Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0463/З |
Дугаар | 221/МА2019/0141 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2019/0141
2019 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2019/0141 | Улаанбаатар хот |
Б.Т-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т-гийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрээр:
1 дэх заалтаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тэмжүүжингийн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
2 дахь заалтаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Т нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Ажил олгогч намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаж уламжлаагүй байхад Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар “Ажлаас халах тухай" тушаалаар: “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1. дэх заалт ...-ыг үндэслэн ...БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тул ...” гэж үндэслэлгүйгээр миний гаргасан хүсэлтийн утга агуулгыг илт мушгин гуйвуулж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсныг Анхан шатны шүүх: “...Б.Тг удаан хугацаагаар БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.Т нь намайг ажиллах нөхцөл бололцоогоор хангадаггүй, эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хажууд, сандал, компьютер өгөлгүй суулгадаг, намайг цагдаагийн газарт шалгуулахаар байгууллага өргөдөл өгсөн учир арга буюу өргөдлөө өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар шүүхээс цуглуулсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Т-гийн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах болсон үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг өргөдлийг бусдын дарамт шахалтгүйгээр өөрөө гаргасан бопох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хууль зүйн үндэслэлтэй гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний гомдол, тайлбаруудад дурдаж буй үндэслэлүүдэд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.
Энэхүү ажил олгогчийн зүгээс субъектив байдлаар асуудалд хандан миний уламжилсан хүсэлтийн утга агуулгыг илт худал мушгин гуйвуулж намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн мэтээр гүтгэн үндэслэлгүйгээр буруутгаж халсан үндэслэлийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэснийг дээр товч өгүүлсэн тул дор миний зүгээс ямар үндэслэл, шалтгаанаар тушаалд дурдсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаагаа сийрүүлье. Үүнд: “...Б.Тг БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ..." гэх үндэслэлийн тухайд: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 5 дахь галын 1, 2, 5, 6, 6 дугаар талын 1 дахь догол мөр хавтаст хэргийн 79 дэх талд авагдсан байгаа Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад гаргасан , 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өргөдөлд “ ... жич: Холбогдох баримт /3 хуудас/-уудыг хавсаргав.” гэж дурдагдсан байдаг.
Тус хавсралт 3 хуудас хавсралт материалд [email protected] майл хаягаас миний хувийн [email protected] майл хаягт 2017 оны 12 сарын 21-ны өдрийн 4 цаг 33 минутад надад ирүүлсэн мэйлийг хэвлэж хавсаргасан байх бөгөөд үүнд “ Mes zasliiin daraa emnelegt hevteh shaardlaagui, udurtuu emnelegees garna8 mes zasliin daraa oydliig 7-14 deh honog deer avj duusdag tul Solongost 14 honog baina gej tootsooloh heregtei…” гэж дурдагдагсан байгаагаас үзвэл намайг удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга ойлгосон гэдэг нь үндэслэлгүй юм.
Тус өргөдөлд “ Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд Б.Т миний биеийг Захиргаа Удирдлагын Газрын мэргэжилтэн ажлын байран дээр эргүүлэн томилогдож ажиллах шийдвэрийг Улсын дээд шүүхээс тогтоосон.
Тиймээс миний бие эргэж ажлын байр, албан тушаал дээрээ ажиллах гэсэн боловч ажлын байрны орон тоо, бүтэц бүрэлдэхүүн /Захиргаа Удирдлагын Газарт/ дүүрсэн ..." гэдгээр шалтаглан намайг ажлуулахгүй байгаа тухай дурдаад “...ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, орчин нөхцөл зэргээр хангагдаагүй учир’’ ажиллах ямар ч боломж, чадамжгүй байгаагаа тайлбарлаад, хэрвээ намайг одоохондоо ажиллуулах боломжгүй байгаа бол “миний бие БНСУ-д эмчилгээнд явах шаардлагатай байгаа учраас дотоод зохион байгуулалт, орон тооны асуудал шийдэгдтэл хүлээх /Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа Удирдлагын Газрын/ зуураа миний бие “мөн тус эмчилгээнд яваад эргэж ирээд 2018 оны 11 сард эргэж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа уламжилж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэсэн болохоос биш, миний тус өргөдлийн агуулга нь би урт хугацаа шаардагдах /1 жилээс дээш хугацаагаар/ зайлшгүй яаралтай хийгдэх амь насанд нөлөөлөх эрсдэлээс сэргийлсэн эмчилгээнд явах болсон тул, одоогийн эрхлэх гэж буй ажил, албан тушаалаа хаших боломжгүй болсон тул намайг ажлаас минь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт огт биш бөгөөд, би ийм агуулгатай хүсэлт гаргаагүй юм.
Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга миний хэвийн ажиллах орчин нөхцөлийг /ажлын өрөөнд суулгаж, компьютер, ширээ сандал, интернет, албаны майл зэргээр хангаж, / бүрдүүлж өгч ажиллуулж, эсвэл илүү орон тоотой бөгөөд миний албан тушаал дээр ажиллаж байсан албан хаагчдын асуудлаа цэгцэлж ,Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажиллуулах болох л байсан.
Мөн тэр үед дээрх шалтгаануудын улмаас ажил олгогчийн хувьд намайг ажиллуулах боломжгүй бол Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны зүгээс ЗУГ-ын дотоод бүтэц зохион байгуулалт, ажилчдынхаа давхардал, илүү орон тооныхоо асуудлыг цэгцэлтлээ надад энэхүү өргөдөлд дурдагдаж байгаа хамрын эмчилгээнд явах хагас сарын л /14 хоног/ хугацааг харгалзан үзэж хамгийн багадаа хагас сараар, хамгийн ихдээ хууль журамд заасны дагуу 3 сар хүртэлх хугацаагаар чөлөө олгох зэргээр ажлаас чөлөөлөлгүйгээр шийдвэрлэх олон боломжууд байсаар атал миний ажилласан хугацааны цалин хөлсийг маань олголгүй, үндэслэлгүйгээр, шууд намайг хууль бусаар ажлаас маань чөлөөлсөнд нь маш их гомдолтой байгаа юм.
"...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 8 удаагийн цагийн бүртгэлээ бүртгүүлж байгаа видео бичлэгт зөвхөн хурууныхаа хээг уншуулаад гарч байгаа бичлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй ажээ..." гэх үндэслэлийн тухайд:
Тухайн бичлэг дээрх үзэгдэх орчин, харагдах талбар дээр намайг цаг бүртгэлийн систем дээр хурууны хээг бүртгүүлж байгааг тогтоох боломжтой байгаа ч хэдий ч ажлын байрнаас гарч явж байгааг харуулах ямар ч боломжгүй байдаг. Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 20-нд тус шүүхэд би Засгийн газрын 4 дүгээр байрны харуул хамгаалалтын ажилтан Жигмэдийг гэрчийн мэдүүлэг өгье гэж хүссэн боловч хангаагүй.
Намайг Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байх үед ЗУГ-ын дарга Б.Б-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-нд Засгийн газрын байрнуудын нийтлэг үйлчилгээний газрын захирал Б.У-д гаргасан хүсэлтэд зөвхөн миний ажлын цагийг бүртгүүлсэн видео бичлэгийг л авъя гэсэн бөгөөд энэ нь зөвхөн миний хуруу бүртгүүлж байх үеийнхнийг л харуулах бөгөөд 2 давхарт намайг суу гэж зааж өгсөн ажлын байр буюу коридорт эмэгтэйчүүдийн 00-ийн үүдэнд миний ажлын байран дээр сууж байгаа үеийн бичлэгийг авахыг хүсээгүй болох нь ихээхэн сонирхол төрүүлдэг юм.
Тиймээс миний бие тус шүүхэд 2 давхрын миний ажлын байр гэх эмэгтэйчүүдийн бие засах өрөөний ойролцоох байршлын миний ажлын байран дээрх видео бичлэгийг Санхүүгийн зохицуулах хорооноос эсвэл Засгийн газрын байрнуудын нийтлэг үйлчилгээний газраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан ба Цаашлаад, цаг бүртгэлтэй холбоотой асуудлаар миний бие Шүүгчийн захирамжид гомдол гаргасан 2018 оны 10 дугаар сарын 15-ны хүсэлтэд “Миний бие СЗХ-нд 2018 оны 04 дүгээр 26-наас 2018 оны 05 дугаар сарын 24-нийг дуустал ажилласан байхад Санхүүгийн зохицуулах хорооны гэрчийн мэдүүлэг өгсөн хариуцагчтай ураг төрөл садангийн хамааралтай этгээдүүд 2018 оны 04 дүгээр сарын.26-наас 2018 оны 05 дугаар сарын 08-ныг хүртэл л ажилласан гээд 2018 оны 05 дугаар сарын 08-наас 2018 оны 05 дугаар сарын 24-нийг дуустал ажилласан 17 өдрийн цагийн бүртгэлийн мэдээллийг ирүүлдэггүй.
Иймээс миний цаг бүртгэлийг 2018 оны 04 дүгээр сарын.26-наас 2018 оны 05 дугаар сарын 24-нийг дуустал шүүхийн журмаар Санхүүгийн зохицуулах хорооны цаг бүртгэл хариуцсан компаниас гаргуулж авах, Санхүүгийн Зохицуулах хороонд үзлэг хийж өгнө үү хэмээн хүссэн.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын ажилтнуудын батлагдсан орон тоо зөвшөөрөгдсөн тооноос илүү ажиллаж байгаагийн зэрэгцээ миний албан тушаал дээр 4 ажилтан илүү ажиллаж байсан тухай тайлбарласан”.
Шүүхийн зүгээс эдгээр асуудлуудтай холбоотой газар дээр нь очиж үзлэг хийх, шүүхийн журмаар мэдээлэл гаргуулах хүсэлт тавьсан боловч хангаагүй.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хурал дээр Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54 тоот тушаал /намайг эргүүлж томилсон/ манай гэрийн хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 26-нд шуудангаар ирсэн, мөн Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар 04-ний өдрийн 76 тоот тушаал /намайг ажлаас чөлөөлсөн/ миний гэрийн хаягаар 2018 оны 05 дугаар 28-нд шуудангаар ирсэн болохыг тайлбарласан бөгөөд нотлох шуудангийн баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан. "...Иргэн Б.Т нь 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байх тул тэрээр эргэж ажилдаа орохоор байгууллагадаа хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...” гэх үндэслэлийн тухайд:
Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байтал ажил олгогчийн саналаар ажлаас минь чөлөөлсөн.
Тодруулбал, Энэхүү давж заалдах гомдлын дээр байгаа 1-р үндэслэлд дурдсан миний Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 27-нд бичсэн өргөдлийн гол зорилго бол миний бие ажил, албан тушаал, ажлын байран дээрээ Улсын дээд шүүхийн шийдвэрлэсний дагуу ажиллах, үүний тулд миний ажиллах орчин нөхцөлийг маань хангаж өгөөч, /ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, орчин нөхцөл зэргээр хангагдахгүй байсан/, Миний ажлаа хийж чадахгүй байх энэ орчин, нөхцөл байдлыг та бүхэн бүрдүүллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ажил олгогчийн хувьд үнэхээр намайг яг тэр үед ажиллуулахболомжгүй байгаа юм бол би хүндэтгэн үзэж байна аа, тиймээс та бүхэн Захиргаа удирдлагын газрынхаа бүтэц дотоод зохион байгуулалт, ажлын байрны давхардал, илүү орон тооныхоо асуудлыг цэгцэлтлээ, миний албан тушаал, ажлын байр, ажиллах хэвийн орчин нөхцөлийг бүрдүүлэх хүртэлх хугацаанд чинь би яг одоо заавал ажиллая гэж тулган шаардахгүйгээр БНСУ-д хамрын эмчилгээнд явчхаад, хамгийн цаад талын хугацаа нь эргээд 2018 оны 11 сард эргээд ажилдаа орж ирж болох байсан бөгөөд миний санал л байсан.
Хамаагүй ээ, хууль журмынхаа дагуу зохицуулалтаар чамд 3 эсвэл 6 сарын л чөлөө өгч болохоор байна гээд чөлөө олгосон байсан ч би хүндэтгэж, дагаж биелүүлэх л байсан бөгөөд хууль журмын зохицуулалтын хүрээнд гаргасан шийдвэрийг миний бие дагаж биелүүлэхгүй гээд ч аргагүй юм. Тэгээд ч миний бие тус эмчилгээг одоо хүртэл хийлгээгүй бөгөөд амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан яаралтай хийгдэх хагалгаа биш байсан юм.
Тэгтэл миний уламжилсан надтай уулзаж, тохиролцоогүй байж, миний хууль ёсны эрх ашигт хууль бусаар халдаж, намайг ажлаас чөлөөлөхгүйгээр өөрсдөөс нь бүрэн шалтгаалж үүссэн асуудлыг шийдэх боломжууд байсаар атал миний эрх зүйн байдлыг хамгийн муугаар дордуулж, асуудалд өмнөх надад тааламжгүй хувийн сонирхлоор хандаж, миний өргөдлийг үндэслэлгүйгээр илт мушгин гуйвуулж, үндэслэлгүйгээр ажлаас минь чөлөөлсөнд би дэндүү гомдолтой дахин цохон тэмдэглэмээр байна.
Миний бие тус шүүхийн шийдвэр гарсны дараа Санхүүгийн зохицуулах хороо дээр өөрийн биеэр очиж цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаагаа уламжилсан боловч чиний ажлын байрны тодорхойлолт дээрх тавигдах шаардлага өөрчлөгдсөн, чи хангах боломжгүй тул одоогоор ажлуулах боломжгүй байна, 2020 оноос хойш эсвэл өөр төрийн байгууллагад ажиллаж болно шүү дээ гэсэн хариуг надад өгсөн, Ажлын байрныхаа тодорхойлолт дээр тавигдах шаардлагыг үзвэл “Боловсрол”: Дээд боловсролын магистр доошгүй зэрэгтэй байх, мэргэжил эрх зүйч, нягтлан бодогч, мэргэжил Хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн байх, Туршлага мэргэжлээрээ 5-аас доошгүй жил Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх” гэж өөрчлөгдсөн байх бөгөөд тус шаардлагуудын нэгнийг нь ч миний бие үнэхээр хангахгүй байсан болно.
Тиймээс шүүхийн журмаар л миний бие зөрчигдсөн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулж, сэргээгдэх боломж үлдэж байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэж үзвэл хариуцагч нь хуульд заасны дагуу ногдсон эрхээ хэрэгжүүлэх эрхтэй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хууль ёсны эрхээ хангуулахаар гаргасан хүсэлт шаардлагыг нь хүндэтгэн үзэхгүйгээр, ажлаас чөлөөлөх үндэслэл шалтгааныг нотлохгүйгээр Б.Батзориг хувийн таарамжгүй харилцаандаа тулгуурлаж, асуудалд бодитой бус субъектив байдлаар хандаж, миний ажлаа хийх орчин нөхцөлийг өөрөө бүрдүүлж өгөөгүй байж шууд намайг ажлаас халсан байгааг онцгой анхаарна уу.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0747 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах орооны Ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчид миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Т-гийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянав.
Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Б.Тг тус байгууллагын Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр эгүүлэн томилсон байна.
Б.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “... миний бие эргэж ажлын байр, албан тушаал дээрээ ажиллах гэсэн боловч ажлын байрны орон тоо, бүтэц бүрэлдэхүүн дүүрсэн, ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, шаардагдах орчин нөхцөл хангагдаагүй ... эмчилгээнд БНСУ-руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул эргэн ирээд 2018 оны 11 дүгээр сард эргэн ажилдаа орох хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд гаргажээ.
Улмаар маргаан бүхий акт болох Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 76 дугаар тушаалаар Б.Тг Захиргааны удирдлагын газрын мэргэжилтний үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлсөн нь хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Т нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан “...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх нөхцөл байдлыг төрийн албан хаагч өөрөө нотлох бөгөөд шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллага тодруулах арга хэмжээ авах эрхтэй юм.
Тухайн тохиолдолд, Б.Т-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрх зөрчигдөөгүй байх тул “ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу мөн хуулийн 23.3.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Б.Т нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох учиртай.
Мөн түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Учир ажиллаж байсан өдрүүдийн цалин хөлс гаргуулахтай холбогдсон маргаан нь “захиргааны актын улмаас учирсан хохирол” гэсэн ойлголтод хамаарахгүй.
Нэхэмжлэгч Б.Т нь давж заалдах гомдолдоо “2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргасан” гэж дурдсан байгаа боловч уг нотлох баримт нь хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй тухайн үедээ хариуцагч байгууллагадаа мөн адил гаргаж өгөөгүй байна.
Иймд нөхцөлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан түр чөлөөлсөн шийдвэр нь хүсэлт гаргагчийн өөрийн хүсэлтэд үндэслэж, захиргааны байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас түр чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт бичвэрийн алдаатай байх тул зөвтгөх нь зүйтэй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т ийн” гэснийг “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-гийн” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР