Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00050

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00050

 

  

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 555 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,618,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Ц.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Иргэн Н. ******* нь 2021 оны 08-р сарын 09-ны өдөр мөнгө хэрэгтэй болоод байна гээд надаас 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2021 оны 08-р сарын 09-өөс 2022 оны 02-р сарын 09-нийг хүртэл 6 сарын хугацаатай зээлж авч автомашинаа барьцаалж гэрээ байгуулсан юм. Зээлдэгч ******* нь машин хэрэг болоод байна гээд машинаа аваад явсан юм. Зээлдэгч ******* нь надад зээлийн гэрээний дагуу зээлж авсан 3,500,000 төгрөгийн сард төлөх хүү 350,000 төгрөгийг 2021 оны 08-р сарын 09-өөс 2022 оны 02-р сарын 09-ийг хүртэл 6 сар өгөөд түүнээс хойш 1 жил гаран хугацаанд огт мөнгө өгөхгүй явсаар 2023 оны 02-р сард 200,000 төгрөг, 2023 оны 03-р сард 200,000 төгрөг, 2023 оны 05-р сард 100,000 төгрөг өгч зээлж авсан 3,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг хасагдсан. Зээлдэгч Н. ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 1 жил 6 сар намайг хохироож байгаа тул зээлж авсан 3,500,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 3.7д зааснаар хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх ёстой. Иймээс 2022 оны 02-р сарын 10-аас 2023 оны 02-р сарын 10н хүртэлх 360 хоногийн 0,3 хувийн алданги болох 3,618,000 төгрөг. Нийт 6,618,000 төгрөгийг Н. *******аас гаргуулж Б. ******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ... ******* би *******ийн гаргасан 6,618,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: *******т нийт:

1. 2021.09.09-ны өдрөөс 2023 оны 01 сар хүртэл сар бүр 350.000 төгрөг төлж байсан 01 сараас эхлэн ******* хүү тооцож авахаа болъё гэж хэлээд үндсэн мөнгөнд 500,000 төгрөг авсан. Ингээд нийт энэ хүнд 4,900,000 төгрөг өгсөн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, надад *******т төлөх өр, төлбөр байхгүй. Мөнгө төлсөн баримтаа шүүхэд өгөхийг ойлгосон, энэхүү тайлбарын үндэслэлийг өөрөө шүүхэд нотлох талаар ойлголоо. *******т би бэлэн мөнгөөр хүүгээ өгч байсан юм. Ер нь *******т төлсөн мөнгөний баримт бол байхгүй, яагаад гэвэл мөнгөө өөрөө ирж бэлэн авч байсан учраас, би өгч байсан мөнгөө нотлох хэцүү байна.

Надад энэ их мөнгийг төлөхөд хэцүү байна. 3,500,000 төгрөгийг зээлсэн үнэн. Үндсэн зээлээс 500,000 төгрөг төлсөн. Аман гэрээ хийгээд тохироод энэ бүх гэрээгээ цуцалсан. Алданги тооцно гэж хэлээгүй. Үндсэн зээлийг зөвшөөрч байгаа, алдангийг зөвшөөрөхгүй. ******* ах өөрөө алданги, хүү тооцохгүй, ямар ч байсан миний мөнгийг л барагдуулбал алданги хүү тооцохгүй гэж хэлсэн. Гэрээг бол байгуулсан нь үнэн гэхдээ өөрөө хүү алданги тооцохгүй гэж хэлсэн урчаас энэ их мөнгийг төлж чадахгүй, би алданги төлж чадахгүй төлөх боломжгүй. Гэрээнд энэ заалт байхгүй гэхдээ сүлд амаараа тохиролцсон гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 555 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар *******аас зээлийн үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, алдангид 3,240,000 төгрөг, нийт 6,240,000 төгрөг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 378 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,838 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 6,240,000 төгрөгт тохирох 114,790 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1 Талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээ /хх- 4-5 тал /-ний 3.7-д зааснаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 3 сая төгрөгнөөс 0,3 хувиар хугацаа хэтэрсэн 360 хоногт тооцож / 3000 000x0,3%= 9000x360 хоног = 3 240 000 төгрөг/ нийт / 3 000 000 + 3 240 000 / 6 240 000 төгрөг гаргуулж, үлдэх 378,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1-д заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг зүйлд зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгч талд зээлийн гэрээний дагуу тохирсон мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэг, талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээний 3.7-д тус тус зааснаар .... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% алданги тооцохоор тохиролцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, зааснаас үзэхэд алдангийг хэмжээ нийт гүйцэтгээгүй үнийн дүн болох 3,000,000 төгрөгийн 50% буюу 1,500,000 төгрөгөөр тооцогдох ёстойг буруу тооцоолжээ. Иймд дээрх тооцооллыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Тайлбар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 555 дугаар шийдвэрт Талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээ /хх- 4-5 тал /-ний 3.7-д зааснаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 3 сая төгрөгнөөс 0,3 хувиар хугацаа хэтэрсэн 360 хоногт тооцож / 3000 000x0,3%= 9000x360 хоног = 3 240 000 төгрөг байхаар тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн зүгээс шийдвэрт заагдсан алдангиас 1,740,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул алдангийг үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийн 50% буюу 1,500,000 төгрөг байхаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байдлаар тус гомдлыг гаргасан болно гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг Анхан шатны шүүх хуулийн дагуу шударгаар шийдвэрлэсэн юм. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж, мөн дахин 2021.08.09-ний өдөр 2023.02.05-аас эхлэн сар бүр 200,000 төгрөг өгөхөөр тохиролцож, тохирсон хугацаандаа өгч чадахгүй бол шүүхэд өгөхөд гомдолгүй гэж бичгээр гэрээ байгуулсан.

Ийм болохоор Анхан шатны шүүх шийдвэртээ Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаангүй байна гэж заасан нь нотлох баримт дээр үндэслэн шийдвэрлэсэн зөв шийдвэр юм. Нэхэмжлэгч ******* би зээлийн гэрээний 3.7 заалтын дагуу 1 жилийн алданги тооцсон. Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хуулийн заалтыг ойлгож байгаа хэдий ч анхан шатны шүүх зээлсэн мөнгөө хариуцагч нь одоог хүртэл буцааж төлөхгүй хохироож байгаа байдлыг харгалзан үзсэн байх гэж ойлгож байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2 .Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр 3.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам хоногийн 0.3 хувийн төлөхөөр бичгээр байгуулж, гэрээг нотариатаар батлуулсан байна.

Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй харин гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага буюу алданги 360 хоногоор тооцон 3.618.000 төгрөг нийт 6.618.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна.

4. Зохигчид нэгэнт гэрээ байгуулсан болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Гэрээний талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд талууд хүү болон алданги төлөхөөр харилцан тохирч гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагч нь дээрхи гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн үндсэн зээл болон алданги тооцон гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 3.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хүү төлсөн боловч үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийг тодорхой шалтгааны улмаас зээлээ төлөхгүй 1 жилийн хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг 360 хоногоор тооцон гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч багасгаж тооцуулахаар маргасан байна.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрхи хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хариуцагчаас гэрээний үүрэг 3.000.000 төгрөгийг биелүүлээгүй нэг жилийн хугацаагаар буюу 360 хоногоор шууд тооцон алданги 3,240,000 төгрөг, нийт 6,240,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч Н.Наранцацаралын гэрээгээр гүйцэтгэх үндсэн зээл 3.000.000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж тодорхойлж, алдангийн хэмжээг үндсэн зээлийн 50 хувиар тооцон алданги 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдсантай холбоотой түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 555 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******аас зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг гаргуулж, хариуцагч д *******т олгож, 2.118.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.838 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 86.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 42.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form