Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2023/01911

 

 

 

 

 

 

 

 

2023 11 01 210/МА2023/01911

 

 

Т ХХК К-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК К-ийн хариуцагч Ц.Д, П.П р нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,332,182 төгрөг, зээлийн хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,495 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 20,271,154 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч П ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай банк бус санхүүгийн байгууллага нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 098120320032 тоот зээлийн гэрээгээр хариуцагч нарт 10,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийг бэлэн бусаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчиж, нийт 5,950,000 төгрөг төлсөн ба 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 7.1.1, 8.2.1 болон барьцааны гэрээний 5.1, 5.3.1, 5.3.2-т заалтуудыг зөрчсөн. Иймд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,332,182 төгрөг, зээлийн хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,495 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 20,271,154 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П ын тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК К-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. П нь 2018 оны 12 дугаар сардЦ.Д тай хамтын амьдралтай байсан бөгөөд хүнсний дэлгүүрийн бараа татах зорилгоор түүний өмчлөлийн хөрөнгийг барьцаалж, Т ХХК К-аас 10,000,000 төгрөг зээлж авсан. Энэ зээлийн мөнгөнөөс П нь өөртөө авч, хэрэглэж ашиглаагүй тул зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. П энэ гэрээний үндсэн зээлдэгч биш мөнгийг авч хэрэглээгүй ч гэсэн өөрөөсөө 5,950,000 төгрөг Т ХХК К-д төлсөн. Тус байгууллага нь надаас мөнгө нэхэх эрхгүй.Ц.Д гаас гэрээний үүргээ шаардах ёстой. Гэтэл мөнгийг нь хариуцаж аваад, төлөх үүргээ биелүүлээгүй хүний өмнөөс надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Би энэ байгууллагын өмнө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. ХариуцагчЦ.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д, П.П р нараас 16,307,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК К-д олгож, нэхэмжлэлээс 3,963,774 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч П ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин, 34 дүгээр гудамж, тоот , 48 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын 18629326723 дугаартай 700 м.кв талбайтай, эзэмших эрхийн 0007431118 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн зориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 309,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч П ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч нараас 16,307,380 төгрөг хамтран хариуцахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.Ц.Д нь зээлийн гэрээний үндсэн зээлдэгч бөгөөд зээл авснаасаа хойш зээлээ огт төлөөгүй хаяж явсан. Шүүхэд дуудагдах хүртэл хугацаанд П 5,950,000 төгрөгийг хариуцан төлсөн баримтаа шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс 16,307,380 төгрөгийг хариуцагч нарт дунд нь хариуцуулахаар шийдсэн нь шударга бус байна. П т үлдсэн нийт өрийг адил хэмжээгээр хариуцуулсанд гомдолтой байна. Иймд өмнө нь зээл төлөх үүргээ биелүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхээс шийдвэрлэсэн 16,307,380 төгрөгөөс хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр биш, миний төлсөн мөнгийг надад оногдох хэсгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийнтайлбарын агуулга: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Д, П.П р нар манай байгууллагаас 10,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. 2021 онд зээлийн гэрээний хугацаа дууссан. П 5,950,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд манай байгууллагын данс руу орсон 5,950,000 төгрөгийг хоёр хариуцагчийн хэн нь төлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээ болон ипотекийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан тул хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгч нар зээлийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч П ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчЦ.Д гийн талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК К нь хариуцагч Ц.Д, П.П р нарт холбогдуулан зээлийн үлдэгдэлд 8,332,182 төгрөг, хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,495 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 20,271,154 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Т ХХК К нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 098120320032 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг, сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай Ц.Д, П.П р нарт зээлдүүлж, зээлдэгч нар нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх8-10, 25/

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

4. Зээлдүүлэгч Т ХХК К нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 10,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлсэн, зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд зохигчид маргаагүй, харин зээлсэн мөнгөн хөрөнгийг хэн захиран зарцуулсан, зээлдэгч нарын хэн нь зээлийн төлбөрийг хэдэн хувиар хариуцах эсэх асуудлаар маргасан байна.

5. Хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон зээл, хүүний тооцооны баримтаас үзвэл Ц.Д, П.П р нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,332,182 төгрөг, хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,495 төгрөг, нийт 20,271,154 төгрөг төлөх байснаас үндсэн зээл 1,667,818 төгрөг, зээлийн хүү 3,319,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 962,279 төгрөг, нийт 5,950,000 төлсөн байх ба уг гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээл 3,271,868 төгрөг төлсөн болох тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх17, 18-20/

6. Хариуцагч тал сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

6.1. Иймд хариуцагч Ц.Д, П.П р нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,382,408 төгрөг, хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,495 төгрөг, нийт 16,307,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК К-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш байх тул уг заалтыг хасч, зээлийн хүүг шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлах өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулах нь зүйтэй байна.

8. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр П ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 34 дүгээр гудамж, тоот хаягт байрлах, нэгж талбарын 18629309326723 дугаар бүхий 700 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т ХХК К-д барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон. /хх-11-14, 21, 22/

8.1 Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

8.2. Т ХХК К нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох хувийн сууц, газар эзэмших эрхийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

8.3. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...газрыг албадан худалдаж гэж тусгасан нь буруу байх ба газрыг биш, газар эзэмших эрхийг худалдан борлуулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт ...шийдвэр гүйцэтгэх арга журмыг заана гэсний дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд ойлгомжтой тодорхой байх үүднээс нэршлийн хувьд алдаа гаргасныг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг гэж давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

9. ...хариуцагч П нь үндсэн зээлдэгчЦ.Д гаас нэхэмжлэхгүй, зээлийг авч ашиглаагүй этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Өмнө дурдсан 098120320032 дугаар зээлийн гэрээнд хариуцагч П гарын үсэг зурсан байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Түүнчлэн, хариуцагч нар зээлэн авсан мөнгөө хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх, мөн зээлдүүлэгч зээлийн зарцуулалтыг хянах, хориглох боломжгүй. Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг би захиран зарцуулаагүй, зээлийн төлбөрийг хариуцан төлсөн гэх тайлбараа хариуцагч П нотлох баримтаар нотлоогүй байх тул ногдох төлбөрөөс өөрийн төлсөн 5,950,000 төгрөгийг хасч тооцуулна гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч П ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Д, П.П р нараас 16,307,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,963,774 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...газрыг гэснийг ...газар эзэмших эрхийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч П ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 145,410 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН