Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 193

 

 

Я.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Э.Тулгаа, хохирогчийн өмгөөлөгч Л.Баттогтох, Т.Хонгор, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалтай Я.Г-д холбогдох эрүүгийн 2020000000009 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1963 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын Тохижилт үйлчилгээний компанид жолоочоор ажиллаж байсан, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан Б овогт Я-ийн Г.

Я.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсгийн Стандартын найман айлын 5 тоотод Д.С-ийг зодож биед нь гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтод цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал бүхий олон тооны гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Г онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар түүнийг 20 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 62 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.   

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүхэд Я.Г нь “...Миний санахгүй байгаа байдалд мэргэжлийн байгууллага нь дүн шинжилгээ хийгээд тогтоосон учир надад өөр хэлэх зүйл байхгүй байна...”, “...Энэ хийсэн үйлдэлдээ зүрх сэтгэлээсээ гэмшиж байна....” гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Я.Г нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Тэгтэл тэр хүн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, сэргэхгүй байсан тул би үүдэнд байсан гутлаа өмсөөд гэрээс гараад цагдаа руу явсан... Ингээд цагдаа дээр ирээд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 140 дэх тал/ хэрэгт авагдсан байдаг. Үүнээс үзэхэд Я.Г нь өөрийгөө илчилсэн идэвхтэй үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь тогтоогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудыг зөвхөн яллах талд ашигтайгаар үнэлж шийдвэрээ гаргасан байдаг.

Дээрхээс үзэхэд Я.Г нь өөрийгөө илчилсэн, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байтал анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтуудыг огт үнэлээгүй бөгөөд зөвхөн яллах талын баримтуудыг буюу хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-д заасныг зөрчиж, зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Нэгэнт Эрүүгийн хуулинд хуульчлагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй орхиж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Шүүгдэгчийн гэмт хэрэг гарах цаг хугацаанд 1,57%-ийн согтолтын улмаас өөрийн үйлдлээ бүрэн санахгүй байгаа нөхцөл нь түүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй...” гэж үзсэн байна.

Я.Г-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 139-142 дахь тал/-ээс үзэхэд өдөр 11 цагаас эхлэн архи уусан байдаг. Хэргийн газрын үзлэгээр Соёрхол-0,75 архи нэг ширхэг, ерөөл архины шил 3 ширхэг хураан авсан мөн хагарсан нэг виноны шил байдаг. Гэтэл Я.Г нь гэрч Б-тай цуг нэг шил Соёрхол, нэг шил ерөөл архийг уусан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл хэргийн газрын үзлэгээс 4 шил архи авагдсан байдаг бөгөөд үүнээс хоёр шил архийг нь Я.Г нь Б-тай хамт уусан гэж үзэхэд үлдэгдэл хоёр шил архийг бүгд хувааж уусан болж таарч байна. Гэтэл хохирогч нь Я.Г-ээс илүү согтолттой байх ямар ч үндэслэлгүй байна. Учир нь Я.Г нь хохирогчоос илүү архи уусан байх бөгөөд илүү согтолттой байхаар байдаг. Шүүх үүнийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Я.Г нь согтолтын улмаас болсон нөхцөл байдлыг мэдэхгүй бөгөөд унтаад эрүүлжээд сэргэсэн гэдгээ мэдүүлэгтээ дурдсан байдаг. Хэрэг болсон цаг хугацаанд Я.Г илүү согтсон согтолтын хүнд зэргийн улмаас болсон явдлыг санахгүй мөн биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байсан. Гэтэл хэргийн газраас хураагдсан архины шилнүүдээс тооцоолж үзэхэд хохирогчийг Я.Г-ээс илүү согтолттой гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Я.Г нь унтаад, сэрээд эрүүл болсон хойноо цагдаагийн газарт шөнийн 03 цаг 32 минутанд согтолтын зэргээ тогтоолгосон. 4 шил архинаас хоёр шилийг нь хуваан уусан хүн гүн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан бол түүнээс их уусан Я.Г нь хэрэг болсон цаг хугацаанд мөн л үйлдэл хийх чадваргүй байхаар харагдаж байна. Я.Г нь унтаад, сэргээд, эрүүл болоод үйлдлээ хянах чадвартай болсон хойноо цагдаагийн байгууллагад очиж, согтолтын зэргээ тогтоолгосныг нотлох баримт болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дугаар хэсэгт зааснаар хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Г-г согтуугаар уг хэргийг үйлдсэн гэж үзсэн атлаа тухайн хэрэг болох буюу хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд түүнийг хэр согтолттой байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай. Мөн хэрэгт авагдсан дэлгүүрийн худалдагч Б-ийн мэдүүлэгт хохирогчийг 19 цагийн орчим архи худалдаж авсан тэр үед согтуу байгаагүй бага зэрэг үнэртүүлсэн байсан л гэдэг. Харин доод давхарт амьдардаг Э-ийн мэдүүлэгт гэрээсээ 21 цагийн орчим гарсан гарахаас өмнө дээд давхрын хүмүүс чанга чанга яриад түчигнээд байсан гэдэг. Мөн талийгаач нь 18 цаг 55 минутанд гарч 19 цаг 06 минутанд Г-ийн байр луу орсон байдаг. Харин дэлгүүрийн камерт бичигдсэнээр 19 цаг 22 минутанд касс руу очиж 19 цаг 24 минутанд гарсан байдаг. Иймд дээрх эргэлзээтэй цаг хугацаануудыг тодруулах шаардлагатай тул шүүх анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Анхан шатны шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “онц харгис хэрцгий аргаар” гэж мөн л хүндрүүлсэн. Гэтэл хэргийн газраас хагарсан виноны шил илэрдэг. Иймд хохирогчид үүсээд байгаа олон гэмтлүүд нь шил хагарч олон хэсэг болох үед үүсч болзошгүй байхаар харагдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоол магадлалд өөрчлөлт оруулж хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж, Я.Г-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Тулгаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч Э.Ганхөлөгтэй санал нэг байна. Онц харгис хэрцгий арга гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, өлсгөж, цангаасан, осгоосон, шатаасан, түлсэн, хайрсан зэргээр өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд үйлдэж буй идэвхтэй үйлдлүүдийг хэлнэ. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарласан, ойлгосон байдлыг хэлнэ. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолд дурдсан байдаг. 2018 оны Улсын дээд шүүхийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолд “...хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно” гэж заасан байдаг. Онц харгис хэрцгий арга гэдэг нь “хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон өөрийнхөө үйлдсэн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн байдлаар илэрдэг” гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолд заасан. Амь хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цусны шинжилгээгээр тодорхойлсон. Гэвч гэмт хэрэгт холбогдсон этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа үлээлгэж буюу амьсгал дахь спиртийн агууламжаар шалгасан байдаг. Цус болон амьсгал дахь спиртийн агууламж өөр болохыг анхаарах нь зүйтэй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6-7 цагийн дараа амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлсон нь эрүүлжих нөхцөл байдал үүссэн байдлыг буюу бодит байдлыг үндэслэлтэй тогтоож чадаагүй. Иймд шүүгдэгчийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Баттогтох хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Тухайн үед үйлдэгдсэн гэмт хэргийн бодит факт нь хүний амь хохирсон. Амь хохирогчийн цусан дахь спиртийн хэмжээ 4.7 хувь гарсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг албадан эрүүлжүүлэх тухай журмаар амь хохирогч нь согтолтын хүнд зэрэгт байсныг тогтоосон. Хэрэгт авагдсан задлан шинжилгээний зургаас харахад хохирогчийн биед 23 төрлийн шарх үүссэн байдаг бөгөөд маш олон тооны үйлчлэлээр үүссэн болох нь нотлогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хонгор хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Л.Баттогтох өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлдсэн хэргийнхээ талаар санахгүй, мэдэхгүй, мэргэжлийн байгууллага тогтоох байх гэсэн байр суурьтай оролцсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримт зөв тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн цуснаас 4.5, ходоодны шингэнээс 7.2 промиль спирт илэрсэн нь түүнийг хүнд зэргийн согтолттой байсныг харуулж байна. Шүүгдэгч Я.Г-ийн биед шөнийн 01 цаг 31 минутад үзлэг хийж, согтолтыг хэмжихэд 1.57 промиль спиртийн агууламж илэрсэн нь өөрийгөө хянах чадвартай байсныг харуулж байна. Шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсгийн Стандартын найман айлын орон сууцны 5 тоотод Д.С нь нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст Я.Г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Я.Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Я.Г гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, ялын тэнцвэр тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар (хэргийн 2 дугаар хавтас, 9 дэх тал) амь хохирогчийн цусанд 4.5, ходоодны шингэн 7.2 промиль спирт илэрснийг шинжээч согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлж, ийм хэмжээний согтолттой хүн үйлдэл, хөдөлгөөн, яриагаа хянах чадваргүй, зарим тохиолдолд унтана (тасарч унана)” хэмээн тайлбарлан мэдүүлсэн (хэргийн 3 дугаар хавтас, 216-217 дахь тал) зэргээс үзэхэд хохирогч нь хүчтэй согтуурсны улмаас бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт халдлагын эсрэг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй болсон байх тул хоёр шатны шүүх энэ шинжээр нь шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр (хэргийн 2 дугаар хавтас, 19-24 дахь тал) талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл учирсныг тогтоож, үхлийн шалтгааныг гавлын зулай, дух, ясны хугарал, хамар хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан “хэмээн тодорхойлсныг үндэслэн хоёр шатны шүүх нь шүүгдэгч Я.Г-г олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж дүгнэж, түүний хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан хуулийн зүйл хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.1, 2.7-д заасан 12-оос 20 жил хүртэл, эсхүл бүх насаар нь хорих ялуудаас 20 жил хорих ялыг шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж дүгнэж, сонгон хэрэглэснийг хүндэдсэн хэмээн үзэх үндэслэлгүй байна.

Гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Тэгвэл шүүгдэгч Я.Г нь “гаднаас нэг согтуу хүн хаалга нүдэж орж ирээд надтай маргалдаад би цохичихсон” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад амаар гаргасныг (хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дахь тал) үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Я.Г нь ухамсарлан гэмшсэндээ бус харин өөрийгөө хамгаалах зорилгоор “гаднаас гэрт нь орж ирэн маргалдсан согтуу хүнийг цохисон” гэж мэдээлснийг “хэргээ сайн дураар илчлэн ирсэн”-д тооцож, түүний ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хоёр шатны шүүх хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх хоёр нөхцөл байдалтайгаар үйлдсэн Я.Г-д хэрэглээгүй явдлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцох боломжгүй  бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Хоёр шатны шүүх Я.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН