Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00116

 

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00521 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Тилеуберди/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар  багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургууль /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж/-т холбогдох,

 

2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр ахлах сургууль манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Уг гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 103,252,560 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.2. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.3. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 56,272,645.2 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 51,626,280 төгрөг болж байна.

1.4. Хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс харвал өмнө 2017-2020 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар гарсан төлбөр тооцоог нэхэмжлэгч компаниас хариуцагч сургуулиас шаардаж, шийдвэрлүүлж байсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан.

1.5.Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг нийт 154,878,840 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2020/01228 захирамжаар Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургууль нь нэхэмжлэгч Э ХК-ийн нэхэмжилсэн дулааны эрчим хүчний төлбөр 24,648,384 төгрөгийг 2021, 2022 онуудад төлж өгөхөөр болж сургуулийн захиргаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед сургуулийн захиргаа уг өр төлбөрийг барагдуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Бейбитхан болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол нарт уламжилсан боловч 2021 оны төсөвт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл өр төлбөр төлөгдөөгүй.

2.2. Э ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т-тэй Өлгий сумын ЕБ-ын *** дүгээр сургуулийн захирал асан Х.Хайрат Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай гэрээнд гарын үсэг зурахдаа хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтэд заасан нэг сард 28,281,745.36 төгрөгөөр биш сард 25,807,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. 2020 оны төсөв, санхүүгийн хуваарилалтад түлш, халаалтын зардлыг аймгийн ИТХ-ын ээлжит чуулганаар 206,456,700 төгрөг төлөхөөр баталж өгсөн. Гэвч КОВИД-19 цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын 20-ны хүртэл хичээл сургалт онлайн цахим хэлбэрээр явагдсан тул тухайн үед сургалт хүмүүжлийн ажил хэвийн хэмжээнд явагдаагүй тул 187,101,700 төгрөгийг төлж барагдуулсан. Ковидын үеийн халаалтын зардлыг төлүүлэхгүй байх талаар тухайн үеийн аймгийн Засаг даргаас захирамж гарсан байгаа болно.

2.3. 2021, 2022 онуудад тус сургуулийн захирлаар ажилласан Х.Х нь Баян-Өлгий аймгийн Э ХК-ийн захирал М.Т-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг хийгээгүй. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот албан бичгээр Эрчим Баян-Өлгий ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т-д халаалтын тухай, халаалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт, шинэчлэн байгуулахад гэрээний зарим заалтуудыг өөрчлөх тухай санал тавьсан. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул захирал асан Х.Х гэрээ байгуулаагүй. 2021, 2022 онуудад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит чуулганаар баталж шийдвэрлэсэн түлш, халаалтын зардал 2021 онд 18,994,000 төгрөг батлагдаж бүрэн төлөгдсөн болно.

2.4. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ноогдуулж болохоор хуульчилсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон гэх заалт гэрээ хийгдээгүй тул хуулийн заалт болон гэрээний заалтыг биелүүлэх боломжгүй байна. Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 51,626,280 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

2.5. Иймд Баян-Өлгий аймгийн Э ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00521 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 (нэг зуун гурван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун жаран) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 51,626,280 (тавин нэгэн сая зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун наян) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,345 (есөн зуун гучин хоёр мянга гурван зуун дөчин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 674,213 (зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун арван гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд холбогдох дулааны эрчим хүчний төлбөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний тухай хууль болон Эрчим хүчний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг нь бодитой биш, түлш халаалтын төсөв дутуу батлагдсаныг “Э” ХК-д тус байгууллагаас удаа дараа мэдэгдэж, 2021, 2022 онуудад түлш халаалтын гэрээ байгуулаагдаагүй байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн талаас үнэлж, нэг талыг барьсан хууль ёсны бус шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2021, 2022 онд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад үндсэн төлбөрийг хууль ёсны гэж үзэж төлүүлэхээр шийдвэрлэсэн явдлыг зөвшөөрөхгүй байна. Ингэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын ***-р ахлах сургууль нь манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 103,252,560 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон, үүнд хариуцагч тал маргаагүй.

5.2. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон юм.

5.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, эдгээр нотлох баримтуудыг хариуцагч тал няцааж чадаагүй юм. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023            оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00521 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд холбогдуулан гаргасан  2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд холбогдуулан “2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулахыг хүссэн тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр ахлах сургууль манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 103,252,560 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 56,272,645.2 төгрөг болж байгаа ба Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцсон алданги нь 51,626,280 төгрөгийн нэмж нэхэмжилнэ” гэж тайлбарлажээ.

 

            8. Хариуцагч “2021, 2022 онуудад Баян-Өлгий аймгийн Э ХК-ийн захирал М.Т-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг хийгээгүй. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот албан бичгээр Эрчим Баян-Өлгий ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тилеубердид халаалтын тухай, халаалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт, шинэчлэн байгуулахад гэрээний зарим заалтуудыг өөрчлөх тухай санал тавьсан. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул захирал асан гэрээ байгуулаагүй гэж үзнэ.  Гэрээ хийгдээгүй тул хуулийн заалт болон гэрээний заалтаар алданги төлөх боломжгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

 

            9. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад “Э” ХК болон  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хороонд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 11 дүгээр гэрээний Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 18,221.6, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552.10, нэг сард төлөх 28,281,745.36 төгрөг, халаах хугацаа 8 сар, халаалтын хөлс жилд 226,253,962.88 төгрөг байхаар, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 22/2011-04 дүгээр гэрээний Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж төг/м3, эзлэхүүн м.куб 18,221.6, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,760, нэг сард төлөх 32,070,016 төгрөг, халаах хугацаа 8 сар, халаалтын хөлс жилд 256,560,128 төгрөг байхаар тус тус тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Э” ХК-ийн 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн талаас үнэлж, нэг талыг барьсан хууль ёсны бус шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2021, 2022 онд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад үндсэн төлбөрийг хууль ёсны гэж үзэж төлүүлэхээр шийдвэрлэсэн явдлыг зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж “..Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор Баян-Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаас хойш хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй... гэж заасан байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги нэхэмжилсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд (1) дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь удаа дараа гэрээний санал, шинэчлэн байгуулах төсөл зэргийг хүргүүлэхэд дулаан хэрэглэгч байгууллагаас хариу өгөөгүй, (2) Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул дулааны эрчим хүч нийлүүлэх харилцааны хувьд хэрэглэгч болон хангагчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсанаас үл хамаарч үүргийн зөрчил үүссэн тохиолдолд талуудад зохих хариуцлага хүлээлгэхийг хууль тогтоогч нарийвчлан хуульчилж өгсөн байна.

 

13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас дулааны эрчим хүч худалдан авсан төлбөрт 103,252,560  төгрөг, алдангид 51,626,280  төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэж нягталж үзвэл, талуудын хооронд үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгааны хуудсаар хариуцагч нь нэхэмжлэгчид дулааны эрчим хүчний төлбөрт 127,900,943.60 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд үүнээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01228 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон төлбөр 24,648,384 төгрөгийг хасахад, үлдэгдэл төлбөрийн хэмжээ 103,252,560 төгрөг, үүнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т зааснаар алданги тооцоход 51,626,280 төгрөг, ингээд хариуцагчаас гаргуулбал зохих үндсэн төлбөр болон алдангийн нийт хэмжээ 154,878,840 төгрөг болох нь нотлогдсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас дулааны эрчим хүчний төлбөрт 103,252,560  төгрөг, алданги 51,626,280  төгрөг, нийт 154,878,840 /нэг зуун тавин дөрвөн сая найман зуун далан найман мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай” гэж,  2 дахь заалтын  “647,213 төгрөг” гэснийг  “932,345 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,132 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                       ШҮҮГЧ                                                          М.НЯМБАЯР           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК