Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01925

 

 

 

 

 

  2023          11           06                                       210/МА2023/01925

 

 

А.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/03659 дугаар шийдвэртэй

А.С-ын нэхэмжлэлтэй, “М” НҮТББ-д холбогдох

Мны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их эе” хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус “Их эе”-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг Мны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн редакцийн комиссын хурлын редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн тооллогын комиссын ээлжит бус “Их эе”-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус “Их эе”-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М нь 1992 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага бөгөөд өөрийн гэсэн дүрэмтэй, түүнийхээ дагуу “Их Эе”-ийн хуралдаанаа зохион байгуулж, тэргүүн, дэд тэргүүн, цэцдийн зөвлөл, тэргүүлэгч нарыг сонгож үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн цаг хугацаанд М-ны үндсэн дүрэм журмыг баримталдаггүй, хууль зөрчсөн үйлдлийг 1998-2002 оны хооронд холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Н гаргаж, холбооны тэргүүний сандал ширээтэй зууралдаж, Монгол бөхийн өргөөний ашиг шимийг хууль бусаар хувьдаа хүртэх зорилгоор олон жил шүүхийн маргаан үүсгэж, үндэсний бөхийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Р.Н-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож 2003 онд гарсан шүүхийн шийдвэрээр М-ны тэргүүн асан Р.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М-ны цэцдийн зөвлөлд ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зарлан хуралдуулахыг даалгасан. Үүний дараа 2011 онд шүүхийн шийдвэр дахин гарсан боловч 2003 оны шүүхийн шийдвэрээр М ээлжит бус “Их Эе”-ийг хуралдааныг хууль ёсны дагуу тэргүүнийг сонгуулах арга хэмжээг авхуулахгүйгээр 2003-2017 он хүртэл маргаж өнгөрүүлсэн. Энэ хууль бус байдлыг таслан зогсоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2003 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гүйцэтгүүлэх тухай 483 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн М-ны Цэцдийн зөвлөлийг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулж, “Их Эе” хуралдуулах ажлыг зохион байгуулах комиссыг сонгосон. Комисс “Их Эе”-ийн хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, холбооны тэргүүнээр Л.Ч-ыг сонгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дагуу улсын бүртгэлд Мны тэргүүнээр Л.Ч-ыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн. М-ны тэргүүн нь холбооны дүрмийн 7.16-ийн в-д Их Эе, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах бүрэн эрхийг эдэлдэг. Тэргүүн Л.Ч М-ны Их Эе-ийн хуралдааныг хуралдуулах санал гаргаагүй.

1.2. Ц.М нь зөвхөн өөрийнх нь төлөө санал өгөх боломжтой бөхчүүдийг, бусад хүмүүсийг цуглуулж, хууль бусаар Монгол үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийж, ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг Мны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоолуудыг гаргасан. Энэхүү 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Их Эе”-ийн хуралдаан нь М-ны дүрмийг илтэд зөрчсөн, бүрэн эрх бүхий этгээдээс зарлаагүй, Монгол улсын үндэсний бөхийн дархан аваргууд, аваргууд, арслангууд, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдийг оролцуулсан хууль ёсны дагуу сонгогдсон төлөөлөгч гишүүдээс бүрдсэн хурал болоогүй учир уг хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно.

А.С нь М-ны гишүүн, Монгол улсын Дархан аварга цолтой бөх, Цэцдийн зөвлөлийн гишүүн болохын хувьд “Их Эе” хуралдаанд оролцох уг хуралд санал өгөх, өөрөө холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлэх, өөр бусад этгээдийг холбооны тэргүүнд нэрийг нь дэвшүүлэх, улмаар Монгол улсын үндэсний бөхийн тамирчинсум, аймаг, улсын цолтой бөхчүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, төлөөлөх, холбооны тэргүүнд нэр дэвшигчийг сонгох, санал өгөх эрхийг эдлэх ёстой. Гэтэл дээрх эрхийг эдлүүлэлгүй, хууль ёсоор “Их Эе” хуралдааныг зохион байгуулж хийгээгүй атлаа хурал хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн Ц.М өөрийгөө М-ны тэргүүн гэж бүртгүүлсэн нь Монгол улсын хууль, Мны дүрмийг зөрчихөөс гадна Мны гишүүн, тэргүүлэгч, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын дархан аварга А.С-ын холбооны гишүүний хувиар сонгох, сонгогдох, санал өгөх эрх, ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, Мны дүрэм журмыг илтэд зөрчсөн тогтоолуудыг хүчингүй болгуулснаар М өөрийн дүрэмд заасан журмын дагуу Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Цэцдийн зөвлөлөөс “Их Эе” хуралдааныг зохион байгуулан Мны гишүүн, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын Дархан аварга А.С нь холбооны тэргүүнд сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, бусдын нэрийг дэвшүүлэх, тэргүүнээр сонгогдох этгээдэд санал өгөх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.

1.3. А.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бусад бөхчүүд, холбооны тэргүүн Л.Ч-ын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, М-ны гишүүн, Монгол улсын дархан аварга цолтой бөх, Цэцдийн зөвлөлийн гишүүн болохын хувьд өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тул уг эрхээ хамгаалуулахаар хандсан. Иймд Мны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их Эе” хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг Мны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн редакцийн комиссын хурлын редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн тооллогын комиссын ээлжит бус “Их Эе”-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус “Их Эе”-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. М-ны удирдлагатай холбоотой маргаан нь 2002 оноос эхтэй бөгөөд улмаар 2017 болон 2018 онуудад бөхчүүд 2 тусдаа хуралдаж, өөр өөр шийдвэрүүд гаргаж байсан. Үүнээс шалтгаалж шүүх дээр болон өөр бусад байдлаар ихээхэн маргаан өрнөж, Монгол бөхийн өргөө хаагдаж, үндэсний бөхийн барилдаан зохиогдохгүй байх хүртэл асуудал үүссэн. Нэхэмжлэгч А.С нь иргэн Л.Ч-ыг М-ны тэргүүнээр сонгосон талд голлох үүрэг гүйцэтгэж байв. Холбооны удирдах бүрэлдэхүүн 2 тал болоод байсан талцал хуваагдал нь багагүй маргаан дагуулсан ч Л.Ч нь 2019 оны 9 дүгээр сард дахин холбооны удирдлагатай холбоотой асуудалд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, өөрийгөө холбооны тэргүүний бүртгэлээс хасуулахыг хүсэж, эзэмшиж байсан тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн.

2.2. М-ны үйл ажиллагаа элдэв маргаангүйгээр явж эхэлсэн. Олон удаагийн оролдлого, уулзалтаар хэн хэн нь хүчин чармайлт гаргаж уйгагүй ажилласны үр дүнд 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн М-ны ээлжит бус “Их Эе”-ийн хурал зохион байгуулагдсан. Тухайн хуралд 200 гаруй төлөөлөгч оролцсон. Үүнтэй холбоотой баримт бүгд хэрэгт авагдсан. М нь үндэсний бөхийн хөгжил дэвшил үйл ажиллагааг удирддаг, бөхчүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Энэ байгууллагын гишүүд буюу олон бөхчүүд, олон бөхийн зүтгэлтнүүд, сонирхогчид, засуулууд оролцоод энэ шийдвэрүүдийг гаргасан.

2.3. Дархан аварга А.С-ын нэхэмжлэлдээ бичсэн шиг түүнийг “Их Эе”-д оролцуулаагүй, холбооны тэргүүнд нэрээ дэвших боломжоор нь хангаагүй зэрэг үйл баримт байхгүй. Тэрээр үндэсний бөхийн дээд цолтны хувьд “Их Эе”-д оролцох эрх нь нээлттэй байсан боловч өөрөө хүрэлцэн ирээгүй. Монгол Улсын цолтой бөхчүүд, тэр дундаа Монгол Улсын дархан аварга хүн хамгийн түрүүнд оролцох, тэр утгаараа хуралд оролцох урилгыг явуулсан. Сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын гишүүд өөрсдөө хуралдаад цаашаа яаж ямар дүрмээр үйл ажиллагаа явуулах уу гэдгээ тохиролцоод сайн дурын үндсэн дээр нэгдсэн байгууллага. Үйл ажиллагаанд нь оролцоогүй байж, бусад гишүүд нь оролцоод гарсан шийдвэр байхад нэр дэвших, дэвшүүлэхээс хассан гэж байгаа нь тодорхойгүй байна. Монгол Улсын Дархан аварга, аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдийг оролцуулсан Цэцдийн зөвлөлийн хурал, “Их Эе” хурал болоогүй байхад болсон мэтээр худлаа баримт бүрдүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, тухайн хуралд оролцсон улсын цолтой бөхчүүдээ илтэд үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн явдал болсон. М нь төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдсэн, хараат бус, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд болохын хувьд үйл ажиллагаандаа хууль, дүрэм зөрчөөгүй. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус хуралдааны тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол яаж сэргэх эсэх, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна.

2.4. М-ны хувьд удирдах зөвлөл нь “Их Эе” байдаг байдаг бөгөөд удирдах зөвлөл буюу эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаа шийдвэр, тогтоолыг М гаргаагүй, удирдах дээд байгууллага буюу “Их Эе” гаргасан. “Их Эе” гэдэг нь 200 гаруй хүнээс санал хураагаад хурлаар хэлэлцсэн асуудал байдаг. Тиймээс М буюу бөхийн өргөөн дээр бөхийн барилдаануудыг зохион аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс хариуцагч байх юм уу эсхүл 200 хүн хариуцагч байх юм уу гэдэг нь тодорхойгүй. 200 хүнээс 100 гаруй хүн саналаа өгөөд холбогдох тогтоолуудаа баталсан нь тэдний буруу юм бол тэр хүмүүсээ хариуцагчаар татах асуудал байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар улсын аваргаас эхлээд аймаг, сумын цолтой бөхчүүд, аймгаа төлөөлж очсон, дэвжээгээ төлөөлж ирсэн хүмүүс байдаг, эдгээр хүмүүс хариуцагч байх юм уу гэдэг асуудал үүсэж байна. Монгол үндэсний бөхийн холбооны дүрэмд зааснаар ээлжит “Их Эе” хуралдаан 4 жил тутамд нэг хуралддаг, 2022 онд хуралдаад мөн нэхэмжлэгч А.С аваргад урилга хүргүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болон хариуцагч тодорхойгүй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх нь тодорхой бус байна. Иймд А.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч М НҮТББ-д холбогдох Мны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их Эе” хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг Мны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн редакцийн комиссын хурлын редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус “Их Эе”-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...М НҮТББ-ын дүрэмд холбооны удирдах дээд байгууллага нь “Их Эе” байна. “Их Эе” нь 4 жил тутамд хуралдах, холбооны Цэцдийн зөвлөл нь “Их Эе”-ийн чөлөөт цагт холбооны эрх барих, төлөөлөх, холбооны тэргүүн нь холбооны үйл ажиллагааг удирдаж, “Их-Эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах бөгөөд тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, даргалах эрхтэй гэж заасан. Холбооны тэргүүн, удирдлагын асуудалтай холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалтай уялдуулан холбооны гишүүдээс санал, мэдэгдэл гарсныг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 29-ний ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд 1-рт дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, 2-рт төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах; 3-рт байгууллагын жилийн төсөв батлах, 4-рт гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, 5-рт төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох, 6-рт төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах, 7-рт дүрэмд заасан бусад бүрэн эрх гэж заасны дагуу Төрийн бус байгууллага нь дүрэмд зааснаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл М НҮТББ нь өөрийн гэсэн дүрэмтэй, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүрмийн 7.16-ийн "в"-д зааснаар Мны тэргүүн нь “Их Эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах бүрэн эрхийг, дүрмийн 7.13-д Цэцдийн зөвлөл нь МҮБХ-ны тэргүүнд итгэл үзүүлэх эсэхээс бусад асуудлаар цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь “Их Эе”-ийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас өмнө хуралдуулж болно гэж зааснаар “Их Эе”-ийн хуралдааныг хуралдуулах бүрэн эрх зөвхөн тэргүүн, Цэцдийн зөвлөлд олгогдсон.

Анхан шатны шүүхийн шийдвэртээ маргаан үүсчихвэл хэн нэгний санал, мэдэгдлийг үндэслэн дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахгүй байж болно, дүрэмд заагаагүй ч байгуулж болно гэх ойлголтыг үүсгэж байна. Гэтэл М НҮТББ нь дүрэмтэй, уг дүрмийнхээ дагуу “Их Эе-ийн хуралдаанаа зохион байгуулж хийх талаар өөрийн дүрэмдээ тусгасан, Төрийн бус байгууллагын тухай хуульд ч мөн энэ талаар тодорхой тусгагдсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 6.3-д оюуны өмч, улсын бүртгэлийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Мнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, тэргүүнээр Л.Ч-ыг бүртгэсэн байна гэж дурдсан. М НҮТББ-ын дүрэмд зааснаар тэргүүн Л.Ч ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааныг хуралдуулах эрх бүхий этгээд юм. Тэргүүн, удирдлагын асуудалтай холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл хэрхэх тухай М НҮТББ-ийн дүрэмд тусгагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе-ийг хуралдуулсан байна гэж дурьдсан боловч уг ойлгомжгүй нөхцөл байдлын талаар дурьдаагүй. Ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл гишүүдийн санал дүгнэлтээр ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааныг хийнэ гэсэн заалт, хэм хэмжээ дүрэмд, Төрийн бус байгууллагын тухай хуульд ч байхгүй. М НҮТББ-ийн тэргүүн Л.Ч ээлжит бус “Их Эе”-ийн хуралдааныг зарлах эрх бүхий этгээд болно.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...М НҮТББ нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд гишүүд нь холбооны үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй тул нэр бүхий бөхчүүдийн төлөөллийн зүгээс холбооны дүрэмд заасны дагуу “Их Эе”-ийг хуралдуулахыг шаардаж, холбоонд санал мэдэгдэл хүргүүлсэн үйл ажиллагааг буруутгах боломжгүй, үйл ажиллагааа нь холбогдох хууль болон холбооны дүрмийг зөрчөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. М НҮТББ-ын дүрмийн 7.16-ийн "в"-д зааснаар Мны тэргүүн нь “Их Эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах бүрэн эрхийг, дүрмийн 7.13-д Цэцдийн зөвлөл нь МҮБХ-ны тэргүүнд итгэл үзүүлэх эсэхээс бусад асуудлаар цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь “Их Эе”-ийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас өмнө хуралдуулж болно гэж зааснаар “Их Эе-ийн хуралдааныг хуралдуулах бүрэн эрх зөвхөн тэргүүн, Цэцдийн зөвлөлд олгогдсон. М НҮТББ дүрэмд хэсэг бүлэг бөхчүүдийн шаардлага, санал, мэдэгдлээр “Их Эе”-ийг зарлан хуралдуулах талаар тусгаагүй. М НҮТББ нь 20,000 гишүүдтэй байгууллага байтал 4-5 хүний шаардлага, мэдэгдэл гэх зүйлээр “Их Эе”-ийн хуралдааныг зарлан хуралдуулсан нь үндэслэлтэй, дүрэмд заагаагүй үндэслэлээр хуралдах нь үндэслэлтэй гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2021 оны 5 дугаар сарын 29- ний өдөр ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах цаг хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлээр М НҮТББ-ын тэргүүнээр Б.Б бүртгэлтэй байсан болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба тэрээр “Их Эе”-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан нь түүний дүрмээр олгогдсон эрхийг зөрчсөн, эрх олгогдоогүй этгээдүүд “Их Эе”-ийг зарлан хуралдуулсан гэх асуудлаар гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч А.С-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь М НҮТББ-ын дүрэмд зааснаар тэргүүн ээлжит бус “Их Эе”-ийг зарлан хуралдуулах байтал тэргүүн зарлаагүй, эрх олгогдоогүй хэсэг бүлэг хүмүүс хууль, МҮБХ-ны дүрмийг зөрчиж хуралдсан талаар маш тодорхой дурьдаж, маргаж буй атал анхан шатны шүүх маргаагүй гэж дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгоогүй. Мөн нэхэмжлэгч А.С-аас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Бат-Эрдэнийг М-ны тэргүүнээр томилсон шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атлаа уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй гэж дүгнэн, хэргийн нэг талын оролцогчид давуу байдлыг бий болголоо.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мөн нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан “Их Эе”-ийг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд буюу М НҮТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан Л.Ч-ын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсантай холбоотой асуудлаар гомдол гаргаагүй байх ба энэ талаар маргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Л.Ч нь М НҮТББ-ын тэргүүнээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албан ёсоор олгосноос хойш тус байгууллагын дүрэмд заасан ёсоор Цэцдийн зөвлөл гишүүдээс сонгож байнгын үйл ажиллагаатай явж ирсэн. Анхан шатны шүүх “Их Эе”-ийг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд буюу М НҮТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан Л.Ч-ын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсантай холбоотой асуудлаар гомдол гаргаагүй учраас 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. А.С нь М-ны гишүүн, М-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний бөхийн дархан аварга, аваргуудын зөвлөлийн гишүүний хувьд Монгол үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе” хуралдааныг зарлан хуралдуулсан хууль бус үйлдэлтэй холбоотойгоор өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. М НҮТББ-ын “Их Эе” хурлыг хуралдуулснаас үүдэн олон жил шийдвэр гүйцэтгэл дээр маргаантай явж байгаа асуудлаас болж үүссэн. Л.Ч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр М НҮТББ-ын тэргүүнээр сонгогдож, улмаар маргаантай асуудал үргэлжилж явсаар М НҮТББ-ын тамга тэмдгийг дархан аварга Б.Б-д шилжүүлж өгснөөр 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл Л.Ч, Б.Б гэх хүмүүс тэргүүнээр сонгогдсондоо биш, “Их Эе”-ийг хуралдуулаад энэ холбоогоо цаашид маргаангүй авч явъя гэх үүднээс олон бөхчүүдийн санал санаачилгаар, Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу “Их Эе” хуралдсан. Дүрэмд зааснаар тэргүүн болон Цэцдийн зөвлөл зарласангүй гэж дүгнэх боломжгүй.

5.2. Цэцдийн зөвлөл, хоёр “Их Эе” хуралдахаар өөрийнхөө хүмүүсийг цуглуулаад хурал хийдэг гэх асуудал үүсдэг учраас хэн аль нь буулт хийгээд, Увсын бөхчүүд нэг талдаа гарчихдаг, нөгөө талд нь олон бөхчүүд гарчихаад маргаан хийгээд яваад байдгийг 2021 оны 05 дугаар сарын 29-ний хурлаар аль, аль төлөөлөл болох 262 хүнийг оролцуулаад гарын үсгийг нь зуруулаад шийдвэр гаргасан. Монгол улсын дархан аварга А.С нь Цэцдийн зөвлөлийн гишүүн учраас хуралд оролцох эрхтэй бөгөөд түүнд албан ёсоор мэдэгдлийг хүргүүлсэн. Харин Л.Ч- нь одоо тусалж дэмжээд М НҮТББ-ын ажил цааш үргэлжилж байгаа. М НҮТББ 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хоёр ч удаа хуралдсан. Уг тогтоолуудыг хүчингүй болгосноор А.С-ын эрх ашиг хэрхэн, яаж сэргэх нь тодорхойгүй. Үүнийг шүүх хууль хэрэглээд маргааныг шийдвэрлэж байгаа бол шийдвэрлэх ёстой. А.С-ыг М НҮТББ-ын үйл ажиллагаанд оролцуулахгүй, Цэцдийн зөвлөлийн гишүүнээс хассан гэсэн ямар ч шийдвэр байхгүй. Өөрөө ороод нэрээ дэвшүүлээд саналаа гаргах эрх нь бүрэн нээлттэй.

5.3. Нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага сайн дурын үндсэн дээр гишүүдийнхээ санал, санаачилгыг дэмжээд явах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч ямар дүрмийг зөрчсөн гэж маргаад байгаа нь тодорхойгүй. Л.Ч, Б.Б нар бүгд сууж байгаад ерөнхийлөгчийнхөө ивээл дор хуралдуулъя гээд хуралдсан асуудал нийтэд илэрхий байгаа. Л.Ч, Б.Б нар хурлыг зарлаад хуралдчихсан бол маргаан цааш юу болох байсан бол гэдгийг бодох хэрэгтэй. Ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан учраас бүх гишүүдийнхээ санал санаачилгыг үгүйсгэсэн. 20,000 орчим гишүүд дундаас А.С гэж хүн ганцаараа маргаж байгаа. А.С-ын нэхэмжлэл гуравдагч этгээд Л.Ч-ын өмнөөс маргаад байгаа юм шиг агуулгатай байдаг. Л.Ч-, Б.Б-тэй холбоотой асуудал олон жил маргаан дагуулсан учраас энэ асуудлыг хэрхэн шийдэх эсэх маргаан нь Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаад болиод 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлыг хуралдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн бус байгууллагын зарчмыг зөрчсөн, хүний эрх, ашгийг хөндсөн шийдвэр биш тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч “М” НҮТББ-д холбогдуулан Мны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их эе” хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус “Их эе”-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн редакцийн комиссын хурлын редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус “Их Эе”-ийн тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн тооллогын комиссын ээлжит бус “Их эе”-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг Мны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус “Их эе”-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтаар дараахь үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. М /цаашид МҮБХ/ 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдаж, холбооны дүрмийг баталж,  МҮБХ-г 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн бус байгууллага нь хуулийн этгээдийн эрхтэй болсон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

3.2. Тус холбооны тэргүүнээр 1998 онд Р.Н сонгогдсон боловч түүний  сонгуульт хугацаа дууссан байна. МҮБХ-ны 4 дүгээр Их эе 2002 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд хуралдаж, уг хурлаас Р.Н-ийг холбооны тэргүүнээр сонгосон. МҮБХ-ны тэргүүний сонгуулийг хүчинтэй эсэх талаар маргаж, зарим бөхчүүд 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Онц их эеийг хуралдуулсан байна. Р.Н нь МҮБХ-ны тэргүүнээр Р.Н-ийг сонгосон сонгуулийг хүчинтэйд тооцуулахаар шүүхэд хандсан.

 

3.3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор Р.Н-ийн “2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явуулсан МҮБХ-ны тэргүүний сонгуулийг хүчинтэйд тооцуулахыг” хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан МҮБХ-ны “Онц их эе” түүнээс гаргасан шийдвэрүүд болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хууль бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, хуралдуулахыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгож шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

3.4 Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хуралдуулж, Их эеийг хуралдуулах ажлыг зохион байгуулах комиссыг сонгож, уг хурлаас сонгогдсон комисс нь МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, тус хуралдаанаас  МҮБХ-ны тэргүүнээр Л.Ч-ыг сонгосон тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 686 дугаар тогтоолоор дуусгавар болгожээ.

 

4. Улсын бүртгэлийн байгууллага нь “Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх хуудас, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн МҮБХ-ны ээлжит бус Их эеийн 04 тоот Тэргүүнийг сонгон батламжилсан тогтоол, тус өдрийн МҮБХ-ны ээлжит бус Их эеийн тэмдэглэл, МҮБХ-ны дүрэм, 2017 оны 06 дугаар  08-ны өдрийн 686 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол” зэрэг баримтуудыг үндэслэн хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлийг хийж, МҮБХ-ны тэргүүнээр Л.Ч-ыг бүртгэж, хуулийн этгээдийн гэрчилгээнд зохих өөрчлөлтийг хийж, холбооны дүрмийг бүртгэсэн байна.

 

4.1. Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд МҮБХ-ны Ээлжит 8 дугаар Их эе хуралдаж, тус хурлын 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 07 дугаар тогтоолоор МҮБХ-ны дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталсан, 2018 оны 03 дугаар сарын 25-ны 02 дугаар тогтоолоор цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгосон, 8 дугаар тогтоолоор Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүнээр сонгон батламжилсан байна. Эдгээр баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлийг хийж, МҮБХ-ны тэргүүнээр Б.Б-ийг бүртгэж, хуулийн этгээдийн гэрчилгээнд зохих өөрчлөлтийг хийж, тус холбооны нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийг бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч А.С нь нэхэмжлэлээ “МҮБХ-ны тэргүүн нь тус холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 16.в-д Их эе, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах эрхийг эдэлдэг” гэтэл МҮБХ-ны тэргүүн Л.Ч Их эеийн хуралдааныг хуралдуулах санал гаргаагүй байхад 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Их эе хуралдсан нь МҮБХ-ны дүрмийг илтэд зөрчсөн тул Их эеийн хурал хүчингүй бөгөөд уг хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байна.

 

4.3. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж тус хурлын 05 тоот тогтоолоор ээлжит бус Их эеийг 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн болох нь хэргийн 2 дугаар хавтасны 55-56, 68-70 дугаар тал дахь баримтаар тогтоогджээ.

 

4.4. Хэргийн 2 дугаар хавтасны 108-119 дүгээр тал дахь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МҮБХ-ны 8 дугаар Их эеийн хурлаар баталсан МҮБХ-ны дүрмийн 9.17-д “Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь Их эеийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас өмнө хуралдуулж болно” гэж заасан тул Цэцдийн зөвлөлийн тогтоолоор ээлжит бус Их эеийг зарлан хуралдуулсаныг МҮБХ-ны дүрмийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

4.5. Учир нь дээрх Цэцдийн зөвлөлийн тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зарлан хуралдуулсан Их эеийн ээлжит бус хуралдаан нь хууль болон МҮБХ-ны дүрмийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг хуралдааныг хүчинтэй гэж үзэх ба тус хуралдаанаас гаргасан Их эеийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, Мны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн редакцийн комиссын хурлын редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус “Их эе”-ийн тооллогын комиссын ээлжит бус “Их эе”-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг М-ны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус “Их эе”-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч А.С- нь “МҮБХ-ны 4 дүгээр Их эеийн 2002 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд хуралдаж баталсан МҮБХ-ны дүрмийн 7.16.в-гийн “Их эе, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах эрхийг эдэлнэ” гэх заалтыг үндэслэсэн боловч тус холбооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн дүрэмд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар МҮБХ-ны дүрмийн 9.17-д “Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь Их эеийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас өмнө хуралдуулж болно” гэж заасан байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь МҮБХ-ны тэргүүн Л.Ч Их эеийг зарлан хуралдуулах ёстой гэх гомдол үндэслэлгүй болно. Учир нь 2018 оны 03 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд МҮБХ-ны Их эе хуралдаж, тус хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүнээр сонгон батламжилж, хуулийн этгээдийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон байна. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б, Л.Ч, Ү.Хүрэлбаатар нар нь ойлголцлын санамж бичиг гэх баримт үйлдсэн уг баримтанд Дархан аварга Б.Б, МҮБХ-г удирдаж, тэргүүнээр, тус холбооны дэд тэргүүнээр улсын заан Ц.М, СГЗ Ү.Хүрэлбаатар нар ажиллана гэж тус тус тохирсон байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.С-ын Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүнээр томилсон шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулимйн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар Б.Б-буийг МҮБХ-ны тэргүүнээр томилсон хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй гэх үндэслэл заан шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүйгээс гадна шүүгч өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч А.С-ын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

8. Мөн хэргийн баримтаар нэхэмжлэгч А.С-ыг Мны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус “Их эе” хуралдаанд оролцох эрхийг хариуцагчийн зүгээс хязгаарласан гэж үзэх үнэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/03659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 702,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ