Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01765

 

 

 

 

 

 

 

 

     2023         09          15                                          210/МА2023/01765

 

 

Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01917 дугаар шийдвэртэй,

Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.  Монголын Олон Улсын Арбитрын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 496 тоот шийдвэрээр “Ю” ХХК-аас 4,866,886,525 төгрөг гаргуулж “Т” ХХК-д олгож, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Ю” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 71,638,000,000 төгрөгөөр, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-179/11751 тоот хавсралтад авагдсан үнэлгээний мэдэгдэлд дурдсан 32 нэр төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 24,943,784,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

1.2. Дээрх үнэлгээг хийлгэхэд тус компанийн саналыг тусгаагүй. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, их нуршсан, ойлгомжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулна.

1.3. Арбитрийн шийдвэрийг албадан гүйцэтгэх буюу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулахдаа баримтлах журмыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг зориудаар хясан боогдуулж явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль бус болсон. Тодруулбал, арбитрын шийдвэр гарснаас хойш хугацаанд тус “Ю” ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, БНХАУ-ын иргэн В нь БНХАУ-д үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор тус компанийн хувьцаа, түүгээр гэрчлэгдсэн аливаа эрх, тус компанийн эзэмших, өмчлөх эрх бүхий аливаа хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын “Ж” ХХК-ийн харьяа “Ш” ХХК-д шилжүүлсэн. Ийнхүү компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой “Ю” ХХК, түүний бүхий л өмч хөрөнгө, баримт бичгийг хүлээн авах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ж-ыг “Ш” ХХК томилохоор шийдвэрлэсэн.

1.4. Улмаар компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бүртгэл хийлгэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандахад “Ю” ХХК-д холбогдох арбитрын шийдвэр 2021 онд гарсан бөгөөд уг шийдвэрт гомдол гаргасан ажилтанд хүрээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлээд явагдаж байгааг мэдсэн. Ийнхүү мэдсэнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохоор төлөөлөгч томилсон боловч төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл байна гэх үндэслэлээр тухайн ажиллагаанд оролцуулаагүй. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах хүрээнд “Ю” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсний улмаас хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон шинэ хувьцаа эзэмшигчээс томилсон гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүйд хүрсэн ба энэ байдлыг далимдуулан шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнийн санал авах, үнэлгээг хийлгэх, үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг үйл ажиллагааг явуулсан.

1.5. Бидний зүгээс удаан хугацааны туршид ахлах шийдвэр гүйцэтгэгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд дарга нарт хандаж удаа дараа хүсэлт, гомдол гаргасны эцэст 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл авч, шинэ хувьцаа эзэмшигчээс томилсон БНХАУ-ын иргэн Ж-ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн ба энэ үеэс л тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болж, санал гомдол гаргах боломжтой болсон. Гэтэл энэ үед тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрх бүхий төлөөлөгчгүйгээр явагдаад нэгэнтээ дууссан байх ба тус компанийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох ашигт малтмалын хайгуулын МV-0156** тусгай зөвшөөрөл болон баяжуулах үйлдвэр, бусад хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, шийдвэр гарч, дуудлага худалдаа зарлагдсан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон уг ажиллагааны явцад гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.6. “Ю” ХХК-ийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдээгүй ба итгэмжлэлийн үндсэн дээр оролцох эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, түүнээс үнийн санал авах ажиллагаанд ч саналыг аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.1.3-т заасныг тус тус зөрчсөн. “М” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн болон Үнэлгээний олон улсын стандарт 2020 тогтоосон журам, хандлага, арга аргачлалын дагуу гүйцэтгээгүй, тэдгээрт нийцээгүй байна. Шинжээч дүгнэлтийнхээ 19Ш-01-ийн 1.6-д үнэлгээний олон улсын стандарт 2020-ын бүтцэд дахин боловсруулалтын шатандаа явж байгаа тул 2007 онд батлагдсан хэрэглэх заавар 14-2007 олборлох аж үйлдвэрийн өмчийн үнэлгээнд заасан шаардлагуудыг үнэлгээнд баримталсан. Энэ талаар үнэлгээний олон улсын стандарт 2020-д ямар нэгэн заалт байхгүй болно гэж тайлбарласан нь шинжээчдийн уул уурхайн олборлох салбар, түүний аж үйлдвэрийн өмч, өмчийн эрхийн үнэлгээг хэрхэн хийх талаарх мэдлэг мэдээлэлд эргэлзэх эргэлзээг төрүүлж байна. Учир нь уул уурхай, олборлох салбарын хөрөнгийн үнэлгээг олон улсад тогтсон жишиг стандарт буюу Valmin code 2015, түүний хүрээнд 2018 онд гарсан Imval standart template буюу Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хорооны Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний загвар-р тогтоосон журмын дагуу үнэлдэг. Энэ талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8 дугаар зүйлийн 8.2-д тус тус олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэнд нийцэхээр байна. Түүнчлэн, 19Ш-01 болон 19Ш-02 тоот дүгнэлтэд үнэлгээний зүйлтэй танилцсан огноог 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэмээн дурдсан байх боловч тухайн өдөр үнэлгээчид Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Дулаан хар уулын уурхайд орших хөрөнгөтэй очиж танилцаагүй байсан ба шинжээчдийн баг, гишүүдийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байдал нь үнэлгээний бодитой, хууль ёсны эрх бүхий этгээд хийсэн гэхэд нийцэхгүй байдлыг нөхцөлдүүлж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монголын Олон Улсын Арбитрын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр “Ю” ХХК-аас 4,866,886,525 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “Ю” ХХК-ийн шүүхээс заагдсан хаяг болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1065 байрны 4 тоот хаягт очиж шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл хаалганд нааж зургаар баталгуужуулж байсан. Мөн төлбөр төлөгч “Ю” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22290206 дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж ажиллагаанд оруулсан.

2.3. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй учраас “Ю” ХХК эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Ховд багийн Дулаан хар уул нэртэй газарт байрлах ажилчид болон оффиссын зориулалттай нийт 45 өрөө ** давхар сэндвичин хийцтэй барилга, Монгол ажилчдын нийт 46 өрөө ** давхар сэндвичин хийцтэй барилга, агуулах, скаладны зориулалттай сэндвичин хийцтэй барилга, Баяжмалын үйлдвэрийн зүүн хойд талд байрлах цэвэрлэх байгууламжийн зориулалттай тоног төхөөрөмжийн хамт, мөн үйлдвэрийн байранд CUMMINS маркийн JB7332**-**** сери дугаартай дизель мотор 1 ширхэг, мөн уурхайн 1 дүгээр аманд байрлах Volvo penta маркийн JB755IEC**-1 маркийн дизель мотор 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн penta маркийн GB755IEC**-1 сери дугаартай дизель мотор 2 ширхэг, Баяжмалын үйлдвэрийн ерөнхий цех, дотор байрлах тоног төхөөрөмжийн хамт, Баяжмалын үйлдвэрийн хойд талд байрлах агуулахын зориулалттай сэндвичин хийцтэй барилга, Бутлуурын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт, 4 хэсэг сэндвичин хийцтэй барилга, Баяжмалын үйлдвэрийн агааржуулалтын зориулалттай тоног төхөөрөмж, мөн хаягт байрлах агуулахын зориулалттай, сэндвичин хийцтэй барилга, Любетик /татагч/ 1 ширхэг, Бутлуур /чулуу бутлагч/ 1 ширхэг, 150 тонн жин хэмжүүр буюу пүүл 2 ширхэг, 110 кВт хүчин чадалтай дэд станц /цахилгаан тог гаргагч/ 1 ширхэг, Уурын зуухны зориулалттай сэндвичин хийцтэй барилга, GGD2 РО7 сери дугаартай уурын зуухны бойлур 1 ширхэг, 138409052**, 130741835** сери дугаартай уур зуух 2 ширхэг, Баяжмалын үйлдвэрийн баруун талд байрлах любетик 2 ширхэг, Волво пента /Volvo penta/ маркийн 05377287666 дугаартай дизель мотор 1 ширхэг, Агуулах, зориулалттай сэндвичин хийцтэй барилга, Газрын гүнээс баяжмал гаргагч, тоног төхөөрөмж /иж бүрэн/, SRC-150SA маркийн ХК06-010-004** сери дугаартай компрессор 1 ширхэг, SRC-150SA маркийн ХК06-010-004** сери дугаартай компрессор 1 ширхэг, Тэсэлгээний талбайд байрлах ягаан, цагаан өнгийн 40 тонны кантнер 2 ширхэг, Цэнхэр өнгийн 20 тонны кантнер 1 ширхэг, Баяжмалын үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй сэндвичин хийцтэй худаг, төхөөрөмжийн хамт, мөн хаягт байрлах 2011 онд хятад үйлдвэрлэсэн Hyundai R500LC маркийн, шар өнгийн 43-** УБ улсын дугаартай экскаватар 1 ширхэг, мөн хаягт байрлах 2012 онд хятад үйлдвэрлэсэн, 01-** УБ улсын дугаартай шар өнгийн ковш 1 ширхэг, мөн хаягт байрлах 2012 онд хятад үйлдвэрлэсэн 42-4** УН улсын дугаартай шар өнгийн ковш 1 ширхэг, мөн хаягт байрлах 2011 онд үйлдвэрлэсэн Тоёота ланд Крүзер /Toyota Land cruiser/ маркийн 44-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтоолгоход 24,943,784,000 төгрөгөөр үнэлэгдэж, мөн “Ю” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Ховд багийн Дулаан хар уул нэртэй газарт байрлах ашигт малтмалын МV-0156** дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхийн УБ-90190510** дугаар бүртгэлтэй тусгай зөвшөөрлийг үнэлүүлэхэд 71,638,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2- д заасны дагуу талуудад 4-179/11749, 4-179/11750, 4-179/11747, 4-179/11751, 4-179/11746, 4-179/11748 дугаар албан бичгүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр шаардлага гаргасан нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн ямар заалтад үндэслэсэн нь тодорхойлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг зөрчсөн байна.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4-179/9986 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний саналаа 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4-179/10231 тоот албан бичгээр дахин мэдэгдэл өгч, үнийн саналаа 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор өгөхийг мэдэгдсэн боловч мэдэгдэлд ямар ч хариу өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч байгууллагаас үнэлгээний компанийг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээний тайлан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарч, мөн сарын 06-ны өдөр хүргэгдэн 08-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид танилцуулж, гардуулан өгсөн байна. Нэхэмжлэгч тал үнэлгээний тайланг дэндүү нуршсан, эд хөрөнгийн үнийг хэтэрхий багаар үнэлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч үнэлгээний тайлан хуулиар тогтоосон ямар журмыг яаж зөрчсөн талаар тайлбарлаагүй бөгөөд энэ талаар нотолсон нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

3.3. Арбитраас нэхэмжлэгч “Ю” ХХК-аас 4,843,357,796 төгрөг гаргуулж, “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан хөрөнгө 71,638,000,000 төгрөг гэж үнэлэгдсэн. Үнэлгээгээр үнэлэгдсэн хөрөнгийн маш бага хувийг худалдан борлуулж, эсвэл уурхайн ашиг орлогоос төлбөрөө төлж арбитрын шийдвэрийг биелүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч үндэслэлгүй шалтаг төдий зүйлээр үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан нь арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй   маргаан үүсгэж төлбөр төлөх ажиллагааг удаашруулсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг төлбөр төлөгчид мэдэгдснээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой. “Ю” ХХК-ийн төлөөлөгч энэ хугацааг зөрчиж шүүхэд гомдол гаргасан болох тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан үнэлгээний тайланг хүлээн авч 06-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэн, 08-ны өдөр төлбөр төлөгчийн төлөөлөгч Н.Цогзолмаад танилцуулж хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал 6 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авсан тул хуулиар тогтоосон журмын дагуу 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах  байхад 17-ны өдөр гаргаж хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчүндэслэлгүйгээр маргаан үүсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр ажиллагаа хийх, гүйцэтгэх боломжгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээс хойш төлбөр төлөгчид хуульд заасан арга, журмын дагуу мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас хүлээн авсан этгээд өөрөө хүрэлцэн ирж, хөрөнгийнхөө талаар шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө хэрхэн төлөх талаарх тайлбараа шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч талаас энэхүү үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 2022 оны 5 дугаар сар хүргэсэн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч 5 сарын хугацаанд ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй нь харин ч нэхэмжлэгч талд хэтэрхий найрсаг хандсан байгааг илэрхийлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, 33.1.2 дахь хэсэг, 33.1.3 дахь хэсэгт заасан эрхийг маань ноцтой зөрчсөн гэж дурдсан байх боловч төлбөр төлөгчийн хувьд тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан боловч биелүүлээгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрсдөө очиж оролцох ёстой атлаа очиж оролцоогүй үйл баримт нь тэдний эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг, 44.4 дэх хэсэгт гомдол гаргах тусгай хугацааг зохицуулж өгсөн ба нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан мөртлөө 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргаж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байгааг анхаарч үзнэ үү. Мөн шүүх дээр иргэний хэрэг үүсгэснээс хойш удаа дараа хойшлуулж байсан үйлдлээс нь төлбөр төлөх төлөх хугацаагаа хойшлуулах гэсэн явуургүй арга хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шинжээч “М” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг зөвшөөрлийн хугацаа нь зохих журмын дагуу сунгагдаж байсан, хүчин төгөлдөр байх ба нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан шиг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Тус газрын эд хөрөнгө битүүмжлэх, хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22290206/01, 22290206/02, 22290206/03, 22290206/04, 22290206/05, 22290206/06, 22290206/07, 22290206/08, 22290206/09, 22290206/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, мөн өдрийн 22290206/11, 22290206/12, 22290206/13, 22290206/14, 22290206/15, 22290206/16, 22290206/17, 22290206/18, 22290206/19, 22290206/20 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудынг хүчингүй болгуулах, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгт шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарлаж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогзолмаа нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтөн асрамжилж байгаа нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон атал түүний шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй,  харин шүүх хуралдаанд оролцоод буцах боломжтой байсан гэж дүгнэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр бүхэлд хэрэгсэхгүй болгож байгаа талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэн зөв бодитойгоор үнэлж дүгнээгүй. Иймд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэл хийж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Арбитрын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг “Ю” ХХК-аас 4,866,883,525 төгрөг гаргуулсан. Тухайн үед анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг надад 14 хоногийн өмнө мэдэгдэж байсан. Тэгэхээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж бодож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогзолмаа нь тухайн үед над руу утасдаж хурал хэдээс орох талаар асууж байсан. Энэ иргэний хэрэг үүсээд жил гаруй хугацаа болж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон. Энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн сонгож авсан өмгөөлөгч н.Төмөрцэцэг нь өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаан 06 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг хүртэл хойшилсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Цогзолмаа энэ өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож шүүх хуралдааны тов тогтоосон мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хэргийг оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс асуух үүрэгтэй байгаа. Өмгөөлөгч н.Төмөрцэцэг нь тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч мөн байгаа. Шүүх хуралдааны товыг шүүхээс асуух ёстой байсан. Үүрэг болгосон заалтыг ямар ч хүн биелүүлэх ёстой атал өмгөөлөгч н.Төмөрцэцэг энэ үүргээ биелүүлээгүй. Хэргийн оролцогч н.Цогзолмаа нь шүүх хуралдааны товыг мэдсэн учраас өмгөөлөгчдөө товыг хэлсэн байх гэж бодож байна.  2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд н.Цогзолмаагаас эхийгээ асран гэсэн акт ирүүлсэн асуудал нь үнэн байх гэхдээ өмгөөлөгчөө ирүүлээгүй нь шүүх хуралдааныг дахин нэг удаа хойшлуулах санаа зорилготой байсан. Талуудын мэтгэлцэх эрхээр хангагдсан байдал шүүхийн өмнөх болон хэлэлцүүлэх шатанд харагдана. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэх замаар мэтгэлцэж, нотлох баримтаа гаргаж өгөх бөгөөд хуульд зааснаар үнэн зөв байна гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч тал, гуравдагч этгээдээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг няцааж тайлбараа гаргасан. Энэ хэрэгт өмнө нь ажилласан өмгөөлөгч н.Мөнхболд, н.Цогзолмаагаас манай талын тайлбарыг няцааж, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг гаргаагүй. Хуулийн ямар үндэслэлээр юу шаардаж байгаа, тэр үндэслэлээ тодорхой болго гэхээр тодруулж өгдөггүй. Өмнө нь нотлох баримт гаргаагүй байж шүүх хуралдаан дээр мэтгэлцэх байсан гэж үзсэн нь утгагүй байна. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр хариуцагч “Ю” ХХК-аас 4,843,357,796 төгрөг, арбитрын зардал 23,528,729 төгрөгийг тус тус гаргуулж “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 86-106/

 

3.а. Төлбөр төлөгч “Ю” ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183/ГХ2022/00035 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22290206 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /1-р хх-ийн 84, 107/

 

3.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22290206/01, 22290206/02, 22290206/03, 22290206/04, 22290206/05, 22290206/06, 22290206/07, 22290206/08, 22290206/09, 22290206/10 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгүүдийг битүүмжилж, мөн өдрийн 22290206/11, 22290206/12, 22290206/13, 22290206/14, 22290206/15, 22290206/16, 22290206/17, 22290206/18, 22290206/19, 22290206/20 дугаартай тогтоолуудаар дээрх эд хөрөнгүүдийг хураасан үйл баримт тогтоогдсон. /1-р хх-ийн 108-131/

 

3.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгох бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авахдаа мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар уг ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулахаар зохицуулсан байна.

 

3.г. Дээрх эд хөрөнгүүдийг хадгалалт, хамгаалалтыг төлбөр төлөгч “Ю” ХХК-ийн менежер Ж.М-д хариуцуулснаас гадна энэ ажиллагаанд төлбөр төлөгч “Ю” ХХК-ийн менежер Ж.М байлцсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. /1-р хх-ийн 135-136/

 

3.д. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дээрх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг хариуцагч тал явуулахдаа хөндлөнгийн гэрч И, С, төлбөр авагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Өлзий нарыг оролцуулсан энэ ажиллагааг баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Харин шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хэрхэн зөрчиж буй нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, холбогдох эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг хүчнгүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4-179/9986, 4-179/9985, 4-179/9987, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4-179/10231 дугаартай үнэлгээний талаарх саналаа ирүүлэх мэдэгдлийг “Ю” ХХК болон түүний төлөөлөгч Ж.М нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, энэ талаар анхан шүүх зөв дүгнэсэн байна. /1-р хх-ийн 137-140/

 

4.а.Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар хариу ирүүлээгүй, энэ талаар тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 тоот тогтоолоор “М” ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатар, Э.Цацрал, Д.Лхагвадулам нарыг шинжээчээр томилж, шинжээч нарт эрх, үүргийн тайлбарлажээ. /1-р хх-ийн 141-146/

4.б. Шинжээч Б.Эрдэнэбаатар, Э.Цацрал, Д.Лхагвадулам нар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 111-113/

 

4.в. Шинжээч нь нэр бүхий 32 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 24,943,784,000 төгрөгөөр, Баян-Өлзий аймгийн Ногоон нуур сум, Ховд багийн Дулаан хар уул нэртэй газарт байрлах ашигт малтмалын МV-0156** дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхийн УБ-90190510** дугаарт бүртгэлтэй тусгай зөвшөөрлийг 71,638,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4-179/11747, 4-179/11749, 4-179/11750 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1-р хх-ийн 152-155/

 

5. Төлбөр төлөгч “Ю” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцжээ. Харин нэхэмжлэгч нь “хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон үнэлгээний олон улсын стандарт 2020-аар тогтоосон журам, хандлага, арга аргачлалын дагуу гүйцэтгээгүй, тэдгээрт нийцээгүй, мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй байна.

 

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...анхан шатны нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгт шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогзолмаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад түүнийг хүсэлтийг хангаагүй, хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

8.а. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогзолмаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зуржээ.

 

8.б. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогзолмаа нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгагдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагааны сар, өдөр завсартай, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болох нь баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

              

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД 

 

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР                        

 

                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ