Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/0066

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                      Х.Батсүрэн

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                             М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 360 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б-оос Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай “Гаалийн алба, албан тушаалаас халах тухай” тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21-22 цагийн үед гаалийн байгууллагын ажилчдын байранд Д.Б  нарын нэр бүхий гаалийн улсын байцаагчид хамт хөзөр тоглосон, гаалийн улсын байцаагч Б.И-О, Ж.Х-Э нарын авчирсан нэг шил архийг хувааж ууцгаасан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Б, Б.И-О нар нь хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, Б.И-О-ын зүүн ташаа хэсэгт ундаа задлагчаар цохиж гэмтэл учруулсан ба талуудаас тухайн үед “өндөржүүлсэн бэлэн байдал зарласан” талаар маргаагүй байна.

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тухайн өдөр ажлын бус, амралтын өдөр байсан, ... хэрэг учралын байдал болон хэний гэм буруу байсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад намайг гаалийн алба, албан тушаалаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй, ... тухайн тушаал нь бодит байдалд нийцэхгүй, Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний бус асуудлаар дүгнэлт хийсэн ... илт хууль бус тушаал тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулах ёстой ...” гэж тодорхойлон маргасан.

2.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газарт түр тушаалаар томилогдон ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч Д-ийн Б-ийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гаалийн алба, эрхэлж байгаа албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ. ​​​​​​​

2.3. Хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дахь заалтуудыг тус тус баримталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... гаалийн улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх гэсэн хоёр заалтыг гол үндэслэл болгоод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хилийн боомтын хориотой зурваст томилогдоод албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын биед гэмтэл учруулсан энэ үйлдэл нь тухайн байгууллага, нийгмийн харилцаа, хууль тогтоомжоор тогтоосон ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн,  ... тухайн үед эрүүгийн зөрчил үйлдсэн бус төрийн тусгай албанд ажиллаж байгаа тангараг өргөсөн гаалийн улсын байцаагч байж ийм үйлдэл гаргасан нь ёс зүйн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж сахилгын арга хэмжээ авч гаалийн албанаас халсан ...” гэж шүүхэд тайлбар гаргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг  Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгчийг ажлын бус цагаар, амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ёс зүйн дүрэм болон албан даалгаврыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, ... хоорондоо зодолдож, нэхэмжлэгч Д.Б-нь гаалийн улсын байцаагч Б.И-О-ын зүүн ташаа хэсэгт ундаа задлагчаар цохиж гэмтэл учруулсан гэх боловч ... эрх бүхий байгууллагууд шалгаж тогтоогоогүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг шууд буруутган ажлаас халсан нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ... магадлал хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шалгагдаж байсан тул энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалаас нь түдгэлзүүлж шийдвэрлэх ёстой байсан ...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаад “... анхан шатны шүүхээс төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг тооцохдоо Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасантай нийцэхгүй байна, ... Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу шүүх Д.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг тооцох хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Нийгмийн даатгалын хууль баримталсан ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 360 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л гомдолдоо: “... Д.Б нь Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан.

6.1. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу “төрийн тусгай албан тушаал” гэж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байдалтайгаар умартан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7-д заасан үүрэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан.

6.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан. Гэтэл Д.Б нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн.

6.3. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарласаар байтал холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан төрийн байгууллагыг буруутган зөрчил гаргасан иргэнийг хаацайлсан нь хачирхалтай.

6.4. Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуун сухайт дахь гаалийн газарт түр томилогдон ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Д.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан үндэслэлээр гаалийн албанаас халсан.

6.5. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс Гаалийн байгууллагыг ёс зүй, сахилгын зөрчил гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан үндэслэлээр Д.Б-ийг гаалийн байгууллагаас халаагүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн учир гаалийн албанаас халсан мэтээр тайлбарласан.

6.6. Дээрх үйлдлээс үзэхэд цаашдаа Төрийн алба нь ажлын бус цагаар хилийн зурваст согтууруулах зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан ч зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, ёс зүйгүй хандлага гаргасан төрийн албан хаагч нь сахилгын шийтгэл хүлээх шаардлагагүй үзэл бодол тогтоож байгаа нь харагдаж байна.

6.7. Нэхэмжлэгч Д.Б-ийн сахилгын зөрчлийн талаар Монгол Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “төрийн албан хаагч нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан” талаар мэдээлсэн. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгаж, тайлбар авахад нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар нотлогдсон байтал нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй дүгнэсэн.

6.8. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, илт үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Нэг. Маргаан бүхий актын нэг үндэслэл болох “бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “... төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарласаар байтал холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан төрийн байгууллагыг буруутган зөрчил гаргасан иргэнийг хаацайлсан нь хачирхалтай” гэх үндэслэлийг хяналтын шатны шүүх хүлээн авах боломжгүй.

11. Нэхэмжлэгч Д.Б-ийг бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага нь эрүүгийн журмаар шалгаад, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолоор “... хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Б.И-О нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Б-ийн хоолойг боож байх үед Д.Б хажуу талын ширээн дээрээс ундаа задлагч авч улмаар Б.И-О-ын бөөр нь тус газар цохисон нь Д.Б-ийн хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон байх бөгөөд тэрээр өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хохирогч Б.И-О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, ... аргагүй хамгаалалт гэж үзнэ” гэсэн үндэслэлээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2129000450046 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн; тус тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлээр Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/06 дугаар магадлалаар “... Д.Б-ийн хохирогч Б.И-О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон бодитой тулгарсан үед хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийг хэргийн бодитой байдлыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ ...” гэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, тухайн тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

12. Хоёр. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар “Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” гэсэн үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газарт түр тушаалаар томилогдон ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Д.Б-ийг гаалийн алба, эрхэлж байгаа албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан; нэхэмжлэгчээс дээрх зөрчлийг эс зөвшөөрч, маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... тушаал нь бодит байдалд нийцэхгүй, ... Гаалийн ерөнхий газрын дарга эрх хэмжээний бус асуудлаар дүгнэлт хийсэн ... ” гэж тодорхойлжээ.

13. Маргаан бүхий 2021 оны Б/115 дугаар тушаалын нэг үндэслэл болсон “гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэсэн” талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэхдээ нэхэмжлэгч Д.Б-ийг “ажлын бус цагаар, ... амралтын өдрөөр /Бямба гаригт/, ... ажилчдын байранд ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй” гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

14. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд ... төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, тус хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан нь нийтэд илэрхий байх бөгөөд хэргийн оролцогчид тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсныг үгүйсгээгүй байна.

15. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:” гээд 4.2-т “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх”-ээр;  мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1-д “Гамшгаас хамгаалах бүх шатны төлөвлөгөөг тодотгон, гаалийн хяналтын бүс, хилийн боомт, салбар нэгж бүрт албан хаагч нарыг томилгоожуулж, тус бүр ажил үүргийн хуваарийг баталж мөрдүүлэх”, 19-д “Хүн хүч дутагдалтай бусад харьяа гаалийн газар, хороодод нэмэлтээр түр томилогдон ажиллах шаардлага гарч болзошгүй тул гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчид хувийн бэлтгэлээ ханган, бэлэн  байдалд байх”, 21-д “Албан хаагч нарыг олноор цуглуулахгүй байх ...”, 23-т “Төрийн албаны хаагчийн ёс зүйг зөрчихгүй байх, сахилга, хариуцлагыг дээд зэргээр сахиулахад хяналт тавьж ажиллах, гаргасан зөрчилд эрх хэмжээний хүрээнд хатуу хариуцлага тооцож, ГЕГ-ын холбогдох нэгжид нэн даруй мэдэгдэх”, 24-т “Албан даалгаврыг бүх ажилтан, албан хаагчдад танилцуулж, гарын үсэг зуруулан, хэрэгжилтийг ханган ажиллахыг анхааруулах”- аар тус тус заажээ.

16. Үүнээс үзэхэд, өндөржүүлсэн бэлэн байдлын үед захиргааны байгууллага ажлын тусгай горимд шилжин ажиллахтай холбогдуулан албан хаагчдын хувьд ажил, амралтын аль ч өдрийг үл харгалзан байнгын бэлэн байдалд байхаас гадна  олуулаа нэг дор бөөгнөрч цугларахгүй байх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах нөхцөл шаардлага тавигдсан байна.

17. Нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд, өндөржүүлсэн бэлэн байдлын үед, албан томилолттой байх хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой гаалийн ажилчдын байранд гаалийн улсын байцаагч Ц.Н, Д.Н, Б.Б, О.Б, Г.Г нартай нийлж хамт хөзөр тоглосон, гаалийн улсын байцаагч Б.И-О, Ж.Х-Э нарын тус бүр авчирсан нэг шил архийг хувааж ууцгаасан, мөн Б.И-О-той маргалдаж, харилцан зодолдсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.5-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэх ...”, 2.1.2-т “төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх”, 3 дугаар зүйлийн 3.1.9-д “гаалийн улсын байцаагч олон нийтийн газар ... харилцан зодолдох ...”; Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн” зөрчил гаргасан гэж үзнэ.

18. Гурав. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгажээ.

19. Хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь төрийн албан хаагчийн болон гаалийн улсын байцаагчийн нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн буруутай, тухайн зөрчилд нь хариуцлага гарцаагүй ногдуулах нь зөв боловч хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар түүнийг “гаалийн алба, эрхэлж байгаа албан тушаалаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна.

20. Учир нь, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.И-О-ыг “ёс зүйн зөрчил гаргасан” үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нэхэмжлэгч Д.Б-д сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “халах” шийтгэлийг ногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

21. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:” гээд 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар захиргааны байгууллагаас алдаагаа залруулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалыг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй.

23. Дээрх байдлаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа ижил нөхцөлд ялгавартай хандсан, тухайлбал, нэхэмжлэгч Д.Б-д оногдуулсан “халах” сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн байх тул энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/115 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар “Гаалийн алба, албан тушаалаас халах тухай” тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн агуулга бүхий заалт нэмж; “2” дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                                 Х.БАТСҮРЭН

                                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Ц.ЦОГТ

                                                                                                          М.БАТСУУРЬ