Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01612

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01612

 

 

Б.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/02637 дугаар шийдвэртэй,

Б.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй, Г.Бадамгаравт холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дүгээр байр, ... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд өөрийн өмчөө авах гэхэд тухайн байрыг суллаж өгөхгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дүгээр байр, ... тоот орон сууцанд Г.Бадамгарав гэх иргэн оршин суудаг болох нь тогтоогдсон.

Иймд сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Бадамгарав нь Б.Мөнх-Оргилыг огт танихгүй ямар шалтгааны улмаас өмчлөлийн орон сууцнаас минь гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Манай хүргэн н.Дорждэрэм нь н.Түвшинбаяр гэдэг хүнээс мөнгө зээлж барьцаанд нь миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж байна гэсэн түүнээс биш орон сууцаа бусдад худалдсан зүйл огт байхгүй. Мөнгө зээлсэн асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна. Намайг орон сууцнаас албадан гаргуулах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр хороолол .. дүгээр байр ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...... дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагч Г.Бадамгаравын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бадамгараваас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу зээлийн гэрээ болон барьцааны гэрээний оронд худалдах худалдах авах гэрээнд хариуцагч Г.Бадамгараваар гарын үсэг зуруулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар заасан.

Уг захирамж илт үндэслэл муутай байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахад 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 184/Ш32023/07899 дугаар "Хүсэлт хангахаас татгалзах тухай" захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШЗ2023/06918 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захирамжийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай гэж шийдвэрлэж тухайн шатны шүүхэд захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуулийг ноцтой зөрчсөн.

4.2. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШЗ2023/06918 дугаартай шүүгчийн захирамжид гэрчээр Д.Дорждэрэм Т.Ууганбаатар нарыг оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдаан болсон өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүрэлцэн очиж гэрчээр мэдүүлэг өгөх Д.Дорждэрэм Монгол Улсад хүрэлцэн ирсэн ХӨСҮТ-д эхнэрийнх нь төрсөн ахын бие муудаж сэхээн амьдруулах тасагт байгаа ийм хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн очиж чадахгүй болсон, гэрч асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ талаар шүүхийн шийдвэрт гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тодорхой бичээгүй байна.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжид хэргийн оролцогч хариуцагчийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар дээрх захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр шууд буцаах үндэслэл юм.

Хариуцагч Г.Бадамгарав нь нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилын нэхэмжлэлийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар мэдсэн. Сөрөг нэхэмжлэл гаргасан хүлээн аваагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Хариуцагч Г. Бадамгаравын хүргэн Д.Дорждэрэм нь Б.Төвшинбаяраас мөнгө зээлж авахын тулд Б. Төвшинбаярын шахалт дарамтын дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр байрыг түүний дүү Т.Ууганбаатарын нэр рүү шилжүүлж зээлээ төлөөд буцаагаад Г.Бадамгаравын нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн итгэлээр хадам эх болох Г.Бадавгаравт орон сууцыг барьцаалж зээл авч байна гэж ойлгуулж нотариатын газар дагуулж очиж гарын үсэг зуруулсан үйл явдал болсон.

Шүүх нь хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлээс илүү, наана нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд мөрдөж зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэж байна. Г.Бадамгарав, Б.Мөнх-Оргил, Б.Төвшинбаяр, Т.Ууганбаатар нарын хувийн байдал, эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь нөгөө талаар, дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээнээс үзэхэд Б.Мөнх-Оргил нь бэлэглэлийн гэрээний дагуу Т.Ууганбаатараас, Т.Ууганбаатар нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны орон сууцны эзэмшлийг эзэмшлийг Г.Бадамгараваас, Б.Төвшинбаяр нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Д.Дорждэрэмээс тус тус шаардах учиртай бөгөөд нэхэмжлэгч ямар үндэслэлээр хариуцагчид хандаж хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь ойлгомжгүй байгааг шүүх тодруулаагүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр Т.Ууганбаатарт, дараа нь Б.Мөнх-Оргилд тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч Г.Бадамгарав болон Т.Ууганбаатар нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Мөнх-Оргилд холбогдуулан Г.Бадамгарав нь сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Уг хэрэг маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахад холбоо хамаарал байгаагүй учраас хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т.Ууганбаатар нь Монгол Улсын хилээр гарч яваад буцаж орж ирээгүй байна. Мөн Д.Дорждэрэм нь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор оролцож байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил нь хариуцагч Г.Бадамгаравт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дүгээр байр, ... тоот Ү-22010..... улсын бүртгэлтэй, 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Г.Бадамгаравын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Хариуцагч Г.Бадамгарав нь Т.Ууганбаатартай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол .. дүгээр байрны ... тоот, 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан баримт авагдсан.

2.б. Дээрхи гэрээг байгуулах үед Г.Бадамгаравын охин н.Баасан буюу н.Дорждэрэмийн эхнэрийн дансанд 97,000,000 төгрөг шилжүүлсэн талаар гэрч тайлбарласан.

 

2.в. Т.Ууганбаатараас олгосон итгэмжлэлийн дагуу бэлэглэлийн гэрээгээр дээрхи сууцны өмчлөх эрх Б.Мөнх-Оргилд шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр хүчингүй болох юм.

Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6918 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр Д.Дорждэрэм, Т.Ууганбаатар нарыг асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх61/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайханаас Г.Бадамгаравын нэхэмжлэлтэй, Т.Ууганбаярт холбогдох 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаар тусгаагүй байна. Шүүгчийн захирамжид үндэслэл заагаагүй тул хүсэлтийг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/02637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД