Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 351

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Г.Ганхөлөг,

          яллагдагч Г.Д-,  

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлээр яллагдагч Г.Д-д холбогдох эрүүгийн 1705 0146 80028 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн Г.Д , 1969 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хорооллын СОТ 3-2 дугаар байрны 115 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:/;

 

Г.Д- 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, СОТ 3/2 дугаар байрны 115 тоот гэртээ, өөрийн эхнэр Л.М-тэй гэр бүлийн тааламжгүй харилцаанаас маргалдаж, улмаар Л.М-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Д-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлжээ.
            Яллагдагч Г.Д- нь эхнэр болох иргэн Л.М-тэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Л.М-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4  дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэж заажээ.

Иймд шүүхээс яллагдагч Г.Д-д холбогдох хэрэгт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Мөн Г.Д-, хохирогч Л.М- нарыг нөхөр, эхнэр гэх боловч тэдгээрийг гэрлэгчид мөн эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул уг ажиллагааг мөрдөн байцаалтын явцад хийж, прокуророос хууль зүйн дүгнэлт өгсний эцэст зохих зүйлчлэлээр зүйлчлэх шаардлагатай байх тул Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Д-д холбогдох хэрэгт ердийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр прокурорт ирүүлснийг хянаад 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй хэлэлцүүлсэн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нь ердийн журмаар хэргийг хянан хэлэлцээд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арван долдугаар” бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл болох 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг буюу “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэх хуулийн заалтыг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Г.Д-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг өөрчлүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Яллагдагч Г.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Г.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалтууд хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, яллагдагч, хохирогч нарын харилцааны түүх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, Г.Д- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.М-ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй шалгаж, тодруулах нь хуульд нийцнэ.

Шүүх, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу удирдлага болгосон байх тул энэ талаар бичсэн прокурор Г.Ганхөлөгийн эсэргүүцлийг хүлээн авч, захирамжид зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн “Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон захирамжлах нь” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон захирамжлах нь” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ