Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 119/2021/0023/з |
Дугаар | 001/ХТ2022/0064 |
Огноо | 2022-10-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/0064
“МТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ОА-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 323 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 361 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “МТТ” ХХК-ийн захирал Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: ОА-ийн ТХ-ийн ТУБ дын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: “МТТ” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, “баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон, нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлэн татвар бууруулсан” гэх үндэслэлээр нийт 1,006,395,640 төгрөгийн зөрчилд 100,639,564 төгрөгийн нөхөн татвар, 30,191,869 төгрөгийн торгууль, 11,848,612 төгрөгийн алданги, нийт 142,680,045 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт оногдуулсан.
3.Нэхэмжлэгчээс “... Манай компани “эко ариун цэврийн байгууламж” барих төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан, энэ төсөл хөтөлбөр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил, үйлчилгээнд хамрагдаж байгаа, учир нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөрөнгө оруулалтын ажил, төрийн сангаас иргэний данс руу мөнгө шилжүүлэхдээ хүн амын орлогын албан татварт 10%, иргэнээс манай компанийн данс руу шилжүүлж бид дахин нэмэгдсэн өртгийн албан татвар тооцуулснаар нийт 20%-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутгасан нь компанийн хувьд алдагдалтай, ашиггүй ажиллах нөхцөлийг үүсгэж байна, энэ төслөөс ашиг олоогүй, торгууль, алдангийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн “Эко ариун цэврийн байгууламж” нь Сангийн сайдын 2016 оны 46 тоот тушаалаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй тул чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэгч компани төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан зүйл байхгүй, хэрвээ төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон орон нутагтай гэрээ хийсэн бол татвар давхардахгүй байсан, энэ компани иргэдтэй гэрээ байгуулдаг, “Хүн долоон од” ХХК-иас худалдан авалт хийгээгүй байж өр төлбөргүй болох үүднээс 12 падаанаар 527 сая төгрөгийн хуурамч баримт бүрдүүлж орлогоо нуусан” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “... Нэхэмжлэгч компани Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаал хүрээнд “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх” хүсэлтээ зохих газарт гаргаж шийдвэрлүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад ороогүй тул Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй, хариуцагч нар татварын ногдуулалт төлөлтийг шалгахдаа тухайн онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан татварын хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад орсон болох нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө гэж үзэхээргүй, нэхэмжлэгч компанийг төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч гэж үзэхээргүй, харин эко ариун цэврийн байгууламж бариулах гэрээг иргэнтэй байгуулж орон нутгийн эрх бүхий байгууллагаас иргэний дансанд төлбөр нь шилжиж, иргэн тухайн ажлыг гүйцэтгүүлсний дараа нэхэмжлэгчид төлбөр шилжүүлж байгаа нь тухайн ариун цэврийн байгууламжийг барьж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсныг “албан татвараас чөлөөлөх үндэслэлд хамрагдсан” гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй, жагсаалтад орсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч “МТТ” ХХК-ийн захирал Ц.Ч-аас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.“Эко ариун цэврийн байгууламж” барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан, энэ төсөл хөтөлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил, үйлчилгээнд хамаарч байгаа талаар шүүхүүд огт дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй.
6.2.Маргаан бүхий актаар нөхөн татвар ногдуулсан орлогын эх үүсвэр нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжилт хийгдэж байгаа ажлын шугамаар орж ирсэн үү, эсхүл бусад орлогын эх үүсвэр байсан эсэхийг шалгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан эсэхийг дүгнээгүй.
6.3.Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч буюу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ байгуулсан эсэх, тэрхүү гэрээнд холбогдох албан татварын хэрхэн шийдвэрлэхээр тусгасан, мөн ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгүүлсэн болохыг анхаарч үзээгүй.
6.4.Албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан эсэх, чөлөөлөгдөх жагсаалтад хамааруулсан эсэх зэрэг зайлшгүй шалгавал зохих асуудлыг огт шалгаж, дүгнээгүй.
6.5.Мөн 2 өөр төрлийн татварыг давхардуулан ногдуулж байгаа асуудал бодит байдал дээр үүссэн эсэхийг тодруулж шалгаагүй.
6.6.Маргаан бүхий актаар тавигдсан торгууль болох 30,191,869.24 төгрөг нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөлд хамрагдах боломжтой эсэхийг дүгнээгүй. Өршөөлийн хуулиар торгууль өршөөгдөх байсан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг шинээр баталсан Татварын ерөнхий хуулиар дордуулсан.
6.7.Нэмэгдсэн өртгийн албан татварт 12 ширхэг падаануудыг хий бичүүлэн татвараа бууруулсан гэх боловч энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа, хуурамч баримт байсан эсэх нь тогтоогдох ёстой, падаануудыг шүүхээс хэрэгт хавсарган шалгаагүй хирнээ маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
8.Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.
9.Энэ тохиолдолд, маргаан бүхий актаар “баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар хариуцлага тооцсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийн энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
10.Хоёр. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “байгаль орчинд ээлтэй, эко ариун цэврийн байгууламж барих төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан, энэ төсөл хөтөлбөр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил, үйлчилгээнд хамрагдана” гэж маргасан, гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байна. Тодруулбал, гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, хөрөнгө оруулалтын ажил мөн эсэхийг тодруулахын тулд санхүүжилт нь аль байгууллагаас гарсан болон үүнд холбогдох гэрээ, төсөл хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгчийн талаарх баримтуудыг хэрэгт цуглуулах шаардлагатай.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэлийн гол үндэслэлд холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй, энэ нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.
12.Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа “2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдах” талаар гомдол гаргасан байхад тухайн үндэслэлд эрх зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, гомдлын үндэслэл тус бүрийг ялгаж салгаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” үүргээ биелүүлээгүй байна.
13.Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 323 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “МТТ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ