Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 110/2018/0016/З |
Дугаар | 221/МА2019/0200 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0200
2019 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2019/0200 | Улаанбаатар хот |
Б.М нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.М нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр:
1 дүгээр заалтаар:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай Шийдвэр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан,
2 дугаар заалтаар:Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.М ыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох нэхэмжлэгчийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэр гаргахдаа 2002 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан хэсгийг үндэслэл болгосон байна.2019 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай шинэ хуульд 2002 оны мөн хуулийн аль ч зүйл заалтыг буцаан хэрэглэх талаар заалт ороогүй байна.
Ийм учраас шүүх миний нэхэмжлэлийн шаардлагын хоёр шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн хуулийг баримтлах нь нийцэх байсан.
Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн 0004 дүгээр шийдвэрээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан заалтыг баримтлан нэг үндэслэл нь нэхэмжлэгчийн миний маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын цаг хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгасан нь мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заалтыг зөрчсөн байна.
Учир нь УИХ-аас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 23 зүйлд өөрчлөлт оруулан уг үндэслэл болгосон “тухайн төрийн байгууллага эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан бол төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг нэмсэн байсан.
Шүүхийн 0019 тоот шийдвэрээр дүгнэж, тогтоож байсанчлан... хариуцагч тухайн хуулийн дагуу томилгоо хийж, үүргээ биелүүлсэн бол миний бие 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т дэх хэсэгт зааснаар чөлөөлөгдсөн тухайн хуулиа ажлын байраар хангагдах эсвэл 6 сарын тэтгэлэгт хамаарагдаж төрийн албанд орох нөөцөд бүртгэгдсэн бусад төрийн байгууллагад орж ажиллаж, хөдөлмөрлөх эрх маань сэргээх байлаа.
Миний бие 2015 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцаанд байсныг тогтоож ХХҮ-ний газрын даргад хүлээн зөвшөөрүүлэх” тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Нотлох баримт хангалттай авагдсан, Хөдөлмөрийн харилцаанд байсан талаар хариуцагч маргахгүй байх тул тогтоох, зөвшөөрүүлэх, шаардлагагүй” гэж үзээд шүүгч өөрөө хүлээн авахаас татгалзаж 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 0274 тоот захирамж гаргаж байсан болно.
Тийм учраас нэхэмжлэгч намайг тухайн үед мөрдөгдөж байсан эсвэл шинэ хуулийг баримтлан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргуулахаар даалгах үндэслэлтэй болох байсан.
Хуулинд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хуулийн заалтыг ч, хүчин төгөлдөр шинэ хуулийг ч хэрэглэхгүйгээр дунд нь улс төрийн ашиг сонирхол нэмэгдэж, хасагдсан заалтыг хэрэглэн шийдвэр гаргсан явдалд гомдолтой байна.
Ер нь тухайн үеийн хариуцагчийн хууль бус, эс үйлдэхүй ажиллагаа болохоос нэхэмжлэгч миний бие огт буруугүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундах хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэхгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөв хэрэглэсэн бол нэхэмжлэгч миний эрх ашгийг дордуулахгүйгээр илүү дээрдүүлэн шийдвэрлэх байлаа. Нэхэмжлэгч миний бие Монголын Хуульчдын холбооны өмгөөлөгч Л.Жавжмаатай албан ёсоор гэрээ байгуулан эрх ашгаа хамгаалуулж, хууль зүйн туслалцаа авч байгаа билээ.
Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг зөрчиж, уг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг ч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг ч түүнд албан ёсоор мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд биечлэн оролцож, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй хэргийг шийдвэрлэжээ.
Иймд Захиргааны анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн хууль хэрэглээний /2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримталсан/ хэсэгт өөрчлөлт оруулах эсвэл шүүх журам зөрчсөн байна гэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анх шатны журмаар дахин хэлэлцүүлж өгөхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Б.М нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газарт холбогдох төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
1.Нэхэмжлэгч Б.М орон тооны цомхтголоор буюу маргаан бүхий мэргэжилтний ажлаас хууль бусаар халагдсан тухай төрийн албаны маргааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн юм. Шүүхийн энэхүү шийдвэрт нэхэмжлэгч Б.М ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн тухай дурджээ.
Гэтэл нэхэмжлэгч Д.Мурат нь 2016 оны 08 дугаар сард шинээр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ Б.М нь өөрийн хөдөлмөрлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн буюу тухайн үед хариуцагч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн эс үйлдэхгүйн талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ сэргээлгэх боломжтой байсан юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан юм. Иймд Б.М нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацаа алдаж гаргасан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
2.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан байна.
Урьд тус аймагт ажиллаж байсан хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 65 орон тоотой ажиллаж байсан ба шинээр зохион байгуулагдсан тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 45 орон тоотой ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс ба Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс Б.М-ын нэр, ажиллаж байсан албан тушаал нь шинээр зохион байгуулагдсан хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газарт албан ёсоор шилжин ирээгүй байгаа буюу энэ нь Б.М тай тус газар нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгааг нотолж байна.
Одоо нэхэмжлэгч Б.М ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс албан ёсоор нь татан буугдсан, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тэмдэг нь зохих журмаар хураагдан хүчингүй болсон байна. Иймд нэгэнт татан буугдсан байгууллагын нэрийн өмнөөс тус газрын дарга нөхөн тушаал гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч зээгүй явдалд гомдолтой байна. Хэрвээ нэхэмжлэгч Б.М нь хөдөлмөрийн хэлтэс чөлөөлөгдөх байсан гэж эрх зүйн байдлыг тогтоолгох хүсэлтэй бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэсэн буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг анхан шатны шүүх анхаарч зээгүй байгаа явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0094 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдсан “...нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн 'хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалтнаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.М ыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж" гэсэн хэсгийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлын дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0094 дүгээр шийдвэртэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч Б.М нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, мөн уг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр хүчингүй болгох тухай 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд дэмжсэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт нь үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ гэж үзэв.
Энэхүү хэргийн тухайд юуны өмнө болсон үйл баримтыг он цагийн дараалалд нь авч үзэх шаардлагатай байна. Учир энэхүү маргааны тухайд Хөдөлмөрийн сайдын 2 удаагийн тушаал гарч бүтэц, орон тоог өөрчилж байснаас гадна Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нэхэмжлэгчийг ажилд томилохыг даалгасан, ажилд томилохыг даалгасан тушаалаа хүчингүй болгосон агуулгатай тушаал хэд хэд удаа, хариуцагч байгууллагаас адил тушаалууд ч гарч байжээ. Мөн Б.М нэхэмжлэлтэй энэхүү хэрэг болон өөр хэргийн шат шатны шүүхийн шийдвэрүүд гарч байсан ажээ.
Анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Б.М ыг Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр түр томилж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар түүнийг ажилд жинхлэн томилсон байна.
2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн сайдын А/12 тоот тушаал гарч Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн аймгийн төвийн орон тоог цөөрүүлсэн. Энэхүү тушаалаар Баян-Өлгийн аймгийн тухайд Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн 1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн 1 /нийт-2/ байсныг Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн 1 болгожээ.
Иймд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 тушаалаар иргэн н.Ахатыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээс, мөн өдрийн Б/09 тушаалаар Б.М ыг Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээс тус тус чөлөөлсөн байна. Үүний дараа 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар н.Ахатыг Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр томилсон бөгөөд Б.М ыг томилоогүй байна.
Иймд Б.М шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед сул байсан ”Шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоонд томилохыг даалгах шаардлага гаргаж байжээ.
Анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 шийдвэрээр Б.М ыг “Шинэ ажлын байрны мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 457 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тухайн үеийн хариуцагч байгууллагаас Б.М ыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тушаалаар “Шинэ ажлын байр хариуцсан мэргэжилтэн”-ний ажилд томилжээ. Ийнхүү томилогдоод байтал Улсын Дээд Шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Мөн энэ үеэр Баян-Өлгийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 16 тогтоол гарсан бөгөөд иргэн Д.Хуатханыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/03 тоот тушаалыг хүчингүй болгоод “Шинэ ажлын байр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгажээ. Иймд хариуцагчаас 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/11 дүгээр тушаалыг гаргаж Б.М ыг ажилд томилсон Б/04 дүгээр тушаалаа хүчингүй болгосон байна.
Гэтэл дахин Хөдөлмөрийн сайдын А/127 тоот тушаал 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гарч Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтэн 1, Мэдээ тайлан хариуцсан мэргэжилтэн 1, /нийт 2 мэргэжилтний орон тоо/ байсныг нэгтгээд Хуулийн этгээдийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1 орон тоотой болгожээ.
Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар Зөвлөл 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин “Тогтоол хүчингүй болгох тухай” 18 дугаартай тогтоолыг гаргасан бөгөөд Д.Хуатханы гэм буруутай нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн тул түүнтэй холбогдуулан гаргасан 2015 оны 16 тогтоолыг хүчингүй болгосугай, Б/04 тушаал хүчин төгөлдөр болсон тул Б.М ыг үргэлжлүүлэн ажлуулахыг үүрэг болгосугай гэж шийдсэн. Ингэснээр намайг ажилд томилсон Б/04 тоот тушаалын үйлчлэл сэргэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа болно.
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхийн 24 дүгээр тогтоол гарсан байх бөгөөд “Шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас Шийдвэр, Магадлал, Тогтоолыг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Ингээд хэргийг дахин хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай Хөдөлмөрийн сайдын тушаал гарч бүтэц орон тоонд өөрчлөлт орсон, нэршил өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоонд томилохыг даалгах болгожээ.
Улмаар Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 шийдвэр гарсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх “Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан, харин “Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг /Өмнөх Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэн/ байгуулсан байна.
Б.М нь мөн өөрийн эрхэлж байсан ажлын чиг үүрэг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэнд шилжсэн гэж үзээд уг албан тушаалд томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байжээ. Уг хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 504 тоот Магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь заалтын дагуу шийдвэрлэжээ. Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 406 дугаар тогтоолоор, магадлалыг хэвээр үлдээсэн байна.
Б.М 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дахин нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг хэргийг шийдвэрлэж энэхүү 2019 оны 04 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
Хариуцагч талаас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан байна. Тодруулбал шийдвэрийн Тогтоох хэсгийн “...нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалтнаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.М ыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж" гэсэн хэсгийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байгаа ажээ.
Давж заалдах гомдлын энэхүү шаардлагыг хангах боломжгүй. Учир нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр Б.М ыг “Шинэ ажлын байрны мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилохыг даалгасан, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 457 дугаар магадлалаар “Шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэж байсан. Тухайн үеийн хариуцагч байгууллагаас Б.М ыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “Шинэ ажлын байр хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд томилжээ.
Ийнхүү томилогдоод байтал Улсын Дээд Шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан болох нь тогтоогдож байна.
Улсын Дээд Шүүх 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин 24 дүгээр тогтоолыг гарсан байх бөгөөд “Шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас Шийдвэр, Магадлал, Тогтоолыг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Ийнхүү хэрэг маргаан удааширч шийдвэрлэгдсэний улмаар уг хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед нэхэмжлэгч албан ажилдаа тогтоолгох боломжгүй болжээ.
Ийм ч учраас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний дундажтай тэнцэх цалинг гаргуулсан, харин “Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр томилуулахыг даалгахаар өөрчилсөн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.М ыг маргаан бүхий сул орон тоонд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс уг орон тоо хасагдсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажиллах эрхтэй байсан гэж үзэж, нэгэнт энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж шийдвэрлэсэн, түүнийг уг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/11 дүгээр тушаал нь салбар зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор дээрх байдлаар хүчингүй болж уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон эрх бүхий этгээдийн 2014 оны Б/04 дүгээр тушаал хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах нь зүйтэй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг бүхэлд нь авч үзвэл ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус байна гэж үзэхээр байгаа тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд энэ талаар /шийдвэрт өөрчлөлт оруулах/ гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Давж заалдах гомдолдоо Б.М нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацаа алдаж гаргасан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэсэн үндэслэлийг хариуцагчаас гаргаж байна. Гэвч дээрх бүх үйл баримтаас үзэхэд Б.М ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Өнөөдрийг хүртэл хариуцагчийн зүгээс Б.М ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болох нь тогтоогдож байна.
“Б.М тай тус газар нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, нэгэнт татан буугдсан байгууллагын нэрийн өмнөөс тус газрын дарга нөхөн тушаал гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэсэн үндэслэлүүдийг дурджээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч дээрх хуулийн заалтын дагуу Б.М ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах боломжтой. Нөгөө талаар төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар ...”тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан. Нэгэнт нэхэмжлэгч төрийн жинхэнэ алба болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд дээрх хугацаанд ажиллах эрхтэй байсан нь тогтоогдсон, энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч захиргааны байгууллагаас түүнд олгосон, маргаан бүхий орон тоо эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооноос хасагдсан, анх нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсон ажил олгогчийн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Б/04 дүгээр тушаал нь дээрх байдлаар хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа нэгтгэгдсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтууд Хөдөлмөрийн хэлтэс байх үед хамааралтай боловч одоогоор тус хэлтсийн эрх, үүрэг, үйл ажиллагаа дээрх байдлаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж, уг газар нь хэлтсийн үйл ажиллагааг одоогоор хэрэгжүүлж байгаа учраас хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах боломжтой.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2002 оны Төрийн албаны тухай хууль хэрэглэсэн нь буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, өмгөөлөгч Л.Жг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэсэн үндэслэлийг заажээ.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болон нэхэмжлэл гаргасан зэрэг үйл явдал болсон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хууль хэрэглээний үндсэн зарчимтай нийцсэн байна.
Өмгөөлөгч Л.Ж-г шүүх хуралдаан оролцуулаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүхийн зүгээс өмгөөлөгч авах эрхийг хангасан бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгч авсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймагт болж байсан удаа дараагийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Ж нь оролцож байгаагүй ажээ.
Түүнчлэн тухайн шүүх хуралдаан явагдсан өдөр ч нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт санал гаргаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгчид анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэл зориг байсан бол өөрөө өмгөөлөгчдөө хурлын товыг мэдэгдэх, өмгөөлөгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаа болохоо илэрхийлэх, түүнчлэн онлайн хэлбэрээр өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байжээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас иргэн Б.М нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх” эрхээ эдэлж, сайн дураараа өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцжээ гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР