Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, иргэдийн төлөөлөгч М.Цэрэндэжид, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Б.Сүхболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батболдын Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1236 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Боржигон овогт Батболдын Сүхболд, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 60-26 тоотод бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, регистрийн дугаар нф91030314, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хорих ангиас суллагджээ.

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Сүхболд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа давтан үйлдээр;

- 2016 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн үед Г.Отгонцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд явж байхад эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, гарыг цохиж хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авч 63.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Б.Отгонжаргалыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд явж байхад эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, хөлийг нь цохиж өшиглөх, газар түлхэн унагах зэргээр хүч хэрэглэн довтолж цүнхтэй бэлэн 80.000 төгрөг, 220.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Энэ хэргийн хохирогч Г.Отгонцэцэг, Б.Отгонжаргал нар мөрдөн байцаалтын үед “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэж, оролцох эсэхийг лавлахад тэд “шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогчийн эрхийг хангасан гэж үзнэ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Сүхболд: Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчаас уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч миний хувьд мөнгөгүй учир хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт:

2.1.Хохирогч Г.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед буюу Орбитын тойргоос гэр рүүгээ явж байх үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 65 дугаар гудамжинд өөдөөс нэгэн эрэгтэй хүн ирж байсан. Тэр эрэгтэй миний цүнхийг булаахаар татах үед би өгөхгүй гээд цүнхээ өөр рүүгээ татсан чинь тэр залуу миний гар руу цохиж цүнхийг тавиулах гэж оролдсон. Би “болиоч” гэсэн чинь миний толгойн зулай хэсэгт гараараа цохиж, цүнхийг тавиулаад Орбитын тойргийн чиглэлд зугтаасан. Тэгээд би гэртээ очоод цагдаад хандсан. Тэр залуу миний баруун, зүүн бугуйд цус хуралт гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

...Би цүнхээ 15.000 төгрөг, Орифлейм нэрийн үнэртэй усаа 35.000 төгрөг, нүүрний энгэсэгээ 12.000 төгрөг, нүүрний тосоо 15.000 төгрөг, уруулын будаг, уруул хүрээлэгчээ 10.000 төгрөг, нүдний тенээ 6.000 төгрөгөөр тус бүр үнэлж байна. Мөн цүнхэнд бэлэн 29.000 төгрөг байсан. Би эд зүйлсийн үнэлгээтэй танилцсан. Үнэлэгдээгүй эд зүйлс нь хэрэглэсэн, хуучин эд зүйлс байсан. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 157 дугаар хуудас),

2.2.Хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 06-ны орой 00 цаг өнгөрч байх үед ахынхаасаа гараад гэр рүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны толгойтын 61 дүгээр гудамжинд явж байтал миний араас нэгэн эрэгтэй гүйж ирээд, миний зүүн чих рүү алгадаад, баруун хөл рүү өшиглөөд, намайг түлхэж унагаад, зүүн мөрөндөө үүрч байсан цүнхийг минь булааж аваад, Орбитын тойргийн зүг рүү зугтаасан. Би түүний араас орилоод хөөсөн. Харин тэр залуу хашаа даваад зугтаасан. Би гудамжинд явж байсан машиныг зогсоотол хоёр залуу байсан. Тэр хоёр залууд “дээрэмдүүлсэн” гэдгээ хэлээд тэдний хамт зугтаасан залууг машинаар хөөж байгаад “Алтай” худалдааны төвийн харалдаа гудамжинд машинтайгаа отож байгаад түүнийг барьж, цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас),

2.3.Гэрч Э.Бямба-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “эмэгтэй хүн дээрэмдүүлсэн” гэх дуудлагын дагуу тус хорооны Толгойтын 65 дугаар гудамжны 14-10 тоот хаягаар очиж, хохирогч эмэгтэйтэй уулзахад тэрээр “Орбитын тойргоос гэр рүүгээ алхаж байсан чинь гудамжинд нэгэн эрэгтэй намайг зодоод, миний цүнхийг дээрэмдэж аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд цүнхэнд нь ямар эд зүйлс байсан талаар асуухад “эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, бичиг баримт байсан” гэж хэлсэн. Дараа нь Орбитын тойрог дахь караоке болон дэлгүүрийн камерын бичлэгийг шалгасан. Орбитын тойрогт байрлах Алтай караоке руу ороход сэжигтэй хоёр хүн шар айраг уугаад сууж байсан. Тэднийг шалгаж биед нь үзлэг хийтэл Сүхболд гэдэг залуугаас “эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл” гарч ирсэн. “Ямар учиртай” талаар асуухад “манай эгчийн эд зүйлс, би эгчтэйгээ маргалдаад аваад гарч ирсэн юм аа” гэж хэлсэн. Тэгээд хохирогч эмэгтэйн гэрт очиж, Сүхболдын биед байсан эд зүйлсийг хүүхдэд нь үзүүлсэн. Тухайн үед хохирогч эмэгтэй согтуу байсан. Хүүхэд нь тэдгээрийг үзээд “манай ээжийн эд зүйлс мөн байна” гэж хэлсэн. Сүхболд “би сая ганцаараа явж байгаад эмэгтэй хүний цүнхийг дээрэмдсэн, бусад эд зүйлс хаана байгааг зааж өгье” гэж хэлсэн. Тэгээд Толгойтын 65 дугаар гудамжны айлуудын хашааг давуулан бичиг баримт, банкны картуудыг нугалаад хаясан байснаа бүгдийг нь зааж өгсөн. Сүхболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн хэлтсийн саатуулах байранд хийх гэтэл “гэмт хэргийн холбогдогч авахгүй” гэж хэлсэн. Тиймээс түүнийг хүлээлгийн танхимд суулгаад, жижүүрийн цагдаад “харж байгаарай” гэж хэлээд дараагийн дуудлагандаа явсан… гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),

2.4.Гэрч О.Алтантариагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...100 грамм архи авчихаад сууж байсан чинь тэр караокед саарал хүрэмтэй хөдөөний гэмээр ганц залуу ширээн дээрээ хоёр шар айраг тавьчихсан сууж байсан. Би түүнд хань болоод хамт суутал гаднаас энгийн хувцастай цагдаагийн хүмүүс ирээд, “халаасандаа байгаа эд зүйлсээ ширээн дээр гаргаад тавь” гэсэн. Би өөрт байгаа эд зүйлсээ гаргаж тавьсан. Харин хамт сууж байсан саарал хүрэмтэй залуугаас үнэртэй ус гэх мэт эмэгтэй хүний хэрэглэдэг эд зүйлс гарч ирсэн. Тэгээд цагдаа нар бид хоёрыг шалгахаар дагуулж гараад, намайг цагдаагийн машинд суулгасан. Харин саарал хүрэмтэй залууг энгийн хувцастай цагдаа нар аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

2.5.Гэрч С.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд очиход нэгэн эмэгтэй “гэр рүүгээ явж байтал үл таних эрэгтэй араас гүйж ирээд, татаж унагаад, хөл рүү өшиглөөд, цүнх дээрэмдээд зугтаасан. Тэгэхээр нь соната 6 загварын машинтай залуусыг гуйж, түүний хойноос хөөж, барьж авлаа” гэж хэлсэн. Тэр эмэгтэйг дээрэмдсэн гэх залуу газар хэвтээд босохгүй байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн чинь түргэний эмч “зүгээр байна” гэсэн. Тэр эрэгтэйн биед байсан эмнэлгийн амбулаторийн картыг үзэхэд “1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Батболдын Сүхболд” гэж бичсэн байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 58 дугаар хуудас),

2.6.Гэрч Э.Энхсаруулын мөрдөн байцаалтад өгсөн: ...Хэрэг гарсан гэх газарт очиход нэгэн эмэгтэй “цүнхээ дээрэмдүүлсэн” гэсэн бөгөөд “хүмүүстэй нийлж цүнх дээрэмдсэн эрэгтэйг барьлаа” гэж хэлсэн. Тэгээд цүнх дээрэмдсэн залууг хартал урьд уг гудамжинд эмэгтэй хүний цүнх дээрэмдэж байсан Батболдын Сүхболд байсан. Б.Сүхболдоор дээрэмдсэн эд зүйлсээ хаана хаясныг заалгахад “цүнхийг 61 дүгээр гудамж дахь хаяггүй хашаан дээгүүр давуулаад шидсэн” гэж заасан бөгөөд уг хашаанд очиж шалгатал хохирогчийн цүнх, энгэсэг нь байсан. Мөн Сүхболдын халааснаас хохирогчийн гар утас, чихэвч зэрэг эд зүйлс гарч ирсэн. Би тухайн үед эд зүйлсийг хохирогч эмэгтэйд өөрт нь хүлээлгэж өгөөд хэргийн газрын үзлэгийг дуусгаж, Б.Сүхболдыг цагдаагийн хэлтэст авчирсан... гэх мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас),

2.7.Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед дүү Отгонжаргал манайд ирсэн бөгөөд 23 цаг өнгөрч байх үед буцаж явсан. Би хүүхэдтэйгээ хамт түүнийг Орбитын тойрог хүртэл гаргаж өгсөн. Отгонжаргал түүнээс цааш гэр рүүгээ ганцаараа явсан. Гэр нь Орбитын тойргоос ойрхон байдаг юм. Харин маргааш нь Отгонжаргал “ээжид битгий хэлээрэй, би өчигдөр орой дээрэмдүүлсэн” гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 60 дугаар хуудас),

2.8.Гэрч Б.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хохирогч Г.Отгонцэцэг, Б.Отгонжаргал нарын эд зүйлсэд үнэлгээ хийсэн. Комисс үнэлгээ хийхдээ үнэлэгдэж буй эд зүйлсийн шинж чанар, эдэлгээг харгалзан тооцдог. Г.Отгонцэцэгийн эд зүйлс нь хэрэглэсэн, хуучин эд зүйл байсан учир үнэлээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 158 дугаар хуудас),

2.9.Хохирогч Г.Отгонцэцэг, Б.Отгонжаргал нарын дээрэмдүүлсэн эд зүйлсийн үнэлгээг тогтоосон баримтууд (хх-ийн 35, 62, 159 дүгээр хуудас),

2.10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5823 дугаартай: Г.Отгонцэцэгийн биед баруун, зүүн бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хх-ийн 24 дүгээр хуудас),

2.11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9600 дугаартай: Б.Отгонжаргалын биед баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 65 дугаар хуудас),

2.12.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 558 дугаартай: Б.Сүхболд нь 12, 13 настайгаасаа “Тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг. Шинж тэмдгийн уналт таталт” сэтгэцийн өвчнөөр өвчилж эхэлсэн. Б.Сүхболд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна. Б.Сүхболд нь хэрэг хариуцах чадвартай. Б.Сүхболд нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Сүхболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас),

2.13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн хэлтсийн шинжээчийн 3428 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн О.Алтантариагийн гарын дардас шинжилгээнд тэнцсэн. Шинжилгээнд тэнцсэн гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохироогүй гэх дүгнэлт (хх-ийн 32 дугаар хуудас),

2.14.Шүүгдэгч Б.Сүхболдын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны орой би Орбитын тойрог орчимд шар айраг уучихсан хамаатны айл руугаа ганцаараа явж байхад миний урд нэг эмэгтэй явж байсан. Би түүний хажуугаар зөрөхдөө цүнхийг нь булааж зугтаагаад “Соёмбо дөл” гэх дэлгүүрийн урд байрлах гэрэлтүүлэг доор очоод, цүнхийг нээж үзэхэд дотор нь бэлэн 8.000 төгрөг, эмэгтэй хүний нүүрний будаг, үнэртэй ус, бичиг баримт, банкны картууд байсан. Би үнэртэй ус, нүүрний будагнуудыг авч, бичиг баримтуудыг айлын хашаанд хаяад, Орбитын тойрог орж, караокед шар айраг уусан. Тэр үед нэгэн залуу миний ширээ рүү ирээд, бид хоёр хамт шар айраг уугаад сууж байтал энгийн хувцастай цагдаагийн хүмүүс орж ирсэн. Тэд бид хоёрыг “халаасандаа байгаа эд зүйлсээ харуул” гэж хэлэхээр нь би халааснаасаа цүнхийг нь булаасан эмэгтэйн эд зүйлсийг гаргаж ирсэн. Цагдаа нар утсаар ярьж, миний халааснаас гарч ирсэн эд зүйлсийг асуугаад, намайг гавалсан. Би тэр цагдаа нарт цүнх болон бичиг баримт хаясан газраа зааж өгсөн. Тэгээд намайг цагдаагийн хэлтэст дагуулж ирсэн. ...Би архи уух гээд мөнгөгүй болохоор тэр эмэгтэйн цүнхэнд мөнгө байж магадгүй гээд булаасан. ...Би тэр эмэгтэйг ерөөсөө цохиж зодоогүй зүгээр цүнхийг нь булаасан. ...2011 онд дээрмийн гэмт хэрэг үйлдэж 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сард өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

2.15.Шүүгдэгч Б.Сүхболдын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би эхний хохирогч эмэгтэйг эгч Гантөмөртэй муудалцаад гэрээсээ гарч явж байхдаа дээрэмдсэн. Харин хоёр дахь эмэгтэйг халамцуу явж байгаад дээрэмдсэн. Би эдгээр хэргийг ганцаараа үйлдсэн. Би Отгонжаргалын бор өнгийн цүнхийг дээрэмдэхэд дотор нь нэг ширхэг гар утас, энгэсэг, уруул өнгөлөгч байсан. Тухайн үед цүнхийг нь дээрэмдээд явахад хохирогч эмэгтэй араас машинтай хөөгөөд байхаар нь хашаа давж зугтаасан. Тэгэхдээ эд зүйлсийг нь хаясан байж магадгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 67 дугаар хуудас),

2.16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7, 46-47 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 74 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75 дугаар хуудас), Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 86 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажсан хуулбар (хх-ийн 77-79 дүгээр хуудас), Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаартай захирамжийн баталгаажсан хуулбар (хх-ийн 80-81 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Сүхболдын эд хөрөнгийн байдлыг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Сүхболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Сүхболд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан түүний эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хасаж, тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө хорих ангиас суллагдсан байна.

Гэтэл тэрээр ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад давтан үйлдлээр;

- 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд Г.Отгонцэцэгийн эд зүйлсийг авах зорилгоор түүний амь биед аюултайгаар толгой, гар руу нь цохих үйлдлээр хүч хэрэглэн довтолж, цүнх, бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 63.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 7 дугаар сарын 06-наас 07-д шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд Б.Отгонжаргалын эд зүйлсийг авах зорилгоор түүний амь биед аюултайгаар  толгой, гар руу цохих, хөл рүү өшиглөх, түлхэж унагах үйлдлээр хүч хэрэглэн довтолж, цүнх, бэлэн 80.000 төгрөг, 220.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 2016 2601 1236 дугаартай хэрэгт шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Сүхболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар нь уг үйл баримтын талаар мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Харин мөрдөн байцаалтын үед Б.Сүхболд “хохирогч эмэгтэйчүүдэд хүч хэрэглээгүй” хэмээн мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн “хохирогч эмэгтэйчүүдэд хүч хэрэглээгүй” гэх мэдүүлгийг хохирогч, гэрч нарын мэдүүлэг хийгээд шинжээчийн дүгнэлтүүд бүрэн няцааж байна. Нөгөөтэйгүүр сэжигтэн, яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй оролцогч тул худал мэдүүлснийг буруутгах, хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болохыг дурдав.

Иймд прокуророос Б.Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн мөрдөн байцаалтаар хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтоосон, нотолбол зохих асуудлуудыг нотолсон, яллах дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Б.Сүхболд нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан байх бөгөөд түүнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4. дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй тул түүнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзнэ.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10. дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” гэж заасан тул түүнийг уг хуульд дахин хамааруулахгүй бөгөөд ялтай байдлыг хэрэгсэхгүй болгохгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Сүхболдыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Сүхболд нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин гэмт хэрэг давтан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, уг ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн мөрдөн байцаалтаар Б.Сүхболдын эд хөрөнгийн байдлыг шалгасан байх бөгөөд шүүх түүний хөрөнгөгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсангүй.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Г.Отгонцэцэгт эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар 63.000 төгрөгийн хохирол учирсан боловч хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баримтаар түүнд эд зүйлсийг хүлээлгэн өгсөн байх тул 29.000 төгрөгийг, хохирогч Б.Отгонжаргалд эд зүйлсийн үнэлгээгээр 300.000 төгрөгийн хохирол учирсан боловч хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан баримтад дурдсан хүлээлгэн өгсөн эд зүйлсийн үнийн дүнг хасаж, 152.000 төгрөгийг тус бүр шүүгдэгч Б.Сүхболдоос гаргуулж, хохирогч нарт олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Сүхболд нь энэ хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 хоног баривчлагдсан бөгөөд шүүх хэргийг хүлээн авах үед буюу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нийт 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Сүхболдын гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Сүхболдод оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Сүхболдыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Сүхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдод оногдуулсан 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдын цагдан хоригдсон нийт 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сүхболдын гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдоос;

-29.000 (хорин есөн мянга) төгрөг гаргуулж, хохирогч Г.Отгонцэцэг (РД:УГ75101701, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 65-14-10 тоот, утасны дугаар: 99921824)-т,

-152.000 (зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулж, хохирогч Б.Отгонжаргал (РД:МК89091101, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 20-17 тоот, утасны дугаар: 99621549)-д тус тус олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Сүхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сүхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА

    ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ                                                          

                                                Г.МӨНХЗУЛ