Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/01968

 

 

 

 

 

 

 

 

2023 11 13 210/МА2023/01968

 

 

Г.Ч ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02629 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ч ийн хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А ХХК -тай сарын 1,500,000 төгрөгөөр цалин авч ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Говьсүмбэр аймгийн Чойр салбар дахь МЧХ-1, 2 талбайн эрхлэгчийн албан тушаалд ажилд орсон. 2022 оны 06 дугаар сараас эхлэн цалинг 2,000,000 төгрөг болгож нэмсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зүрх өвдөөд ажлаас чөлөө авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний хагалгаанд орсон. Эмнэлгээс гарч хагалгааны дараах гам барьж гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байсан, үүнтэй холбоотой эмчийн магадлагаа бичиг баримтуудыг ажилдаа хүргүүлсэн. Би ажиллах хугацаандаа сахилгын болон өөр бусад зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл хүнд өвчний улмаас хагалгаанд орж эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК -ийн гүйцэтгэх захирлын ЗТ-22/01 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан байсан.

Ингээд ажлаас халагдсан тушаалаа гардан авч танилцахад үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заалтыг дурдсан боловч энэ заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалт болно. Тушаалын 1 дэх хэсэгт Байгууллага болон түүний салбар, нэгж орон тооны цомотгол хийгдсэн тул... гэж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 болон 60.4-т заасны аль нь болохыг дурдаагүй байна. Миний ажиллаж байсан Арвин зам ложистикс" ХХК-ийн Чойр салбар нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэв намайг орон тооны цомхтголоор халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар халах шийдвэр гаргах гэж байгаагаа надад мэдэгдэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн ээлжийн амралтын мөнгө, лист/Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж/ зэргийг миний дансанд шилжүүлэлгүй өр төлбөрт суутгаж авсан. Өвчтэй байх хугацаанд цалин хөлс олголгүй ажлаас халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 155, 156 дугаар зүйлүүдэд зааснаар тус маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан боловч Арвин зам ложистикс ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй мөн Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Сүхбаатар дүүргийн хувьд байгуулагдаагүй байдалтай байгаа тул тус хуулийн 154 дугаар зүйл 154.2.1, 158 дугаар зүйл 158.2, 158.2.2-т тус тус зааснаар ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сарын дундаж цалингаар тооцож үзсэн. Ажлын 22 хоногоор бодохоор 242 өдөр болж байна. 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хэрэг маргаан шийдвэрлэж дуусах өдөр хүртэлх цалин 22,000,000 төгрөг болж байна. Иймд А ХХК намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г.Ч ийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн талбайн эрхлэгчээр томилон ажиллуулсан. Ажилд авах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг байсан. А ХХК нь УБТЗ ХНН-тэй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ТГ/21/085 тоот түрээсийн гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг, Чойр өртөөний МЧХ-н 20,500 м.кв талбайтай нийтийн хэрэглээний зам дагуу ачиж буулгах хашаажуулсан талбайг 1 м.кв талбайг 250 төгрөгөөр, нийт сарын төлбөр 5,125,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, түүхий нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байсан хэдий ч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УБТЗ ХНН-ийн 03/2264 тоот албан бичгээр түрээсийн гэрээний үнийг 1 м.кв талбайг 7,000 төгрөг, нийт 82,200,000 төгрөгөөр түрээслэх, түрээсийн гэрээний хугацаа сунгах болсон гэх мэдэгдлийг ирүүлсэн. Бидний зүгээс үнийн саналыг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөх боломжгүй учир түрээсийн үнийг буруулах талаар санал гаргасан хэдий ч хүлээж аваагүй. Тиймээс аргагүйн эрхэнд түрээсийн өндөр үнийн шахалт дарамтанд орж түрээсийн гэрээ дуусгавар болж, компанийн үйл ажиллагаа дампуурсан. Компанийн цорын ганц үйл ажиллагаагаа явуулж байсан Говьсүмбэр аймаг дахь Чойр салбарын түрээсийн талбайг УБТЗ ХНН нь өөрийн мэдэлд авах болсноор тус компани нь иргэн Г.Ч ийн ажлын байрыг цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн. Ажлаас халсан үндэслэл нь манай талбайгаас 500 тонн нүүрс алга болсон. Өөрийг нь дуудсан боловч очих шаардлагагүй гэсэн. Ямар ч хариуцлага байхгүй, утас руу нь залгахаар авдаггүй. Иймээс компанийн ажлын байрыг цомхотгож, Г.Ч ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай Г.Ч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад процессын ноцтой алдааг гаргасан. Тодруулбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн гэрээний хууль зүйн үндэслэлийг дүгнэлгүйгээр ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийг үндэслэн тушаалаа гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуучин хуулийг хэргэлсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд мэдэгдээгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуулийг зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дугаар 8-д ...нэхэмжлэгчийн ажиллаж байсан Чойр салбар дахь МЧХ-1, 2 талбайн түрээсийн гэрээ дуусгавар болж, хариуцагч тухай талбайг үргэлжлүүлэн ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, А ХХК нь өөр хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ цуцлагдсан нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан гэж дүгнэх нь буруу юм. Хариуцагч А ХХК нь тухайн ажлын байрыг хассан, орон тоо цөөрсөн, аж ахуй нэгж татан буугдсан гэдгийг баталсан гүйцэтгэх захирлын тушаал, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг баримт байхгүй байхад зөвхөн түрээсийн гэрээ цуцлагдсанаар ажлын байр хасагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэдгийг анхан шатны шүүх дээр ч тэр, тайлбар дээрээ ч дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д гэж бичсэн нь техникийн алдаа. Уг нь бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан. Ажлын байр хасагдсан гэдэг дээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Тушаалын хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүх хянаагүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх ажлын байр хасагдсан шийдвэр бодитой байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг МЧХ-1, 2 дугаар талбайд эрхлэгчээр ажилд авсан. Түрээсийн талбайн төлбөр нэмэгдэж ажилтныг халахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул нэхэмжлэгчийг ажлаас халсан. Заавал энэ ажлын байрыг хасахад хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргах шаардлагагүй. А ХХК -ийн захирлын тушаал байхад л хангалттай. Г.Ч ийг ажлаас халсан үйл баримт нь бодитой. Ажил, орон тоо нь хэвээр байхад гарсан тушаал шийдвэр биш гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч А ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4. Г.Ч нь А ХХК -ийн гүйцэтгэх захиралтай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан А ХХК -ийн Чойр дахь МЧХ талбайд талбайн эрхлэгчээр ажиллах, ажил олгогч нь ажилтны сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг олгохоор харилцан тохиролцжээ./хх3-7/

5. Тус байгууллагын Чойр дахь МЧХ талбайд Г.Ч нь талбайн эрхлэгчээр ажиллаж байгаад хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаалаар Байгууллага болон түүний салбар, нэгж орон тооны цомхотгол хийгдсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-8/

5.1. Ажил олгогчийн зүгээс ажилтан Г.Ч ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, байгууллагын дотоод журмын 3.2-т заалтыг үндэслэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажлаас халсан тушаалд техникийн алдаа гаргасан, бусад ажилчдын тушаал 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

5.2. Учир нь ажлаас чөлөөлсөн нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанд гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, А ХХК -иудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгчийн эзэмшлийн Чойр өртөөний МЧХ-ийн нийтийн хэрэглээний, ачаа ачиж буулгах зориулалттай 205м*100 м, харьцаатай нийт 20500 м.кв талбай болон 8 вагоны фронт бүхий МЧХ замыг 1 жилийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

6.1. Дээрх тохиролцооны дагуу түрээслэгч А ХХК нь түрээсийн төлбөр төлөөгүйн улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 03/2264 тоот, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10/742 тоотоор түрээсийн гэрээг дуусгавар болохоор мэдэгдсэн/хх36-37/ байх ба улмаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж, түрээсийн хөрөнгө, дагалдах хөрөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна./хх-72/

6.2. Ийнхүү нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны түрээсийн гэрээ дуусгавар болсон, үүнтэй холбоотойгоор түүний ажиллаж байсан ажлын байр болох талбайн эрхлэгчийн албан тушаал бодитойгоор хасагдсан үйл баримт тогтоогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д заасантай нийцжээ.

6.3. Иймд шүүх нэхэмжлэгчийн А ХХК -ийн Чойр дахь МЧХ талбайд талбайн эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор орон тоо хасагдсан гэсэн боловч эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь А ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Байгууллага болон түүний салбар, нэгж орон тооны цомхотгол хийгдсэн... гэх үндэслэл заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН