Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01807

 

 

 

 

 

 

 

     2023        09         25                                        210/МА2023/01807

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/02325 дугаар шийдвэртэй,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох,

Гэрээний хохирол 54,434,675,5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэлт-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч “О” ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулан тээвэрлэлт хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Хэбэй муж, Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass ХХК-аас 20 тонн чингэлэг ачааг 2,060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16,525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. 

1.2. Хариуцагч “О” ХХК-аас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2,100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6,000 ам.доллар шаардснаар ачаа саатсан гэж тайлбарласан.

1.3. Бид тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16,562.5 ам.доллар буюу 40,694,062 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилжсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 38,276,706 төгрөг гаргуулахаар багасгасан. Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин ам долларын ханш 6 жилийн өмнөх үе буюу 2017 оноос хойш өссөн учир авах ёстой төлбөрийн тооцоог ам долларын өнөөдрийн ханшинд нийцүүлэн Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ханшаар бодож 16,157,969.5 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 54,434,675,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “О” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тээвэр зуучийн үйлчилгээг олон харилцагч, үйлчлүүлэгч нарт хүргэж байна. Манай компани нь “Б” ХХК-д 2015 оноос хойш тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч, Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Ц компаниас авч нэхэмжлэгч “Б” ХХК-д санал болгоход тээвэр хийлгэх захиалгыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирсэн учраас мөн өдрөө Ц компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн.

2.2. Ц зуучийн мэдээллийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ачаа чингэлэгт ачигдан төмөр замын өртөөнд хослох 20 фүүтийн чингэлэг хүлээж байгааг мэдэгдсэн. Ц зуучаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн нэхэмжлэх ирсний дагуу бид тохиролцсон тээврийн хөлс болох 2,100 ам долларыг Ц компани руу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ц компаниас хослох 20 фүүтийн чингэлэг олдсон тул чингэлэг Тианжин хотоос нааш хөдлөх болсон талаар мэдэгдсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ц биднээс учир шалтгаангүйгээр 8,500 ам долларыг нэхэмжилж, энэ төлбөрийг төлсний дараа ачааг Замын-Үүд рүү илгээх болно гэж чингэлгийг барьцаалсан.

2.3. Тээврийг Ц биш Ш гэх гуравдагч агент зохион байгуулсныг мэдсэн. Энэ байдлаас үзэхэд Ц агент манай компаниас захиалга авах, Хятадын Зенгзоу хот дахь өөр зуучийн компанид захиалга өгч, тухайн зуучийн компани нь Ш гэх өөр хятад тээвэр зуучаар тээврийг Чинхуандо хотоос Эрээн хот хүртэл хийлгэсэн болох нь тодорхой болсон. Ш зуучид тээврийн хөлсийг шууд төлөхийг санал болгоход тэд татгалзсан бөгөөд тэдэнд захиалга өгсөн Хятадын Зенгзоу хотын компаниас заавал төлбөрөө авах шаардлагатай гэсэн. Харин Зенгзоу дахь зууч Ц компаниас мөнгө хүлээн аваагүй тул Ш зуучид төлбөр төлж чадахгүй, хэрэв манайхыг төлөхгүй бол ачааг зарна гэж сүрдүүлсэн. Үүнээс харахад ачааг чингэлэгт ачсан эсэх нь мөн эргэлзээ төрүүлэхээр байгаа. Учир нь нэгэнт экспортын гааль хийгдсэн ачааг буцаан цуцлах бараг боломжгүй байдаг. Ц нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь компани Ш агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас “Б” ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь залилан хийдэг компанийн хохирогч бөгөөд ачаа Монгол улсад орж ирээгүй явдалд бид буруугүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 54,434,675.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 599,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд танхимыг орхин гарсан, харин хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсээр атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасны дагуу санал хүсэлтийн шатанд өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ гаргасан боловч хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйл 92.6 дахь хэсэгт заасан ...шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасан. Гэтэл даргалагч шүүгч намайг албан ёсоор бичгээр татгалзал гаргаж өгсөөр байтал хүсэлтийг шийдвэрлүүлэхгүйгээр намайг танхимаас гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Уг хэрэг маргаан нь 7 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд анхан шатны шүүхээр 3 удаа хянан шийдвэрлэгдэх үед хариуцагч 2 удаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцдоггүй атлаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргадаг. Анхан шатны шүүхээс уг шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан. Учир нь хариуцагчийг шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болон хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж хойшлуулсан. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан учраас хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ. 

 

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гэрээний хохиролд 40,694,062 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг ихэсгэж 54,434,675.5 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “...нэхэмжлэгчийн захиалсан бараа Монгол Улсад орж ирээгүй нь хариуцагчийн буруугаас болоогүй...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 2хх 232/

 

  1. Талууд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2017/016 тоот “Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ” байгуулж, уг гэрээгээр “О” ХХК нь “Б” ХХК-ийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, “Б” ХХК нь “О” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд, тээвэр зуучлалын үйлчилгээний хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 5-6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.  

 

  1. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
    1. “Б” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,562.5 ам.долларыг барилгын материалын төлбөр гэж БНХАУ-ын “Qinhuangdao Guangyu Fibreglass” компанид шилжүүлсэн. /1хх 7/
    2. “О” ХХК нь БНХАУ-ын тээвэр зуучийн “Ц” компаниас үнийн санал авч, танилцуулсны дагуу “Б” ХХК 2017 оны 05 сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх захиалга өгч, тээврийг эхлүүлсэн. /1хх 15/
    3. Улмаар, 2017 оны 05 сарын 30-ны өдөр ачаа чингэлэгт ачигдаж, “О” ХХК-аас 2017 оны 06 сарын 02-ны өдөр БНХАУ-ын тээвэр зуучийн “Ц” компанид тээврийн хөлс 2,100 ам.долларыг шилжүүлсэн. /1хх 18, 32/  
    4. Зуучлуулагч “Б” ХХК нь БНХАУ-аас захиалсан барилгын материалыг хүлээн аваагүй.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна. 

 

  1. Худалдааны зуучлагч “О” ХХК нь зуучлуулагч “Б” ХХК-ийн захиалж, үнийг нь төлсөн барилгын материалыг БНХАУ-аас Монгол Улс руу тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК нь барилгын материалын үнэд төлсөн 15,661.5 ам.доллар буюу 54,434,675.5 төгрөгөөр хохирсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 413 дугаар зүйлийн 413.11 дэх хэсэгт тус тус зааснаар уг хохирлоо хариуцагч “О” ХХК-аас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно” гэж зохицуулсан тул хохирол 15,661.5 ам.долларыг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үеийн ханшаар тооцож, хариуцагч “О” ХХК-аас 54,434,675.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
    1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 жил 7 сар гаруй хугацаанд үргэлжилсэн, хариуцагч “О” ХХК нь хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул “...хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч талд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгосон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 
    2. Шүүгчийн зүгээс татгалзал асуухад хэргийн оролцогчид “татгалзахгүй” гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /3хх 4-5/

Шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймд “...татгалзлыг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/02325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 430,130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                   ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ