Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 136

 

                               

                                   Б.У, М.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 55 дугаар магадлалтай, Б.У, М.А нарт холбогдох 1937000560031 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.У, М.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.У-ээс 440,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүхээс хэргийн нотолгооны талаар хийж буй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдсоор байхад шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Хохирогч Ш.Б-ын төрийн банкин дахь данснаас /ТБ Булган ТТ/ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. Төрийн банкны 2019 оны 08 дугаар сард хийгдсэн дотоодын хяналт шалгалтаар харилцагч Ш.Б-ын данснаас гарсан гүйлгээг шалгахад уг мөнгийг Ш.Б аваагүй гэсэн тул хуулийн байгууллагад шилжүүлэн шалгасан. Төрийн банкны Булган тооцооны төвийн харилцагч Ш.Б-ын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440,000 төгрөг гаргасан зарлагын мэдүүлэгт 4 тооны гарын үсэг зурагдсан байдаг ба удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр зөвхөн харилцагчийн баталгаат гарын үсэг гэх 1, 3 гэж дугаарласан хэсэгт зурагдсан гарын үсгийн талаар дүгнэлт гаргасан гэх боловч шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй байдаг. Зарлагын мэдүүлэг гэх баримтанд зурагдсан гарын үсгүүдэд бүхэлд нь шинжилгээ хийх шаардлагатай байхад зарим гарын үсэгт шинжилгээ хийлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн атлаа ...”, Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэж хуульчилжээ.” гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Шүүх “Шүүгдэгч Б.У-ийн гарын үсгийн загвар зарлагын баримтанд зурагдсан гарын үсэгтэй шинжээчийн дүгнэлтээр тохироогүй боловч бусдын данснаас өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө гаргуулан авсан үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ." гэж дүгнэсэн ба хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад шүүх аль баримтыг нь үнэлсэн, аль баримтыг нь хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Б.У нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд үү, албан тушаалын байдлаа ашиглан бусдын данснаас мөнгө гаргуулан авсан уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогоогүй атлаа “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан” гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зүйлчлэл тохирохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.  

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг, шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 440,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураан авах талаар дурьдаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг шүүгдэгч Б.У-ээс гаргуулах нь зүйтэй байна. Гарын үсэг, бичгийн хэвэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээс гадна бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гомдлыг үндэслэн Б.У, М.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.У нь ***** аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны **** тооцооны төвд эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж иргэн Ш.Б-ын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440,000 төгрөгийн зарлага гарган авахуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч М.А нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнд хэрэг бүртгэлийн 193700056 дугаартай “**** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Булган тооцооны төвд эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж иргэн Ш.Б-ын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440,000 төгрөгийн зарлага гарсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд “...Ш.Б нь над руу очер дайрч ирээд мөнгө гаргаад өгөх талаар хэлсэн. Би очертой байна гээд 2 удаа буцаасан. Тэгээд дахин ирээд яаралтай ажилтай мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь данснаас нь 440,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж мөнгийг нь өгсөн” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлох ямар баримт байгаа, хэрхэн үнэлсэн, нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж тогтоосон эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна...” гэх гомдол нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдэд харьцуулан дүгнэлт хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

Гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ **** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Булган тооцооны төвд эрхлэгч байсан бөгөөд тэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинжид хамаарна.

Хоёр шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэж Б.У, М.А нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв  тайлбарлан хэрэглэсэн байна.

Үүнээс гадна Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 55 дугаар магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч М.А-ын холбогдсон хэргийг бичилгүй орхигдуулсан, тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Уранбилэгийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжид хамааруулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй боловч дээрх зөрчлийг дахин гаргахгүй байхыг давж заалдах шатны шүүх цаашид онцгойлон анхаарвал зохино.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                            ШҮҮГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН