Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 8

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал,

         Шүүгдэгч П.Т ,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С , 

          Иргэний хариуцагч Ж.А ,

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний хариуцагчийн давж заалдах гомдлоор П.Т д холбогдох 1828001740182 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Намжилынхан овгийн П.Т   /РД:.........................../, Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг .................... оршин суух бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан толгой гэх газарт оршин суух,

           Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр, 5000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

           Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36а таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

          Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ял,

           Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 1231  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

          Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,

          Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн.

          П.Т  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 5-13 тоотод оршин суух Х.С ын гэрээс нууцаар, хууль бусаар хөөрөг, даалин зэрэг эд зүйл хулгайлж нийт 5.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор нь П.Т д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Намжилынхан овгийн П.Т ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Т д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар  П.Т аас 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг, Иргэний хариуцагч Ж.А гээс 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар  П.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

          Иргэний хариуцагч Ж.А  давж заалдах гомдолдоо: “... “Ашид билгүүн” ХХК-ийн ӨМА 246  үнэлгээний дугаартай, үнэлгээ тогтоосон баримтанд даваа толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг нь 5,500,000 төгрөг гэж үнэлсэн. Энэ нь хуульд заасан, хөөрөгний бодит байдлыг тал бүрээс нь үнэлээгүй нь иргэн намайг хохироож байна.

          Тухайн хөөргийг 50000 төгрөгөөр П.Т  нь надад зарж үнэ тохирч авсан нь үнэн болно.

          П.Т ын хувийн байдал нь амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.

          Хохирогч Х.С  нь гэрчийн мэдүүлэгтээ Ж.А  нь Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулсан, охин А.Уянга нь 900,000 төгрөгөөр хүнд зарсан, эргэж хүнээ олоогүй гэж хүн гүтгэсэн. Энэ хөөрөг нь ямар ч үед 5,500,000 төгрөг хүрэхгүй тул гомдол гаргаж байна” гэжээ.

         

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С  давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.А  гуай үнэн бодит байдлыг өөрөө мэдсээр байж зориуд гуйвуулж, мэдэн будилж бусдыг төөрөгдүүлэх үйл сэдэлтэй байна гэж үзэж байна.

          ....Хөөрөг мэддэггүй гэсэн хүн маань хөөргийг өндөр үнэлсэн байна гээд байдаг. Орчин үеийн хөөрөг өвөг дээдсээс залгамжилж ирсэн хөөрөг хоёрын үнийн ялгааг Ж.А   мэдэж байгаа байх.

          Сүүлийн үеийн жижиг хөөргийг олон бага малаар солино гээд Булган суманд явж байсан хүн. П.Т   ярихдаа тэр хөөргийг охиндоо сургалтын төлбөртөө хэрэглэ гээд өгөөд явуулсан ” гэжээ.

          Прокурор Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ж.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг  хууль ёсоор хариуцвал зохих хүн байгаа учраас иргэний хариуцагчаар татсан. Шүүгдэгч П.Т  нь Х.С ын гэрээс хөөрөг дайлан хулгайлсан. Хулгайлсан даруйдаа Ж.А  дээр очиж хөөрөг дайланг 50000 төгрөгөөр зарсан байдаг. П.Т  нь анхан шатны шүүх хурал болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ энэ хөөргийг Ж.А  өвгөнд өгөөд түр хадгалж байгаарай гэж хэлээд 50000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлдэг. Гэвч Ж.А  нь энэ хөөргийг цааш нь ач охиндоо өгсөн байдаг. Охин  нь хөөргийг Улаанбаатар хотод дамжуулан зарснаар энэ хөөрөг нь эргэж хэрэгт олдох, буцаан хураагдах, хохирогчид буцааж өгөх боломжгүй, болсон нөхцөл байдал тогтоогдсон. Харин хөөргийн үнэлгээ нь Ашидмөнх ХХК-ий үнэлгээгээр 5970000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хохирогч Х.С ын гэр бүлийн хүний эцэг өвгөдөөс уламжлагдсан ирсэн хөөрөг байсан нь хохирогчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр авагдсан. 5970000 төгрөгийн хөөрөг эзэндээ очоогүй учраас шүүгдэгч П.Т , иргэний хариуцагч Ж.А  нараас анхан шатны шүүхийн шийдвэрээр тэнцүү хувааж гаргуулан хохирогчид Х.С т олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийг хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           Шүүгдэгч П.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Х.С ын хөөргийг аваад цааш нь зарсан. Иргэний хариуцагч Ж.А д хувааж төлүүлэхээр шийдвэр гарсан. Бие гайгүй бол би 5970000 төгрөгийг өөрөө төлье. Хэдэн малаа зараад ч бол уу төлнө. Би хөөргийг авсан учраас би төлмөөр байна гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 50000 төгрөгөөр өгч архины мөнгө олох гэсэн зорилготой Ж.А д өгсөн. Ж.А  нь шүүгдэгчийг таньдаг нэг нутгийнх хөөрөг манай ээжийнх гэж хэлэхэд энэ хүний хөөрөг биш гэдгийг мэдэж байсан. Хөөргийг хадгалж бай дараа нь авъя гэж П.Т  хэлсэн. Тэр хөөргийг ач охиныхоо сургалтын төлбөрт өгөөд явуулсан 900000 төгрөгөөр зарсан гэж ярьдаг. Хөөргийн үнэлгээ мэдэхгүй гэж худлаа хэлж байна гэв.                                                         Иргэний хариуцагч Ж.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т  мотоциклтэй ирээд манай хөгшчүүлийн хөөрөг та авчихаа гээд 50000 төгрөгөөр авсан. Манай оюутан хүүхэд мөнгөгүй гэхээр оюутан охиндоо өгөөд явуулсан. Оюутан охин  60000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. П.Т  нь дайлантай хөөргөө надад өгчхөөд хадаг, зоосоо аваад явсан. Сүүлд нь дайлангаа ирж авсан.  Тэр мөнгийг төлж чадахгүй. Тийм үнэтэй хөөрөг байсан бол надад 50000 төгрөгөөр зарахгүй байсан. Би тухайн үед 50000 төгрөгөөр худалдаж авсан, одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй гэв. Жижиг хөөрөг байсан. Би хөөрөг чулууны үнэ мэдэхгүй. Харин тэмээ, адууны үнийг мэднэ. Надад төлөх чадваргүй гэв.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар,саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчаар татсан асуудал нь хууль зүйн үндэслэлтэй үү гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн П.Т ын үйл хэрэг холбогдлын хувьд буруугаа хүлээж тухайн үед болсон асуудлаа ярьсан. Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хэмжээд хариуцлага оногдуулахаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсгийн заалтын 2 дахь хэсэгт иргэний хариуцагч Ж.А гээс 2985000 гаргуулан хохирогчид олгосугай гэсэн заалтын хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хохирогчид учирсан 5970000 төгрөгийг хувааж төлсөн нь үндэслэлтэй гэж прокурор хэллээ. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалтыг ноцтой зөрчиж байна. Хавтаст хэргийн нотлох баримтад дүгнэлт хийж мэтгэлцэх ёстой, хийсвэрээр сэтгэж мэтгэлцэх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбарласангүй гэж үзэж байна. Ж.А  нь хөөрөг худалдаж авсан учраас худалдах, худалдан авах гэрээ хийгээд дуусгавар болсон эрх зүйн харилцаа байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2985000 төгрөгийн заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэгч Ж.А гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.         

          Шүүгдэгч П.Т  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 5-13 тоотод оршин суух Х.С ын хөөрөг, дайлин зэрэг эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хохирогч Х.С ын “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө уул руу явж 19 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ очоод хөөргөө хартал миний хөөрөг алга болчихсон байсан...би хажуу айлын П.Т тай уулзахаар гэрт нь ороод ... хөөрөг алга байна, хөөрөг авсан гэсэн чинь П.Т  би юу гэж авч байдаг юм та надтай тамхилахаар нь би буцаагаад өгсөн. Та цааш нь тавьсан шүү дээ гэсэн. Би буцаад гэртээ ороод хайгаад олдоогүй...тэр цагаас хойш П.Т  гэртээ харагдахаа болиод 2018 оны 7 дугаар сарын 10-ны үеэр гэр лүүгээ орж байгаа харагдахаар нь би гэр лүү нь ороод хөөрөг яачив гэхэд Ж.А   гээд өвгөнд зараад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй гэсэн. Би маргааш нь  П.Т ыг  дагуулаад Ж.А   гэж өвгөнийд очиж уулзахад Ж.А   нь П.Т ыг хөөрөг аваад ирэхээр би 50000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн...хөөрөг хаана байгаа талаар асуухад ...Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулсан манай охин 900000 төгрөгөөр хүнд зарсан гэсэн...” /хх-10/,

Иргэний нэхэмжлэгч Х.С ын “...П.Т  миний хөөргийг Ж.А  д зарсан гэдгээ ярьсан, .. би хөөргөө 10000000 төгргөөр үнэлж байна...” /хх16-17/,

Гэрч Ж.А гийн “...П.Т  надад 2017 оны 7 байна уу 8 сард байна уу гэрт очоод 50000 төгрөгөөр зарна гээд .. би 50000 төгрөгөөр дайлантай нь худалдаж авсан...удалгүй П.Т  ирээд дайлангаа авлаа гээд авсан, ...Тэр хөөргийг оюутан ач охин Уянгадаа мөнгөний хэрэг болоод гэхээр нь би өгөөд хот явуулчихсан. Манай охин хотод очоод 60000 төгрөгөөр зарсан гэсэн. ”/хх-21/,

Гэрч Э.У гийн “...2017 оны зун 8 дугаар сард надад мөнгөний хэрэг болоод манай өвөө Ж.Анадад нэг хөөрөг 50000 төгрөгөөр авсан энэ хөөргийг зараад мөнгө болгоорой гэсэн. Тэгэхээр нь би тухайн хөөргийг Нарантуул зах дээр 60000 төгрөгөөр хүнд зарсан”/хх-23/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар судлагдан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэргийн бүх үйл ажиллагааг хянахад мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон бөгөөд харин хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Т ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тохирч байх тул шүүгдэгч П.Т ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.  

          Харин шүүх шүүгдэгч П.Т ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.

П.Т ын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хариуцагч Ж.А гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Х.С ын “П.Т тай хамт Ж.А  гийнд очиход Ж.А   нь П.Т ын аав, ээж тохитой томоотой хүн байдаг, хөөргийг 900000 төгрөгөөр зарсан” тухай ярьсан мэдүүлэг авагдсан бөгөөд энэ мэдүүлгийг шүүгдэгч, хохирогч нар үгүйсгээгүй, бөгөөд Ж.А гийн “хөөрөгний үнээс 100000, 200000 төгрөгийг” төлөлцөж болох тухай, П.Т ын “50000 төгрөг авч хөөргийг хадгалуулахаар өгсөн” гэх мэдүүлэг зэргээр Ж.А  нь П.Т ыг хөөрөгний хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш гэдгийг мэдэж түүнээс буцааж өгөх болзолтойгоор хөөргийг хүлээн авсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, мөн мэдэгдэлгүй өөр этгээдэд худалдаж  хөөргийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг нотолж байна.

Иймээс Ж.А г уг хөөрөгний шударга эзэмшигч биш гэж, хохирол арилгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх дайлан, зоос зэргийг П.Т  нь Ж.А гээс буцаан авсан үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр эдгээрийн үнийг Ж.А гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Мөрдөгчийн шийдвэрээр үнэлгээ хийхээр томилогдсон шинжээч нь шинжээчийн дүгнэлт гаргалгүйгээр үнэлгээний тайлан гаргасан боловч уг үнэлгээний тайлангаар тогтоосон 5500000 төгрөг гэх үнэлгээг хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн ба эд зүйлд үнэлгээ тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар заавал хийх шинжилгээ биш байна. Иймд 5500000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хувааж хохирлыг арилгуулахаар тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, П.Т ыг яллагдагчаар татах тухай тогтоол гарсан ба  мөн өдрийн 18 цаг 23 минутад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярбат нь түүнээс яллагдагчаар мэдүүлэг авсан байхад /хх-01, 34/ мөн өдрийн   20 цаг 18 минутад эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Пүрэвбаатар П.Т аас  гэрчийн мэдүүлэг авсан байна. Шүүх Эрүүгийн хуульд заасан журам зөрчиж цугларсан П.Т ын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй боловч гэрчийн мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь хэрэгт цугларсан өөр нотлох баримтаар тогтоогдсон, энэ энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хариуцагч Ж.А гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар хуулийн 1.2-т зааснаар П.Т ын үйлдсэн гэх  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

            4 заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар  П.Т аас 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг, иргэний хариуцагч Ж.А гээс 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/  төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар  П.Т аас 3.220.000 /гурван сая хоёр зуун хорин мянга/  төгрөгийг, иргэний хариуцагч Ж.А гээс 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С т олгосугай” гэж өөрчилсүгэй.

 

        2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        3.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Т  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 35 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

          4. П.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

        5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАСАНЖАРГАЛ

              ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ