Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Анармаа;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Атар-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........холбогдох эрүүгийн 1809036340885 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг Баянхайрхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн авто ашиглалтын инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 49-2 дугаар байрны 17  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-458  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ....регистерийн дугаартай, Хотгоодын тайж овогт ...............

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Бэлхийн 53-436 тоотод Б.Дуламжавтай маргалдаж нүүр рүү нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний сулрал буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Архи уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Б.Дуламжав эгчийг шууд өшиглөж зодсон гэдэгт л гайхаад байгаа юм. Харин Д.Хатанбаатар ах бид хоёрыг маргалдаж байхад Б.Дуламжав эгч салгах гэж байгаад цохиулсан байх гэж бодоод байгаа юм. Миний буруутай үйлдлээс болж Б.Дуламжав эгчид гэмтэл учирсан гэдэг дээр маргахгүй байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэ мэдүүлэхдээ: Д.Б ээжийг маань амьд ахуйд нь их айлгаж ичээж, дарамталдаг байсан. Эмэгтэй хүнийг балмад хэрцгийгээр зодсонд маш их гомдолтой байна. Зодуулсныхаа дараа 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд “хагалгаанд орох шаардлагатай” гэж эмч хэлж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Маш их гомдолтой байна, өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дуламжав /хх-ийн 19-20/, гэрч Д.Хатанбаатар /хх-ийн 21-22/, Г.Батболд /хх-ийн 25-26/, М.Занабазар /хх-ийн 27/ нарын мэдүүлэг, Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №9439 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, хохирлын баримтууд /хх-ийн 34/,  Д.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-53/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 64/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-46 тоотод Д.Б, Б.Дуламжав. Д.Хатанбаатар нар хамт архи уужээ. Архи ууж байхдаа Б.Дуламжав нь Д.Бт хандаж  “...чи арай дэндэж байна, хүний эхнэртэй орооцолдоод...” гэх зэргээр буруутгасанд Д.Б уурлаж Б.Дуламжавыг зодож түүнийг хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Дуламжавын /хх-ийн 19-20/: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад гаднаас Батхуяг орж ирээд 1 шил “Их Монгол” архи уугаад байж байгаад “Хуягаа чи арай дэндэж байна аа, хүний эхнэртэй орооцолдоод” гэж хэлээд байж байтал Батхуяг намайг өшиглөж унагаасан юм. Би цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь би цусандаа хутгалдсан байсан... Батхуяг “айлын эхнэрийг авч ирээд гэртээ зодсон” гээд байхаар нь би зэвүү хүрээд тэр өдөр цуг уухдаа хэлсэн чинь намайг зодсон юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Хатанбаатарын /хх-ийн 21-22/: “...Би 2018 оны 07 сарын 28-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Дуламжавын хамт байж байхад Батхуяг 19 цагийн орчим согтуу 1 шил архи барьсан орж ирсэн. ...Дуламжавыг орон дээр сууж байтал Батхуяг 3 удаа нүүрэнд нь өшиглөсөн. Тэгсэн Дуламжав ухаан алдаад унасан...Ямар шалтгааны улмаас зодсоныг би сайн мэдээгүй. Хүүхэдтэй хүүхнийг гэртээ авчираад байхаар нь тэр хүүхнийг нь гэр рүү нь явуулсан юм. Тэглээ гээд зодсон юм байна лээ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Батболдын /хх-ийн 25-26/: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний орой “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53-436 тоотод манай ээжийг хамтран амьдрагч нь зодсон” гэх дуудлагын дагуу очиход зодуулсан гэх Дуламжав согтуу байсан бөгөөд охин Занабазар нь дуудлага өгсөн байсан... Хэн зодсон талаар тодруулан асуухад “2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дуламжавын төрсөн өдрийг тэмдэглэн хамт архи ууж байсан Батхуяг гэгч нь зодсон” гэх бөгөөд ...хохирогч согтуу байсан тул охин Занабазараар өргөдөл бичүүлэн авсан... Дуламжавын нүүр нь хавантай, цус нь хатсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Занабазарын /хх-ийн 27/: “... 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед Бэлхийн 53-436 тоотод ирсэн чинь ээж Дуламжав хамтран амьдрагч болох Хатанбаатартайгаа хамт байсан бөгөөд нүүр ам нь танигдахын аргагүй битүү хөх няц, бие нь хөх няц болсон хамраас нь битүү цус гараад байж байсан... Би бодохдоо ээжийг хамтран амьдрагч нь зодсон байна гэж бодоод дуудлага өгсөн юм. Гэтэл тухайн асуудал нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болсон юм байна лээ. Хуучин ... хөрш амьдардаг байсан Батхуяг гэгч хүн зодсон болохыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ээжийг тайвшруулж байж асууж мэдсэн юм...” гэх мэдүүлгээр,

Б.Дуламжавын биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний сулрал” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №9439 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн буруутай (хохирогчийг зодсон) үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-46 тоотод шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогч Б.Дуламжавын “...чи арай дэндэж байна, хүний эхнэртэй орооцолдоод...” гэж өөрийг нь буруутган хэлсэн үгэнд уурлан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Д.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “Д.Б нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодсон, мөн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

Тухайн үед Д.Бийн авчирсан архийг бүгд хуваан ууж байх үедээ хохирогчийн хэлсэн үгэнд дургүйцэж түүнийг өшиглөж зодсон талаар хохирогч, хэргийн шууд гэрч нар бүгд мэдүүлдэг.

 

Хэргийн үйл баримт ийм ойлгомжтой байхад Д.Б нь хохирогчийг гүн согтолтын улмаас биеэ хамгаалах, хянах чадваргүй байдлыг нь далимдуулан зориудаар маш их зовоон тарчлаах аргыг сонгож, үүнийгээ ухамсарлан  ойлгож онц харгис хэрцгий аргаар зодсон гэж үзэх боломжгүй юм. 

 

Мөн шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд, эмнэлгийн бичиг баримт, бодит үзлэгт  тулгуурлан хохирогч Б.Дуламжавын биед тухайн үед учирсан гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргасныг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь хохирогч Б.Дуламжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход холбогдох дүрэм, журам хэрхэн зөрчигдсөн талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан (үзлэг, КТГ) гэмтлүүдийг дурдан зааж, түүнийгээ “хүндэвтэр гэмтэл” хэмээн дахин шинжээч томилуулах үндэслэл болгосныг шүүх хүлээн авах боломжгүй.болно.

 

Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлт гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Хохирогч Б.Дуламжав нас барсан тул шүүхээс түүний хууль ёсны төлөөлөгчийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрхийг түүний хууль ёсны төлөөлөгчид эдлүүлсэн болохыг дурдаж байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, хохирогч Б.Дуламжаваас хавтаст хэрэгт тусгуулсан нийт 735.000 төгрөгийн зардлын баримтаас шүүгдэгч Д.Бийн өмнө нөхөн төлсөн 500.000 төгрөгийг хасч, үлдэх 235.000 төгрөгийг шүүгдэгчэээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн тул “өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөгийг” гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хотгоодын тайж овогт Даргаагийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдьсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ 16 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240.000 төгрөгийг хассугай.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас нийт 235.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид төлсөн зардлын талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ