Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01613

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01613

 

 

С.Саранзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02382 дугаар шийдвэртэй,

С.Саранзаяагийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Саранзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр протокол, мөн замын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/688 дугаар тушаалаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталсан бөгөөд энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн ажлын байрны нэршил өөрчлөгдөж Маркетингийн албаны орлогч дарга болсон.

1.2. Уг ажлын байранд ажиллуулна гэж ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч тухайн ажлын байранд өөр хүнийг томилсон. Энэ ажлын байрны гүйцэтгэх ажил үүргийг миний ажлын байрны тодорхойлолттой ижил гаргаж, шинээр хүн авч ажиллуулсан.

1.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/I/555 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ба уг хуулийн заалт нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн 3 үндэслэлийг зохицуулсан. Эдгээр үндэслэлийн алинаар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар заагаагүй тул хуульд үндэслээгүй гэж үзэж байна. Иймд миний ажлын байрны нэршлийг өөрчилж Маркетингийн албаны орлогч дарга болгосон гэж үзэж байгаа тул уг ажилд тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр протоколын 12, 13 дугаар хавсралтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинээр баталсан ба тухайн шийдвэрээр С.Саранзаяагийн ажиллаж байсан Маркетингийн хэлтсийг Маркетингийн алба болгон өөрчлөн зохион байгуулж, тус албанд Ган зам пресс төвийг харьяалуулж, хамран ажиллах хүрээ нь өргөжсөн.

2.2. Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Маркетингийн албанд Ган зам пресс төвийг харьяалуулснаар тус төвийг Маркетингийн албаны орлогч дарга өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллахаар зохион байгуулагдсан. Ган зам пресс төв нь Улаанбаатар төмөр замын албан хэрэгцээний бүх төрлийн үнэт цаас, маягт, хэвлэмэл хуудас, хүснэгт, ном, сонин, товхимлыг хэвлэдэг хэвлэлийн үйлдвэр бөгөөд энэ нь нэхэмжлэгч С.Саранзаяагийн ажил үүрэгт хамааралгүй.

2.3. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны А-801 дугаар тушаалаар Албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд уг тушаалаар С.Саранзаяагийн ажлын байр нь албан тушаалын зэрэглэлийн хувьд гүйцэтгэх ангилалд, харин Маркетингийн албаны орлогч даргын ажлын байр нь албан тушаалын зэрэглэлийн хувьд удирдах ажилтанд хамаарч байна.

2.4. Дээрх үндэслэлүүдээр Маркетингийн албаны орлогч даргын ажлын байрыг С.Саранзаяагийн ажлын байр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Маркетингийн хэлтэс татан буугдаж, уг хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан. Энэ талаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, хуульд заасан тэтгэмжийг олгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг мэдээгүй гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүрэнжавын Саранзаяаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Маркетингийн албаны орлогч даргын ажилд тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны цалинд 24,533,213.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Саранзаяад олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Саранзаяагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 280,616 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооноос бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү өөрчлөлтөөр Маркетингийн хэлтсийг татан буулгаж Маркетингийн албыг байгуулсан. Энэхүү бүтэц зохион байгуулалтаар бие даасан санхүүгийн тайлан тэнцэл гаргадаггүй дотоод нэгж буюу албан тасалгаанд ажилдаг ...орон тоотой дотоод нэгжтэй бол Ган зам пресс /хэвлэх үйлдвэр "үнэт цаас", бие даасан баланстай/, Ган зам сонины газар /сонины газар дагалдах мэргэжлийн 6 сонин, сэтгүүл, товхимол гаргадаг/ гэсэн 2 салбар нэгжийг нэгтгэж нийт .....[ZE1]  орон тоотой болгосон.

4.2. Ажил олгогч нь Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр протоколын 12,13 дугаар хавсралтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Ажил олгогч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ө/1/555 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

4.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага "миний ажлын байрны нэршлийг өөрчилж Маркетингийн албаны орлогч дарга болсон тул уг ажилд тогтоож өгнө үү" гэсэн бөгөөд ажил олгогчтой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй ажлын байранд томилуулах шаардлага буюу шүүхээс хангах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байгааг шүүх анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байсан.

4.4. Шүүхийн анхаарах асуудал нь дээрх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр гүйцэтгэх албан тушаал буюу Маркетингийн хэлтсийн ахлах нь УБТЗ ХНН-ийн 2022 оны А-801 дугаартай тушаалаар баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу гүйцэтгэх албан тушаал буюу шууд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бол Маркетингийн албаны орлогч дарга дээрх тушаалын дагуу дээд ангилал удирдах албан тушаалтан бөгөөд Нийтийн албан тушаалтанд хамаарах тул Авлигатай тэмцэх газартай зөвшилцөн томилогдох ажлын байр юм.

4.5. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "маркетингийн албанд Улаанбаатар төмөр замын хэвлэх үйлдвэр болох Ган зам пресс төвийг харьяалуулж тус төвийг өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллуулах үүргийг Маркетингийн албаны орлогч даргад хариуцуулсан үйл ажиллагааг өргөтгөж Ган пресс төвийг удирдлагаар хангах нэмэлт ажлыг хариуцуулж ажлын байрны нэрийг өөрчилж "орлогч дарга"-ын ажлын байрыг бий болгосон гэж үзэхээр байна" гэсэн дүгнэлт хийсэн байна. Шүүгч гүйцэтгэх ажилтан буюу "ахлах мэргэжилтэн" ажлын байрны тодорхойлолтын 4 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол "орлогч дарга" нь 7 зорилтын хүрээнд ажиллах бөгөөд өөрөөр хэлбэл маркетингийн албаны дотоод өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, Ган зам пресс /хэвлэх үйлдвэр "үнэт цаас", бие даасан баланстай/, Ган зам сонины газар /сонины газар дагалдах мэргэжлийн 6 сонин, сэтгүүл, товхимол гаргадаг/ гэсэн 2 салбар нэгжийг хянах удирдах мөнгөн хөрөнгийн захиран зарцуулалт, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг хангах, албаны даргыг шууд орлох эрх хэмжээтэй Маркетингийн албаны орлогч дарга Дээрх тушаалын дагуу дээд ангилал удирдах албан буюу Нийтийн албан тушаалтан бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөвшөөрөл авна. Нийтийн албан тушаалтны хувьд хориглолт хязгаарлалт, хяналтад орох харилцаа үүсээгүй байгаа этгээдийг шүүхийн шийдвэрээр томилох хууль зүйн үндэслэл байхгүй болохыг шүүгч анхаарсангүй. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй харилцааг бий болгохыг шаардсан буюу "эргүүлэн тогтоох" гэсэн шаардлагад огт хамаарахгүй нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2- т "хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон" гэсэн үндэслэлд хамаарахгүй болохыг шүүгч анхаарсангүй. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн ажил олгогчийг шийтгэж байгаа мэт илэрхий алдаатай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02358 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн шинээр бий болсон орлогч даргын албан тушаалд томилуулах болгосон. Уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэсэн тул үндэслэлтэй байна. Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнуудаас баталсан төмөр замын бүтцийн өөрчлөлтийг харахад нэхэмжлэгчийн ажлын байрны нэршлийг өөрчилж, орлогч даргын албан тушаал болгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажлын байрыг хасаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломж бүрдээгүй. Маркетингийн алба нь тухайн хэлтсийн хийж гүйцэтгэдэг бүх ажил үүргийг хийж гүйцэтгэдэг. Мөн давж заалдах гомдолд удирдах албан тушаалтан бөгөөд маркетингийн албаны даргыг орлож болно гэж дурдсан байна. Гэтэл ахлах мэргэжилтэн нь өөрөө маркетингийн хэлтсийн даргыг орлодог байсан. Бүтцийн ажил үүрэг нь өөрчлөгдөөгүй боловч ган зам пресс гэх хэвлэх үйлдвэрээс өөр нэмэгдсэн зүйл байхгүй. Тухайн ган зам пресс нь өөрийн удирдлага болон зохион байгуулалтын бүтэцтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үздэг. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч С.Саранзаяа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтын талаар:

2.а Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хугацаагүй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр С.Саранзаяа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохирч, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээжээ. /хх 7-13/

2.б. Уг гэрээг ажлын байр хасагдсан үндэслэлээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/I/555 дугаар тушаалаар цуцалж, дуусгавар болгосон байна. /хх 6 /

2.в. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр цуцлахыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудсаар буюу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэнд талууд маргаагүй.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Маркетингийн албаны орлогч дарга-ын ажлын байр буюу шинэ ажлын байранд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Өөрөөр хэлбэл, зөрчигдсөн эрхийн хүрээнд заагдсан ажлын байр байгаа эсэх асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна. /хх167/

Хариуцагч талаас Маркетингийн албаны орлогч дарга ангилал, зэрэглэлийн хувьд өөр ажлын байр гэх агуулгаар маргадаг бөгөөд тус асуудлын талаар анхан шатны шүүхээс тодруулалгүйгээр хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн тус ажлын байр нь нийтийн албан тушаалтанд хамаардаг, Авлигатай тэмцэх газартай зөвшилцөн томилогддог эсэх асуудлыг тодруулах шаардлагатай байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,617 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД

 

 

 


 [ZE1]???