Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4708

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 40-50 мянгат, Пиас тавэр-54, 1302 тоотод байрлах, “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК /РД: 5762375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 36 дугаар байр, 33 тоотод оршин суух, Харнууд овогт Дандарын Орхон /РД: ЧИ72041937/-д холбогдох,

 

8 141 647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагчийн өмгөөлөгч Р.Чинбаа, иргэдийн төлөөлөгч П.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Оливер Жулиан Тирлвалл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Орхон, Б.Дунгаамаа нар нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ2014/04 гэрээ байгуулан 20 000 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2014/07/05 тоот зээлийн гэрээ байгуулан 5 500 ам.долларын зээлийг тус тус зээлсэн. Тус зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ааөч гудамж 36 дугаар байр, 33 тоот 61.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2015 оны 4 дүгээр сард зээлдүүлэгч нь нэхэмжлэл гаргаж, талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамжаар батлуулсан. Эвлэрлийн гэрээгээр зээлдэгч Д.Орхон нь 54 260 774 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд нь биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын дансанд 51 009 559 төгрөгийн төлбөр орж ирснийг бид зээл, зээлийн хүүнд суутгасан боловч үлдэгдэл бүрэн төлөгдөөгүй. Тиймээс бид зээлдэгчийг зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүйгээс зээлдүүлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 219.1. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсэн заалтууд, Зээлийн гэрээний 2.9 Төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс барьцаа хөрөнгийг худалдахтай холбоотой зардлыг зээлдэгч хариуцна, 2.18 Шүүхэд нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах, шүүхээр хянан шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор зээлдүүлэгчийн гаргасан бүх зардлыг зээлдэгч нөхөн төлнө гэсэн заалтуудыг гус тус үндэслэн нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн өр барагдуулах гэрээний дагуу төлсөн 3 825 717 төгрөг болон сар бүрийн төлбөрт гөлсөн 900 000 төгрөг, нийт  4 725 717төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 160 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээний хөлс 3 255 930 төгрөг, нийт 8 141 647 төгрөгийг Д.Орхоноос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Орхон шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүд нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/03159 дүгээр захирамжаар Иргэний хуулийн 240.1.5-д заасан үндэслэлээр дуусгавар болсон бөгөөд эдгээр гэрээний заалтууд болон эдгээр гэрээтэй холбоотой Иргэний хуулийн заалтуудыг барьж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчтэй урьд нь эвлэрлийн гэрээ байгуулж Зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгосон бөгөөд Эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон болно. Үүний дагуу нэхэмжлэгч нь НШГА-нд хандаж, би Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг НШГА-ны дансанд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө барагдуулаагүй гэсэн үндэслэлээр Д.Орхон надаас 17 722 859 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хариуцагч би байрны гэрчилгээгээ хууль бус барьцаанаас суллуулах, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй Давж заалдах шатны шүүхийн шатанд хянагдаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар мөнгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлд дурдсан зардал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК нь хариуцагч Д.Орхонд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 8 141 647 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлсөн, ...нэхэмжлэгчээс гарсан зардалд хариуцагч буруугүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 105/ШШ2015/03159 дугаар захирамжаар “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Орхон, Б.Дунгаамаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 54 260 774 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК нь хариуцагч Б.Дунгаамаагаас татгалзаж, хариуцагч Д.Орхон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 54 265 489 төгрөгийг 2015 рны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15/5667 дугаартай, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулжээ. Гэрээний 2.1-д зааснаар урамшууллын хэмжээг төлбөр 54 265 489 төгрөгийн 6 хувь буюу 3 255 930 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Д.Орхоны төлөх төлбөрт 51 009 559 төгрөг нэхэмжлэгчийн дансанд орсон нь Хаан банкны депозит дансны хуулга болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь 54 265 489 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар урамшуулал 3 255 930 төгрөгийг төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан 54 265 489 төгрөгөөс суутгасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Хариуцагч нь хуулиар тогтоосон дээрх үүрэг буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 3 255 930 төгрөгийг зардал буюу хохирол учирсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр 3 255 930 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч нь дээрх зардал буюу хохирлыг нэхэмжлэгчийн өмнө нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15/5666 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгааны зардал гаргуулах тухай гэрээг байгуулсан боловч гэрээнд зардалын хэмжээг хэрхэн тохирсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл,  хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн “зарын үнэ” гэх 20 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 140 000 төгрөг, нийт 160 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр бусадтай өр барагдуулах гэрээний хөлсөнд төлсөн нийт 4 725 717 төгрөгийг хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4 885 717 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 3 255 930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 4 725 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Орхоноос 3 255 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 725 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч   этгээд,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.БАЯСГАЛАН

                                 

                    ШҮҮГЧИД                                                                 Б.АЗБАЯР

 

      Н.ХАНГАЛ