Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 178

 

                                                                          Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1745 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/17 дугаар магадлалтай, Б.С-т холбогдох 1806016162366 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 28-ны төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.С-т 1 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.С-ээс 4,780,800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн Төрийн банкны 100900005406 дугаартай дансанд Б.С-ийн төлсөн 10,000,000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.У-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгож, “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.С-т холбогдуулан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар Б.С-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...2,000,000 төгрөгийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэлт хийн, тухайн хэрэгт гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөн хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д нотолбол зохих байдалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохыг хуульчлилсан байхад хохирогч Г.У-т хэн, хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоож чадаагүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурдаагүй байна. Шүүгдэгч Б.С-ийн хувьд ээжийнхээ зээлийг төлөлцсөн гэдгээ анхнаасаа тогтвортой мэдүүлдэг ба 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Г.У-ээс автомашинаа буцаан авсан тухай ч мөн хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Хохирогч Г.У-ийн мэдүүлсэн Б.С, Н.С /Б.С-ийн эх/, нарын аль нэгд нь өгсөн гэх 15,000 ам.доллар эсхүл 12,000 ам.доллар, 20,100,000 төгрөг, мөн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12,000 ам.долларыг нэмж зээлээд байгаа юм уу гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, энэ талаар дүгнэлт аль ч шатанд хийгдсэнгүй.

Шүүгдэгч Б.С 12,000 ам.долларын зээлэнд баталгаа болгон автомашинаа барьцаалсан гэж үзэхээр бол түүний төлсөн төлбөрүүдээр ямар өр зээл дарагдаж, баталгаа болгосон автомашиныг Б.С хэзээ захиран зарцуулах эрхтэй болох байсан эсэх, Б.С-ийн данснаас Г.У, түүний нөхөр Д.П нарт Б.С-ийн данснаас шилжүүлсэн 8,785,200 төгрөг, бараа материалаар хүлээлгэн өгсөн 2,324,000 төгрөг, нийт 11,109,200 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулж байна.

Г.У, Б.С-ийн эх Н.С нарын хооронд байгуулсан 63,000 ам.долларын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох гэрээ болохыг, зээлдэгч Н.С-ийн дансны хуулгаар маш их хэмжээний мөнгө Г.У-т шилжсэн /хэрэгт авагдсан дансны хуулгаар/ байгаа зэргээс дүгнэхэд Г.У-ийг хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг хуульчилсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлэн шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт 2-5 жил хорих ял оногдуулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д 6 сараас 3 жил хүртэл хорих ял оногдуулах санкцтай байна.

Иймд шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилэх нь зүйтэй байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д зааснаар уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Сайнбилэгийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дууссан байхад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. Иймд шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Прокуророос шүүгдэгч Б.С-ийг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөнгөний барьцаанд тавьсан “Мицибуши Оутландер” маркийн **** УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан барьцааны тээврийн хэрэгслийг үрэгдүүлж, Г.У-т 14,780,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.  

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд хоёр шатны шүүх шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог билээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй, болсон явдал юм.

 Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. 

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

Энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.С-ийг буруутгаж буй түүний 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичиж өгсөн “Б.С миний бие Г.У эгчээс 12,000 $ зээлсэн болно. Мөн би ээж С-ийн 65,000 $ өрийг хамтран барагдуулах болно”,  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Баталгаа баримт №01” гэх бичвэр бүхий бичгүүдээс өөр бичмэл нотлох баримт мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнд авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.С, хохирогч Г.У нар хэн аль нь бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн, гэрч нарын хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад хоёр шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6783 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзвэл 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Баталгаа баримт №01” гэх гар бичвэр нь Н.С-ийн бичгийн хэв, гарын үсгийн загвартай тохирч байгааг тогтоосон бөгөөд түүнд шүүгдэгч Б.С гарын үсэг зурсан, хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт алга байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.У“...2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.С өөрөө надад гараараа “...12.000 ам.доллар зээлж авсан нь үнэн, энэ машиныг зараад мөнгийг чинь өгье” гэж бичиг хийж өгсөн...” гэж мэдүүлсэн хэдий ч 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн бичигт “Б.С миний бие Г.У эгчээс 12,000 ам.доллар зээлсэн болно. Мөн би ээж С-ийн 65,000 ам.долларын өрийг хамтран барагдуулах болно” гэж бичигдсэн байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгт дурдсан машин зараад мөнгийг чинь өгье гэсэн зүйл тусгагдаагүй байна.

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах болон шүүхийн шатанд “...би өөрийн мөнгөөр авсан машиныг ээж Н.С Г.У-ээс мөнгө зээлэхдээ өөрийнхөө машиныг миний машинтай хамт барьцаалж авсан. Би Г.У-ээс зээлж авсан нэг ч төгрөг байхгүй...” гэж тогтвортой мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг гэрч Д.Б-ын “...Би тухайн үед Б.С-т мөнгийг бэлнээр өгч байсан...”, гэрч Л.С-ийн “... 2012 оны 09 дүгээр сард **** УНӨ улсын дугаартай ...машинийг 17,500,000 төгрөгөөр зарж байсан. Б.С нь нөхрийн хамт ирээд суудлын машинаа зарж төлбөрөө төлнө гээд 1 сарын дотор мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Б.С-тэй төлбөр тооцоо дууссан байсан учир нэрээ шилжүүлсэн...”, гэрч Д.Б-ын “... 2012 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, авто зогсоолын хажуу талд машин зардаг Л.С гэдэг хүнээс 17,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Б.С унаж байсан машиныг 9,000,000 төгрөгөөр зарж, дээр нь цалингийн зээл Б.С авч мөнгийг төлж авсан. Г.У нь дээрх машиныг авахаар Б.С нь 15,000,00 ам.доллор авсан гэдэг худлаа. Учир нь энэ машины мөнгийг төлөөд дууссан байсан...”, гэрч Д.Б-ийн “... Б.С-ийг Г.У-ээс мөнгө авсан талаар мэдэхгүй. Харин түүний ээж Н.С нь Г.У-ээс мөнгө зээлдэг байсан. ...Н.С хэлэхдээ машины мөнгийг Г.У-т өгөөрэй гэж хэлсэн ба тэр үедээ бэлнээр өгсөн машины мөнгийг Г.У аваад явсан. Миний бодлоор Н.С нь Г.У-ээс мөнгө зээлэхдээ автомашинаа барьцаалсан юм шиг байсан. Г.У тэр үедээ Н.С-ээс дахиад мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Харин Б.С-ээс мөнгө авах ёстой гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогджээ.

Харин хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гаргасан нотлох баримт болох 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Д.Б овогтой С миний бие Г.У эгчээс 12,000 ам.доллар зээлсэн болно. Мөн би ээж С-ийн 65,000 ам.доллар өрийг хамтран барагдуулах болно” гэсэн бичгийг гэрч Д.П-ийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь гэрч Д.П өөрийн данснаас авсан мөнгөө эхнэр Г.У-т өгсөн, Б.С-т уг мөнгийг өгсөн талаар эхнэр Г.У хэлсэн гэж мэдүүлснээс дүгнэвэл шүүгдэгч Б.С-т Г.У мөнгө өгсөн эсэхийг лавтай сайн нотлож мэдүүлээгүй, 14,000,000 төгрөгийг эхнэр Г.У өгсөн байхад Г.У 15,000 ам.доллар зээлдүүлсэн, зарим мэдүүлэгт хэнд мөнгө өгснөө санахгүй байгаа зэрэг нь түүний мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ийнхүү шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх шинжийг агуулаагүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1745 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан гомдлыг хангасугай.

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.АМАРБАЯСГАЛАН

                    ШҮҮГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН