Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2021/0079/З |
Дугаар | 001/ХТ2022/0071 |
Огноо | 2022-11-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/0071
“Э” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн
Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0522 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 579 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагч нарын гомдлоор, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Г.М, хариуцагч Л.М, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “Э” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нарт холбогдуулан “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: ... Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон 26171000693 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Л.М, Б.О нараас “Э” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн; 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийн 2014-2016 онуудад газрын төлбөрөө тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй гэх асуудлыг шалгаж “татвар ногдох орлого болох газрын төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтыг баримтлан оногдуулсан шийтгэлийн 143,220,000 төгрөг, хохирлын 477,400,000 төгрөг, нөхөн төлбөрийн 95,480,000 төгрөг, нийт 716,100,000 /долоон зуун арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.1. Гомдол гаргагч “Э” ХХК нь гомдлын шаардлагын үндэслэлээ “... захиргааны байгууллага нь манай компанид зөрчлийн арга хэмжээ авсан талаараа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, зохих ажиллагааг хийсэн гэж харагдахын тулд манай компанид гарчигласан мэдэгдэх хуудсаа илгээж, эсхүл гардуулж өгөөгүйгээ “Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй” гэсэн үндэслэлээр хадгалсан байсан, ... эрх ашигт халдсан торгуулийн арга хэмжээ авч, хууль бус үндэслэлээр төлөх татварын хэмжээг нэмэгдүүлсэн, ... хууль бус шийдвэрийн улмаас 716,100,000 төгрөг төлөх болсон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа алдагдан ... хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан ... ” гэж тодорхойлон, улмаар “ ... газрын төлбөрийн тооцоолол буруу хийгдсэн, өөр компанийн газрын төлбөрийг манай компанийн газрын төлбөрийн гэх дүнд оруулж тооцсон байхад үүнийг нягтлаагүй, үүний улмаас шийтгэлийн хуудаст заасан нөхөн төлбөр, торгуулийн дүн алдаатай гарсан, Хан-Уул дүүргийн газрын бүсчлэл, үнэлгээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байхад уг тогтоолыг үндэслэж хийсэн тооцооллыг баримталж шийтгэл ногдуулсан нь хууль зүйн илт үндэслэлгүй ...” гэж маргасан.
2.2. Хариуцагчаас “... Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” ХХК-ийн татварын ногдуулалтад хяналт шалгалт хийх тухай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10д/4910 дугаар албан бичгийг ирүүлсний дагуу шалгалт хийгдсэн, ... томилолт үүсгэхгүйгээр шалгалт хийх боломжгүй, ... томилолтод дурдсан 2012-2016 онд хамаарах зөрчилд хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэн шийтгэлийн хуудас бичсэн ба нэхэмжлэлд дурдсан 2017-2018 оны зөрчилд хамаарах асуудалд хариуцлага тооцсон зүйл байхгүй, ... 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... албан бичгийг шуудангаар хүргүүлж, гардуулсан нь “Монгол Шуудан” ХК-ийн 2021 оны 09/774 дүгээр албан бичгээр нотлогдоно, ... дүүргийн Газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцооллыг үндэслэсэн, ... татварын байгууллага ... тухайн үед газрын гэрчилгээ хэний нэр дээр байсан, газрын төлбөрийг төлсөн эсэхийг тогтоож акт тавьсан болохоос газрын давхцалыг шалгаж тогтоодог эрх бүхий байгууллага биш ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0522 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 18.1.14, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтыг тус тус баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар актыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч нь шинээр акт гаргаагүй тохиолдолд татварын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар акт нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 579 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч Л.М, Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1. Хариуцагч Л.М, Б.О нар гомдолдоо: “... Газрын төлбөрийн төлөлтийг шалгахдаа дор дурдсан эрх бүхий байгууллагын гарган ирүүлсэн газрын төлбөрийн тооцоолол дээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж, дээрх шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулж шийдвэрлэсэн. Үүнд: Цагдаагийн ерөнхий газрын 2017.09.19-ний өдрийн 10д/4910 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгаланд хандаж ирүүлсэн албан бичигт тус компанийн улсын төсөвт газрын төлбөрөө төлөөгүй татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг бүртгэлийн 170200073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлнэ үү гээд нийслэлийн Газрын албанаас гаргасан газрын төлбөр тооцоо танилцуулгыг хавсралтаар гаргаж ирүүлсэн.
6.2. Хан-Уул дүүргийн Газрын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2016.11.15-ны өдрийн 13/1661 дугаар албан бичигт мөн тухайн газрын төлбөрийн тооцооллыг гаргаж ирүүлсэн байдаг. Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Хан-Уул дүүргийн Газрын албанд 2017.11.03-ны өдрийн 01/2182 тоотоор “Э” ХХК-ийн 2012.01.01-2016.12.31-нийг хүртэлх хугацааны газар эзэмшиж, ашиглаж байгаа мэдээлэл, түүнтэй холбоотой ногдол төлбөрийн мэдээллийг авах талаар албан бичиг хүргүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2017.12.11-ний өдрийн 13/1696 тоот албан бичгээр ““Э” ХХК-ийн газрын төлбөрийн тооцоог гарган ирүүлсэн ба ногдуулалтыг НИТХ-ын 2010.07.16-ны өдрийн 5/39 дүгээр, ХУД-ийн ИТХ-ын 2015.07.09-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг үндэслэн тооцов” гэжээ. Татварын улсын байцаагч гаргаж ирүүлсэн тооцооллыг үндэслэн хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж ажилласан байна.
6.3. Анхан шатны шүүхээс газрын төлбөрийн тооцоолол хийсэн НИТХ-ын 5/39 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байсан тул хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн; “Б Э” ХХК-ийн эзэмшил газар “Э” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан эсэхийг тогтоох боломжгүй тодорхой бус, “Э” ХХК-ийн тухайн онд төлсөн газрын төлбөрийг өмнөх оны ноогдлыг хаасан үндэслэлгүй гэсэн шалтгаануудаар актын үйлчлэлийг түдгэлзүүлж, 3 сарын хугацаанд дахин акт гаргахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нөхцөл байдлыг шүүх тал бүрээс бодитой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдал нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж өнгөц дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6.4. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байгаагүй бөгөөд газрын төлбөрийн тооцоог үндэслэл болсон 2010 оны 5/39 дүгээр тогтоол хүчингүй болсон гэх боловч, ХУД-ийн ИТХ-ын 2015.07.09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь хүчинтэй байсан тул хүчингүй болсон тогтоолыг үндэслэн нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Газрын албанаас тооцоолол хийсэн, ирүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Учир нь 5/39, 03 дугаар тогтоолууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр 2 тогтоолын газрын төлбөр тооцох итгэлцүүрийг тогтоосон байдалд зөрүүтэй зүйлгүй ижил байдлаар батлагдсан байдаг.
6.5. Шүүхээс нийслэлийн Газрын алба болон Хан-Уул дүүргийн Газрын албанаас гаргаж ирүүлсэн төлбөрийн тооцоололд яагаад НИТХ-ын 5/39, ХУД-ийн ИТХ-ын 03 дугаар тогтоолыг тус тус дурдаж газрын төлбөрийн тооцоолол гаргаж ирүүлсэн талаар, мөн “Б Э” ХХК, “Э” ХХК-ийн газрын давхардал, газрын төлбөрийн давхардал байсан эсэх асуудлыг Газрын албанаас тодруулж байж шийдвэр гаргах ёстой байсан, түүнчлэн татварын хэлтсээс эдгээр асуудлыг тодруулахын тулд гуравдагч этгээдээр нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албыг оролцуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч хүлээн аваагүй, шаардлагатай нөхцөл байдлыг тодруулж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад тодруулахгүйгээр дахин акт гаргах шийдвэр гаргасан байна.
6.6. Татварын алба нь хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхдээ татварын хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг бөгөөд энэ үүргээ биелүүлж ажилласан, Газрын алба хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төлбөрийн тооцооллыг гаргаж ирүүлэхдээ хүчингүй болсон тогтоол дурдаж ирүүлсэн нь актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлж шинэ акт гаргах үндэслэл болохгүй” гэжээ.
7. Гомдол гаргагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн О.Э, Г.М нараас хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоох;” гэж, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зааснаар гомдол гаргагч /нэхэмжлэгч/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэл зориг нь түүний гомдол /нэхэмжлэл/-ын шаардлага, үндэслэлээр тодорхойлогдох учир гомдлын шаардлагаа тодорхойлох, өөрчлөх, нэмэгдүүлэх зэрэг нь гагцхүү өөрт нь хадгалагдах эрх бөгөөд шүүх гомдол гаргагч /нэхэмжлэгч/-ийн өөрийн тодорхойлсон шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх учиртай, уг шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт өгөх, шийдвэр гаргахыг хууль тогтоогч тусгайлан хоригложээ.
10. Гомдол гаргагч “Э” ХХК-аас “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Б.О нарт холбогдуулан тэдний үйлдсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж гомдол /нэхэмжлэл/-ын шаардлагаа тодорхойлж, шүүхэд гаргасан тул шүүх захиргааны акт “илт хууль бус байх” шинжийг заасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль хэсэгт хамааруулан маргаж байгааг тодруулж, уг хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.
11. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан илт хууль бус үндэслэлийн алинд нь хамаарч байгааг тодруулаагүй, энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5-д заасан ямар ямар зөрчлүүдэд дээрх нөхөн төлбөр, алданги, торгуулийг хэрхэн ногдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй ... газрын төлбөрийг хэрхэн төлсөн болон тус компанийн төлөөгүй төлбөрийн дүн нь хэд болох, уг тооцооллыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэдэн оны ямар шийдвэр, тогтоолын дагуу хэрхэн тооцох, “Э” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газрын тодорхой хэсгийг “М и п д” ХХК, М Ү и с, “У п к”-д хэзээ, ямар тушаал шийдвэрээр хэрхэн шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэх хүртэлх газрын төлбөрийн тооцоо хэд болох, хэдэн оноос хойш хэдэн га газарт газрын төлбөрийг ямар үнэлгээ бүсчлэлээр яаж тооцох ...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хөтлөгдөж, үнэлэлт өгсөн нь дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцэхгүй, энэхүү алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ.
12. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэл болох “... манай компанид арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй ... хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ... газрын төлбөрийн тооцоолол буруу хийгдсэн, өөр компанийн газрын төлбөрийг манай компанийн газрын төлбөрийн гэх дүнд оруулж тооцсон байхад үүнийг нягтлаагүй, үүний улмаас шийтгэлийн хуудаст заасан нөхөн төлбөр, торгуулийн дүн алдаатай гарсан, Хан-Уул дүүргийн газрын бүсчлэл, үнэлгээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байхад уг тогтоолыг үндэслэж хийсэн тооцооллыг баримталж шийтгэл ногдуулсан ...” зэрэг нь захиргааны акт анх гарсан цагаасаа илэрхий алдаатай гэж үзэх Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.
13. Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн, эсхүл нотлох баримт цугларсан боловч захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрч, шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй болсон үед хэрэглэгдэх учиртай; энэхүү маргааны тухайд гомдол гаргагчаас тухайн шийтгэлийн хуудсыг “илт хууль бус” гэж маргаж байгаа тохиолдолд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Түүнчлэн, дээр дурдсан үйл баримт буюу түүнд хамааралтай нотлох баримт нь шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд цуглуулж, дүгнэлт өгөх боломжгүй баримт биш байх тул хариуцагч нарын “... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байгаагүй бөгөөд газрын төлбөрийг тооцоход үндэслэл болсон 2010 оны 5/39 дүгээр тогтоол хүчингүй болсон гэх боловч, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь хүчинтэй байсан тул хүчингүй болсон тогтоолыг үндэслэн нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Газрын албанаас тооцоолол хийж ирүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Учир нь 5/39, 03 дугаар тогтоолууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр 2 тогтоолын газрын төлбөр тооцох итгэлцүүрийг тогтоосон байдалд зөрүүтэй зүйлгүй ижил байдлаар батлагдсан ... шүүхээс нийслэлийн Газрын алба болон Хан-Уул дүүргийн Газрын албанаас гаргаж ирүүлсэн төлбөрийн тооцоололд яагаад НИТХ-ын 5/39, ХУД-ийн ИТХ-ын 03 дугаар тогтоолыг тус тус дурдаж газрын төлбөрийн тооцоолол гаргаж ирүүлсэн талаар, мөн “Б Э” ХХК, “Э” ХХК-ийн газрын давхардал, газрын төлбөрийн давхардал байсан эсэх асуудлыг Газрын албанаас тодруулж байж шийдвэр гаргах ёстой байсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
15. Иймд, хариуцагч Л.М, Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 579 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ