Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/01978

 

 

 

 

 

2023 11 13 210/МА2023/01978

 

 

Ж ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02659 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ын хариуцагч И нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг нийт 786,999,693 гаргуулах, Д.У-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: И нар нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 88/2018 тоот зээлийн гэрээ болон 88/2018 Б12 тоот барьцааны гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, махны зоорь барих зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд Д.У-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- , 0 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Д.У-гийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 0 нэгж талбарын дугаартай, 0 гэрчилгээтэй контор үйлчилгээний зориулалттай 429 м.кв газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хөшүүргийн төлбөрт 13,044,840 төгрөг, зээлийн хүү 5,013,973 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 33,441,952 төгрөг, алданги 155,816,879 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 689,287,331 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг нийт 786,999,693 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч И ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: И ХХК нь Ж тай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 88/2018/3/12 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр үндсэн зээл 500,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сар буюу нийтдээ 5 жилийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Д.У-гийн өмчлөлийн, 432 м.кв талбай бүхий үл үл хөдлөх эд хөрөнгө болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 429 м.кв газрыг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч талаас 500,000,000 төгрөгийн зээл авсанд маргахгүй. Иймээс үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971,193 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөгийг тус тус төлөхийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг үндсэн зээл 500,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 1.3-т үндсэн зээлийн төлбөрөөс 12 сарын хугацаагаар чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг байгуулсан. Тэгэхээр 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс хойш 12 сарын хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээс хариуцагч нь чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээний 1.5, 9.1-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 60 сарын хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Үүнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийтдээ хуанлийн 102 хоног болж байна. Иймд 500,000,000 төгрөгийн 0,1 хувь 500,000 төгрөгийг 102 хоног үржүүлэхээр нийт 51,000,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэжээ.

3. Хариуцагч Д.У-гийн тайлбар, татгалзлын агуулга: И ХХК нь Ж тай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 88/2018/3/12 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн гэрээгээр үндсэн зээлийн 500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сар буюу нийтдээ 5 жилийн хугацаатай зээлсэн. Миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, нэг ч төгрөг аваагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, үйлдвэрийн зориулалтын 432 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0 нэгж талбарын дугаартай 0 гэрчилгээний дугаар бүхий газрыг барьцаалсан. Д.У надаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч И ХХК -аас 603,941,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 183,058,506 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.У-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- , 0 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, харицагч Д.У-гийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 0 нэгж талбарын дугаартай, 0 гэрчилгээтэй 429 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай газраар тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч И ХХК -аас 3,177,655 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Ж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/12000 тоот шүүгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдэж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлийн гэрээний 1.9.1-д зааснаар 60 сарын хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйд тооцож 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971.193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 786,999,693 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар болон зээлийн гэрээний 1.9.1-д зээл төлөх хугацааг эргэн төлөлтийн хуваарьт заасан нэхэмжлэлийн шаардлагыг тооцоолоогүй, мөн алданги бууруулах нотлох баримт хангалтгүй байхад алданги бууруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги 13,044,840 төгрөг төлөөгүй байхад төлснөөр тооцоолж хассан. Энэ алдангиас хассан 13,044,840 төгрөг нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-84 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулан олгосон нийт зээлдэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны хугацаанд тооцоолох алдангийг зогсоох тухай тушаалаар И ХХК -д холбогдох зээлд корона вирусын үед үүссэн алдангиас чөлөөлсөн төгрөг байхад зээлдэгчийн зээлийн төлбөрөөс хассан нь буруу гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, шууд үндсэн зээл 500,000,000 төгрөгийн 50 хувь болох 250,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5, 9.1-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнд 0,1 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 60 сарын хугацаа 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Тус өдрөөс хойш нийт хуанлийн 94 хоног хэтэрсэн байгаа буюу 0.1 хувиар алданги тооцоход 47,000,000 төгрөг болж байгаа. 47,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 13,044,840 төгрөгийг хасч, алдангид 33,955,160 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч И нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 33,441,952 төгрөг, алданги 155,816,879 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 689,287,331 төгрөгийг гаргуулах, Д.У-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг нийт 786,999,693 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

2.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И ХХК нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч, харин алдангийн зарим хэсгийг төлнө гэж, хариуцагч Д.У нь миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсанд маргахгүй, гэхдээ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгө авч ашиглаагүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

3. Ж нь И нартай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх5-11/

3.1. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Д.У-гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- , 0 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн Д.У-гийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 0 нэгж талбарын дугаартай, 0 гэрчилгээтэй 429 м.кв талбайтай газрыг барьцаалжээ. /хх12-18/

3.2. Хариуцагч Д.У нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй гэж тайлбарладаг боловч зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэг авагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээгээр нотлогдож байна. /хх5-18/

3.3. Иймд анхан шатны шүүх хамтран зээлдэгч Д.У зээл аваагүй тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлнө гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байх ба хариуцагч Д.У д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

4. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж нь зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг хариуцагч И ХХК -д шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн хүүд нийт 5,013,973 төгрөг төлсөн ба зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

6. Нэхэмжлэгч Ж нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 786,999,693 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.

6.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдсан үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 60 сарын хугацаатай буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зээл, зээлийн хүү, алданги тооцож гаргасан тооцооллыг хариуцагч маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Учир нь, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд хандсанаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгож байгаа учир зээлдүүлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

6.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү 36,971,193 төгрөгөөс илүү дүнгээр буюу 69,986,027 төгрөгөөр хүү тооцоолсон, нэхэмжлэлд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2020 оны А-84 тоот тушаалын дагуу корона вирусын үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны хугацаанд зээлд тооцоолох 13,044,840 төгрөгийн алдангийг чөлөөлсөн талаар тусгасныг зээлдэгч төлсөн агуулгаар дүгнэж зээлийн төлбөрөөс хассан зэрэг тооцооллын алдаа гаргасан байна.

7. Иймээс зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээ цуцлах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

8. Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч нараас үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 33,441,952 төгрөг, алданги 154,142,563 төгрөг, нийт 687,584,515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,415,178 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч нь нотариатын зардал 28,500 төгрөгийг бодитоор төлж хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирол шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч Ж ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нарыг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

10.1. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцаа хөрөнгө болох газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

11. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02659 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И нараас 687,584,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,415,178 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...175.1 гэсний дараа 158 дугаар зүйлийн 158.1 гэж нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...3,177,655 гэснийг 3,666,072 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН