Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01702

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01702

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 184/ШШ2023/02638 дугаар шийдвэртэй,

Б.*******ийн нэхэмжлэлтэй, Р.*******ид холбогдох, гэрээний үүрэгт 3,645,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгчийн эзэмшлийн ............. дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, .. дугаар байр, .. тоот 2 өрөө сууцыг хөлсөлсний төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлөх ёстой төлбөрөөс 1,573,200 төгрөг, барьцааны үлдэгдэл 450,000 төгрөг, түрээс 900,000 төгрөг, алданги 642,600 төгрөг, нийт 3,645,800 төгрөгийг хариуцагч төлөхгүй байх тул дээрх мөнгөн хөрөнгийг Р.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаа ******* ******* ******* ХХК-ийн албан бичигт үндэслэсэн. Хариуцагчийн хувьд уг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй, өөр хуулийн этгээдийн албан бичгийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төлбөр тооцоо нийлсэн баримт байхгүй, алданги тооцсон хувь ойлгомжгүй байна. Алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Нэхэмжлэлд дурдсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нэг сарын түрээсийн төлбөр буюу 900,000 төгрөг гэж ойлгож байгаа. Алданги тооцсон хувь нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэд дахин илүү байна. Сүүлд 44 хоногийн алданги гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэг өдрийн алдангийг 900,000 төгрөгөөс тооцохоор 4,500 төгрөг болж байгаа. Иймд алданги болон бусад тооцооллыг үнэн зөв эсэхийг хянаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.*******оос 1,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,275,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 36,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Б.******* нь .............. дүүргийн .. дүгээр хороо, ..-р хороолол .. дугаар байр 30 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч юм.

2022 оны 07 сарын 08-ны өдөр иргэн Р.*******той түрээсийн гэрээ байгуулж, орон сууцыг түрээсэлсэн. Орон сууцыг 2023 оны 04 сарын 15-ны өдөр чөлөөлж өгсөн.

Сарын түрээс 900,000 төгрөг байсан. Мөн анх 4 сарын түрээс 1 сарын барьцаа нийт 4,500,000 төгрөгийг "******* ******* Стейт" ХХК нь надад төлсөн.

Түрээсийн төлбөрөө авч орон сууцанд оруулсан. Түрээсийн мөнгөө авах болоход нийт 35 хоног, 123 хоногоор тус тус хугацаа хэтрүүлж төлбөрөө төлсөн. Дээрх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох алданги нийт 1,183,500 төгрөг болсон түрээсийн үлдэгдэл төлбөр нь 1,110,000 төгрөг болсон. /2 сар 7 хоногийн 2,010,000 төгрөгийн түрээсийн мөнгөнөөс барьцаа мөнгө 900,000 төгрөгийг хассан дүн / мөн орон сууцны ашиглалтын зардал дүн 416,900 төгрөг болсон.

Дээрх тооцоолсон үнийн дүнгээр бүхэлд нь 3,645,800 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч "******* ******* Стейт" ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж өгөх байтал буруу гаргасан. Энэ байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 2,275,800 төгрөгийг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.*******ид холбогдуулан орон сууц хөлсөлсний үлдэгдэл төлбөрт 900,000 төгрөг, гэрээний алданги 1,573,200 төгрөг, барьцааны үлдэгдэл төлбөр 450,000 нийт 2,983,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа алданги 642,600 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 3,625,800 төгрөг гаргуулахаар шаардсан. /хх 30-31/

Хариуцагч нэг сарын түрээсийн төлбөр 900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. /шүүх хуралдааны тэмдэглэл хх29/

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а. Б.******* нь Р.*******той 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3784 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б.******* нь .............. дүүргийн .. дүгээр хорооны .. дүгээр хороолол, .. дугаар байрны 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Р.*******ид хүлээлгэн өгч, Р.******* нь орон сууцыг гэрээний дагуу хөлслөх зорилгоор эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогджээ. /хх 7-8/

2.б. Р.******* 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан ба 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 12 дугаар сарын 13-ны өдөр 2,700,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

2.в. Гэрээний 5.2-т заасан орон сууцны хөлс Р.******* төлөөгүйн улмаас талууд гэрээг цуцалж, хариуцагч орон сууцыг 2023 оны 04 дүгээр сард чөлөөлсөн талаар тайлбарласан. /хх 28-29/

2.г. Орон сууц хөлслөх гэрээний 3.4-т зааснаар дэнчин 900,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн, гэрээний аливаа хохирол, төлбөрийг үл маргах журмаар барагдуулахаар талууд харилцан тохиролцсон, дээрх мөнгөн хөрөнгийг 1 сарын түрээсийн төлбөрт суутгасан талаар зохигчид маргаагүй.

 

3. Зохигч орон сууц хөлслөсний үлдэгдэл төлбөр, алданги гэх 3,625,800 төгрөгийг төлөх эсэхэд маргаантай байна.

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

3.б. Хэргийн баримтаар хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаас орон сууц хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч орон сууц хөлсний үлдэгдэл төлбөрийг 900,000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.

4. Нэхэмжлэгч нь орон сууц хөлсний үлдэгдэл 900,000 төгрөг, алданги 1,573,200 төгрөг, барьцааны үлдэгдэл төлбөр гэх 450,000 нийт 2,983,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж, улмаар алдангийн хэмжээг 642,600 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

4.а. Талууд гэрээний 3.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх7/

Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний алданги 1,573,200 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг 642,600 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

 

4.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид нийт 2,215,800 төгрөг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд орон сууц хөлслөх гэрээний үндсэн үүрэг болох 900,000 төгрөгийн 50 хувиар анзын хэмжээг хязгаарлаж алданги 450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Орон сууц хөлсний үлдэгдэл төлбөр 900,000 төгрөг, алданги 450,000 төгрөг нийт 1,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

5. Харин нэхэмжлэгч нь барьцааны үлдэгдэл төлбөр гэх 450,000 төгрөгийг шаардаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5.а. Орон сууц хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, ашиглалтын зардлын талаар нэхэмжлэлийн шаардлагад бичгээр дурдаагүй тул энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...алданги нийт 1,183,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 1,110,000 төгрөг болсон. /2 сар 7 хоногийн 2,010,000 төгрөгийн түрээсийн мөнгөнөөс барьцаа мөнгө 900,000 төгрөгийг хассан дүн/ мөн орон сууцны ашиглалтын зардал дүн 416,900 төгрөг болсон тул 3,645,800 төгрөгийг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхив.

 

5.б. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар "******* ******* Стейт" ХХК-ийг хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хариуцагч Р.*******ид холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасанд нийцсэн. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД