Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01756

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01756

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01790 дугаар шийдвэртэй,

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,917,174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Зарцуулсан дүн 11,740,986 төгрөг,

1.б. Шимтгэлийн авлага 39,800 төгрөг,

1.в. Хүүгийн авлага 5,126,888 төгрөг,

1.г. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 16,917,174 төгрөгийг гаргуулна.

1.1. Зээлдэгч З.******* нь тус *******тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС190830036-1 тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан 12,000,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар ******* Хөгжлийн *******наас зээл авсан.

1.2. Зээлдэгч нь Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Зээлдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зарцуулсан дүн 11,740,986 төгрөг, шимтгэлийн авлага 39,800 төгрөг, хүүгийн авлага 5,126,888 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан ЗГ/ВСС19.......-1 Кредит карт эзэмших гэрээний дагуу зээлдэгч З.*******гаас зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 16,917,174 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийн хувьд бэлэн мөнгөөр авсан зээл биш кредит картын зээл.

Уг зээлийг З.******* нь төлж явсан. Тухайн зээлийг 2019 онд авсан бөгөөд тухайн үед Ковид-19 халдварт өвчин гарч мөн 2020 оны 09 дүгээр сард З.******* нь хүүхэд төрүүлсэн байгаа.

Одоо З.******* нь 3 настай хүүхэдтэй бөгөөд ажилгүй, хүүхдээ харж байна. З.******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх байдлаар Кредит картын зээлийг төлнө гэдэг гэрээ байгуулсан.

2.2. Гэвч Ковид-19 халдварт өвчний улмаас хэрэгжих боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэхэмжлэлдээ бичсэн боловч жишээлбэл, шимтгэлийн авлага, хүүгийн авлагад юу ордог, ямар хүү авдаг гэдэг нь тодорхойгүй байна.

Шүүх хуралдаан дээр үүнийг тодорхой болгох нотлох баримтыг гаргаж өгсөн гэсэн боловч тухайн баримт нь З.*******гийн дансны хуулга байдаг.

Манай зүгээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгө ямар хүү болох, тэр талаарх дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхой болгохыг хүссэн. Гэтэл яг юу нэхэмжилж байгаа талаарх дэлгэрэнгүй, тодорхой зүйл байдаггүй. Ямар хүүгийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжилж болох бүхий л хүүгийн төлбөрийг бөөнд нь нэхэмжилж байна гэж харж байна.

Иймд хүүгийн авлагатай холбоотой шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч З.*******гаас үндсэн төлбөр 11,740,986 /арван нэгэн сая долоон зуун дөчин мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,176,188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 202,805 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримт болгон хариуцагчийн Кредит картын зээл хүүгийн тооцооллыг хавсаргасан.

Уг нотлох баримтад зээлдэгчийн нэр, дансны дугаар кредит картын зарцуулалт тухайн зарцуулалтын гүйлгээний төрөл буюу худалдан авалтын гүйлгээ эсвэл мөнгө болон шилжүүлгийн гүйлгээ эсэх түүнд хамаарах хүүгийн хувь, гүйлгээ хийсэн огноо, гүйлгээ тус бүрт төлөгдөөгүй зарцуулалтын хүүгийн тооцоолол эхлэх огноо, төлөгдөөгүй зарцуулалтын хүүгийн тооцоолол дуусах огноо, тухайн хүү тооцох хоногийн тоо, нэг өдрийн хүүгийн хэмжээ, бодогдсон хүү зэргийг тусгасан.

Кредит картын нийт зарцуулсан дүн 11,740,986 төгрөг, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон 5,126,888.07 төгрөг, кредит картын шимтгэлийн авлага 39,800 төгрөг, нийт төлөх дүн 16,907,674.07 төгрөгийг тооцоолон гаргасан.

Тодруулбал, хариуцагч нь кредит картаар зөвхөн худалдан авалтын гүйлгээ хийсэн байгаа нь "Кредит картын зээл хүүгийн тооцоолол"-д тусгагдсан байх бөгөөд уг тооцоолол нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол *******ны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бодогдсон бөгөөд худалдан авалтын гүйлгээний хувьд зээлийн хүү сарын 2 хувийн хүүтэй байхаар гэрээнд заасан ба сар бүр худалдан авалтын үнийн дүнд 2 хувийн хүү тооцон 12 сарын хугацаа буюу 1 жилийн 24 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү сарын 0.4 хувийн хүү буюу жилийн 4.8 хувийн хүүтэй учир түүнд заасны дагуу худалдан авалтын гүйлгээний зарцуулалт тус бүрт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нийт төлөх дүнг тооцоолон гаргасан.

Мөн үүнээс гадна илүү дэлгэрэнгүй болгон хариуцагчийн "Картын дансны хуулга"-ыг нотлох баримт болгон өгсөн ба гүйлгээ хийсэн огноо, тайлбар хэсэгт хаана хийсэн ямар гүйлгээ, уг гүйлгээний төрөл зэргийг дэлгэрэнгүй байдлаар тэмдэглэж, зарцуулалтын хэмжээ зэргийг тусгаснаас гүйлгээ бүр худалдан авалтын гүйлгээ байгааг мөн тэдгээр нь төлөгдөөгүй болохыг хугацааны хамт харах боломжтой байна.

4.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй хэмээн заасны дагуу 3.******* нь гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолсныг тодорхой заасан нотлох баримтуудыг хавсаргасан байхад кредит картын бэлэн мөнгөний гүйлгээгээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн, бэлэн мөнгөгүйгээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон зэргийг нотлох баримтаас харах боломжгүй гэх үндэслэлээр зээлийн хүү 5,126,888.07 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

*******, ******* ******* нь 3. *******тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС1........-1 тоот гэрээг бичгээр байгуулсан бөгөөд нотлох баримт болгон хавсаргасан ба шүүх кредит картын бэлэн мөнгөний гүйлгээгээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн, бэлэн мөнгөгүйгээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон зэргийг нотлох баримтаас харах боломжгүй хэмээх хуульд заагаагүй үндэслэлээр *******, ******* *******ны зээлийн хүү авах эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

"Кредит карт эзэмших гэрээ-ний 1.2.15-д *******ны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл (цаашид ХШЕН гэх) гэж *******ны нийт бүтээгдэхүүн үйлчилгээнд мөрдөгдөх үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг тогтоосон, олон нийтийн хэрэгсэл ашиглан үйлчлүүлэгчдэдээ мэдэгдсэн баримт бичгийг" хэмээн заасан ба гэрээний 4.2.4-д "...жилийн хураамж зэрэг ХШЕН-д заасны дагуу Банканд төлөх ёстой шимтгэл, хураамжийг төлөхийг шаардах эрхтэй байхаар заасан.

Уг заалтын дагуу "Кредит карт эзэмших гэрээ"-ний хавсралтад тус тус заасан кредит картын жилийн хураамж болох 19,900 төгрөгийг сүүлийн 2 жилийн хугацаанд төлөөгүй нь "Кредит картын зээл хүүгийн тооцоолол"-оос харагдах ба үүний дагуу нийт 39,800 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9,500 төгрөгийн нотариатын зардлыг нотлох баримт болох мөнгөний тасалбар, нэхэмжлэл зэргээр тодорхой болгосон байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч талаас зээлийн хүүгийн задаргааг ирүүлэхийг нэхэмжлэгч талаас хүссэн. Шүүх нотлох баримт ирүүлэх хугацаа олгосон боловч задаргааг ирүүлээгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь З.*******д холбогдуулан зарцуулсан зээлийн дүн 11,740,986 төгрөг, шимтгэлийн авлага 39,800 төгрөг, хүүгийн авлага 5,126,888 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 16,917,174 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .., хүүгийн авлага гэж нэхэмжилж байгаа тооцоог яаж тооцож гаргасан, хүүгийн авлага нь тодорхойгүй, шимтгэлийн авлагыг яаж тооцоолсон, хуульд байхгүй зүйлийг нэхэмжилсэн гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар:

2.а. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч З.*******тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС1........-1 дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж зээлийн лимит 12,000,000 төгрөг, зээлийн эрхийн хугацаа 24 сар, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү: худалдан авалтын гүйлгээнд сарын 0.4, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 0.6 хувь, шимтгэл *******ны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, кредит карт эзэмших гэрээ зэргээр нотлогдсон байна./хх12-15/

2.б. Хариуцагч нь дээрхи гэрээний дагуу 11,740,986 төгрөгийг зарцуулсанд маргаангүй, мөн дээрхи 11,740,986 төгрөгийг зарцуулсан задаргаа, баримтаас дандаа худалдан авалт хийсэн байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

2.в. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй, Ковид 19 цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл үүссэн талаар тайлбарласан.

 

3. Зохигч зээлийн гэрээний үүргийн нийт хэмжээ, тооцоолол зэрэгт маргасан.

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

3.б. Анхан шатны шүүх хариуцагчаас зээл 11,740,986 төгрөгийг гаргуулж, 5,176,188 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээл, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэгтэй.

3.в. Хэрэгт авагдсан Кредит картын зээл хүүгийн тооцооллоос үзэхэд зээлдэгчид хамаарах дансаар хийгдсэн зарцуулалт гүйлгээнийхээ төрөлтэй гарсан байх бөгөөд түүнд хамаарах хүүгийн хувь, хэмжээ, мөн хүү тооцсон хугацаа нь гэрээний заалтад нийцсэн байна.

Тооцооллын хувьд кредит картын нийт зарцуулсан дүн 11,740,986.00 төгрөг, түүнд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход 5,126,888.07 төгрөг болж байна. Талууд худалдан авалтын гүйлгээний зээлийн хүү сарын 2 хувь байхаар гэрээнд заасан. Сар бүрийн 2 хувийн хүү тооцоход 12 сарын хугацаанд 24 хувийн хүү болж байна.

Мөн нэмэгдүүлсэн хүү сарын 0.4 хувийн хүү буюу жилийн 4.8 хувийн хүүтэй учир түүнд заасны дагуу худалдан авалтын гүйлгээний зарцуулалт тус бүрт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нийт төлөх дүнг тооцоолон гаргасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ.

Мөн талууд гэрээндээ картын шимтгэлийн талаар тохиролцсон тул 39,800 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардалд 9,500 төгрөг, нийт 49,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Энэ талаархи баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна./хх10, 12-15/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.

3.г. Хариуцагч нь гэрээний эргэн төлөлтөд Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хувийн санхүүгийн хүндрэл нөлөөлсөн гэх бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

4. Иймд хариуцагч З.*******гаас зарцуулсан зээлийн дүн 11,740,986 төгрөг, хүү 4,720,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,077 төгрөг, шимтгэлийн зардал 39,800 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 16,917,174 төгрөгийг гаргуулж ******* ******* *******анд олгож шийдвэрлэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01790 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч З.*******гаас 16,917,174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын 202,805 гэснийг 242,535 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,769 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД