Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга  А.Хүрэлтогоо,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ,

Иргэний хариуцагч Ж.А ,

Шүүгдэгч П.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн П.Т д холбогдох 1828001740182 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ........................ тоотор оршин суух хаягтай, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан толгой гэх газарт оршин суудаг, ял шийтгэлийн тухайд:             1. Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр, 5000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36а таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

3. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ял,

4.  Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 1231 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

5. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,

6.  Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Намжилынхан овгийн П.Т , регистрийн дугаар .......................,

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

            Шүүгдэгч П.Т  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг ................ тоотод оршин суух Х.С ын хөөрөг, даалин зэрэг эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өгнө. Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний орой гэртээ унтах гэж байтал Х.С  ах манайд 1 шил архитай ирсэн. Тэгээд гэрийн гадаа уучхаад амаръя гэхэд Х.С  ах дахиад 1 юм ууя гээд дахиад 1 шил архи аваад Х.С  ахынд орж ууж байхад Х.С  ах хөөрөг гаргаж ирээд тамхилсан. Тэгээд архиа ууж дуусаад гэртээ орж амраад маргааш өглөө нь Х.С  ахынд ороод очиход Х.С  ах зүрх өвдөөд гээд хэвтэж байсан. Тэгэхэд 1 найз нь 0,33 граммтай архи авчирч өгсөн түүнийг хувааж уучхаад тэр найз нь явсан. Би гарахдаа стенкиндээ хийсэн байсан хөөргийг нь аваад гэрээс нь гараад шууд дээшээ алхаад Ж.А  ахынд очоод 50.000 төгрөгийн хэрэг байна. Та энэ хөөргийг авчихаач битгий зараарай, хадгалж байгаарай би буцааж авна эртний хөөрөг байгаа юм. Манай эмээгийн хөөрөг байгаа юм гэж хэлээд 50.000 төгрөг авсан. Тэгээд хөдөө явчихаад 1 сарын дараа ирээд хөөргийг авъя гэхэд оюутан охиндоо өгөөд хот явуулчихсан одоо байхгүй гэсэн. Даалин нь байна уу? гэхэд даалин нь байгаа гэхээр нь аваад буцаж хөдөө явж байгаад даалинг нь алга болгосон. Тэгээд дараа нь Х.С  ахтай ирж уулзахад надад 8.000.000 төгрөг өг гэсэн би төлнө гэдгээ хэлсэн. Байлгаж байгаарай гээд өгсөн байсан. Ж.А  зарсан гэж ойлгоод цааш нь зарсан байх. Анх очиж уулзахад 800.000 төгрөгөөр зарсан гэсэн одоо 60.000 төгрөгөөр зарсан болсон байсан. Надад мөнгөний хэрэг байна. Манай буурлуудын хөөрөг байгаа юм. Хадгалж байгаарай гэж хэлээд 50.000 төгрөг авсан. 1 сарын дараа очиход охиндоо өгөөд хот явуулсан гэж хэлсэн гэв...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 13-ны орой П.Т ынд архи уусан. Маргааш өглөө нь манай найз 1 шил 0,33 граммтай архи авчирч өгчихөөд явсан тэгтэл П.Т  ороод ирсэн тэгээд бид 2 хувааж уусан. Удалгүй П.Т  яваад өгсөн. Миний зүрх өвдсөн асуудал огт байгаагүй. Би П.Т ын янзыг үзэж хөөргөө 1 шил архинд тавиадах гэсэн тэгтэл үгүй гэсэн юм. 14-нд би мэдээгүй өглөө босоод хөдөө явсан. 15-ны өглөө би мэдээд П.Т  дээр очоод 2, 3 хоног бүтэн гуйсан буцаагаад өгчих би цагдаад мэдэгдэхгүй гэж хэлсэн. Ж.А  гэдэг хүн их учиртай хүн П.Т тай ах дүүгийн холбоотой байнга хөөрөг зардаг хүн байгаа. Ж.А  миний хөөргийг зараагүй ч байж магадгүй гэж дотроо бодож байна. Ж.А  гэдэг хүн хөөрөгнийчанарыг мэддэг охиндоо өгч явуулаад зах дээр аваачиж заруулахгүй байх гэж бодож байна. Тийм учраас энэ 2 хүн 2-уулаа төлөх ёстой байх. П.Т ыг би сайн мэднэ энэ хүнд өөрийн мал байхгүй. П.Т ын аав ээж нь тохитой томоотой хүн байдаг тийм учраас хөөргийг нь авсан гэж хэлсэн. П.Т ын аав ээжид нь тийм хөөрөг байгаа үгүйг Ж.А  гэдэг хүн хангалттай мэдэж байх ёстой. Хулгайн хөөрөг гэдгийг мэдэж байсан...” гэв.

Иргэний хариуцагч Ж.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...П.Т  50.000 төгрөгийн хэрэг байна та аваадах манай хөгшчүүлийн хөөрөг гэж хэлсэн. Үзэхэд жижигхэн манан хөөрөг байсан. Оюутан хүүхэд сургуульд явуулах гэж бэлдсэн байсан мөнгөнөөсөө өгөөд явуулсан...“ гэв.

Хохирогч Х.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн үед найз Түмэнжаргал охинтой нь уул руу явсан би уул руу явахдаа гэрийн хаалгаа цоожилсон бид гурав ууланд явчихаад аймгийн төв рүү 19 цагийн үед ирсэн тэгээд гэртээ очоод хөөргөө хартал миний хөөрөг алга болчихсон байсан тэгээд би хажуу айлын П.Т тай уулзахаар гэрт орсон чинь П.Т  гэрийнхээ хаяаанд хэвтэж байсан тэгээд би хөөрөг алга байна хөөрөг авсан уу гэсэн чинь П.Т  би юу гэж авч байдаг юм бэ та надаа тамхилхаар нь би буцаагаад өгсөн та цааш тавьсан шүү дээ би буцаад гэртээ ороод гэртээ хайсан олдоогүй юм би цагдаад мэдэгдээгүй тэр цагаас хойш П.Т  гэртээ харагдахаа болиод 2018 оны 07 дугаар сарын 10-ны үеээр гэр лүүгээ орж байгаа харагдахаар нь би гэр лүү нь ороод П.Т тай уулзаад хөөрөг яачив гэсэн П.Т  би Ж.А  гээд  өвгөнд аваачиж өгсөн тэр хүнд зараад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй гэсэн тэгэхээр нь би маргааш П.Т ыг дагуулаад Ж.А  гэж өвгөнийд очоод уулзахад Ж.А  гэж П.Т  хөөрөг аваад ирэхээр би 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн би тухайн хөөргийг хаана байгаа талаар тэр өвгөнөөс асуухад тэр би Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулчихсан хотод манай охин 900.000 мянган төгрөгөөр хүнд зарсан тухайн хүнээ эргэж олоогүй гэсэн гэж хэлсэн...” гэжээ. /хх-10/,

Хохирогч Х.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн дахин мэдүүлэгт: “...Би тухайн өдөр уулнаас ирэхэд манай гэрийн цоож эвдрээгүй бүрэн бүтэн байсан... Тухайн өдрийн өглөө П.Т  манай гэрт орж ирээд байж байгаад уул руу явахад хамт гэрээс гарсан...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр П.Т тай хамт 1 шил архи хувааж уусан...Би хохиролгүй болмоор байна...” гэжээ. /хх-12/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг өгөхдөө бүгдийг мэдүүлсэн байгаа...Хулгайд алдсан эд зүйлээ нэхэмжилмээр байна... ” гэжээ. /хх-15/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...аймгийн төв рүү 19 цагийн үед ирсэн тэгээд гэртээ очоод хөөргөө хартал миний хөөргө алга болчихсон байсан...П.Т тай уулзаад хөөрөг яачив гэсэн П.Т  би Ж.А  гээд  өвгөнд аваачиж өгсөн тэр хүнд зараад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй гэсэн тэгэхээр нь би маргааш нь П.Т ыг дагуулаад Ж.А  гэж өвгөнийд очоод уулзахад Ж.А  гэж хүн П.Т  хөөрөг аваад ирэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн би тухайн хөөргийг хаана байгаа талаар тэр өвгөнөөс асуухад тэр би Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулчихсан хотод манай охин 900.000 төгрөгөөр хүнд зарсан тухайн хүнээ эргэж олоогүй гэсэн гэж хэлсэн...Даваа толгойтой алтан нуухтай мөнгөн халбагтай халтар мана бага гарын хөөрөг байсан юм...манай эхнэрийн удам дамжиж ирсэн хөөрөг байсан тухайн хөөргийг манай эхнэр надад бэлэглэсэн юм. Даалинг манай бэр зүү ороож хийж өгсөн байсан юм, манай үе дамжсан 9 ширхэг зоос байсан...П.Т  надад өөрөө хөөрөг авсан талаар хэлсэн тэгээд миний хөөргийг Ж.А  гэж нэг хүнд зарсан гэдгээ ярьсан...Би хөөргөө 10,000,000 төгрөгөөр үнэллэж байна....” гэжээ. /хх-16-17/,

Гэрч Н.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Халтар мана хөөрөг байсан... Манай аавын эгчээс үе залгамжилж ирсэн хөөрөг байсан би тэр хөөргийг нөхөр Х.С т бэлэглэсэн тэр хөөрөг бол Х.С ын эзэмшлийн хөөрөг байгаа юм.” гэжээ. /хх-19/,

Гэрч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...П.Т  надад 2017 оны 07-р сар байна уу 08-р сар байна уу гэрт очоод 50,000 төгрөгөөр хөөрөг зарна гээд нэг улаан шар алаг зүү ороож оёсон даалинтай жижиг хөөрөг байсан би 50,000 мянган төгрөгөөр даалинтай нь худалдаж авсан тэгээд удалгүй П.Т  ирээд даалингаа авлаа гээд ирээд авсан...Би тэр хөөргийг оюутан ач охин Э.У даа мөнгөний хэрэг болоод гэхээр нь би өгөөд хот явуулчихсан манай ач охин хотод очоод 60,000 төгрөгөөр зарсан гэсэн....Улаан толгойтой, бага гарын саарал бордуу өнгөтэй хөөрөг байсан...” гэжээ. /хх-21/,

Гэрч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны зун 8 дугаар сард надад мөнгө хэрэг болоод манай өвөө Ж.А  надад нэг хөөрөг 50,000 төгрөгөөр авсан энэ хөөргийг зараад мөнгө болгоорой гэсэн тэгэхээр нь би тухайн хөөргийг хотод очоод Нарантуул зах дээр 60,000 төгрөгөөр хүнд зарсан....Би Нарантуул зах дээр очоод нэг ахаас хөөрөг тавих гэсэн ломбард ойрхон байдаг юм болов уу гэсэн чинь нөгөө ямар хөөрөг юм би харъя гэсэн тэгээд нөгөө ах хэдээр зарах юм гэхээр нь би 50,000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн чинь ах нь 60,000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь 60,000 төгрөгөөр зарсан...” гэжээ. /хх-23/,

           Шүүгдэгч П.Т  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 5-р баг Зүүн сайханы 05-14 тоотод би эхнэр Э тэй хамт амьдардаг юм 2017 оны 07 дугаар сард би хэдний өдөр байсныг санахгүй байна манай зүүн талын залгаа хашаа буюу Зүүн сайханы 05-13 тоотод Х.С  гэж хүн байдаг юм аа тухайн өдрийн орой гэртээ унтах гээд байж байхад Х.С  гуай нэг шил 500 гр ерөөл нэртэй архи аваад манай гэрт ороод ирсэн бид хоёр тухайн архийг хувааж ууж дуусаад би унтах гэтэл Х.С  ах хүүхэд рүүгээ яриад 1 шил архи авчируулсан тэгээд Х.С ын ахын гэрт хамт орж тухайн архийг ууж сууж байгаад Х.С  ах стекнээсээ хөөрөг гаргаж ирээд надад тамхилаад намайг тухайн архины барьцаанд тавьчих гэхээр нь би Х.С  ахаа болохгүй одоо та унтаж амар дүүнч гэсэн гэртээ орж унтаж амарпаа гээд би гэр лүүгээ ороод унтаад өгсөн маргааш өглөө нь 09 цагийн үед Х.С  ахын гэр лүү ороод очиход Х.С  ах унтаж байсан би сайхан амарсан уу гэж асуухад Х.С  ах сэрээд сайхан амарлаа зүрх жоохон өвдөөд байна гэж хэлээд буцаад унтаад өгсөн Би Х.С  ахыг унтаад өгөхөөр нь гэрийн хойд талд байсан стекэн дотор байсан даалинтай хөөргийг хулгайлаад аваад Х.С  ахын гэрээс гарч яваад 131-р цэргийн ангийн ойролцоо байдаг Ж.А  гээд манай нутгийн өвгөн дээр мөнгөний хэрэг болоод байна манай ээжийн хөөрөг байгаа юм би 50000 төгрөгөөр зарах гэсэн юм гэж хэлэхэд Ж.А  ах надаас юун хөөрөг юм бэ гэж асуухаар нь эмээгийн минь хөөрөг байгаа юм гэсэн Ж.А  буурлуудын чинь хөөрөг байгаа юм чинь хадгалж байя гээд надад 50.000 мянган төгрөг өгсөн. Би Х.С  ахын гэрийн хойд талын стекнээс даалинтай хөөрөг авсан. Даалин дотор мэргэний 9 зоос хадагтай байсан...Х.С  ах гэрийнхээ зүүн талдаа орон дээрээ унтаж байхаар нь тухайн хөөргийг хулгай хийгээд аваад гарсан...Хөөрөг нь бага гарын халтар мана шар нуухтай хөөрөг байсан... даалин 9 ширхэг мэргэний зоосыг Ж.А  ахад хамт өгчихсөн байж байгаад буцаагаад даалин 9 ширхэг зоосыг авсан би согтуурч яваад хаана хаяснаа мэдэхгүй байна...” гэжээ. /хх-25/,

Шүүгдэгч П.Т ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...би тухайн үед эхнэр А.Э ийн хамтаар Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайхан 5-14 тоотод түр оршин суудаг байсан юм. Тухайн өдрийн орой бүрий болж байхад Зүүн сайхан 5-13 тоот буюу манай хамар хашааны Х.С  ах манайд нэг шил 0,5 граммын ерөөл архи бариад ороод ирсэн өөрөө бас бага зэрэг уучихсан бололтой байсан тэгээд гэрт архийг нь бид хоёр хувааж уусан архи ч дууссан тэгээд би Х.С  ах одоо амрая гэхэд Х.С  ах одоо манай хүүхэд ирж байгаа хүүхдээр нэг шил архи авхуулна гэсэн тэгээд удалгүй нэг машинтай залуу ирсэн бид хоёр машинд нь орж суугаад дээшээ яваад “Баясах” дэлгүүр орж нэг шил 0,5 граммын ерөөл архи авч өгсөн тэгээд бид хоёрыг гэрийн гадаа хүргэж өгөөд яваад өгсөн бид хоёр Х.С  ахын гэрт ороод нөгөө архийг нь хувааж уусан архи ууж байхад Х.С  ах гэрийн хойморт байх стенкнээс бага гарын халтар манан хөөрөг гаргаж ирээд тамхилсан тэгээд бид хоёрын архи дуусахад Х.С  ах нөгөө хөөргөө надад өгөөд энийг нэг шил архинд дэлгүүрт тавиад ир гэхээр нь би болохгүй ах энэ чинь мундаг хөөрөг байна гээд хөөргийг нь өөрт нь буцааж өгөөд Х.С  ахын гэрээс гараад явсан юм. Би гэртээ хариад амарсан юм. Маргааш өглөө босоход би их шартсан байсан учир яваад Х.С  ахын гэрт ороход Х.С  ах гэрийн зүүн талын орон дээрээ зүрх өвдөөд байна. Шартаж байна гээд хэвтэж байсан тэгээд жоол юм ярих гэхэд Х.С  ах цаашаа хараад хэвтээд өгөхөөр нь би гэрийн хойморт байх стенкэн дотор байсан хөөргийг аваад гараад явсан юм. Би Х.С  ахын гэрээс гараад дээшээ алхаад 0131-р ангийн урд байх Ж.А  ахын гэрт очсон тэгээд нөгөө хөөргөө Ж.А  ахад үзүүлээд энэ хөөрөг миний дээдсийн хөөрөг байгаа юм гэж худлаа хэлээд та 50.000 төгрөг өгчих наад хөөргөө аваад байж бай үрж зарж болохгүй шүү гэж хэлсэн тэгсэн Ж.А  ах 50.000 төгрөг өгөөд би өөрөө барих хөөрөг байхгүй болчихсон би бариад байж байя гэж хэлсэн би 50.000 төгрөгийг нь авч гараад мөнгөөрөө архи авч уугаад дууссан юм. Маргааш нь би гэрт хэвтэж байхад Х.С  ах хөөрөг байхгүй байна гээд надаас нэхэхээр нь би та өөрөө согтуугаараа нэг газар нуусан байх гэж хэлсэн тэгсэн Х.С  гуай гараад яваад өгсөн тэгээд би маргааш нь Булган сумын Хавцгайт багт байх дүү Бүд-Очирын гэр лүү явсан тэнд сар гаруй болчихоод аймагт ирээд Ж.А  ахтай уулзаад хөөргийг нь авах гэхэд Ж.А  ах хотод явж байгаад мөнгөний хэрэг гараад зарчихсан гээд өгөөгүй тэгээд би гэрт очоод байж байхад Х.С  ах орж ирээд хөөргөө нэхсэн тэгэхээр нь би үнэнээ хэлээд би авсан тэгээд хүнд 50.000 төгрөгөөр зарсан байсан чинь тэр хүн цааш нь зарсан байна гэж хэлсэн тэгээд Х.С  ах бид хоёр Ж.А  ахын гэрт хамт очиж уулзсан тэгэхэд Ж.А  ах хотод зарчихсан гээд байсан тэгсэн Х.С  ах намайг 8.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн тэгэхээр нь би тийм их бөөн мөнгө байхгүй. Би хөөргийг чинь авсан нь үнэн би мал оруулаад бага сагаар төлье гэхэд би турж үхэх гэж байгаа хүн биш мөнгө авна гэсэн тэгээд би мөнгө өгч чадахгүй явсаар байгаад ийм байдалд хүрж байгаа юм...Хөөрөг шар алаг даалинтай байсан дотор нь 9 зоостой байсан. Би хөдөө явж байгаад сарын дараа аймагт ирээд хөөргөө авах гээд Ж.А  дээр очиход Ж.А  хөөргийг чинь зарсан даалин, зоос хоёр нь энэ байна гээд өгсөн юм. Би даалин 9 зоос хоёрыг нь аваад явж байгаад архи ууж тасраад нэг мэдэхэд байхгүй болсон байсан. Хаана хаясанаа мэдэхгүй байна...Архи уух мөнгө байхгүй учраас хөөргийг нь авч барьцаанд тавьж архи уух гэж авсан...Би Ж.А  дээр очоод надад 50000 төгрөгний хэрэг болоод байна та надад 50000 төгрөг өгчих би энэ хөөргийг үлдээчихье гэсэн...одоо надад мөнгө төгрөг байхгүй байна. Хавар болоод малын ноос ноолуур гарах үеэр хохирлоо барагдуулна...” гэжээ. /хх-35/,

Иргэний хариуцагч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...П.Т  гэдэг манай нутгийн хүүхэд ирээд нэг хөөрөг барьж ирээд манай эцгийн хөөрөг байгаа юм. Та энэ хөөргийг 50.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн юм тэгээд би П.Т д 50.000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ач охин Э.У  Улаанбаатар хот явах гэсэн мөнгөггүй гэхээр нь өгөөд явуулсан юм. Манай ач охин Улаанбаатар хотод очоод зарсан гэсэн...ах нь нас өндөр гарсан учраас сайн санахгүй байна. Мөн харвалттай болохоор мартаж санаад байдаг юм. Бие байнга өвдөж байдаг болохоор ярьж чадахгүй юм байна. Би энэ асуудлын талаар урьд нь бие гайгүй байхдаа мэдүүлэг өгсөн байгаа учир одоо өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. /хх-77/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн ӨМА-246 дугаартай “...даваа толгойтой алтан нуухтай халтар манан хөөрөг 1 ширхэг 5500000, зүү ороож оёсон даалин 1 ширхэг 450000, мэргэлдэг зоос 1 ширхэг 20000 нийт 5970000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-26-29/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,

Хувийн баталгаа /хх-33/,

Шүүгдэгч П.Т ын Өмнөговь аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-39/,

Өмнөговь аймгийн Булган сумын засаг даргын тодорхойлолт /хх-40/

П.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/,

Шүүгдэгч П.Т ын талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-44-46/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/,

Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-49-51/,

 Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36а таслан шийдвэрлэх тогтоол /хх-52/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-53/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-60-61/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол /хх-55-56/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол /хх-57-59/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Х.С ын тус аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/,

Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-7-8/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-76/,

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-83/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч П.Т д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч П.Т  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 5-13 тоотод оршин суух Х.С ын 1 ширхэг хөөрөг, даалин, зоос зэрэг эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

            Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

             Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

            Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгоно.

 Шүүгдэгч П.Т  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын хөөрөг даалин, даалин дотор байсан 9 ширхэг зоосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.С ын “...аймгийн төв рүү 19 цагийн үед ирсэн тэгээд гэртээ очоод хөөргөө хартал миний хөөрөг алга болчихсон байсан тэгээд би хажуу айлын П.Т тай уулзахаар гэрт нь орсон чинь П.Т  гэрийнхээ хаяанд хэвтэж байсан тэгээд би хөөрөг алга байна хөөрөг авсан уу гэсэн чинь П.Т  би юу гэж авч байдаг юм бэ та надад тамхилхаар нь би буцаагаад өгсөн та цааш тавьсан шүү дээ...П.Т тай уулзаад хөөрөг яачив гэсэн П.Т  би Ж.А  гээд  өвгөнд аваачиж өгсөн гэсэн тэгэхээр нь би маргааш П.Т ыг дагуулаад Ж.А  гэж өвгөнийд очоод уулзахад Ж.А  П.Т  хөөрөг аваад ирэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн би тухайн хөөргийг хаана байгаа талаар тэр өвгөнөөс асуухад тэр би Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулчихсан хотод манай охин 900.000 мянган төгрөгөөр хүнд зарсан тухайн хүнээ одоо эргэж олоогүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-10/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын “...П.Т ыг дагуулаад Ж.А  гэж өвгөнийд очоод уулзахад Ж.А  гэж П.Т  хөөрөг аваад ирэхээр би 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн би тухайн хөөргийг хаана байгаа талаар тэр өвгөнөөс асуухад тэр би Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулчихсан хотод манай охин 900.000 төгрөгөөр хүнд зарсан тухайн хүнээ эргэж олоогүй гэсэн гэж хэлсэн...Даваа толгойтой алтан нуухтай мөнгөн халбагтай халтар манан бага гарын хөөрөг байсан юм... манай эхнэрийн удам дамжиж ирсэн хөөрөг байсан тухайн хөөргийг манай эхнэр надад бэлэглэсэн юм. Даалингаа манай бэр зүү ороож хийж өгсөн байсан юм, манай үе дамжсан 9 ширхэг зоос байсан...П.Т  надад өөрөө хөөрөг авсан талаар хэлсэн тэгээд миний хөөргийг Ж.А  гэж нэг хүнд өгсөн гэдгээ ярьсан...Би хөөргөө 10.000.000 төгрөгөөр үнэлэж байна....” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Н.О гийн “...Халтар манан хөөрөг байсан...Манай аавын эгчээс үе залгамжилж ирсэн хөөрөг байсан би тэр хөөргийг нөхөр Х.С т бэлэглэсэн тэр хөөрөг бол Х.С ын эзэмшлийн хөөрөг байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.А гийн “...П.Т  надад 2017 оны 07-р сар байна уу 08-р сар байна уу гэрт очоод 50.000 төгрөгөөр хөөрөг зарна гээд нэг улаан шар алаг зүү ороож оёсон даалинтай жижиг хөөрөг байсан би 50.000 мянган төгрөгөөр даалинтай нь худалдаж авсан тэгээд удалгүй П.Т  ирээд даалингаа авлаа гээд ирээд авсан...Би тэр хөөргийг оюутан ач охин Э.У даа мөнгөний хэрэг болоод гэхээр нь би өгөөд хот явуулчихсан манай ач охин хотод очоод 60.000 төгрөгөөр зарсан гэсэн....Улаан толгойтой, бага гарын саарал бордуу өнгөтэй хөөрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-21/, гэрч Э.Уянгын “...2017 оны зун 8 дугаар сард надад мөнгө хэрэг болоод манай өвөө Ж.А  надад нэг хөөрөг 50.000 төгрөгөөр авсан энэ хөөргийг зараад мөнгө болгоорой гэсэн тэгэхээр нь би тухайн хөөргийг хотод очоод Нарантуул зах дээр 60.000 төгрөгөөр хүнд зарсан...Би Нарантуул зах дээр очоод нэг ахаас хөөрөг тавих гэсэн ломбард ойрхон байдаг юм болов уу гэсэн чинь нөгөө ямар хөөрөг юм би харъя гэсэн тэгээд нөгөө ах хэдээр зарах юм гэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн чинь ах нь 60.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь 60.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-23/, “Ашид билгүүн” ХХК-ийн ӨМА-246 дугаартай “...даваа толгойтой алтан нуухтай халтар манан хөөрөг 5.500.000 төгрөг, зүү ороож оёсон даалин 450.000 төгрөг, мэргэлдэг зоос 20.000 төгрөг, нийт 5.970.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-26-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч П.Т  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн, хохирогч, иргэний нэхэмжлэгчид шүүхээс 2.985.000  төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т  нь завсарлага авч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлнө гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т хохирлоо төлөөгүй, төлөх талаар харилцан тохиролцоогүй байх тул шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Т ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Т д 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулсан тул дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Т  нь хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн байна.

Прокурорын тогтоолоор шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн тухайд:

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т 5.970.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн ӨМА-246 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар танилцаж ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болох нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-30-31/-ээр нотлогдсон.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнээр Ж.А г иргэний хариуцагчаар тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.

 Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэг нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан хохирлыг хэлдэг.

Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд  гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг ойлгоно.

Иргэний хариуцагч Ж.А  нь шүүгдэгчтэй нэг нутаг, шүүгдэгчийн  эцэгтэй нэг нутаг, усанд олон жил адуу маллан амьдарч байсан. Түүнчлэн шүүгдэгчийг урьд гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан болохыг мэдэж байсан нь иргэний хариуцагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-77/,  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч П.Т  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын хөөргийг хулгайлан авч Ж.А д 50.000 төгрөгөөр зарсан боловч иргэний хариуцагч нь буурлуудын чинь хөөрөг юм чинь хадгалж байя гэж хэлсэн нь гэрч П.Т ын мэдүүлгээр /хх-25/ тогтоогддог.

  Түүнчлэн иргэний хариуцагч Ж.А  нь уг хөөргийг шүүгдэгчээс 50.000 төгрөгөөр авч оюутан охин Э.Э.У  нь Улаанбаатар хотод  60.000 төгрөгөөр зарсан талаараа мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С  хөөргөө авахаар Ж.А гийн гэрт очиж уулзахад хөөргийг Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулсан 900.000 төгрөгөөр хүнд зарсан тухайн хүнээ эргэж олоогүй  гэж иргэний хариуцагч Ж.А  хэлсэн гэсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С ын мэдүүлэг /хх-10-12/, иргэний хариуцагчийн шүүх хуралдаанд “ ...П.Т  манай хөгшчүүлийн хөөрөг гэж хэлсэн. Би  100.000, 200.000 төгрөг л төлнө...” гэсэн мэдүүлэг зэргийг дүгнэхэд иргэний хариуцагч Ж.А  нь уг хөөргийг хууль ёсоор олж авсан, эзэмших эрхтэй шударга эзэмшигч мөн гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 5.970.000 төгрөгийг шүүгдэгч П.Т , иргэний хариуцагч Ж.А  нараас нэхэмжилж байх тул иргэний хариуцагч Ж.А гээс 2.985.000 төгрөгийг, шүүгдэгч П.Т аас 2.985.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Т д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Т  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н овгийн П.Т ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч П.Т аас 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг, Иргэний хариуцагч Ж.А гээс 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч П.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ