Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 176

 

                                                                     С.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/853 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/40 дүгээр магадлалтай, С.А-т холбогдох 1911029900955 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч С.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлж тогтоож, мөн хуулийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.А-т сануулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.А-т холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зуйлийн 1зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хохирогч А.Б, гэрч Э.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн С.А-ын гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.А нь хохирогч А.Б-т хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар хохирогч тууштай мэдүүлж тэрээр гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, С.А-ын үйлдлийн улмаас хохирогч А.Б-т “хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан ба үүнийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс прокурорын шуүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж, тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцуулах, шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй баримтыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч С.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” үндсэн шинж тогтоогдоогүй, уг гэмт хэргийн сэдэлт нь хохирогч А.Б, шүүгдэгч С.А нарын хооронд болсон таарамжгүй харьцааны улмаас бий болж, С.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 заасан гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.А гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тухайн дүүргийн 12 дугаар хорооны 32-ийн тойргийн автобусны буудлын арын шороон зам дээр авто машинтай явж байгаад хохирогч А. Б-тай 2 талаас, өөд өөдөөсөө гарч ирэн хоорондоо зам тавьж өгсөнгүй хэмээн маргалдсаны улмаас зодолдож, биед нь хөнгөн гэмгэл учруулсан. Харин бусдыг хамарч, нийгмийн хэв журмыг алдагдуулсан зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин, 2,000,000 төгрөг А.Б-т өгч хохирлыг барагдуулсан ба А.Б нь ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа прокурорт гаргасан. Давж заалдах шатны шүүхэд “надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөх”-ийг хүссэн гомдлыг минь харгалзан үзэлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо барагдуулсан, ажил төрлөө үргэлжлүүлэн компанидаа үлдэх, амьдрал ахуйгаа авч явах хүсэлтэй байгаа нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж торгох ялаар өөрчлөн шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч түүнтэй хамт явсан гэх гэрч нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн С.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-тай маргалдан, улмаар түүний нүд рүү гараараа цохиж, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдлээ олон нийтийн газар нийтэд илээр үзүүлсэн байхад олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд С.А-ыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь буруу байна...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлүүдээр илэрдэг бөгөөд нийтийн хэв журам гэдэгт олон нийтийн буюу иргэдийн амгалан тайван байдал, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамааруулан ойлгохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчин, нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулааны холбооны эд зүйлсийн бүрэн бүтэн байдал зэргийг хамааруулан үздэг билээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.А нь зам тавьж өгсөнгүй, холын гэрлээ унтраа гэх зүйлээс болж хэрүүл маргаан өрнүүлж маргалдах явцдаа хохирогч А.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд шүүгдэгчийг нийтийн хэв журмыг бусадтай бүлэглэн зөрчсөн,  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаа зорилго бүхий идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх С.А-ын гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн гэм бурууд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй юм.

Шүүгдэгч С.А-ын үйлдэлд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй байна...” гэсэн прокурорын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч С.А-т анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хангахгүй орхиж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/40 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/853 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.АМАРБАЯСГАЛАН

                    ШҮҮГЧ                                        С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН