Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2022/03208/И |
Дугаар | 210/МА2023/01708 |
Огноо | 2023-09-04 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2023/01708
2023 09 04 210/МА2023/01708
Б.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01960 дугаар шийдвэртэй
Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “Э” ХХК-аас 8,688,183,053 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
1.2. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 02 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, жуулчны гудамж, **тоот хаягт байрлах эрхийн бүртгэлийн Ү-22020142**дугаарт бүртгэлтэй 1,123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон бөгөөд шинжээч орон сууцыг 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээ гаргаснаас хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрч өнөөдрийн байдлаар зах зээл дээр үл хөрөнгийн үнэ өссөн байх ба үйлчилгээний зориулалттай, хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 1,123.2 м талбайтай бие даасан объектын үнэ хамгийн багадаа 1 м.кв-ын үнэ 5,000,000 төгрөг буюу 5,616,000,000 төгрөгөөр болсон.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийлгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэгчид хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзсан. Улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хуульд нийцсэн, хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна гэж мэдэгдсэн.
1.4. Иймд хөрөнгийг зах зээлийн буюу тухайн үеийн ханшаар үнэлж дуудлага худалдаанд оруулах, мөн үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ хийлгүүлэхээр хуульчилсныг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тоогтоохыг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “Э” ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт үл хөдлөх барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Э” ХХК- тай холбоотой 4 барьцаа хөрөнгө байдгаас 2 хөрөнгө зарагдаж одоогоор 250,000,000 төгрөг төлөгдсөн. Б.Д-, н.Мишээл нарын өмчлөлтэй холбоотойгоор манайх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2018 оны 11 дүгэр сарын 16-ны өдөр эд хөрөнгийг хураах явцад төлбөр төлөгч болон авагч, тухайн өмчлөгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн санал ирээгүй. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч томилоход шинжээч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад болон өмчлөгч Б.Д-т үнэлгээний талаар мэдэгдсэн. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
2.2. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор “Э” ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хэргийг хэлэлцэхээс татгалзсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан, 3 шатны шүүхийн шийдвэр ирээд ажиллагаагааг эхлэх гэхэд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б.Д-т үнэлгээг мэдэгдээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс буцааж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуудлага худалдаагаар оруулах мэдэгдлийг хүргүүлэх явцад дахин нэхэмжлэл гаргасан. Одоогоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч тал 2018 оноос эхлээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж уг ажиллагааг удаашруулж ирсэн тул нэхэмжлэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. “Э” ХХК-ийн захирал Б.С нь 2013 оны 3 сарын 13-ны өдөр “Чингис хаан банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 5,000,000,000 төгрөг зээлэхдээ бодитоор байхгүй хөрөнгүүдийг барьцаалж байсан бөгөөд тухайн үед байгуулсан үнэн, бодит цөөхөн барьцааны гэрээний нэг нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж **тоот үйлчилгээний зориулалттай, Б.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Чингис хаан банк” ХХК-д барьцаалсан барьцааны гэрээ байдаг. Банкнаас зээлийн гэрээний үүргийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар шийдвэрээр “Э” ХХК-аас 8,688,183,053 төгрөгийг гаргуулан “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэснээс хойш төлбөрийг “Э” ХХК төлөхгүй байгаа тул гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, барьцааны хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний тайланг 2018 оны 12 сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг “Э” ХХК болон иргэн Б.Д-т 2018 оны 12 сарын 12-ны өдөр мэдэгдсэн байдаг. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг “Э” ХХК-аас шүүхэд гарсан бөгөөд уг нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгосож, давж заалдах шатын шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэдний гаргасан хяналтын гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Э” ХХК болон иргэн Б.Д-т нарт гардуулсан. Ингээд гүйцэтгэх баримт бичигт ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байтал анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг “Э” ХХК-аас тус шүүхэд 2021 оны 03 сарын 22-ны өдөр гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж **тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлээр тус шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
3.4. 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоосон бөгөөд үнэлгээний тайланг “Э” ХХК болон иргэн Б.Д-т 2018 оны 12 сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор “Э” ХХК болон иргэн Б.Д нар үнэлгээг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч хэн аль нь үнэлгээний талаар гомдол нэхэмжлэл шүүхэд гаргаагүй. Иймд Б.Д гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Д-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020142**дугаартай, 1,123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 тоот тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээчин томилсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээ гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил 5 давхар оффис үйлчилгээний зориулалттай, хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 1,123.2 м.кв талбайтай бие даасан обьектын үнэ хамгийн багадаа 1 м.кв-ын үнэ 5,000,000 төгрөг буюу 5,616,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байна. Энэ нь Б.Д-ий орон сууцны үнэ 4 жилийн өмнөхөөс 60 орчим хувиар өссөн болохыг харуулж байна. Иймд Б.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд шинжээч томилж үнэлгээ хийлгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгсон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
5.2. Мөн нэхэмжлэгч Б.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэснээр төлбөр төлөгч “Э” ХХК-аас төлбөр авагч “Чингис хаан банк” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүн шууд хамаарч байх тул “Э” ХХК-ийг тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад хангаагүй. Шүүх нэхэмжлэгчийн шинжээч томилуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 онд үүсгэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах зэрэг ажиллагаа явагдсан. 2018 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж, **тоот хаягт байрлах, 1123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед Б.Д үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бий. Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгчид 250,000,000 гаруй төгрөг төлсөн. Үнэлгээтэй холбоотой асуудлаар хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг 5,616,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй гэж маргадаг боловч энэ талаар нотолсон баримтгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. 1123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө 3,841,344,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн талаар тайлбарладаг боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаар хүсэлт гаргаагүй. Харин шүүхэд үнэлгээтэй холбоотой шаардлага гаргаж, тус үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,270,300,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2 удаагийн албадан дуудлага худалдаа явагдаж дууссан. Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Д- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “С ХХК-ийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар захирамжаар “Чингис хаан банк” ХХК- ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,688,182,053 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,688,182,053 төгрөгийн төлбөрийн тодорхой хэсэг буюу 6,000,000,000 төгрөгийн 2017 оны 6 дугаар сард 150,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 500,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 2000,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 3,350,000,000 төгрөгийг тус тус төлөх, хариуцагч 6,000,000,000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 2,688,182,053 төгрөгөөс бүрэн чөлөөлөх, хариуцагч 6,000,000,000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж дуусаагүй тохиолдолд 8,688,182,053 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 41-42/
3.а. Төлбөр төлөгч “Э” ХХК дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 791 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 40, 43/
3.б. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020142**дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, 1,123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор битүүмжлэн, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх 46-47/
3.в. Хариуцагч нь дуудлага худалдааны үнэлгээний санал авахад талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020142**дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, 1,123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээчээр “С” ХХК-ийг томилсон.
3.г. Шинжээч “С” ХХК нь Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020142**дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, 1,123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,841,344,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч Б.Д-т мэдэгдсэн. /хх 158/
3.д. Шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12570 дугаар захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22020142**дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, 1,123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 5, 22/
3.е. Нэхэмжлэгч нь “анх үнэлгээ тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээнээс хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 60 хувиар өссөн, 2022 оны байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгө 5,600,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна” гэж тайлбарлажээ.
3.ё. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байхаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй байна. Нөгөө талаар үнэлгээ тогтоосноос хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна.
3.ж. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж **тоот хаягт байрлах, 1,123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар үл хөдлөх хөрөнгийг “А” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,270,300,000 төгрөгөөр үнэлсэн тайлан гаргасан бөгөөд шинжээч “С” ХХК-ийн үнэлснээс багаар үнэлсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 95-113/
4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
5.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно заажээ.
5.б. Хэргийн баримтаас үзвэл зохигчид гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй, түүнчлэн, гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дахь заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч тал барьцааны эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхтэй холбоотой буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д...” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ