Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/0068

 

 

М.А-ын нэхэмжлэлтэй,

 Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                    М.Батсуурь

                              П.Соёл-Эрдэнэ

                              Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 386 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 359 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, Ө.Н нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. М.А-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн М.А нь 2021 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох буюу хөдөлмөрийн хүнд ажилласан тул хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргажээ.

2.1. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтад тухайн салбар, албан тушаал нь байхгүй, мөн нөхцөлийн жил нь хүрэхгүй тул уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс “... улсад 20 гаруй жил тасралтгүй ажилласан, хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан тул хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч татгалзсан нь хууль бус, уурын зуухны галчийн албан тушаал хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэж үзэж байнагэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагчаас “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэж заасан, нэхэмжлэгчийн ажилласан зарим ажлын байрууд нь уг жагсаалтад ороогүй, тиймээс хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан гэж үзэх тул тэтгэвэр тогтоох боломжгүй ... гэж шүүхэд тайлбар гаргажээ.

4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

7.1. ... Давж заалдах шатны шүүх захиргааны хэрэгт хуулиар тогтоосон журмын дагуу цуглуулсан шинжээчийн дүгнэлт, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг няцаах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

7.2. Давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 10 жилийн дунд сургуулийн уурын зуухны галчийн албан тушаалын ажлын байрыг хөдөлмөрийн халуун, хортой нөхцөлд хамруулсан нь зүйтэй гэж дүгнэсэн мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч М.А нь эрчим хүчний салбарт галчаар нийт 25 жил тасралтгүй ажилласан, одоо 58 нас 6 сартай, 2021 оны 05 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдлын улмаас галчийн ажлаас чөлөөлөгдсөн байгаа.

7.3. Гэтэл давж заалдах шатны шүүх ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзэж, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжтой гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээсэн байхад давж заалдах шатны шүүх хожим өдөр магадгүй М.А нь 60 нас хүрсэн үед тэтгэвэр тогтоолгох эрх сэргэгдэх боломжтой гэж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. М.А нь 1 жил 6 сарын дараа ердийн нөхцөлөөр тэтгэвэрт гарах нь ойлгомжтой юм. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр дараа нь нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжтой гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай, цаг хугацааны хувьд биелэгдэх боломжгүй, маш их эргэлзээтэй дүгнэлт гэж үзэж байна.

7.4. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

7.5. Хөдөө нутагт эрчим хүчний салбарын анхан шатны нэгжид галчаар тасралтгүй 25 жил ажилласан мөртлөө хохирч байгаад гомдолтой байна.

7.6. Монгол улсад эрчим хүчний бүх байгууллага улирлын чанартай ажилладаг, учир нь зуны улиралд дулаан түгээх шаардлагагүй, илэрхий ойлголт.  Уурын зуухны галчийн албан тушаал нь нүүрстэй 24 цаг нүүр тулдаг, 24 цаг нүүрсний утаагаар амьсгалж, галтай ажилладаг буюу хөдөлмөрийн хортой нөхцөлтэй онцлог ажил гэдгийг анхаарч үзсэнгүй.

7.7. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн.

8. Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, М.А нь: 1.Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Енбешки ауыл” нэгдэлд (1987.02.16-1988.05.15) уурын зуухны машинист, 2.Сагсай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт (1988.05.15-1990.05.01) уурын зуухны машинист, 3.Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Сагсай сумын уурын зууханд (1990.05.01-1995.01.01) уурын зуухны машинист, 4.Сагсай сумын 10 жилийн дунд сургуульд (2001.01.02-2003.01.01, 2004.01.02-2016.11.01) уурын зуухны галчаар, 5.“К” ХХК-д (2016.11.01-2021.04.01) галчаар тус тус ажиллаж, мөн хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь нотлогдож байна.

11. М.А нь 2021 оны 07 дугаар сард “хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” үндэслэлээр 55 насандаа тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахад, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх” шаардлагыг хангаагүй үндэслэлээр тэтгэвэр тогтоох боломжгүй хариу өгснөөр уг маргаан үүсэж, хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсаныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

12. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн Сагсай сумын “Енбешки ауыл” нэгдэлд ажилласан 1 жил 3 сар, Сагсай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажилласан 2 жил, Сагсай сумын 10 жилийн сургуульд галчаар ажилласан 14 жил 10 сар, “К” ХХК-д 4 жил 5 сар галчаар ажилласнаас 2 жил 5 сарыг нь тус тус “хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцохгүй” буюу “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-аар ажилласан гэж үзэхгүй үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзан маргажээ.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай эрх зүйн асуудал нь:

эхэмжлэгчийн ажилласан ажлын байрууд нь ... байнгын ажиллагаатай уурын зуухны галч-д хамаарах эсэх тухай байна.

13. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталж, уг жагсаалтын Дөрөв дэх хэсгийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөл” гэсний 1-д “... байнгын ажиллагаатай уурын зуухны галч ...” гэж заасан байна.

14. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Енбешки ауыл” нэгдэлд уурын зуухны машинист, Сагсай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинист, Сагсай сумын 10 жилийн дунд сургуулийн уурын зуухд галчаар, “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авснаас хойш галчаар ажилласан хугацааг тус бүр “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамааруулан “хөдөлмөрийн хүнд нөхцөлд” ажилласанд тооцох үндэслэлтэй, түүнчлэн дээрх хуульд зааснаар хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах шаардлагыг хангаж байна, мөн энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

15. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “... сургууль нь нийт 7 байнгын ажиллагаатай зуух галлаж, дулаанаар хангадаг ...” гэж Сагсай сумын 10 жилийн сургуулийн уурын зуухыг “байнгын ажиллагаатай” талаар нэгэнт мэргэжлийн этгээдүүдээс дүгнэн тодорхойлсон байх тул хариуцагчийн “байнгын ажиллагаатай бус, улирлын шинжтэй уурын зуух” гэх тайлбар үгүйсгэгдэх юм.

16. Мөн “Енбешки ауыл” нэгдэл болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудад харьяалагдах уурын зуухууд нь Сагсай сумын нэгдлийн харьяаны төсөвт байгууллагуудыг халаалтаар хангадаг байнгын ажиллагаатай уурын зуухны байгууламж болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд тус уурын зуух нь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяанд шилжсэн ч өмнөх үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдөхгүйгээр дулаанаар хангах үйл ажиллагаа үргэлжлэн явагдсан; энэ талаар хариуцагч маргадаггүй атлаа Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяаны уурын зууханд галчаар ажилласныг “хөдөлмөрийн хүнд нөхцөлд” тооцох мөртлөө гүйцэтгэж байсан ажил үүрэг адил явагддаг байсан бодит нөхцөлийг харгалзалгүйгээр уурын зуух нь хаана харьяалагдаж байгаагаас нь шалтгаалан, өөрөөр хэлбэл нэгдэл, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар болон сумын сургуулийн уурын зууханд галчаар ажилласныг “хөдөлмөрийн хүнд нөхцөлд” тооцохгүй байгаа нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

17. Харин давж заалдах шатны шүүхээс “... ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг итгэмжлэл бүхий байгууллага эрхийн хүрээнд хийхээр зохицуулсан ба үнэлгээг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын аль тохирсон нөхцөлд тусгагдахаар байхад шүүх болон бусад этгээд уг үнэлгээг хийх боломжгүй, ... жагсаалтад ороогүй ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан, Сагсай сумын 10 жилийн дунд сургууль, дотуур байрны хамт уурын зуух галлаж халаадаг, зөвхөн өөрийн байрыг дулаанаар хангадаг, улирлын чанартай ажилладаг” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

18. Нэхэмжлэгч “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-аар ажиллаж, ээлжийн нөхцөлд, 24 цагийн галлагаа явуулж, дулаанаар ханган ажиллаж байсан үйл баримт нь нэгэнт тогтоогдсон тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамруулан тооцоход хуулиар хатуу хориглосон хэм хэмжээ байхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

19. Иймд, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 386 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Д.МӨНХТУЯА

    ШҮҮГЧИД                                                             М.БАТСУУРЬ 

                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                       Ц.ЦОГТ

                 Х.БАТСҮРЭН