Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

 

 

А.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд,

хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.Жы өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэл, хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор А.Жд холбогдох 1803000010003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн А-ийн Ж, 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

А.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Их тойруу "Авто плаза" худалдааны төвийн хойд замд "Тоёота приус" загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэж, 9.2-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3-т "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Н, Б.Б нарыг мөргөж, Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: А.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010003 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Алтанхуягийн Жыг цагаатгаж, А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар А.Ж нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг СD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц А.Жы 1142198 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй, А.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаартай "Цагаатгах тогтоол"-ыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй,  "шүүхийн тогтоол үндэслэлтэй байх" гэсэн шаардлагад нийцээгүй, мөн "шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй" гэснийг тус тус зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

А.Жыг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдан хэргийн материалд авагдсан байгаа. Тухайлбал:

-Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр "...А.Ж нь “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" 3 дугаар хавсралтын 3-т "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ. А. Стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэж тус тус заасныг зөрчсөн байх үндэслэлтэй. /1 дүгээр хх 174-175 тал/,

-Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17/42134 дугаартай /Д.Ганхуяг, Ё.Эрдэнэ-Очир, Н.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй/ шинжээчийн дүгнэлтээр: "... Уг авто машин нь ерөнхий байдал өнгө үзэмжийн хувьд стандартын шаардлага хангаагүй, урд их гэрлийн чадал баруун талдаа 1100cd, зүүн талдаа 0cd байгаа нь цайр болон паар нь бүдгэрч муудсан, гэрлийн тохиргоо алдагдсан нь үзэгдэх орчинг хязгаарлаж тухайн осолд нөлөөлнө" / хх 128-131 тал/,

- Шинжээч Б.Гомбосүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх 177-р тал/, шинжээч Х.Ганбатын мэдүүлэг /2 дугаар хх 87-88-р тал/, шинжээч П.Мөнхсодномын мэдүүлэг /2 дугаар хх 94-95-р тал/ зэрэгт "...Ослын бичлэгээс харахад Микроавтобусны жолооч явган зорчигчийг хараад хурдаа сааруулаад 2 явган зорчигчийг урдуураа гаргаад явж байхад хажуу талд нь хойноос ирж явсан "Тоёота приус" загварын, 47-92 УНП дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ж нь тодорхой хэмжээний хурд сааруулах боломжтой. Мөн схем зургаас харахад хүн мөргөснөөс хойш машин нь 24,90 метр явсан нь тухайн нөхцөлд хурдаа тохируулаагүй гэж үзээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн...” гэх мэдүүлэг,

"...Микроавтобус 2 явган зорчигчийг хараад хурдаа сааруулж байхад хажуу зэргэлдээ эгнээнд хойноос нь ирж явсан "Тоёота приус" загварын машины жолооч нь хөдөлгөөний нөхцөл байдлаа тооцоолж, хурдаа хасч саад гарч ирж болзошгүйг тооцоолох ёстой байсан. Баянзүрх дүүргийн оношлогооны дүгнэлтэд "Тоёота приус" загварын авто машины урд 2 их гэрлийн цайр, паар бүдгэрч муудсан, гэрлийн тохиргоо алдагдсан нь үзэгдэх орчинг хязгаарлаж тухайн осолд нөлөөлнө гэж гаргасан. Иймд тухайн осол гарсан цаг хугацаанд тухайн авто машины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын заалтыг зөрчсөн гэж үзсэн..." гэсэн байх ба улсын яллагчаас А.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ял завшуулах боломж олгосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

-Хохирогч Т.Нын "... 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг "Авто плаза" худалдааны төвийн харалдаа замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч яваад замын голд иртэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг машин гарч ирээд зам тавьж өгөхөөр нь урдуур нь гараад алхтал 2 дугаар эгнээгээр машин орж ирээд мөргөсөн. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Талийгаач миний баруун гар талд явж байсан ба бид хоёр зэрэгцээд алхаж байсан. ...Би 3 дугаар эгнээгээр нэг машин орж ирээд хурдаа хасаад зам тавьж өгөхөөр нь зам хөндлөн гарсан, 2 дугаар эгнээгээр ирж явсан машиныг зогсож зам тавьж өгөх байх гэж бодсон. ..." гэсэн мэдүүлэг. /хх 77-78 тал/

- Гэрч Б.Идэрмөнхийн "... 2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 22 цаг 50 минутын үед өөрийн эзэмшлийн 24-50 УНР улсын дугаартай, автомашин жолоодоод Сүхбаатар дүүргийн нутаг "Авто плаза" худалдааны хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 3 дугаар эгнээнд явж байтал замын хойд талаас гурван явган зорчигч зам хөндлөн миний машины урдуур ороод ирэхээр нь би урдуураа гаргах гээд хурдаа хасаад явган зорчигч нарыг гаргатал 2 дугаар эгнээгээр "Тоёота приус" загварын автомашин орж ирээд хоёр эмэгтэй явган зорчигчийг мөргөөд зогссон. Тэр хоёр эмэгтэйн хамт зам хөндлөн гарч байсан залуу арай хойно явж байсан болохоор машинд мөргүүлэлгүй хоцорсон. Машинд мөргүүлсэн 2 хүний нэг нь миний урд зам дээр унасан, харин нөгөө эмэгтэй нь машины зүүн урд багана дээр тогтож яваад жоохон цаана унасан байсан. Би машинаа тэр дор нь зогсоогоод буугаад очиход машинд мөргүүлсэн хоёр хүн хоёулаа ухаангүй байсан ба би өөрийн 98011919 дугаарын утаснаас 102 руу дуудлага өгсөн. Би явган зорчигч нарыг 10 гаруй метрийн зайнаас хараад урдуур ороод ирж магадгүй гэж бодоод хурдаа хасч урдуураа гаргасан. Намайг хурдаа хасахад "Тоёота приус" загварын авто машин 2 дугаар эгнээгээр миний хажуугаар гүйцэж түрүүлэн нилээн ширүүн явж орж ирсэн. Автомашин зүүн урд хэсгээрээ зэрэгцээд зам хөндлөн гарч байсан хоёр хүний баруун талд явсан эмэгтэйгийн талаас давхар хамаад явчихсан. Харанхуй болчихсон, цаг агаар тогтуун, зам хуурай, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Хөдөлгөөний ачаалал сийрэг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/ зэргээс дүгнэхэд жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэг хүний алтан амийг хохироож, нөгөө хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүхийн 660 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн дээр хэрэгт цугларсан яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй. Жолооч А.Ж нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д "Жолооч ... хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", дүрмийн 9.2-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд:

Мөрдөгчөөс 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

хохирогч Т.Нын "...Би 3 дугаар эгнээгээр нэг машин орж ирээд хурдаа хасаад зам тавьж өгөхөөр нь зам хөндлөн гарсан. 2 дугаар эгнээгээр явж байсан машиныг зогсож зам тавьж өгөх байх гэж бодсон. ..." гэх мэдүүлэг,

гэрч А.Анхбаатарын "...Б, Цацаа хоёр хөтлөлцөөд явж байсан ба зүүнээс баруун тийш явах урсгалаар зам хөндлөн гараад замын голд ирэхэд баруунаас зүүн явах урсгалын 3 дугаар эгнээгээр нэг микроавтобус орж ирээд, тэр хоёрыг хараад хурдаа хассан. ..." гэх мэдүүлэг,

гэрч Б.Идэрмөнхийн "...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 22 цаг 50 минутын үед “Авто плаза” худалдааны төвийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 3 дугаар эгнээнд явж байтал замын хойд талаас 3 явган зорчигч зам хөндлөн миний машины урдуур ороод ирэхээр нь би урдуураа гаргах гээд хурдаа хассан, ...би явган зорчигч нарыг 10 гаруй метрийн зайнаас хараад урдуур ороод ирж магадгүй гэж бодоод хурдаа хасч урдуураа гаргасан. ... Намайг хурдаа хасахад “Тоёота приус” загварын автомашин 2 дугаар эгнээгээр миний хажуугаар гүйцэж түрүүлэн нилээн ширүүн орж ирсэн. ..." гэх мэдүүлэг,

шинжээч Д.Ганхуягийн "...явган зорчигч нар нь 3 дугаар эгнээний микро автобусанд халхлагдан, 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн жолоочид харагдах боломжгүй байсан байна. ..." гэх мэдүүлэг,

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт-1 "...А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/-д заасныг зөрчсөн. ..." гэх,

Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 577 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийн хариулт-4 "...Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдахгүй байна. ...", хариулт-6 "...Ослын дүрс бичлэгээр явган зорчигч нар нь 3 дугаар эгнээнд явж байсан микроавтобусанд халхлагдан, 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолоочид харагдах боломжгүйгээр гарч ирэн мөргүүлсэн байна. ...", хариулт-9 "...Ослын дүрс бичлэгээр жолооч ...осол болсны дараа зогсоох арга хэмжээ авч байгаа нь харагдаж байна. ..." гэх,

Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтийн хариулт-1 "...А.Ж нь “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, ...9.2, ...3 дугаар хавсралтын 3 дахь заалт, ...2 дугаар хавсралтыг... зөрчсөн...", хариулт-10 "...жолооч А.Ж нь тухайн үед /осол болох үед/ зогсоох арга хэмжээ аваагүй нь бичлэгт тусгагдсан байна..." гэх,

шинжээч Б.Гомбосүрэнгийн "...ослын дүрс бичлэгээр “Тоёота приус” загварын машины зүүн урд талд микро автобус явж байгаад хурдаа хасч, урдуураа хоёр явган зорчигчийг өнгөрүүлж байгаа харагддаг. Энэ үед “Тоёота приус” загварын машины жолоочид үзэгдэлт хангалтгүй байхад хурдаа тухайн орчинд тохируулж яваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөнгэж үзсэн. ...Мөн хоёр явган зорчигчийг мөргөсний дараа тормосны гэрэл асч, тухайн автомашин тодорхой зайд явж зогсож байгаа харагддаг, энэ нь жолооч хөдөлгөөнд аюул саад бий болох үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн. ..." гэх мэдүүлэг, шинжээч Х.Ганбат, П.Мөнхсодном нарын мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч А.Жы хувьд хөдөлгөөний дагуух үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь тодорхой байхад хурдаа тухайн орчинд тохируулж яваагүй байна.

Харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь заалт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Үүнд:

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 3-т: "...Зүүн урд их гэрлийн чадал 1100сd, баруун их гэрлийн чадал 0сd байна. /Стандартаар 10000-225000сd/ уг автомашины гэрлийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн, ...мөн цайр, паар нь бүдгэрч муудсан гэрлийн тохиргоо алдагдсан байгаа нь тухайн осол шөнийн 23 цагийн орчимд болсон учир үзэгдэх орчинг хязгаарлаж, тухайн осол хэрэгт нөлөөлнө. ..." гэх,

Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 577 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн хариулт-4 "...Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдахгүй байна. ..." гэх,

Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтийн хариулт-4 "...“Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй. ..." гэх бичгийн баримтууд болон шинжээч Б.Гомбосүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...тухайн замыг микроавтобус халхалсан учраас хурдыг хасах ёстой байсан. Өөрт нь аюултай нөхцөл байдал үүссэнийг мэдээд тормос гишгэх ёстой байсан, гэтэл ийм арга хэмжээ аваагүй 1-2 секундийн дотор хараад зогсоох арга хэмжээ авсан бол явган зорчигчийг мөргөх байсан. Гэхдээ хурд саараад хохирогч амьд үлдэх боломжтой байсныг үгүйсгэхгүй. ..." гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд А.Ж нь “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 3 дугаар хавсралтын 3 дахь заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан, осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаж, гэм буруугүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба явган зорчигч Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Б.Бын амь нас хохирсон нь тогтоогдсон байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй, "Тодорхойлох" хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугүй гэж үзсэн атлаа тогтоолын "Тогтоох" хэсэгт шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" гэсэн нь ойлгомжгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн цагаатгах тогтоолын "Тодорхойлох" хэсэгт "шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болдод 3.000.000 төгрөг, хохирогч Т.Нд 1.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг тогтоолд дурдав" гэсэн байх боловч "Тогтоох" хэсэгт "шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хохирогч Т.Нын иргэний нэхэмжлэлийг хэрхэх талаар бүрэн тусгаагүй, Ч.Болдод өгсөн 3.000.000 төгрөгийг хэрхэх нь тодорхойгүй байна.

Иймд А.Жд холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Наранбаатартай санал нэг байна. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Жы өмгөөлөгч Б.Лхагвацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа. Цагаатгах тогтоолоор шүүгдэгчийн гэм буруутай нь  тогтоогдохгүй байгаа талаар зохих нотлох баримтуудад үндэслэн тодорхой зааж өгсөн. Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон тэдгээрийн мэдүүлгүүдийг үнэлж, дүгнэсэн байгаа. Шинжээч нар нь хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг хийж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Улсын яллагчийн хэлж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Замын хажуугаас явган зорчигч ирж байгаа нь микроавтобусны цаанаас харагдаагүй. Явган зорчигч гарч ирж магадгүй гээд удаан явах нөхцөл байдал тогтоогддоггүй. Машины хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, шүүгдэгч өөрөө 60 км/ц хурдтай явсан гэж хэлдэг, гэрч н.Анхбаатарын өгсөн мэдүүлгээр машиныг нүдэн баримжаагаар харахад 40-50 км цагийн хурдтай явж байсан гэж хэлдэг, 40-50 км/ц хурдтай явж байхад замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн хурдны дээд хязгаарыг зөрчөөгүй. Явган зорчигчдыг машины зүүн урд өнцгөөр мөргөсөн гэдэг нь машины гэрэл, хохирогчийн цүнх, салхины шил цуурсан байгаагаар нотлогдож байгаа. Хоёр явган зорчигчийг машины урд гараад ирсэн хойно мөргөөгүй. Үүнийг шинжээч нар тайлбарлахдаа, энэ тохиолдолд явган зорчигч нарыг мөргөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан гэж тайлбарладаг. Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн яллах нотлох баримт болгож байгаа шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч н.Гомбосүрэн хурдаа хассан байсан ч мөргөхгүй зогсох боломж байгаагүй гэдгийг хэлдэг. Хурдаа хассан бол зөөлөн мөргөөд амьд үлдэж болох байх гэж ярьдаг. Хамгийн сүүлийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолж, бичлэгээс харахад 2 минутын дотор осол болсон. Энэ нь хүний сэтгэн бодох чадвар, жолооч сэтгэн бодох хугацаа, саадыг хараад зогсоох чадвар, машины техникийн үзүүлэлтийг тооцоолж үзээд, машиныг зогсоох боломж байхгүй байсан гэж үзсэн. Гол нь Замын хөдөлгөөний дүрмийг эхэлж хэн нь зөрчсөн бэ гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Шинжээч нар дүгнэлтээ тайлбарлаж мэдүүлэг өгөхдөө “...явган зорчигчид гарцгүй газраар гарах ёсгүй, гарцгүй газраар гарч ирснээс болж машинд мөргүүлсэн. Жолооч тэдгээр хүмүүсийг гарцгүй газраар гэнэт гарч ирнэ гэж бодоогүй. Мөн явган зорчигч нар согтуу байсан, нэг нь хүнд хэлбэрийн согтолттой явж байсан. Хохирогч нарын гэм буруугийн талаар бүх шинжээч нар санал нэгтэй байдаг. Осол явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс болсон...” гэдгийг бүх шинжээч нар хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр  үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Жыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Их тойруу "Авто плаза" худалдааны төвийн хойд замд "Тоёота приус" загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь заалт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Н, Б.Б нарыг мөргөж, Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Бын амь насыг хохироосон автотээврийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд А.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Их тойруу "Авто плаза" худалдааны төвийн хойд замд "Тоёота приус" загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын 2 дугаар эгнээгээр зорчиж явахад 3 дугаар эгнээгээр явж байсан микроавтобусны цаанаас хоёр явган зорчигч гарч ирэн А.Жы жолоодож явсан "Тоёота Приус" загварын автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөн Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Б.Бын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэг гарсан нөхцөл байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-13/,

хохирогч Т.Нын “...Тэгээд бид 3 дэлгүүрээс 1 шил вино аваад виногоо ууж байгаад дуусгаж чадалгүй нэг газар орж сууя гээд 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг “Авто плаза” худалдааны төвийн харалдаа замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг машин орж ирээд зам тавьж өгөхөөр нь урдуур гараад алхтал 2 дугаар эгнээгээр машин орж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-75-78/,

гэрч А.Анхбаатарын “...Цацаа уйдаад байна, бааранд орж сууя гээд бид 3 буудлаас гараад “Авто плаза”-ийн урд байдаг “Hollуwood” гэдэг баар луу алхсан. “Авто плаза” худалдааны төвийн харалдаа замаар замын хойд талаас ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Б, Цацаа хоёр хөтлөлцөөд явж байсан ба баруунаас зүүн явах урсгалын 3 дугаар эгнээгээр микро автобус орж ирээд тэр хоёрыг хараад хурдаа хасч, тэр хоёр микро автобусны урдуур алхаад ортол 2 дугаар эгнээгээр нэг “Тоёота приус” загварын автомашин орж ирээд тэр хоёрыг мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-80-81/,

гэрч Б.Идэрмөнхийн “...2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 22 цаг 50 минутын үед би өөрийн эзэмшлийн 24-50 УНР улсын дугаартай, “Хьюндай Грейс” загварын автомашин жолоодоод Дэнжийн мянгаас Жуков орох санаатай Сүхбаатар дүүргийн нутаг “Авто плаза” худалдааны төвийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 3 дугаар эгнээнд явж байтал замын хойд талаас 3 явган зорчигч зам хөндлөн миний машины урдуур ороод ирэхээр нь би урдуураа гаргах гээд хурдаа хасаад явган зорчигч нарыг гаргатал 2 дугаар эгнээгээр “Тоёота приус” загварын автомашин орж ирээд хоёр эмэгтэй явган зорчигчийг мөргөөд зогссон. ...Автомашин зүүн урд хэсгээрээ зэрэгцээд зам хөндлөн гарч байсан хоёр хүний баруун талд явсан эмэгтэйгийн талаас давхар хамаад явчихсан. ...Харанхуй болчихсон, цаг агаар тогтуун, зам хуурай, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Хөдөлгөөний ачаалал сийрэг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 83-84/,

 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн “...“Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ж нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, фото зураг зэрэгт автомашины тормосны ул мөрийг бэхжүүлж авсан ямар нэгэн тэмдэглэл байхгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. Ослын дүрс бичлэгээр явган зорчигч нар нь 3 дугаар эгнээнд явж байсан микро автобусны урдуур халхлагдан 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолоочид харагдах боломжгүйгээр гарч ирэн мөргүүлж байна. Жолооч зам дээр аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох хангалттай хугацаа байхгүй байсан, осол болсны дараа зогсоох арга хэмжээ авч байгаа нь дүрс бичлэгээр харагдаж байна. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоо алдагдсан нь ослын өмнө, ослын үед, ослын дараа хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Ослын дүрс бичлэгээр явган зорчигч нар нь 3 дугаар эгнээнд явж байсан микро автобусны урдуур халхлагдан 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолоочид харагдах боломжгүйгээр гарч ирэн мөргүүлсэн байна. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоо нь ослын өмнө, ослын үед, ослын дараа хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байх тул тээврийн хэрэгслийн урд их гэрлийн цайр, паар бүдгэрсэн, гэрлийн тохиргоо алдагдсан нь осолд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх дүгнэлт /1хх-151-153/,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай шинжээчийн “...Хавтас хэрэгт авагдсан материалтай танилцахад осол хэргийн бүдүүвчид “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээс тормосны мөр бэхжүүлж аваагүй тул жолооч А.Ж нь осол болох үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна. ...” гэх дүгнэлт /1хх-174/,

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5235 дугаартай шинжээчийн “...дүрс бичлэгийн хугацаагаар 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тухайн автомашины зорчих хэсэг, уулзварын орчны байдал өөрчлөгдсөн тул үл хөдлөх цэгийн байршлыг авах боломжгүй байна. Иймд автомашины нэгж хугацаанд нэг үл хөдлөх цэгийн байршлаас нөгөө үл хөдлөх цэгийн байршлын хооронд явж өнгөрсөн автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. ...” гэх дүгнэлт /1-хх-144/,

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12/15 дугаартай техникийн шинжээчийн “...Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болох үед хэдэн километр цагийн хуртай явсныг тогтоох боломжгүй байна. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэрэг учрал болох үеийн бичлэгээс үзэхэд явган зорчигч нар гуравдугаар эгнээгээр зорчиж явсан микро автобусны урдуур гарч ирсэн байх тул “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид үзэгдэх орон зай хязгаарлагдмал байсан байна. Хөдөлгөөний нягтрал багатай нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг ямар түвшинд тохируулж явах тухай заалт байдаггүй. 17030055-1 дугаартай бичлэгээс харахад уг осол нь тухайн өдрийн 22 цаг 57 минут 01 секундээс 22 цаг 57 минут 03 секунд буюу 2 секундээс бага хугацаанд гарсан байх тул “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдыг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслээ амжиж зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна. ...” гэх дүгнэлт /2-хх-56-58/,

шинжээч Ш.Батмөнхийн “...тухайн тээврийн хэрэгслийн их гэрлийн хувьд ослын өмнөх үед шатанд хийгдсэн дүрс бичлэгт урд их гэрэл хоёулаа асаалттай, ажиллагаатай байсан нь бичигдсэн байна. ...” гэх мэдүүлэг /2-хх-84-86/,

шинжээч Д.Ганхуягийн “...гэрлийн тохиргоо алдагдсан нь ослын өмнө, ослын үед, ослын дараа хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, тохиргоо алдагдсан нь ослын үед доргилтын улмаас үүсэх боломжтой, ...уг ослын хувьд тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл нөлөөлсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх мэдүүлэг /1-хх-133-134/,

шинжээч Б.Батзоригийн “...“Тоёота приус” загварын, 47-92 УНП дугаарын автомашины жолооч А.Ж нь тухайн орчинд хурдаа тохируулж яваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалтыг зөрчсөн гэж үзээгүй. Микро автобусны урдуур 2 явган зорчигч гарч ирсэн нь явган зорчигчийг өнгөрүүлж байгааг харах боломжгүйгээр үйлдэгдсэн учир Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. ...” гэх мэдүүлэг /2-хх-75-76/,

шинжээч Э.Энхболдын “60 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч онолын хувьд 1 секундэд 16.6 метр замыг туулдаг. Энэ тохиолдолд явган зорчигчийг 1 секундийн өмнө харсан жолооч 16.6 метр зайд ямар нэг арга хэмжээ авах боломжгүй юм. Энэ тохиолдолд жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тус зорчих хэсгийн хамгийн хойд эгнээ микро автобус явж байсан эгнээний өргөн 3.5 м эгнээний тэмдэглэлээс мөргөгдөх цэг хүртэл 2 м зам туулжээ. Энэ 2 м зайг туулахад осолд холбогдсон автомашины жолооч хараад тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэхийг онолын хувьд тооцвол. Явган зорчигчийг бусад хүмүүст харагдах боломжтой байсан гэж тооцоолон хамгийн бага хурдаар гүйсэн гэж хурдыг 5.5 км/цаг /1.52 м/с/ байсан гэж тооцоолж үзэхэд: тус зайг 1.11 секундэд явган зорчигч туулж, мөргөгдсөн А цэгт хүрсэн байх боломжтой. Иймд 1.11 секундэд осолд холбогдсон автомашин анх явган зорчигчийг харсан байх боломжтой зайг тооцоход 18.4 метрийн зайтай явж байсан байх боломжтой. Ийм зайд явсан жолооч явган зорчигч зэрэгцээ эгнээний автомашины урдуур гэнэт гүйж гарч ирэх талаар, 1 дүгээрт явган хүний гарцгүй газраар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт хэн нэгэн гүйж гарахыг Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөөгүй байдаг тул урьдчилан тооцоолох боломжгүй зорчиж байх ба аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоохоор арга хэмжээ авах үйл явц нь эхлээд жолоочийн самбаачлах үйлдэл хийх хугацаа 0.8 секунд, тормосны механизм ажиллах хугацаа 0.2 секунд, нийлээд дээрх хугацаанд 60км/цагийн хурдтай автомашин 16.6 метр замыг жолоочоос шалтгаалахгүйгээр туулсан байна. Үүний дараагаас тээврийн хэрэгслийн тормосны механизм идэвхтэй ажиллаж, тээврийн хэрэгслийн хурд удааширна. Энэ удаашралт нь 1.5 секунд буюу 23-аас 25 орчим метр замыг туулж зогсдог. Иймд уг ослын тохиолдолд жолооч аюул саадыг харсан ч онолын хувьд тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж гарцаагүй мөргөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Дээрх хүний хүчин зүйлээс үл шалтгаалах техникийн хязгаарлагдмал боломжуудаас явган зорчигч нарыг хамгаалахын тулд явган зорчигчийг явган хүний гарцтай хэсгээр гарахыг зөвшөөрч, явган хүний гарцгүй хэсэгт ойртон ирсэн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөж, дараа нь зам хөндлөн гарч байх талаарх заалт замын хөдөлгөөний дүрэмд байдаг. Иймд жолооч аюулыг урьдчилан таамаглах, харах боломжгүй, харин явган зорчигч гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөсөн бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан байх онолын дүгнэлт хийж болохоор байна. ...” гэх мэдүүлэг /2хх-77-79/,

шинжээч Р.Цогтоогийн “...жолооч аюул саадыг харсан ч онолын хувьд тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж гарцаагүй мөргөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Дээрх хүний хүчин зүйлээс үл шалтгаалах техникийн хязгаарлагдмал боломжуудаас явган зорчигч нарыг хамгаалахын тулд явган зорчигчийг явган хүний гарцтай хэсгээр гарахыг зөвшөөрч, явган хүний гарцгүй хэсэгт ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрөөж дараа нь зам хөндлөн гарч байх талаарх заалт замын хөдөлгөөний дүрэмд байдаг. Иймд жолооч аюулыг урьдчилан таамаглах, харах боломжгүй, харин явган зорчигч гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөсөн бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан байх онолын дүгнэлт хийж болохоор байна. ...” гэх мэдүүлэг /2хх-81-83/,

шинжээч Ж.Мягмаржавын : “…“Тоёота приус” загварын автомашины жолооч А.Жыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэлтэд тусгаагүй. Харин 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж хариулсан. Хавтас хэрэгт авагдсан материал, камерын бичлэгээс харахад осол  22 цаг 57 минут 01 секундээс 22 цаг 57 минут 03 секундийн хооронд буюу 2 секундээс бага хугацаанд гарсан байдаг бөгөөд энэ 2 секундийн хэдэн хувь нь микро автобусаар халхлагдаж өнгөрсөн нь тодорхойгүй. Жолоочийн самбаачлах хугацаа 0,8 секунд байдаг. Тормосны дамжуулгын ажиллах хугацаа 0,2 секунд байдаг. Иймд “Тоёота приус” загварын машины жолооч явган зорчигчийг мөргөхгүйгээр амжиж зогсоох боломжгүй байсан. ..." гэх мэдүүлэг /2хх-100/ зэргээс үзэхэд А.Жыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин хохирогч Т.Н, амь хохирогч Б.Б нар нь “явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, мөн өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 г-д заасныг зөрчсөн болох нь “...явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч явсан...” талаар хохирогч Т.Н, гэрч А.Анхбаатар, Б.Идэрмөнх нарын өгсөн мэдүүлэг, “...явган зорчигч нар нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, мөн өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно...” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх 2017 он 9 дүгээр сарын 17-ний өдрийн 412, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 577, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах, тодруулах зорилгоор шинжээч нараас авсан мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба уг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгч А.Жыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж явган зорчигч Т.Н, Б.Б нарыг мөргөж, Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг зэрэгт автомашины тормосны ул мөрийг бэхжүүлж авсан ямар нэгэн тэмдэглэл байхгүйгээс А.Жыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр... сонгож явна” гэсэн хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн явган зорчигч нар нь 3 дугаар эгнээнд явж байсан микро автобусны урдуур халхлагдан 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолоочид харагдах боломжгүйгээр уг тээврийн хэрэгслийн урдуур нь гүйж гарснаас жолооч аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан ч тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж энэ аюулыг зайлуулах боломжгүй байсан, мөн ослын өмнөх үед хийгдсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн урд их гэрэл хоёулаа асаалттай, ажиллагаатай байсан нь бичигдсэн, гэрлийн тохиргоо алдагдсан нь ослын өмнө, ослын үед, ослын дараа хэзээ үүссэнийг тогтоож чадаагүй байгаа зэрэг нь “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Жыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3-т заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй,  "шүүхийн тогтоол үндэслэлтэй байх" гэсэн шаардлагад нийцээгүй, мөн "шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй" гэснийг  зөрчсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг, прокурор Б.Мөнгөншагай “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, хэрэгт цугларсан яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг тус тус хянаж үзэв.

 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрдөж байгаа бөгөөд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолоочийн эрх, үүрэг, тэдний хөдөлгөөнд оролцох журмыг нарийвчлан заажээ.

 

Хохирогч Т.Н, амь хохирогч Б.Б нар нь "Явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, мөн өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчин, 3 дугаар эгнээнд явж байсан микро автобусны урдуур халхлагдан 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолоочид харагдах боломжгүйгээр уг тээврийн хэрэгслийн урдуур нь гүйж гарснаас 2 дугаар эгнээгээр зорчиж байсан "Тоёота приус" загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоормослож амжилгүй тэднийг мөргөжээ. "Тоёота приус" загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр... сонгож явна” гэсэн хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн жолооч А.Ж нь явган зорчигч явган хүний гарцгүй газраар зэрэгцээ эгнээний автомашины урдуур гэнэт гүйж гарч ирэх талаар урьдчилан тооцоолох боломжгүй зорчиж байсан ба аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан ч тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж энэ аюулыг зайлуулах боломжгүй байсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Прокурорын бичсэн “...хэрэгт цугларсан яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийн тухайд:

 

Улсын яллагчийн зүгээс Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт-1 "...А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/-д заасныг зөрчсөн..." гэх, Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 577 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан "...Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17/42134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдахгүй байна...", "...Ослын дүрс бичлэгээр жолооч ...осол болсны дараа зогсоох арга хэмжээ авч байгаа нь харагдаж байна..." гэх, Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтийн "...А.Ж нь “Тоёота приус” загварын, 47-92 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, ...9.2, ...3 дугаар хавсралтын 3 дахь заалт, ...2 дугаар хавсралтыг... зөрчсөн...", "...жолооч А.Ж нь тухайн үед /осол болох үед/ зогсоох арга хэмжээ аваагүй нь бичлэгт тусгагдсан байна..." гэх, дүгнэлт гаргасан шинжээч Б.Гомбосүрэнгийн "...ослын дүрс бичлэгээр “Тоёота приус” загварын автомашины зүүн урд талд микро автобус явж байгаад хурдаа хасч, урдуураа хоёр явган зорчигчийг өнгөрүүлж байгаа харагддаг. Энэ үед “Тоёота приус” загварын машины жолоочид үзэгдэлт хангалтгүй байхад хурдаа тухайн орчинд тохируулж яваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөн. ...мөн хоёр явган зорчигчийг мөргөсний дараа тормосны гэрэл асч, тухайн автомашин тодорхой зайд явж зогсож байгаа харагддаг, энэ нь жолооч хөдөлгөөнд аюул саад бий болох үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн. ..." гэх мэдүүлэг зэргээр “Тоёота приус” загварын автомашины жолооч А.Жыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэж яллаж байгаа хэдий ч дээрх шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байгааг, өөрөөр хэлбэл шинжээч нар тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, гэрлийн тохиргоо алдагдсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзсэн атлаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай, мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан, явган зорчигч нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9-д заасныг зөрчсөн нь уг осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

 

Мөн прокурор эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугүй гэж үзсэн атлаа тогтоолын "Тогтоох" хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" гэсэн нь ойлгомжгүй, цагаатгах тогтоолын "Тодорхойлох" хэсэгт "шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болдод 3.000.000 төгрөг, хохирогч Т.Нд 1.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг тогтоолд дурдав" гэсэн байх боловч "Тогтоох" хэсэгт "шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь ойлгомжгүй, хохирогч Т.Нын иргэний нэхэмжлэлийг хэрхэх талаар бүрэн тусгаагүй, Ч.Болдод өгсөн 3.000.000 төгрөгийг хэрхэх нь тодорхойгүй байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу прокуророос А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.Ж нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд тооцож, тодорхой хэмжээний төлбөр өгсөн байдлыг шүүх цагаатгах тогтоолдоо дурдсан нь хууль зөрчөөгүй бөгөөд харин тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалттай нийцнэ.

 

Иймд цагаатгах тогтоолд зохих өөрчлөлт оруулж, “...шүүгдэгч А.Жыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий  прокурор Б.Мөнгөншагайгийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэл, хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, “...шүүгдэгч А.Жыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий прокурор Б.Мөнгөншагайгийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэл, хохирогч Т.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                            Л.ДАРЬСҮРЭН