Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0237

 

 

 

  

 

2019 оны 04 сарын 24 өдөр              

Дугаар 221/МА2019/0237

                                    Улаанбаатар хот

 

“А.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Цөмийн энергийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “А.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Цөмийн энергийн комиссод холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

        ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасныг баримтлан “А.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Цөмийн энергийн комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцүүлэхийг Цөмийн энергийн комиссод даалган шийдвэрлэсэн байна.

    Цөмийн энергийн комиссоос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “Үндэслэх хэсэгт “Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д зааснаар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт хянан үзээд 6-12 сарын дотор шийдвэрлэхээр заасан, энэ хугацаанд Цөмийн энергийн комиссын санал өгөх хугацаа багтаж байх тул өргөдлийн материалыг комиссын хуралдаанаар хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байна” гэж үзжээ.

  Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.3-т ‘‘Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын өдөр тутмын ажлыг хариуцаж, ажлын албыг удирдана. Нарийн бичгийн дарга нь комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангана” гэж заасны дагуу Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нь хуралдааны бэлтгэл ажлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн шаардлага бүрэн хангасан материал ирүүлсэн тохиолдолд комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д заасан 6-12 сарын хугацаа нь зөвхөн Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай асуудалд хамаарахгүй бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т ‘‘өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах” ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг дахин ирүүлээгүй бхуульд заасан хугацааг хэтрүүлж, Цөмийн энергийн комиссын саналыг авалгүйгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснийг шүүхээс Цөмийн энергийн комиссын эс үйлдэхүй гэж шууд тодорхойлж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2-т зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар /түүний холбогдох нэгж болох Кадастрын хэлтэс/ олгох бөгөөд энэ төрлийн тусгай зөвшөөрөл хүсэгчид мөн хуулийн 16 дугаар зүйлээр ерөнхий шаардлага, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсгээр тодорхой нөхцөлийг хангасан байхыг шаарддаг ба 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг журамлаж, тухайлбал 18.8-д “энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ...тус тус санал авсан байх”-аар зааж, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ажиллагааг журамлажээ.” гэж тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль зүйн үндэслэлийг тодорхойлжээ.

Мөн “Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь эдгээр шаардлагуудаас чухам аль хэсгийг нэхэмжлэгч компанийг хангаагүй гэж үзснээ шийдвэртээ тодорхой тусгаагүйн дээр тайлбарлаагүй болно. “А.М” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн материалыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч “А.М” ХХК холбогдох баримтуудыг бүрдүүлсэн хэмээн тайлбарладаг бөгөөд үүндээ ямар материалыг бүрдүүлээгүй, дутуу гэж үзсэнээ хариуцагч тодорхой тайлбарлаагүй байхад тухайн материалуудад дүн шинжилгээ хийх, хуульд заасан шаардлагуудыг тусгай зөвшөөрөл хүсэгч хангасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй, ийнхүү дүгнэх нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарна" гэжээ.

Шүүхээс Цөмийн энергийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй хэдий ч хуульд заасан шаардлагуудыг бүрэн эсэхийг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх нь хууль ёсны биш байна.

Цөмийн энергийн тухай хуулийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасныг баримтлан “А.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Цөмийн энергийн комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцүүлэхийг Цөмийн энергийн комиссод даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хуульд заасан шаардлага хангаагүй, бүрдэл дутуу, нотлох баримтгүй цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдпийн матөриалыг Цөмийн энергийн комиссын хуралдаанд оруулах боломжгүй. 

Өргөдлийг хүлээж авахдаа хуульд заасан материалын бүрдлийг хангуулах нь зүйтэй байсан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай” 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар зарлигийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байхыг холбогдох байгууллагад үүрэг болгосон.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрлэн өгнө үү”

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:” Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий актад баримталсан Цөмийн энергийн тухай хуулийн 17.4 дахь хэсэг нь цөмийн энергийн тухай хуулийн 15.2.3, 15.3-тт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчид хамааралтай байх тул 15.2.2-т заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлагад хамаарахгүй гэж дүгнэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийн үндэслэл болгосон заалт нь Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.10, 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтууд юм.

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн энергийн тухай хуулийн 17.2.1-172.4, 17.3.1-17.3.8 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай талаар хуульчилсан.

Шүүхэд цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А.М” ХХК нь:

17.3.3 цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх,

17.3.6  цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх,

17.3.7  цацраг идэвхт ашигт малтмал боловсруулах.ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх,

17.3.8  цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх зэрэг шаардлагуудыг дутуу ирүүлсэн байсан.

Эдгээр шаардлагуудын шүүх цуглуулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслэн “А.М“ХХК- ийн ашигт малтмалын ашиглалтын өргөдлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойлогдох болохоос бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг шууд хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Цөмийн энергийн комиссын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй...” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Анх “А.М” ХХК нь 2018 оны 09 сарын 17-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан  “Адамс майнинг” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2018/6201 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлийн шаардлагаар тухайн албан тушаалтанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын, Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагчаар Цөмийн энергийн газрыг оролцуулах хүсэлтийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан байна. 

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т ээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “А.М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор Цөмийн энергийн комиссоор хэлэлцэхийг Цөмийн энергийн комиссод даалгах, Комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн шаардлагыг нэмж гаргасан байна.

Анхан шатны шүүхээс дээрх 2 шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй зэрэг зөрчил гаргасан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болно.

Цөмийн энергийн комисс нь Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн энергийн комисс (цаашид “Комисс” гэх) ажиллана” гэжээ. 

Мөн зүйлийн 10.2-т “Комиссын дарга нь Ерөнхий сайд байна”, 10.3-т “Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цөмийн энергийн комисс”-ын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Харин 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Комиссын дүрэм”-ийг тус тус баталсан, уг хавсралтад Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралтад нэмэлт орсон байна. 

Дээрх хуулийн заалт болон Засгийн газрын тогтоолоос үзэхэд “Цөмийн энергийн комисс” нь тусдаа бие даасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна. Цөмийн энергийн комиссын хуралдааны зохицуулалтаас үзэхэд нэгэнт тухайн байгууллагын /комиссын/ хуралдаанаар орж хэлэлцэгдээгүй асуудлын тухайд комисс шийдвэр гаргахгүй ажээ.

 Өөрөөр хэлбэл, асуудал нь хэлэлцэгдээгүй, хуралдаанд оруулаагүй байхад Цөмийн энергийн комиссыг нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй, харин ч комиссын хуралдаанаар асуудлыг оруулахгүй, хэлэлцүүлэхгүй, нэхэмжлэгч компанийг тухайд эс үйлдэхүй гаргаж байгаа гэх “албан тушаалтан” нь Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга гэсэн тусдаа этгээд болохоор байна. 

Цөмийн энергийн тухай хуулийн “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд баримтлах зарчим” 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх”, 4.1.4-т “олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх”; мөн зүйлийн 4.1.5-т “хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах” гэж заажээ. Мөн Цөмийн энергийн комиссын дүрмийн 1.2-т “Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, цөмийн энергийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд шүүх шууд нэхэмжлэгч компанийн бүрдүүлсэн материал хуульд заасан шаардлага хангасан, эсхүл хангаагүй гэж шууд дүгнэлт хийх боломжгүй нь харагдаж байна.

Энэхүү хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газар мөн хариуцагчаар оролцсон байх бөгөөд уг байгууллагад холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс  “А.М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна. 

Болсон үйл баримтыг товч дурдвал : Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...Энэ хуулийн ... 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс ...” -оос санал авсан байх-аар заажээ. 

Хуулийн энэ шаардлагын дагуу санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5572 дугаар албан бичгээр Цөмийн энергийн комиссын ажлын албанд хүргүүлжээ. Үүний хариуд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385 тоотоор ... Тус компани нь Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлагуудыг хангахгүй байгаа тул цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар Цөмийн энергийн комиссын хурлаар оруулах боломжгүй байгаа гэж хариу ирүүлсэн байна. 

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 6/6560 тоотоор дутуу хүргүүлсэн 167 хуудас нэмэлт материалыг хавсарган Цөмийн энергийн комиссоор хэлэлцүүлэхээр дахин хандсан боловч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоотоор мөн л “...Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан заалтуудын нотлох баримтууд, 19 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийн бүрдүүлэлт дутуу шаардлага хангахгүй байгаа тул Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй байна” гэсэн хариу ирүүлжээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2018 оны 04 дүгээр сарын 13-нд сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлснээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн тус компанийн төлөөллийг байлцуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой сонсох ажиллагаа хийж, тус компанийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр багтааж тайлбараа өгөх хугацаа тогтоосон, сонсох ажиллагааны дагуу тус компаниас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөдлийн талаарх тайлбар, санал, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухай тайлбар, тусгай зөвшөөрлийн бичиг баримтын жагсаалт, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ...Цөмийн энергийн комиссын саналыг авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх талаарх саналыг тус тус хүргүүлж байжээ. 

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар Цөмийн энергийн комиссоос дэмжсэн санал ирээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А.М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Цөмийн энергийн комиссын хурлаар хэлэлцээгүй байхад Ашигт малтмал газрын тосны газар тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан эсэх, санал өгөөгүй үед өргөдлийг хэрхэн шийдвэрлэх байсан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. 

Нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, татгалзсан үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт хамаарахгүй, 17.3 дахь заалтыг хангаж байсан гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ...Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй гэж, хариуцагч Цөмийн энергийн комиссоос ... Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т заасан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг зөвшөөрснөө нотолсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр бүхий баримтыг ирүүлээгүй байсан, аюулгүй ажиллагаа хангуулахтай холбоотой баримтыг ирүүлээгүй байсан тул комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байсан гэж тус тус зөрүүтэйгээр тайлбарлан маргажээ. 

Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч “А.М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар Цөмийн энергийн комиссоос дэмжсэн санал ирээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэл баримталжээ. Анхан шатны шүүх Ашигт малтмал газрын тосны газрын гаргасан захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буйгаас үзэхэд хуулийн дээрх шаардлагууд хангагдсан байсан гэж дүгнэж шийдвэрлэжээ гэж ойлгогдоно. 

Гэтэл анхан шатны шүүх .... “А.М” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн материалыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн, ... тухайн материалуудад дүн шинжилгээ хийх, хуульд заасан шаардлагуудыг тусгай зөвшөөрөл хүсэгч хангасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй, ийнхүү дүгнэх нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарна  ... гэж дүгнээд “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна” гэсэн шийдвэрийг гаргасан ойлгомжгүй байна. 

Нэгэнт тухайн ирүүлсэн гэх материал нь хуульд заасан шаардлага хангасан, хангаагүй гэдгийг шүүх дүгнэж чадаагүй атлаа захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь хууль бус гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

              

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                    Н.ХОНИНХҮҮ

              ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР