Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01605

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01605

 

 

С.Тамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01623 дугаар шийдвэртэй,

С.Тамирын нэхэмжлэлтэй, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв /гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн/-д холбогдох,

Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох, 108,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн төлөөлөгч Д.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. С.Тамирын эцэг С.Сансар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд 2015 оноос хойш захиргааны ажилтнаар ажиллаж байсан. С.Сансар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрхэлсэн ажлынхаа хүрээнд Corporate hotel and convention Centre-т зохиогдсон Воркшоп он промотинг экономик версификатион ин тэ карек регионт семинарт оролцоод гэр рүүгээ буцах замдаа автомашины осолд орж, гавал, тархины хүнд гэмтэл авсан ба 4 хоногийн дараа, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.

1.2. С.Сансарыг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон Б.Нямбат гэгч энэ хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 923 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм \цаашид Дүрмийн Нэгдүгээр зүйлийн 1.9 болон 2.1.5-д зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцогдох юм. Дүрмийн 3.13-т заасны дагуу энэхүү ослыг зохих журмын дагуу судлан бүртгэж, зохих акт, дүгнэлтийг нэн даруй гаргаж өгөх хүсэлтийг байгууллагын дарга Э.Одбаярын нэр дээр өнгөрсөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, түүнтэй биечлэн уулзаж, гардуулан өгсөн. Гэвч уул албан тушаалтан бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүй байсаар олон удаа асууж лавлаж, шаардсаны эцэст бараг 5 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манайх Дипломат дархан эрх бүхий олон улсын байгууллага тул Монгол Улсын хууль дүрэм бидэнд үйлчилдэггүй, бид акт, дүгнэлт гаргахгүй гэсэн хариуг амаар өгсөн. Харин бид түүнээс бичгээр хариу авах хүсэлтэй байгаагаа нэлээд удаан тайлбарласны эцэст тэрээр бичгээр хариу өгөхөөр болсон.

Иймд бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Тус газар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидэнд Далайд гарцгүй орнуудын THINK TANK" олон улсын сургалтын төв нь ажилтнуудтайгаа үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдсон тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахыг зөвлөсөн хариуг бидэнд өгсөн.

1.3. Дүүргийн Засаг даргын тамгын газраас ослын акт, дүгнэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн хариу өгсөн. С.Тамирыг 10 жилийн сургуулиа дөнгөж төгсөөд байх үед эцэг нь нас барсан. Эх нь монгол хэл тааруу учир ажил эрхлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд ганц тэжээгчээ цаг бусаар алдсан бидний хувьд энэхүү ослын нөхөн төлбөрийн мөнгө, миний сургалтын төлбөрт онц шаардлагатай төдийгүй, өдөр тутмын маань амьдралд ч нэн хэрэгтэй байсан юм. 36 сарын цалинтай тэнцэх /36 cap х 3,000,000 төгрөг/ 108,000,000 төгрөгийг гаргуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь заалт байнгын ажлын байранд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай мөн хуулийн 24 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.6 дахь заалтыг зөрчиж түүнийг үйлдвэрлэлийн ослоор нас барсан байхад комисс томилж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, дүгнэлт гаргаж өгөөгүй.

Хэргийн 63 дугаар талд С.Сансар агсны авах ёстой цалинг байгууллагын санхүү түүний нас барсан өдөр хүртэл бодож гаргасан хүснэгт байгаа бөгөөд нийт 13,685,652 төгрөгийн цалин бодогдсон байсныг ар гэрийнхэн бид 2019 оны 06 дугаар сарын сүүлчээр хүлээн авсан болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус Олон улсын судалгааны төвөөс иргэн С.Тамирын Үйлдвэрлэлийн ослыг акт гаргуулах хүсэлтийн дагуу судалж үзсэний үндсэн дээр ДГХО-ОУСТ нь Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн дагуу ОУСТ болон түүний ажилтнууд Монгол Улсад байрлах бусад олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн дипломат ажилтнуудтай адил халдашгүй дархан эрх ямба эдэлж, аливаа татвар хураамж болон хүлээн авагч улсын нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг тул Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх субъект биш гэсэн хариуг өгсөн.

Шүүх Үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоон акт гаргуулах үүрэг хүлээлгэсэн тохиолдолд ДГХБО-ын ОУСТ-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх болно.

2.2. Хүлээн авагч улсын хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1 дэх заалт Монгол Улсын олон улсын гэрээ юм.

Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дахь зүйлийн 3 дугаар хэсгийн е-д Байгууллагад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь хүлээн авагч улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах ажил олгогч этгээд гэж тооцогдохгүй бөгөөд ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг нэг жилийн хугацаатайгаар 2019 оноос эхлэн байгуулан ажиллаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 дугаар заалт Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэж заасны дагуу тус хуулийг дагаж мөрдөх субъект биш юм.

2.2. С.Сансар нь эхнэр, нэг хүүтэй бөгөөд тухайн үед салсан тусдаа амьдардаг байсан. Ажил олгогч гэдэг субъект биш тул Үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн.Харин салсан эхнэр ОХУ-ын иргэн автын ослын хариуцагч гэмт этгээдээс хорин сая төгрөг авсан гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч О.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч тал нь нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс 108,000,000/нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тамирт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Тамирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 768,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тамирт олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2010 онд тус судалгааны төвийг байгуулах тухай Олон талт хэлэлцээрийг баталж, 2017 онд уг хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр болсноор Олон улсын судалгааны төв нь албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон. Тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тус тус үндэс болгон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Хүлээн авагч улсын хэлэлцээрийг (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Төлөөлөгчийн газар болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудтай байгуулсан хэлэлцээрийн адил статустай) байгуулж, тус төв болон түүний албан тушаалтнуудын эрх зүйн байдал, эрх ямба болон дархан эрхийг тусгайлан зохицуулах эрх зүйн үндэс суурийг тавьсан.

Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дахь зүйлийн 3 дугаар хэсгийн "е"-д "Байгууллагад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь хүлээн авагч улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй" гэж заасан тул ДГХБО-ын ОУСТ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.7. ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох, " болон "46.1.Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй." гэсэн заалтуудын дагуу Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах "Ажил олгогч" этгээд гэж тооцогдохгүй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 дугаар заалт "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө." гэж заасны дагуу тус хуулийг дагаж мөрдөх субъект биш гэж үзэж байна.

5.3. Авто замын ослоос үүдэн нас барсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх заалтад тусгасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин гэдэг ойлголтод хамааралгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол... гэсэн тодотголтой байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болох боломжийг хуульчилсан.

Хариуцагч байгууллага нь үйлчилгээний гэрээ гэх гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлээд байгаа боловч уг гэрээгээр ажил олгогч, ажилтны хоорондын харилцааны буюу ажлын цаг, цалин хөлсний асуудал зэргийг зохицуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжтой.

Хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 7.1-д энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бөгөөд байгууллагын дүрэм журам, түүнээс үүдсэн албан тушаалд нь хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотойгоор гаргасан дүрэм журамд зааснаас бусад тохиолдолд албан байр нь хүлээн авагч улсын хууль тогтоомж үйлчилнэ гэж заасан.

Жолоочоос авсан 23,000,000 төгрөг нь оршуулга, эмчилгээний зардал юм. Хариуцагч байгууллагаас авсан 18,000,000 төгрөг нь н.Сансарын 2019 оны эхний хагас жилийн цалин байсан. Хариуцагч байгууллагаас тэтгэлэг, тусламж авсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвд холбогдуулан үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох, нөхөн төлбөрт 108,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ..,Монгол улсын Нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу уг хуулийг дагаж мөрдөх субъект биш, ажилтнуудтайгаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нью Иорк хотноо Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийг баталсан болох нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 09/2487 Албан бичиг болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийн орчуулгаар тогтоогджээ.

2.б. Олон талт хэлэлцээрийн 09 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хоорондын хүлээн авагч улсын хэлэлцээрийг байгуулсан.

2.в. Нас барагч С.Сансар нь хариуцагч байгууллагад 2015 оноос захиргааны ажилтнаар ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, олон улсын сэтгэх хүчний байгууллагын үйлчилгээний гэрээ зэргээр тогтоогджээ.

2.г. С.Тамирын эцэг С.Сансар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлынхаа хүрээнд Corporate hotel and convention Centre-т зохиогдсон Воркшоп он промотинг экономик версификатион ин тэ карек регионт семинарт оролцоод гэр рүүгээ буцах замдаа автомашины осолд орж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

С.Сансарыг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон Б.Нямбат гэгч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 923 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн баримт авагджээ.

2.д. Ажилтан ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагад хандсан, байгууллагын дарга албан тушаалтан 5 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр акт, дүгнэлт гаргахгүй гэсэн хариуг өгсөн тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахыг зөвлөсөн ба Засаг даргын тамгын газраас ослын акт, дүгнэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн хариу өгчээ.

 

3. Зохигч С.Сансар ажлаасаа гэртээ буцах замдаа автомашины осолд орж нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, хариуцагч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан эсэх, хариуцагч Монгол улсын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны субъект мөн эсэхэд маргаж байна.

3.а. Хэрэгт авагдсан Олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйл болон гэрээний үйлчилгээний нөхцөлүүдийн 1, 4-р зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3зааснаар ажилтан нь дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, албан тушаалын нэр, ажил, үүрэг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг заасан, ажилтан хөдөлмөрийн сахилга батад захирагдан ажиллаж байсан зэргээс үзэхэд ажил олгогч С.Сансар агсантай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.б. С.Сансар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Корпорэйт зочид буудал, конвейшн центрт зохион байгуулагдсан өөрийн ажилтай холбоотой Воркшоп он промотинг экономик версификатион ин тэ карек регионт семинарт оролцоод буцах замдаа зам тээврийн осолд орж, нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцно.

3.в. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1-ийн 1.3-т зааснаар дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөх юм.

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дахь зүйлийн 3 дугаар хэсгийн е-д зааснаар нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөх хэдий ч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1-ийн 1.1-т зааснаар гарсан үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь нийгмийн хамгааллын хууль, журамд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна..

 

4. Хариуцагч нь ажил олгогч биш, үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөх боломжгүй гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4.а. Хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөж болох хэдий ч ажилтны хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг хангах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн...эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:, 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36...дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан тул нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасныг зөв гэж үзнэ.

Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

4.б. С.Сансарын нэг сарын цалин 3,000,000 төгрөг болох нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөрийн буюу цалингийн орчуулга, хуулбараар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 108,000,000/3,000,000х36=108,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тамирт олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

4.в. Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-ийн а-д албан үүргээ гүйцэтгэх явцад амаар болон бичгээр үйлдсэн үг хэллэг болон бусад үйлдэл нь аль ч төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ангид байх, мөн зүйлийн 3-ын с-д Байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн албаны бүрэн эрхийн хүрээнд хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөх; гэж заасан. Олон улсын судалгааны төвийн албан тушаалтан болон шинжээчид нь албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн үг хэллэг болон бусад үйлдэл, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүрэн эрхийн хүрээнд хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Харин хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

5. Иймд Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч тал нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй гэх дүгнэлт нь буруу болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

*2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ;тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД