Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Л.Ундармаа,       

улсын яллагч Т.Жавхлантөгс,

хохирогч Ц.Алтайбуян, түүний өмгөөлөгч Ю.Минжүүрдорж,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Д.Гангантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн ........... холбогдох эрүүгийн 1809022561133 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Компьютер график дизайн, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Бадрал Капитал” ХХК-д оффисс менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхон 2-211 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ................ регистерийн дугаартай, Боржигон овогт ............

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Т.С нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна иргэн Ц.Алтайбуянгаас “Мобиком корпораци” ХХК-аас 9911-тэй 4 ширхэг дугаар худалдаж авахаар урьдчилгаа болох биет 20.000.000 төгрөгийг авч гэрээгээр халхавчлан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтайбуян мэдүүлэхдээ: Т.С надруу утсаар яриад “Мобикомд манай таньдаг хүн байгаа. 9911-тэй дугаар авах боломжтой. Та авах уу” гэхээр нь би итгээд мөнгөө өгсөн. Т.С 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-6/, Т.Солонгын утаснаас ирсэн гэх мессежүүд /хх-ийн 8/, хохирогч Ц.Алтайбуян /хх-ийн 9-11/, гэрч О.Төмөрмөнх /хх-ийн 12/ нарын мэдүүлэг, Т.Солонгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-17, 21-22/, Т.Солонгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-30/, шүүхийн шатанд хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.С нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна “Мобиком корпораци” ХХК-аас 9911-тэй 4 ширхэг дугаар худалдаж авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан Ц.Алтайбуянгаас 20.000.000 төгрөг залилан авсан болох нь:

 

хохирогч Ц.Алтайбуянгийн /хх-ийн 19/: “... 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Солонго бид хоёр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна уулзаад тэнд байрлах нотариатын газар орж мобикомын 4 ширхэг 9911-тэй дугаарыг нэг дугаарыг нь 8.000.000 төгрөгөөр бодож 32.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, урьдчилгаа болох 20.000.000 төгрөгийг бэлнээр Солонгод өгсөн. Солонго нь мөнгө авсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан дугааруудыг өгөх ёстой байтал өгөлгүй хууран мэхэлж өдийг хүрсэн ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Төмөрмөнхийн /хх-ийн 12/: “... Манай бага охин Солонго нь 2016 оноос хойш, 2018 оны эхэн хүртэлх хугацаанд нэг хувийн компанид менежерээр ажиллаж байсан юм. Түүнээс өөрөөр 9911-тэй дугаар болон бусад үүрэн телефоны операторуудын дугаар зарж худалдаалдаг ажил эрхэлж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Т.Солонгын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21/: “... Алтайбуян надад “9911...- тэй дугаар олж авмаар байна. Чамд 9911-тэй дугаар олж өгөх хүн байгаа юу?, Ямар үнээр олдох вэ?” гэхээр нь би “надад таньдаг хүн байгаа, нэг дугаарыг нь 8.000.000 төгрөгөөр олох боломжтой” гэж хэлэхэд Алтайбуян ах “чамд тэгвэл би 9911-тэй нэг дугаар болгоноос ашиг гэж 2.000.000 төгрөг нэмж өгье, тэгээд чи ахдаа 9911-тэй 4 дугаар олоод өг” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Алтайбуян ахаас урьдчилгаа болгож 20.000.000 төгрөг авсан. Теди худалдааны төвд утасны дугаар зардаг ченжүүд болон гар утасны дугаар зардаг сайтуудаас орж үзэж, асууж сураглахад 9911-тэй нэг дугаар л гэхэд 17.000.000 төгрөгөөс эхэлж байсан тул би 9911-тэй дугаар худалдан авч Алтайбуян ахад өгч чадахгүй юм байна гэдгээ мэдсэн. ... 9911-тэй дугаар худалдаж авах гээд хайгаад явж байх үед 5.000.000 орчим төгрөг нь ямар нэгэн зүйлд буюу хувийн хэрэглээнд үрэгдчихсэн байсан. Үлдэх 13.000.000 төгрөгийг нь 2018 оны 07 дугаар сард Солонгос улсад ажиллахаар явсан найздаа зээлчихсэн юм...” гэх мэдүүлгээр болон 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ц.Алтайбуян, Т.С нарын хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 5-6/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Т.Солонгын “9911-тэй дугаар 8.000.000 төгрөгөөр авч өгнө” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн мөнгийг авч хувийн хэрэгцээндээ зарснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.С нь “9911-тэй дугаар 8.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж хохирогчийг төөрөгдүүлэн, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

 

 Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Т.Солонгын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Ц.Алтайбуян нь шүүхийн шатанд хохиролоо бүрэн барагдуулан авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхээс Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ............г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Солонгыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ