Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01898

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01898

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: И.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

И.Б-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний 2-т зааснаар И.Б-гийн эзэмшлийн 88114*** дугаарыг барьцаа болгон зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлж авсан.

И.Б нь зээлийн үндсэн төлбөрөөс 1,100,000 төгрөг, 10 сарын хугацааны зээлийн хүүд 8,910,000 төгрөг, нийт 10,010,000 төгрөг төлсөн. Тэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 28,900,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн хүүд 1,800,000 төгрөг, нийт 30,700,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Мөн гэрээнд хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутам зээлийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймээс алдангийн төлбөрийг 30,700,000 төгрөгөөс тооцоход хоногийн алданги нь 153,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн хоног 118 өдөр буюу нийт 18,054,000 төгрөг болно. Үүнийг хуульд нийцүүлэхэд 9,027,000 төгрөг болж байгаа. Иймд нийт 39,727,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би 30,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, Н.Э авсан. Би зөвхөн барьцаа болгож өөрийн утасны дугаарыг барьцаалсан. Н.Э нь 30,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан тул Н.Э-аас мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй.

Миний утасны дугаарыг худалдан борлуулаад зээлийн мөнгөн хөрөнгөө гаргаж ав гэхэд аваагүй. Мөн дугаарын үнэ хангалттай өр дарах хэмжээнд байхад худалдаагүй өдийг хүргээд алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Зээлийн төлбөрөөс арга буюу 12,800,000 төгрөгийг төлсөн. Одоо миний биеийн байдал хүнд өвчтэй, элэгний хавдар оноштой, элэг солиулах хагалгаанд орох гэж байгаа бөгөөд группт байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 356,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь барьцаалагчийн эрхийн асуудал бөгөөд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзах эрхийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т хуульчилж өгсөн. Мөн барьцааны зүйлийн өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн нөхцөлд барьцааны эрх үүсэхгүй байх, хориглох зохицуулалтыг иргэний хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулж өгсөн байсан гэдгийг анхаарах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг барьцаа хөрөнгө худалдан борлуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн зээлийн үндсэн өр төлбөр, алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэж байгаа нь зээлийн үндсэн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн эрхээс татгалзан үндсэн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан татгалзал нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар илэрхийлэгдэж байна.

4.2. Барьцаа дугаар нь зээлийн төлбөрийн өр болон алдангийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, зах зээлийн үнэ ханш буурсан шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөх, дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх боломжтой гэдгийг нэхэмжлэгчээс мэдэгдэж байсан. Үүнийг хариуцагч хүлээн авалгүй дугаарыг худалдан борлуулж хохирлоо барагдуулах байр суурь илэрхийлсэн. Тухайн дугаарын зах зээлийн үнэлгээ судлахад 24,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа бөгөөд нэхэмжлэлийг шаардлагыг хангахад хүрэлцэхгүй. Зохигч талаас дугаарын үнэлгээг үнэлүүлэх нь ач холбогдолгүй гэж үзсэн боловч анхан шатны шүүхээс нотлох баримт шаардах эрхийн хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан.

4.3. Анхан шатны шүүхийн дүгнэж буйгаар хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд дугаарыг худалдан борлуулж үүргийг хангуулахаар талууд тохиролцсон байж болох ч үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг үүрэг гүйцэтгүүлэгч хэрэгжүүлэхээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нь барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахыг зайлшгүй хэрэгжих ёстой үүрэг болгон дүгнэж буй нь үүргийн эрх зүйн үндсэн зарчимтай нийцээгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч И.Б-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 28,900,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, алданги 9,027,000 төгрөг, нийт 39,727,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар О ХХК нь И.Б-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, И.Б нь өөрийн эзэмшлийн 88114*** гэсэн дугаарыг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлэх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, гэрээнд заасан хоногоос 30 хоног хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгч нь тус дугаарыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон.

Улмаар зээлдүүлэгчээс зээлдэгчийн эзэмшлийн Хаан банкны данс руу 30,000,000 төгрөг шилжүүлэн өгч, зээлдэгч нь 88114*** дугаарын эзэмших эрхийг зээлдүүлэгч талд шилжүүлсэн ба зээлийн гэрээний хугацаанд И.Б-гаас 10,010,000 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна /хх 5-11, 18-27/.

 

3.1. Нэхэмжлэгч О ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

Талууд гэрээг бичгээр байгуулж зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3.2. Зохигч нь Юнител ХХК-ийн өмчлөлийн 88114*** дугаарын эзэмших эрхийг барьцаалж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 154 дугаар зүйлийн 154.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн тул уг барьцааг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар барьцааны зүйлээс татгалзсан гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаар хариуцагчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн 88114*** дугаарын эзэмших эрхийг хариуцагчид буцаан шилжүүлээгүй байна.

 

3.3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газар нь зээлдэгчид мэдэгдсэний үндсэн дээр барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах тусгайлсан журмыг заасан.

Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд энэхүү өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь дээрх хуулийн хэм хэмжээнд зааснаар барьцааны зүйл болох үүрэн холбооны дугаар эзэмших эрхийг зохих журамд нийцүүлэн худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан зохицуулалтын хүрээнд барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй атлаа хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийг шууд нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ