Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1340

 

Г.Намнандоржийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03653 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Намнандоржийн

Хариуцагч Э.Хосбаярт холбогдох

           

Байрны урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч Э.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Намнандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 онд банкны зээлээр байр худалдаж авъя хэмээн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн танил ах болох Тамирын байрыг ББСБ-д барьцаанд тавиулж түүнээс 40 000 000 төгрөгийг зээлэн авч Э.Хосбаярт байрны урьдчилгаанд өгсөн. Э.Хосбаяр иргэд хоорондын гэрээ хэлэлцээр хийж нотариатаар батлуулан авсан ба надад  байрны нийт төлбөрийг 178 871 900 төгрөг гэж тооцож хэлсэн. Би Э.Хосбаярт урьдчилгаа мөнгөө өгсөн болохоор түүнээс худалдаж авах Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106-А байрны 56 тоот хаягт байрлах 77,77 м.кв талбайтай байранд орсон. Тэгтэл 2015 оны 6-7 дугаар сарын үед миний хөөцөлдөж байсан Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкууд байрны 1 м.кв-ын үнийг багасгах хэрэгтэй байна гэсэн шаардлага тавьсан бөгөөд 1 м.кв-ыг нь 1 850 000 төгрөг  болговол  зээл  өгнө  гэсэн. Гэтэл Э.Хосбаяр 1 м.кв-ын үнийг

 2 300 000 төгрөг гэсэн ба банкны үнэд тохируулан буулгахгүй гэсний улмаас банкны зээл бүтэхээ больсон тул би Э.Хосбаярт зээл бүтэхээ байлаа, би байраа авахгүй, мөнгөө авъя гэхэд Э.Хосбаяр хүлээн зөвшөөрсөн тул би байрыг нь суллан өгч, өөрийн зардлаар хийлгэсэн гал тогооны иж бүрэн тавилгаа орхиод гарсан юм. Үүнээс хойш Э.Хосбаяраас мөнгөө нэхэхээр өгнө гэсээр байгаад урьдчилгаа төлбөрийн хагас 20 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн. Ингээд үүнээс хойш үлдэгдэл мөнгөө нэхэхээр өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106-А байрны 56 тоот хаягт байрлах 77,77 м.кв талбайтай байр Э.Хосбаярын нэр дээр байгаа бөгөөд байраа авчихсан байж миний мөнгийг өгөхгүй байгаа тул Э.Хосбаярт байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 40 000 000 төгрөгийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Хосбаяраас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн 77,7 м.кв 3 өрөө байрны 1 м.кв-ыг 2 300 000 төгрөгөөр тооцож нийт 178 871 000 төгрөгөөр Г.Намнандоржтой 2015 оны 4 дүгээр сард гэрээ байгуулсан бөгөөд байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувь 53 661 300 төгрөгийг төлөх байсан боловч Г.Намнандорж байгаа 40 000 000 төгрөгөө надад өгч, үлдсэн төлбөрийг банкны зээлээр төлье гэж гуйсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг надад өгч, банкны зээл найдвартай бүтнэ, байрандаа орж байя гэж гуйхаар нь мөнгөө гүйцээж өгөөд, байрныхаа бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлсний дараа байрандаа ор гэсэн боловч Г.Намнандоржийн эхнэр нь миний найз Д.Баярнямтай зусланд олон жил хамт гардаг байсан, улсын заан Д.Мягмарын охин байхаар нь итгээд байрандаа оруулсан. Бас Г.Намнандорж надтай их сургуульд хамт сурч байсан зүс таних дээд курсын хүн байсан тул итгэсэн, тэрнээс надад мөнгө хэрэг болоод түүнээс 40 000 000 төгрөгийг авч байрандаа оруулаагүй юм. Гэтэл гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөрөө өгөхгүй надаас зугтааж, зээл хөөцөлдөж байна гэж худлаа, үнэн хэлж явсаар 5 сар болсон бөгөөд 9 дүгээр сарын 14-ний өдөр Г.Намнандоржтой уулзаж гэрээний дагуу алданги тооцоход их мөнгө байна гээд харилцан тохиролцож 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 20 000 000 төгрөгийг нь алдангид суутган тооцож гэрээний ард бичиж өгөөд байрын суллаж өгсөн байгаа. Надад гал тогооны тавилга хэрэггүй аваад яв гэж хэлсэн боловч аваагүй байгаа. Би Г.Намнандоржид итгэж байрандаа оруулснаас болоод тухайн үед байраа зарж чадаагүйн улмаас 30-35 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар Энхээгийн Хосбаяраас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан Гунгаагийн Намнандоржид олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хосбаяраас 257 950  төгрөгийг гаргуулан Г.Намнандоржид олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагч Э.Хосбаяраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн дагуу иргэн Г.Намнандоржийн нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг хариуцагч Э.Хосбаяраас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Иргэн Г.Намнандорж болон иргэн Э.Хосбаяр нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 138 871 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдан авагч тал нь бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхэлсэн. Улмаар уг худалдан авагч тал нь үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ 2015 оны 9 дүгээр сард бүрэн хүлээн зөвшөөрч, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас бүрэн тогтоогдох боломжтой байна. Энэ хугацаанд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу бий болсон үүрэг хэвээр үргэлжилж байсан ба худалдан авагч тал нь үүргээ зөрчсөөр байсан.

Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд "Талуудын нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзсан тохиолдолд татгалзсан тал нь гэрээний нийт үнийн дунгийн 10%-тай тэнцэх торгуулийг нөгөө талдаа төлнө" гэж заасан бөгөөд энэхүү зүйл заалтын дагуу худалдан авагч тал нь дээр дурдсан алдангийн төлбөрөөс гадна нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх 17 887 100 төгрөгийн торгуулийг төлөх хэрэгтэй байсан. Талууд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү торгууль болон гэрээнээс татгалзах хүртэл үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бодогдсон алдангийн нийт төлбөрийг харилцан тохиролцож 20 000 000 төгрөг болгон бууруулсан ба энэ тухай өөрсдийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний ар талд гараар тэмдэглэл хийж баталгаажуулсан.

Ийнхүү тэмдэглэл хийж баталгаажуулсан нь талууд гэрээний үүргийн зөрчил байсан болохыг хүлээн зөвшөөрч үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн дагуу гэрээнээс татгалзсан болохыг нотолсон үйлдэл юм. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг огт харгалзаж үзэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа огт байгаагүй мэт тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэн нэхэмжпэгч буюу худалдан авагч талын үүргээ зөрчсөн үйлдлийг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Намнандорж нь хариуцагч Э.Хосбаярт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Э.Хосбаяр нь Хан-Уул дүүрэгт байрлах 77,77 м.кв талбайтай орон сууцыг 178 871 000 төгрөгөөр нэхэмжлэгч Г.Намнандоржид худалдахаар тохиролцжээ.

 

Худалдан авагч тал орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйл болох орон сууц, түүний үнийн талаар тодорхой заасан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс үзэхэд талууд гэрээний 6, 7 дахь заалтаар “...үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 1 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд Б талыг гэрээнээс татгалзсанд тооцох”, “Талуудын нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзсан тохиолдолд татгалзсан тал гэрээний нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгуулийг нөгөө талдаа төлөх”-өөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль төлөх үүрэг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үүснэ. Талуудын хооронд торгууль төлөх талаар тохиролцоо хийгдсэн байх боловч уг тохиролцоо бүхий гэрээнээс татгалзсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олох ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзсаны улмаас талуудын хооронд гэрээний үүрэг дуусгавар болж, хуулийн дагуу гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаах үүрэг үүснэ. 

 

Нэхэмжлэгч Г.Намнандорж орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсны улмаас хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаагаа хариуцагч Э.Хосбаярт  мэдэгдэж, орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрөөс 20 000 000 төгрөг буцаан өгсөн үйл баримтыг талууд маргаагүй.

 

Харин хариуцагч Э.Хосбаяраас урьдчилгаа 40 000 000 төгрөгөөс үлдэх 20 000 000 төгрөгийг алдангид тооцон суутгасан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагчийн хувьд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардаагүй, хариу тайлбартаа мөнгийг буцаан өгөхгүй байх гэдэг үндэслэлээ гэрээнд заасны дагуу “алданги”-д суутган авсан гэж тайлбарласан учраас шүүх түүний гаргасан тайлбарын хэмжээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

       

         Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарын хэмжээнд гэрээний үүргээс татгалзсантай холбоотой эрх зүйн зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж буй хуулийн заалтыг буруу баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 204.1”  гэснийг “ 205.1” гэж өөрчилөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2016/03653 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн

1 дэх заалтын “204 дүгээр зүйлийн 204.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА