Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 79

 

 

 

Ц.Цэгмэд, О.Сувд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Р.Энхтуяа,

Ялтан Ц.Цэгмэд /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Цэгмэдийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Цэгмэд, О.Сувд нарт холбогдох 201626011786 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр  сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Цэцэгдэлгэрийн Цэгмэд, 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар баг, Төгөл гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-0 тоотод оршин суух,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:РХ95032123/,

Бөөгүүд овогт Отгоны Сувд, 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өлгийн 3 дугаар баг, Хулст нуур гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОИ96101801/,

Ц.Цэгмэд нь О.Сувдтай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, Б.Ууганцэцэгийг хүч хэрэглэн зодож, биед нь “тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний  гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан,

О.Сувд нь Ц.Цэгмэдтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хорооны 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн Б.Ууганцэцэгийг хүч хэрэглэн зодож, биед нь “тарих доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний  гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Цэгмэдэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, О.Сувдад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Цэгмэдийг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд, О.Сувдыг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тус тус тоцож, Ц.Цэгмэдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар, О.Сувдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Цэгмэдэд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, О.Сувдад оногдуулсан 3 жил 1 сарын хорих  ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Сувдад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн харъяалах газар, хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Цэгмэд, О.Сувд нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Ууганцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Ц.Цэгмэдэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Цэгмэдэд авсан цагдан хорих, О.Сувдад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Цэгмэд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хууль зүйн мэдлэггүйгээс өмгөөлөгч авсан боловч хууль зүйн туслалцаа авч чадаагүй учир яллах дүгнэлтийг ойлголгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээ үнэн зөв гэсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг, мөн зарим гэрч, хохирогч нарын мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Тухайн хэрэг гарсан шөнө найз О.Сувд, Дөлгөөн, Б.Билгүүн нартай гэрийнхээ ойролцоо байх “J” гэх бааранд үйлчлүүлээд 04 цагийн орчим гараад гэртээ харихад Б.Билгүүн, Дөлгөөн хоёр байхгүй байсан. О.Сувд бид хоёр гэрт байж байгаад тамхи авахаар гараад, орцны үүдэн дээр зогсож байтал машинтай хүмүүс зогсож байхаар нь тамхи гуйхаар очтол эрэгтэй, эмэгтэй хоёр үнсэлцэж байснаа эмэгтэй нь “хүн цочоочихлоо” гэснээс маргаан эхэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Б.Билгүүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.Цэгмэд гэрээсээ цэвэр ус, түлхүүр, жижиг хутга аваад гарсан. Тэр эмэгтэйг айлгах гэж хутга авч гарсан гэж илт худал мэдүүлснийг анхан шатны шүүх нотлох баримт болгосон. Мөн хэрэг гарах үед би байгаагүй, хоёр гурван байрны цаана хол сууж байсан гэж мэдүүлсэн. Намайг тамхи олохоор гарахад Б.Билгүүн гарсан байсан. Тэгэхээр Б.Ууганцэцэгийг айлгах санаа зорилготой тэр хутгыг авч гарсан гэсэн Б.Билгүүний мэдүүлэг худлаа, намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Биеэ зөв авч явж чадалгүй, танхайрч хохирогч Б.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Тухайн үед хамтран амьдарч байсан Б.Билгүүн бид хоёр муудалцаагүй. Амиа хорлох гэж хутга авч гарсан гэх мэдүүлгийг би өгөөгүй. Бидний амьдарч байсан өрөөний цоож гацдаг болохоор хутгаар хөшиж онгойлгодог байсан юм. Тэгээд л халаасандаа тэр хутгыг авч явсан гэж бодож байна. Хохирогч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан бөгөөд намайг “комиссын хувцас өмссөн” гэх мэтчилэн дорд үзэх байдлаар доромжлоод байсан. Эцэг, эх маань бага байхад салж, хүнд хэцүү амьдрал туулсан минь санагдаад цочролд орсон минь үнэн. Би машины цонхоор гараа оруулж, нүүрийг нь маажих гэснээс бус хутгаар түүнийг чичээгүй, зодооны үед миний гарт хутга байгаагүй. Цагдаа дээр ирээд анх харсан гэдгээ О.Сувд гэрчилдэг. Хохирогчтой хамт байсан таксины жолооч Я.Даваадугар нь Б.Ууганцэцэгтэй үгээ нийлүүлж, намайг хутга гаргаж нүүр зүсэх гэлээ гэж гүтгэсэн. Мөн Б.Ууганцэцэг нь эх, дүү хоёртойгоо бүлэглэж, намайг байрны гадна зодсон. Эх нь үсдэж, дүү нь боогоод Б.Ууганцэцэг базаад, үсдээд байсан. Миний хоолой шалбарч улайн, үс туг тугаараа унасан. Тухайн үед толгой хөдөлж, сав доргисон байсан. Одоо ч энэ зодооны улмаас миний хэвлий орчим өвдөж, толгойн өвдөлт зүгээр болохгүй байгаа. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд зөвхөн нэг талыг буюу яллах талыг барьж, эрх зүйн байдлыг минь дордуулж, буруутгах үндэслэл болгосонд гомдолтой байна. Хутга авч явсан нь миний буруу бөгөөд хохирогчид хутгаар гэмтэл учруулаагүй. Би өөрийн гэм бурууг үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл хохирогч Б.Ууганцэцэг намайг эх, дүү нартайгаа бүлэглэж зодсон гэдгээ яагаад хэлээгүй, тухайн үед намайг илтэд зодуулсан байдалтай байсныг харсаар байсан хэрнээ энэ талаар мөрдөн байцаалтад тусгаагүйд гомдолтой байна. Эцэг, эх хоёр маань бага байхад салцгаасан болохоор надад ойрын төрөл садан байгаагүй. Би тус байрны 00 тоотод амьдардаг нь үнэн. Б.Ууганцэцэг намайг подвальд амьдардаг, комиссын хувцас өмсдөг гэж доромжлоогүй бол ийм хэрэг болохгүй байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд яллагдагчийг цагаатгах, яллах талыг аль алиныг нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг гэж ойлгож байна. Гэтэл зөвхөн яллах талыг барьж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн хохирогч Б.Ууганцэцэг О.Сувдын гэдэс рүү нь өшиглөж, хэвлий дэх хүүхдийг нь гэмтээчих гээд байсан зэрэг хохирогчийн буруутай үйлдлийг харгалзан үзээгүй. Түүнчлэн хохирогч, гэрч нар үгээ нийлүүлж, зарим мэдүүлгийг гуйвуулж худал өгсөн тул хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцааж, хохирогч, түүний эх, дүү нарыг шалгаж эрүүгийн харицлага хүлээлгэж, үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэв.  

Ялтан Ц.Цэгмэдийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт байгаа зарим нэг үйл баримтыг Ц.Цэгмэд хэлдэг. Мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хууль сануулж байцаалт авсан гэж үзэж байгаа. Гэхдээ шүүгдэгч Ц.Цэгмэд хуулинд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргах нь түүний эрхийн асуудал учраас үүнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байна. Хутгыг бодитойгоор хэнээс хураан авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Орцны үүдэнд үсдүүлээд цохиулж байхад гэрч гэх хүн “наад хүүхдээ аллаа” гэдэг асуудлыг Ц.Цэгмэд өөрөө хэлж байна. Энэ талаар хавтаст хэрэгт нотлож, шалгасан зүйл байхгүй. Ц.Цэгмэдийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Р.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Цэгмэд “хутга халаасандаа байсан атлаа хэрэглээгүй” гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн нөхцөлд хохирогч, шүүгдэгч нар бие биенээ танихгүй, халамцуу согтуу байсан. Хохирогч таксигаар гэрийнхээ гадна ирээд мөнгөө өгөх гээд сууж байхад нь Ц.Цэгмэд гарч ирээд “тамхи байна уу” гэж цонх тогшиж асууснаас эхлээд маргаан үүссэн. Жолооч цонх онгорхой байхад нэг гялалзсан зүйлээр хохирогчийн нүүр рүү чичих гээд байсан. Анх хутга гэж мэдээгүй. Ц.Цэгмэд маргалдаад  гэртээ орсон. Таксины жолооч, хохирогчтой хамт байрыг тойрч яваад эргээд ирэхэд Ц.Цэгмэд О.Сувдыг дагуулаад гарч ирсэн байсан. Харин хохирогчийг хамт нийлж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зодоон болоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Ц.Цэгмэд, О.Сувд нарыг явсны дараа цагдаа ирэхэд газар хутга байсныг таксины жолооч Я.Даваадугар хараад “тэр хутга байна” гэж хэлэхэд хохирогч болон түүний эх, дүү нар нь хогийн цэгийн хажуугаас цаасанд ороогоод авсан байсан. Ц.Цэгмэд, О.Сувд нарыг хохирогчийн эх нь гадаа явж байхыг нь хараад дахин дуудлага өгөөд цагдаагийн ажилтан ирэх үед хутгыг өгсөн. Харин Ц.Цэгмэд халаасандаа байсан гэж ярьдаг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр автомашины цонхоор гялалзсан зүйл орж ирээд чичлэх гээд байхаар нь урагшаа хөдлөөд явсан. Байр тойроод эргээд ирэхэд нь Ц.Цэгмэд өөр нэг хүнтэй хамт хоёулаа болсон зогсож байсан. Зодоон болсны дараа цагдаа ирэхэд хутга газар байсан учраас хутга хураагдсан. Яллах дүгнэлтдээ шүүгдэгч “хутгаар гэмтэл учруулаагүй, зүсээгүй” гэж байгаа боловч танхайрах явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн байна гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хутга газар байсныг цагдаа хурааж аваад тэмдэглэл үйлдсэн, Ц.Цэгмэд хутга гаргаж ирээгүй байсан бол халаасанд байсан хутга хэрхэн газар унаад цагдаагийн байгууллагад хураагдсан байх вэ гэдэг асуудлыг үнэлж дүгнээд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзсэн. “Гэрч Б.Билгүүний мэдүүлэг үндэслэлгүй, хохирогчийн ээж, дүү 2 нь намайг зодсон учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж байна. Ц.Цэгмэд, О.Сувд нар мэдүүлэг өгөхдөө “бидэнд учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн учраас тухайн хүмүүсийг шалгах үндэслэлгүй гэж үзсэн. Б.Билгүүн, Ц.Цэгмэдтэй хамтран амьдарч байсан. Энэ өдөр гэртээ Б.Билгүүн, О.Сувд, Дөлгөөн, Ц.Цэгмэд дөрвүүлээ нийлээд согтууруулах ундаа хэрэглэж байгаад 03 цагийн орчим муудалцан Ц.Цэгмэд, Б.Билгүүнд “чи надаас салах юм бол би амиа хорлоно” гэж хэлдэг байсан. Уурлаад байхаар нь Дөлгөөнтэй хамт гараад явсан. 2-3 байрны цаана байж байгаад уурыг нь гарахаар эргээд оръе гэж бодсон. Өглөө түүний утас руу залгахад цагдаагийн хэлтэс дээр байна гэхээр нь юу болсон талаар асуухад “Хохирогч эмэгтэй Ц.Цэгмэдийг “мөнгөгүй, подвальд амьдардаг” гээд доромжлоод байхаар нь айлгах гэж жижиг хутгаа авч гарсан” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлаж хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Ц.Цэгмэд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Сувдтай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, Б.Ууганцэцэгийг зодож биед нь “тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний  гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Ууганцэцэгийн “...2016 оны 7 дугаар сарын 4-ний үүрээр 05 цагийн үед гэрийнхээ гадна ирээд таксины жолоочид мөнгөө өгөх гээд байж байтал машины баруун талын цонхоор нэгэн эмэгтэй шагайгаад “тамхи байна уу” гэхээр нь би цочсондоо “чи хүн цочоочихлоо” гэхэд тэр эмэгтэй “юу гэнээ комиссын бүдүүн авгай чинь” гэсэн. Тэгэхээр нь би жолоочид “би өөр газар буугаад алхаад орчихъё” гэтэл таксины жолооч “чи гэр рүүгээ яаж орноо” гэхээр нь “орцны үүдэнд буулгачих, би гэр рүүгээ гүйгээд орчихъё” гэсэн. Тэгээд намайг орцны үүдэнд авчиртал нөгөө эмэгтэй өөр нэгэн эмэгтэйтэй хамт зогсож байсан. Дөхөөд очтол машины цонхоор хутга оруулж ирээд нүүр лүү чичлээд байсан. Яг намайг зүсэх гэж байхад машины жолооч хөдлөөд явсан. Гэтэл тэр үед машины хаалгыг нэг нь өшиглөсөн. Тэгэхээр нь жолооч буугаад “яаж байгаа юм бэ” гэтэл тэр хоёр эмэгтэй “наад гичийгээ буулгаад ир” гээд байсан. Тэгээд шар үстэй эмэгтэй нь хаалга онгойлгоод, над руу дайраад, хэл амаар доромжлоод байсан. Тэр үед би машинаас буугаад бид хоёр барьцалдсан. Би зодуулж байхдаа таксины жолооч залуугаар гэрээсээ хүн дуудуулсан. Машинаас буугаад орцны үүд хүртэл зууралдаж явсан. Намайг газар унагааж чирээд, хоёр эмэгтэй хоёулаа цохиж байсан. Тэгээд орцонд орох үед хоёулаа дэвсээд, өшиглөөд байсан. Тамхи нэхсний дараа таксины жолооч машинаа хөдөлгөөд булан тойроод эргэх гэтэл шар үстэй эмэгтэй нь өөдөөс ирж байсан. Тэгтэл таксины жолооч “наадах чинь гартаа нэг зүйл барьчихсан байна, зүсчих вий дээ” гэж байсан. Тэгээд ойртоод иртэл таксины жолооч надад хандан “гартаа хутга барьсан байна” гэж хэлээд бид хоёр машинтайгаа ухраад, машинаа түгжсэн. Харин цонхоо хааж байтал цонхны завсраар гараа оруулж ирээд, нүүр лүү чичээд байсан. Таксины жолооч уурлаж, болиоч гээд тэр эмэгтэйг цааш нь түлхсэн. Тэр хутга нь шар эрээн өнгийн иштэй, 20 орчим см урттай байсан. Миний биед хүрч, хатгаж зүсээгүй. Намайг цонхоо хааж байхад машины хаалга руу өшиглөхөөр нь жолооч уурлаад, машинаасаа буутал, нөгөө хоёр эмэгтэй миний талын хаалгыг онгойлгоод, намайг буулгасан...” /хх-15-16, 86-87/,

Гэрч Я.Даваадугарын “...21 дүгээр хорооллын байрны дунд ирээд үйлчлүүлэгчээс мөнгөө авах гээд зогсож байтал нэг эмэгтэй ирээд, машинд сууж байсан эмэгтэйгээс “тамхи байна уу” гэж асуусан. Машинд сууж байсан эмэгтэй цочоод “намайг айлгачихлаа” гэхэд нөгөө эмэгтэй цаашаа явж байснаа эргэж ирээд, машины цонхоор “хөөе гичий минь буугаад ир, ална шүү” гэхээр нь би “ахын дүү боль” гээд урагшлаад зогссон. Гэтэл нөгөө эмэгтэй араас ирэнгүүтээ машины цонхоор хутгатай гараа оруулаад, машинд сууж байсан эмэгтэйн нүүрийг зүсэх гээд байсан. Тэгээд би машинаа хөдөлгөөд байрыг нь тойроод буцаж ирэхэд хоёулаа болчихсон зогсож байсан. Тэд машины урд зогсоод явуулахгүй байсан. Хутга гаргасан эмэгтэй найз эмэгтэйн хамт ирээд эхлээд эвтэйхэн ярьж байснаа гэнэт машинд сууж байсан эмэгтэйн нүүр лүү алгадаад, үсдэж чирээд машинаас буулгасан. Машинд сууж байсан эмэгтэйг тэр хоёр зэрэг үсдээд газарт унагаагаад өшиглөөд, алгадаад байсан...” /хх-26-27/,

Ц.Цэгмэдийн сэжигтнээр өгсөн: “...04 цаг өнгөрч байхад тамхи авахаар гарсан. Тэгтэл орцны үүдэнд машинтай ах, эгч хоёр зогсож байсан. Тэгэхээр нь би машины баруун талаар тойрч очоод, урд сууж байсан эмэгтэйгээс “мөнгөөр нь хоёр ширхэг тамхи өгчих” гэж асуугаад 5000 төгрөг өгсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор түүнээс хойш хэсэг хугацаанд ямар нэгэн зүйл санахгүй байна. Нэг мэдэхэд тэр эмэгтэйтэй хэрэлдэж байсан. 100 төгрөг барьчихаад яагаад хүн доромжлоод байгаа юм, тийм л баян юм бол дансаа шалгуулчих гэх зэргээр хэрэлдэж байснаа машинаас гарч ирээд миний цээж рүү цохьсон. Тэгэхээр нь би гэр лүүгээ ороод найз О.Сувдыг дуудаж, хамт гарсан. О.Сувд биднийг салгах гээд дундуур орж иртэл, түүнийг “чи хэн юм” гээд гэдэс рүү нь цохьсон. Гэтэл О.Сувд түүнийг “давраад байгаарай” гээд нүүр лүү нь мангасдаж унагаагаад хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан. Тэгж байгаад бид хоёр айгаад зугтаачихсан. Гэртээ ороод гутлаа өмсчихөөд, буцаж гараад явж байтал нөгөө эмэгтэй эх, дүү хоёрынхоо хамт байрны хоёр талаас гараад ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн эх нь намайг барьж аваад багалзуурдаад нөгөө эмэгтэй намайг үсдсэн. Би гартаа ямар нэгэн зүйл барьсан үгүйгээ санахгүй байна, гэхдээ манай гэрт байсан бор шаргал өнгийн жижиг хутга алга болсон байсан. Манай найз охин түүнийг бас зодсон...” /хх-45-46/,

О.Сувдын сэжигтнээр өгсөн: “...Гаднаас Ц.Цэгмэд орж ирээд “зодуулчихлаа, найзыгаа аваад гараад ир гээд байна” гэсэн. Тэгэхээр нь дагаад гартал зодолдсон хүн нь явчихсан байсан. Гэтэл нөгөө машин нь булан тойроод буцаад гарч ирэхээр нь Ц.Цэгмэд очоод жолоочийн хаалгаар нь хажууд нь сууж байсан эмэгтэйг “буугаад ир” гэтэл жолооч нь “та нар одоо больцгоо, бүгд согтуу байна” гэсэн. Тэгээд би нөгөө эмэгтэй дээр очоод “манай найз согтуу байна, уучлаарай авч ороод унтуулчихъя” гэж хэлээд байж байтал Ц.Цэгмэд түүнтэй маргалдан муудалцаад зодолдъё гээд байсан. Тэд мөнгөний талаар хэрүүл хийгээд байсан. Би “та одоо болиоч” гэтэл “чи наад комиссын хувцас өмссөн охиноо өмөөрлөө, цаашаа бай” гээд миний гэдэс рүү цохьсон. Энэ үед Ц.Цэгмэд “манай жирэмсэн найзын гэдэс рүү цохилоо” гэхээр нь миний уур хүрээд түүнийг алгадсан. Тэгтэл тэрээр машинаас бууж ирээд, хэрэлдэж байгаад би гэр рүү ороход Ц.Цэгмэд орж ирээгүй. Эргээд гартал Ц.Цэгмэд түүнтэй орцонд зодолдож байсан. Би салгах гэтэл намайг маажихаар нь би хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь Ц.Цэгмэд бид хоёр ард талын байр луу зугтаасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Ц.Цэгмэд хутга гаргасныг цагдаа дээр ирээд л мэдсэн. Би Б.Ууганцэцэгийг машинд сууж байхад нь нэг удаа, машинаас бууж ирэхэд нь нэг удаа, орцонд  зодолдож байх үед нь нэг удаа цохьсон. Эхлээд машинд байхад нь нүүр лүү нь цохьсон, машинаас бууж ирэхэд нь гуя руу нь өшиглөсөн байх, орцонд байхад нь гуя руу нь өшиглөсөн. Б.Ууганцэцэг эхлээд машинд сууж байхдаа миний нүүр лүү цохьсон, дараа нь машинаас бууж ирээд гэдэс рүү цохиод өшиглөөд байсан. Хэн хутга гаргаж ирснийг би мэдэхгүй...” / хх-54-55, 101-102/,

Гэрч Б.Билгүүний “...Би хэрэг гарах үед 3 дугаар байрны гадна байсан болохоор юу болсныг мэдээгүй. Тэр үед Ц.Цэгмэд гэрээсээ гэрийнхээ түлхүүр, цэвэр ус, жижиг хутгыг аваад гарсан гэж байсан. Түүнээс тэр зүйлсээр яах гэж байсан талаар асуухад түлхүүрээр гэрээ онгойлгоно, архи уучихсан байсан болохоор ус уух гэж байсан гэсэн. Хохирогч гэх эмэгтэй Ц.Цэгмэдийг “мөнгөгүй, подвальд амьдардаг” гээд доромжлоод байхаар нь айлгах гэж жижиг хутгаа авч гарсан гэж надад хэлж байсан. Хэрхэн айлгасан талаар нь мэдэхгүй байна...” /хх-91-93/,

Гэрч Э.Хатанбаатарын “...хэргийн газарт очиж нөхцөл байдалтай танилцахад зодуулсан гэх эмэгтэй над руу хутга гаргаж ирээд нүүр зүсэх гээд байсан, таксины жолооч залуу “хутга нь энэ байна” гээд бор шаргал өнгийн хутга авчирч өгснийг тухайн үед жижүүрт гарч байсан мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн...” /хх-88-89/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 9405 дугаар шинжээчийн “Б.Ууганцэцэгийн биед тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хүзүү, шууны цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-29/, гэмт хэрэг зөрчлийн тухай дуудлага хүлээн авсан тэмдэглэл /хх-85/ зэрэг нотлох баримтуудаар,

О.Сувд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Цэгмэдтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хорооны 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж Б.Ууганцэцэгийг зодож, биед нь “тарих доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний  гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Ууганцэцэгийн “...Тэгтэл нөгөөх өндөр эмэгтэй нь ирээд найзтайгаа нийлж намайг зодсон. Намайг газар унагааж чирээд, хоёр эмэгтэй хоёулаа цохиж байсан. Тэгээд орцонд орох үед хоёулаа дэвсээд, өшиглөөд байсан. Хар үстэй өндөр эмэгтэй нь доошоо подваль руу буусан. Тэгээд хаалгаа нээхгүй цаанаас нь татаад байсан…” /хх-15-16, 86-87/,

Гэрч Я.Даваадугаарын “...Хутга гаргасан эмэгтэйн найз нь гэх эмэгтэй ирээд эхлээд эвтэйхэн ярьж байснаа гэнэт машинд сууж байсан эмэгтэйн нүүр рүү алгадаад, үсдэж чирээд машинаас буулгасан. Машинд сууж байсан эмэгтэйг тэр хоёр зэрэг үсдээд газарт унагаагаад өшиглөөд алгадаад, цементэн дээр чирээд байсан...” /хх-26-27/,

О.Сувдын яллагдагчаар өгсөн “...Миний уур хүрээд түүнийг алгадсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй машинаас бууж ирээд хэрэлдэж байгаад гэр лүүгээ орсон. Тэгээд Ц.Цэгмэдийг орж ирэхгүй байхаар нь гартал тэд орцонд зодолдож байсан. Тэднийг салгах гэтэл нөгөө эмэгтэй намайг маажихаар нь түүнийг хэд хэдэн удаа цохьсон...” /хх-54-56/,

Ц.Цэгмэдийн сэжигтнээр өгсөн “...би гэр лүүгээ ороод найз О.Сувдааг дуудаж, хамт гарсан. ...О.Сувдаа түүнийг “давраад байгаарай” гээд нүүр лүү нь мангасдаад унагаагаад хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан. ...Манай найз охин түүнийг бас зодсон. Гэхдээ хэрхэн зодсоныг нь би мэдэхгүй байна...” /хх-45-46/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ц.Цэгмэд, О.Сувд нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Ц.Цэгмэдийг О.Сувдтай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, Б.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, ялтан О.Сувдыг Ц.Цэгмэдтэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан, Б.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь нотлогдсон, тухайн үед хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Ц.Цэгмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, О.Сувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Цэгмэдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Ц.Цэгмэд “...хэт яллах талыг барьж, ял шийтгэл оногдуулсан, хохирогч, гэрч нар үгээ нийлүүлж, намайг хутга гаргаж, нүүр зүсэх гэлээ гэж худал мэдүүлэг өгсөн, хохирогчийн буруутай үйлдлийг харгалзан үзээгүй тул хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь гэмт хэрэг, зөрчлийн тухай дуудлага хүлээн авсан цагдаагийн ахмад Э.Хатанбаатарын “...зодуулсан гэх эмэгтэй над руу хутга гаргаж нүүр зүсэх гээд байсан, таксины жолооч залуу “хутга нь энэ байна” гээд бор шаргал өнгийн хутга авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг нь хохирогч Б.Ууганцэцэгийн “...Дөхөөд очтол машины цонхоор хутга оруулж ирээд нүүр лүү чичлээд намайг зүсэх гэж байхад машины жолооч хөдлөөд явсан...”, гэрч Б.Билгүүний “...Хохирогч гэх эмэгтэй Ц.Цэгмэдийг “мөнгөгүй, подвальд амьдардаг” гээд доромжлоод байхаар нь айлгах гэж жижиг хутгаа авч гарсан гэж надад хэлж байсан...”, гэрч Я.Даваадугарын “...Гэтэл нөгөө эмэгтэй араас ирэнгүүтээ машины цонхоор хутгатай гараа оруулаад, машинд сууж байсан эмэгтэйн нүүрийг зүсэх гээд байсан.” гэх хууль сануулан авсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул ялтан Ц.Цэгмэдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Танхайрах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийж, улмаар бусдын бие махбодид халдаж, энэхүү үйлдлээсээ үүсэх хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.

Түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсэн бол бусдын биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчлэхээр заасан байна.

Танхайрах гэмт хэрэг үйлдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог ба Ц.Цэгмэд, О.Сувд нар нь нийтийн зориулалттай орон сууцны гадна гудамж талбайд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, “тамхи байна уу” хэмээн согтуурхаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Ууганцэцэгийн биед нь гэмтэл учруулж байгаа үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж буй нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ц.Цэгмэдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, О.Сувдыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан хэмээн үзэж түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулахаар шийдвэрлэсэн нь ялтан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байна.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт яллах дүгнэлтэд иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай хэрэгсэл буюу зэвсгийн чанартай бусад зүйл гэх хууль зүйн агуулгаар дүгнэсэн нь буруу байна гэжээ.

Улсын Дээд Шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолоор зэвсгийн чанартай бусад зүйлд “...гал тогооны болон сахлын хутга...” гэх мэт эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласнаар ахуйн хэрэгцээнд хэрэглэгдэх хутга нь (хүйтэн зэвсэг[1] бус) зэвсгийн чанартай бусад зүйлд хамаарч байгааг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Цэгмэдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулнаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            Н.БАТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Монгол хэлний их тайлбар толь