Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02382

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Ж овогт С С

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо өөрийн байр У Т З

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, О.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч У Т Зд холбогдуулан Маркетингийн албаны орлогч даргын ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. У Т Зын Ерөнхий хорооны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр протокол, мөн замын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/688 дугаар тушаалаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталсан бөгөөд энэ шийдвэрээр миний ажлын байрны нэршил өөрчлөгдөж Маркетингийн албаны орлогч дарга болсон. 

 

1.2. Уг ажлын байранд ажиллуулна гэж ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч тухайн ажлын байранд өөр хүнийг томилсон. Энэ ажлын байрны гүйцэтгэх ажил үүргийг миний ажлын байрны тодорхойлолттой ижил гаргаж, шинээр хүн авч ажиллуулсан.  

 

1.3. У Т Зын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/I/555 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ба уг хуулийн заалт нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн 3 үндэслэлийг зохицуулсан. Эдгээр үндэслэлийн алинаар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар заагаагүй тул хуульд үндэслээгүй гэж үзэж байна. Иймд миний ажлын байрны нэршлийг өөрчилж Маркетингийн албаны орлогч дарга болгосон гэж үзэж байгаа тул уг ажилд тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. Үүнд:

 

2.1. У Т Зын Ерөнхий хорооны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр протоколын 12, 13 дугаар хавсралтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинээр баталсан ба тухайн шийдвэрээр С.Сгийн ажиллаж байсан Маркетингийн хэлтсийг Маркетингийн алба болгон өөрчлөн зохион байгуулж, тус албанд Г Зтөвийг харъяалуулж, хамран ажиллах хүрээ нь өргөжсөн.

 

2.2. Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Маркетингийн албанд Г Зтөвийг харъяалуулснаар тус төвийг Маркетингийн албаны орлогч дарга өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллахаар зохион байгуулагдсан. Г Зтөв нь Улаанбаатар төмөр замын албан хэрэгцээний бүх төрлийн үнэт цаас, маягт, хэвлэмэл хуудас, хүснэгт, ном, сонин, товхимлыг хэвлэдэг хэвлэлийн үйлдвэр бөгөөд энэ нь нэхэмжлэгч С.Сгийн ажил үүрэгт хамааралгүй.

 

2.3. Мөн У Т Зын даргын 2020 оны А-801 дугаар тушаалаар “Албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг баталсан бөгөөд уг тушаалаар С.Сгийн ажлын байр нь албан тушаалын зэрэглэлийн хувьд “гүйцэтгэх” ангилалд, харин Маркетингийн албаны орлогч даргын ажлын байр нь албан тушаалын зэрэглэлийн хувьд “удирдах ажилтан”-д хамаарч байна.

 

2.4. Дээрх үндэслэлүүдээр Маркетингийн албаны орлогч даргын ажлын байрыг С.Сгийн ажлын байр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Маркетингийн хэлтэс татан буугдаж, уг хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан. Энэ талаар 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, хуульд заасан тэтгэмжийг олгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг мэдээгүй гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, У Т Зын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б13/555 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.Сгаас Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Маркетингийн албаны орлогч дарган НМЗ-ийн ажлын байрны тодорхойлолт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3-13, 86-88 дугаар тал/

4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: У Т Зын улсын бүртгэлийн гэрчилгээ, У Т Зын даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б-1-118 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас, хөдөлмөрийн гэрээ, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, У Т Зын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/688 дугаартай тушаал, тушаалын хавсралт, У Т Зын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/692 дугаартай тушаал, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-801 дугаартай тушаал, тушаалын хавсралт, мөн даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-167 дугаартай тушаал, Маркетингийн хэлтсийн дүрэм, У Т Зын даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А-725 дугаартай тушаал, тушаалын хавсралт болох Маркетингийн албаны дүрэм, Г Зтөвийн дүрэм, У Т Зын даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-587 дугаартай тушаал, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 23-56, 89 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: У Т Зын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт, маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, У Т Зын дүрэм, Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022-2023 оны хамтын гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А-725 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан дүрмээс өмнө мөрдөгдөж байсан дүрэм, Улаанбаатар төмөр замын Г Зтөвийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой баримтууд, Улаанбаатар төмөр замын Г Зтөвийн одоогийн бүтэц, зохион байгуулалтаар ямар, ямар ажлын байранд хэдэн хүн ажиллаж байгаа талаарх баримт, У Т Зын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/I/511 дугаартай тушаал, түүний хавсралт /ХХ-ийн 66-80, 96-129, 135-146, 179, 180, 187 дугаар тал/

 

6. Шүүхийн санаачлагаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хэргийн 66-68 дугаар талд авагдсан “Протокол заседания правления Монголо-Советского акционерного общества “Улан-Баторская железнаяа дорога“ нэртэй гадаад хэл дээрх баримтыг монгол хэл дээр орчуулсан шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 156-164 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр миний ажлын байрны нэршлийг өөрчилж Маркетингийн албаны орлогч дарга болсон, уг ажлын байранд ажиллуулна гэж ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч миний ажлын байр болох маркетингийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дээр Маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, шинээр хүн авч ажиллуулсан. Иймд уг ажилд тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Эрх бүхий этгээдийн шийдвэрээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинээр баталсан ба тухайн шийдвэрээр С.Сгийн ажиллаж байсан Маркетингийн хэлтсийг Маркетингийн алба болгон өөрчлөн зохион байгуулж, тус албанд Г Зтөвийг харъяалуулж, хамран ажиллах хүрээ нь өргөжсөн. Энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Г Зтөвийг Маркетингийн албаны орлогч дарга өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллахаар зохион байгуулагдсан. Энэ төв нь хэвлэлийн үйлдвэр бөгөөд С.Сгийн ажил үүрэгт хамааралгүй. Мөн албан тушаалын зэрэглэлийн хувьд С.Сгийн ажлын байр нь “гүйцэтгэх” ангилалд, харин Маркетингийн албаны орлогч даргын ажлын байр нь “удирдах ажилтан”-д хамаарч байгаа. Иймд шинээр бий болсон Маркетингийн албаны орлогч даргын ажлын байрыг С.Сгийн ажлын байр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Маркетингийн хэлтэс татан буугдаж, уг хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан. Энэ талаар хуульд заасан хугацаанд мэдэгдсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг мэдээгүй гэдгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр С.С нь У Т Зын Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохирч, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээжээ. /ХХ-ийн 7-13 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. Уг харилцааг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ажлын байр хасагдсан” үндэслэлээр У Т Зын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/I/555 дугаар тушаалаар цуцлаж, дуусгавар болгосон байна. /ХХ-ийн 6 дугаар тал/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр цуцлах болохыг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ...үүрэгтэй” гэж заасанд нийцсэн, энэ асуудлаар талууд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно” гэж заасан. Иймд аливаа хуулийн этгээд, байгууллага нь үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлага зэргээс хамаарч тодорхой мэргэжлийн ажлын байрыг өөрийн байгууллагын бүтцээс гаргах шаардлагатай гэж үзвэл тухайн ажлын байрыг хасах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн байвал зохино. Ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

У Т Зын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/688 дугаар тушаалаар “Бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах тухай” шийдвэр гаргаж, мөн өдрийн А/692 дугаар тушаалаар Маркетингийн хэлтсийг татан буулгаж, Маркетингийн албыг байгуулсан байх ба уг албыг дарга, орлогч дарга, тээврийн үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, тээврийн бус үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, хэвлэл график дизайнер, компьютер график дизайнер, хэвлэл, нийтлэлийн ажилтан гэсэн орон тоотой байхаар зохион байгуулсан байна. Уг алба өмнөх зохион байгуулалтаар /Маркетингийн хэлтэс байх үед/ дарга, ахлах мэргэжилтэн, судалгаа, шинжилгээний инженер, тээврийн үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, тээврийн бус үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, хэвлэл график дизайнер, компьютер график дизайнер гэсэн орон тоотой байсан ба шинэ зохион байгуулалтаар ахлах мэргэжилтэн, судалгааны инженерийн ажлын байрыг хасахаар шийдвэрлэж, орлогч дарга гэсэн ажлын байрыг бий болгож, энэ ажлын байрны нэршилийг өөрчилсөн гэж дурджээ.  

Нэхэмжлэгчийн ажлын байр болох “ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд хийгдвэл зохих маркетингийн бүх төрлийн судалгаа хийх, бодлого, төлөвлөлт хийх, эдгээр ажлыг удирдан зохион байгуулах, чиглэл, зааварчилгаа өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэх мэт гол ажлууд нь шинээр бий болсон Маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг, зорилго, хийх ажлын хүрээнд багтсан байна. Энэ нь хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Маркетингийн албаны орлогч даргын Ажлын байрны тодорхойлолт, Маркетингийн хэлтэс болон албаны дүрэм зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Маркетингийн албанд Улаанбаатар төмөр замын хэвлэлийн үйлдвэр болох Г Зтөвийг харъяалуулж, тус төвийг өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллах үүргийг Маркетингийн албаны орлогч даргад хариуцуулснаар үйл ажиллагаа нь өргөжиж, албан тушаалын ангиллын хувьд “удирдах ажилтан”-д хамаарах талаарх баримтуудыг хариуцагч тал гаргаж өгсөн байна. Гэсэн хэдий ч “орлогч дарга”-ын ажлын үндсэн чиг үүрэг, зорилго, зорилт, тэдгээрийн хүрээнд хийгдвэл зохих ажлууд нь нэхэмжлэгчийн ажлын байр болох “ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилттой адил, хийвэл зохих ажлууд ч мөн хамаарч байна. Иймд нэхэмжлэгчийн ажлын байрыг Маркетингийн албаны зохион байгуулалтын бүтцээс огт үгүй болгосон буюу тухайн ажлын байрны хэрэгцээ шаардлага байхгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэгт Г Зтөвийг удирдлагаар хангах нэмэлт ажлыг хариуцуулж, ажлын байрны нэрийг өөрчилж “орлогч дарга”-ын ажлын байрыг бий болгосон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийг У Т Зын Маркетингийн албаны орлогч даргын ажилд тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан. Энэхүү журмаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар буюу 2022 оны 7-9  сарын цалин хөлсөөр тодорхойлвол /9,367,226.82 : 3 сар = 3,122,408.94 төгрөг : 21 ажлын өдөр= 148,686.14 төгрөг, 148,686.14 төгрөг х 165 ажилгүй байсан хугацаа/ = 24,533,213.10 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С Сг У Т Зын Маркетингийн албаны орлогч даргын ажилд тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан У Т Заас ажилгүй байсан хугацааны цалинд 24,533,213.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч У Т Зд даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У Т Заас улсын тэмдэгтийн хураамжид 280,616 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.    

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Т.ГАНДИЙМАА