна гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК-ийн Ц.*******тай байгуулсан гэрээнд худалдан авагч 70 хувь эсвэл 82.2 хувийг төлсөн нөхцөлд тухайн үнийн дүнд таруулж орон сууцыг өмчилж авна гэсэн ямар ч заалт байхгүй. Мөнгө төлсөн хэсэг дээр хөрөнгө өмчилж авна гэсэн хуулийн заалт байхгүй.

2.2. Ц.******* нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй олон жил болсон. Ж.*******ыг шоронд явсан учир мөнгийг нь өгөх гээд хайгаад байсан гэж ярьж байна. Би тухайн газраас гарч ирээд 2015 оноос хойш шаардлага тавьж, мөнгөө авъя гэхэд нэхэмжлэгч тал долларыг тухайн үеийн ханшаар төлнө гэж маргасан. Доллар 3,000 болчхоод байхад 9,00 байсан үеийн ханшаар төлнө гэж байна. Гэрээг доллараар хийсэн байдаг. Ц.******* нь мөнгө өгье гээд яваад байсан зүйл байхгүй. Тэр үед ******* гэдэг хүн амьд байсан. Удаа дараа шаардлага тавьж бичиг өгсөн. Манайх тухайн үед 2 ажилтантай, гурвуулаа байсан. Компанид ажилтан байсан уу, үгүй юу, хэдэн ажилтантай байсан, татвар төлсөн эсэх асуудал энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Нэхэмжлэгч тал урьд нь өмнө нь орон сууцны 70 хувийг төлбөрийг төлсөн, үлдсэн 30 хувиа төлөхгүйгээр орон сууцыг өмчилж авна, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн 10,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Орон сууцыг ашиглалтад хэзээ оруулсныг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Ц.******* нь тухайн орон сууцанд амьдарсан.

2.3. ******* ******* ХХК-ийн зүгээс Ц.*******г үлдэгдэл мөнгөө төлөхгүй болохоор гэрээнээс татгалзсан. Хэн нэгэн нь үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Хуулийн дагуу манайх гэрээнээс татгалзсан. Талууд гэрээнээс татгалзсан хэсэгт маргаагүй гэж шүүх дүгнэсэн. Гэрээнээс татгалзсанаар ямар үр дагавар гарах вэ гэхээр талууд өгсөн, авснаа буцааж авна. Би орон сууцаа авсан. Төлбөр дутуу нөхцөлд өмчлөгч нь компани байна гэж гэрээнд заасан байгаа.

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх эсэх нь Д.******* орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр шүүх тогтоогдсон тохиолдолд албадан чөлөөлүүлэх боломжтой. Одоогоор Д.******* өмчлөгч, эзэмшигч биш учир боломжгүй. Гэрээнээс татгалзсанаа удаа дараа амаар бичгээр мэдэгдсэн гэв.

Захиргааны хэргийн шүүхийн хувьд Э.*******т олгосон гэрчилгээг хүчингүй болгосон болохдоо Э.*******т орон сууцыг олгосон нь буруу байж гэж шийдээгүй, улсын бүртгэлд алдаа гарсан байна гэж тогтоосон.

 

3. Хариуцагч Э.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2017 онд тухайн орон сууцыг сонгосон. Орон сууцыг сонгож аваад 100 хувь мөнгөө төлж, гэрээгээ байгуулж авсан. Иймд миний шударга ёсны өмчлөх эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, Э.*******т холбогдох орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын ..... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.*******ыг албадан чөлөөлүүлэх тухай Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Гэрээнээс татгалзах, хэлцлийг хүчингүйд тооцож болох хуулийг буруу тайлбарласан.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг 2004 онд байгуулж 2005 онд худалдан авсан орон сууцандаа орсон. ******* ******* ХХК нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах эрх 2005 оноос үүссэн боловч орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч чадаагүй буюу комисс хүлээн авахаас татгалзсан. ******* ******* ХХК-ийн захирал шүүхээр шийтгэгдэж шоронд орсон. Орон сууцныг цагдаагийн газраас битүүмжлэгдсэн зэрэг нөхцөл байдлаас болж үлдэгдэл төлбөрөө шаардах боломжгүй, төлбөрийг хүлээн авах субъект нь тодорхойгүй болсон.

Гэтэл шүүх 2005 оноос хойш үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсаар байтал үлдэгдэл төлбөрөө төлөөгүй хохь чинь гэсэн шийдвэр гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн үлдэгдэл төлбөрөө шаардаад байхад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж шийдвэрлэсэн ойлгомжгүй учир шүүх дээр байгаа 3 бүтэн хавтас хэргийг үзэхэд шүүхийн үндэслэл болгоод байгаа баримт юу ч байхгүй буюу хэрэг шүүх дээр хянагдаж байхад 2020 онд татгалзлаа бичсэн ганц хуудас цаас байгаа.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтад "үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол..... "гэж заасан.

5.2. Шаардлага гаргах хугацааг шүүх 2005 оноос гэж тооцсон буюу орон сууцыг хүлээн авсан өдрөөс 2020 он хүртэл бүхэл бүтэн 15 жил болж байна. Бүхэл бүтэн 15 жилийн дараа гаргаж байгаа гэрээнээс татгалзах хүсэлт нь 2004 оны гэрээг хүчингүй гэж тооцож болох ямар хууль байгааг ойлгохгүй гайхаж байна. Шүүх Д.******* нь 2020.03.03-ны орон сууц худалдан авах гэрээний төлбөрөө төлье гэсэн албан бичгийг ******* ******* ХХК, ******* нарт илгээснээс хойш 2020 оны 10 сард гэрээнээс татгалзаж байгаад нь үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Шүүхэд ******* ******* ХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй буюу энэ талаар нэг ч хуудас баримт байхгүй, шүүх хурал дээр амаараа хэлсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Маргаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдгийг эрхбиш шүүх мэдмээр юм.

5.3. Шүүх нэг үл хөдлөх хөрөнгийг хэдэн ч хүнд хамаагүй худалдаж, залилан мэхлэх нь хуульд нийцсэн зөв зүйтэй үйлдэл мэтээр шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.*******ын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байгааг тогтоосон.

5.4. Эхний захиалагч Д.******* нь 2004 онд 8.261 ам доллар, сүүлчийн захиалагч Э.******* нь 2017 онд 5.340 ам/доллар төлсөн байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

С. гэдэг этгээтэй Э.******* гэрээг байгуулсан нь хуульд нийцэх эсэхэд шүүх дүгнэлт хийж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Маргаан бүхий орон сууцыг 2017 оны 12 сард 100 хувь төлбөрөө төлж худалдаж авсан. Хууль ёсны шударга өмчлөгч юм. Орон сууцыг худалдаж авахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ анх удаа гарч байсан. Тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлага С. гэж хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ц.******* болон Э.******* нарын хооронд гэрээ байгуулсан. Ц.******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээгээ цуцалж, надтай гэрээ байгуулсан гэж ойлгосон. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

1.    Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК, Э.******* нарт холбогдуулан

1.а. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .8 тоот 2 өрөө орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох,

1.б. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын ..... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах

1.в. Тус орон сууцнаас Э.*******ыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ./

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Ц.******* нь ******* ******* ХХК-тай 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдагч ******* ******* ХХК нь дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцыг Ц.*******гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.******* нь орон сууцны үнэ 11,930 ам.долларын 40 хувийг урьдчилгаанд, 30 хувийг орон сууц баригдах үед, үлдэгдэл 30 хувийг эхний 1 жилд хүүгүй, 2 дахь жилд сарын 2 хувь, 3 дахь жилд 3 хувь гэх мэтээр 10 жил хүртэл 10 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцжээ.

2.б. Дээрх гэрээгээр худалдан авагч Ц.******* нь 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны үнэд 8,261 ам.доллар төлсөн, үлдэх 3,669 ам.долларыг төлөөгүй.

Худалдагч тал болох ******* ******* ХХК нь орон сууцыг 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.*******гийн эзэмшилд шилжүүлжээ.

2.в. Худалдан авагч Ц.******* нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, түүний өвлөгч Д.******* болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

2.г. Тус орон сууцны гэрчилгээ буюу бичиг баримт 2017 он хүртэл гарах боломжгүй байсан талаар талууд тайлбарлаж байна./1 дүгээр хавтаст хх 15-23/

2.д. ******* ******* ХХК болон Э.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, ******* ******* ХХК-аас дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө сууцыг Э.*******ын өмчлөлд шилжүүлэх, Э.******* орон сууцны үнэ 13,917,920 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

2.е. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Э.*******ын нэр дээр гарсан бүртгэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхээс хүчингүй болгосон баримт авагдсан. /1 дүгээр хавтаст хх 15-23/

 

3. Зохигч дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч тогтоолгох эрхтэй эсэх,

******* ******* ХХК болон Э.******* нарын хоорондын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

3.а. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.б. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.******* сууцны үнийг төлөхгүй байсан тул гэрээнээс татгалзаж, Э.*******тай гэрээ байгуулсан гэж маргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй юм. Хэргийн баримтаас үзэхэд Ц.******* сууцны үнийн 82,2 хувийг төлсөн, уг сууцанд 20 шахам жил оршин сууж хэрэглээний зардлыг хариуцсан байхад гэрээний үлдэгдэл үнийг төлөхийг шаардсан тодорхой баримтгүйгээр хариуцагч гэрээнээс татгалзсан нь хуульд нийцэхгүй.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Э.*******ыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд ******* ******* ХХК болон Э.******* нарын хоорондын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Ц.******* ******* ******* ХХК нарын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны захиалгын гэрээ хүчин төгөлдөр байна.

3.в. Харин нэхэмжлэгч Д.*******ын дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй. Учир нь уг сууц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө биш юм. Иймд хэсэгчлэн/хэсгээр/ өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд хуульд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.г.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Нэгэнт нас барагч Ц.*******гийн ******* ******* ХХК-тай 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны захиалгын гэрээ хүчин төгөлдөр байгаа, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Ц.******* дээрх сууцны шударга эзэмшигч тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Д.******* нь Э.*******ын хууль бус эзэмшлээс сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй боловч хэргийн баримтаас үзэхэд уг сууц ******* ******* ХХК-аас Э.*******т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууц нь ******* ******* ХХК-ний эзэмшилд шилжих юм.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг Э.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК болон Э.******* нарын хоорондын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сууц захиалгын ..... тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Э.******* нараас 227,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД