Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02053

 

 

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03436 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар “И-” ХХК-аас 502,200,000 төгрөг гаргуулж Т.Д-д олгуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх маргаан бүхий хэрэг нь 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүссэн бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч компанитай холбоотой 4 гүйцэтгэх хуудас байгаа гэх үндэслэлээр намайг шийдвэр гүйцэтгэх дарааллын 4-т эрэмбэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ 2011 онд авагдсан байх тул дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамж нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар дуусгавар болсон байна. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан дарааллыг баримтлах ёстой тул дарааллын нэгдүгээрт эрэмбэлүүлэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн магадлал гарсан даруй нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тодруулга хийсэн боловч шүүхээс тодруулга бус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхийг шаардсан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Н-т төлбөр төлөгчөөр оролцож буй “И-” ХХК-нд холбогдох ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх дараалал тогтоосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбжлэхийг даалгуулах тухай" гэж тодорхойлсон юм. Нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг шүүх хийгээгүй, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд мэтгэлцэх боломжгүй, шүүх хуралдаанд анх удаа орж байх тул гэх мэтчилэн хуульд заагдаагүй үндэслэлүүдээр шүүх хуралдааныг удаа дараа шүүгчийн санаачлагаар хойшлуулж, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч нарыг дараалалд оруулсан шийдвэр, эрхийн актыг гаргуулахаар хандаж улмаар хариуцагч этгээдээс заасан баримтыг гаргуулахаар болсон боловч хариуцагч байгууллага тийм тогтоол, шийдвэр гараагүй гэж тайлбарлан ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

4.а.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай арга хэмжээг гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр авч хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан бөгөөд энэхүү ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлага бодитой хангагдах урьдчилсан нөхцөлийг хангадаг буюу тухайн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан нэхэмжлэгчид хамааралтай ажиллагаа юм. Нэхэмжлэгч Т.Д-гийн тухайд дээрх ажиллагааг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн захирамжаар авч хэрэгжүүлж улмаар энэхүү захирамжийн дагуу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэгдэж төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулж нэхэмжлэлийн шаардлага бодитой хангагдах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Уг ажиллагаа нь гагцхүү хүсэлт гаргасан нэхэмжлэгчид хамааралтай ажиллагаа болохоос биш хожим төлбөр авагч болсон этгээдүүдийн шаардлагуудыг хангахад чиглэгдээгүй юм. Хэрэв шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь анхан шатны шүүхийн үзэж байгаачлан хэлбэр төдий, тухайн ажиллагааг авч хэрэгжүүлсэн нэхэмжлэгч талд хамааралгүй ажиллагаа юм бол нэхэмжлэлийн шаардлага шүүхээр хэлэлцэгдэх хүртэлх хугацаанд төлбөр төлөгч санаатай төлбөрийн чадваргүй болох, харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, эд хөрөнгөө бусадруу шилжүүлэх зэргээр төлбөрийн үүргээс зайлсхийх нөхцлийг, нөгөө талаар төлбөр авах дарааллын эхэнд эрэмблэгдэх зорилгоор хэргээ хурдан шийдвэрлүүлэхээр эвлэрэх болон бусад байдлаар хууль бус ажиллагаа явуулах сөрөг үр дагаварыг амьдрал дээр бий болгох муу жишиг болохоор байна. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг төрөл мөн эсэх нь энэхүү хэргийг үнэн зөв шийдвэрлэх үндсэн нөхцөл юм. Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах шийдвэрийг үндэслэн явуулна", мөн хуулийн 6.2.6-д "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж", гэж зааснаас үзвэл: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндсэн шийдвэрийн төрөлд дээрх ажиллагаа бүрэн хамаарч байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү заалтыг огт хэрэглээгүй, нэхэмжлэгчийн омгоологчийн зүгээс дээрх заалтыг үндэслэн тайлбарласан боловч анхан шатны шүүхээх ямар учраас хамаарахгүй талаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл, шаардлага бүрэн хангагдсан талаар ямар ч дүгнэлт өгөөгүй атлаа хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь энэхүү заалтыг хэрэглэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан ажиллагааг авч хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзэж мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт “Дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй”, гэж заасныг үндэслэн шийдвэрлэж нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

3.а.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “И-” ХХК-аас 502,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 34-54-р тал/

3.б.Тус магадлалд “И-” ХХК гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. /хх-55-61-р тал/

            3.в.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Д-гийн хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 605 дугаар гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хх-ийн 9-10-р тал/

            3.г.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдсэнээр Т.Д-гийн нэхэмжлэлтэй “И-” ХХК-д холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. /хх-ийн 62-р тал/

3.д.Төлбөр төлөгч “И-” ХХК нь нэхэмжлэгч Т.Д-гээс гадна хэд хэдэн этгээдэд төлбөрийн өртэй буюу Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1285 дугаар шийдвэрээр “И-” ХХК-аас 114,052,151 төгрөг гаргуулж, “Залуу монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3138 дугаартай захирамж гарч, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэгдсэн байна. /хх-ийн 27-32-р тал/

3.е.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3201 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1243 дугаар тогтоолоор “И-” ХХК-аас 187,540,674 төгрөг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 16983 дугаартай захирамж гарч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол тус тус үйлдэгдсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 165-р тал/

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн дарааллын хувьд төлбөр авагч  “Залуу монгол” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Т.Д- нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

3.ё.Нэхэмжлэгч Т.Д- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч “И-” ХХК-тай холбоотой маргаан 2011 онд эхэлж, 2012 онд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан гэх агуулгаар тайлбарлаж байх боловч тус маргааныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхаас гадна хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах юм.

3.ж.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд хариуцагч байгууллага нь шийдвэр гарсан цаг хугацаа, тэдгээрийг үндэслэн гарсан гүйцэтгэх баримт бичиг, мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дараалал зэргийг харгалзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дарааллын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах тухай Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Д-гээс төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ