Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01959

 

Ү- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02430 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү- ХХК-ийн хариуцагч В- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт нийт 145,460,880 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ү- ХХК нь В- ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Солонгос улсад үйлдвэрлэгдсэн V4 маркийн сапудыг 1 ширхэгийг хоногийн 200 төгрөгөөр тооцож, сарын 18,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 18,000,000 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн түрээсийн 134,131,200 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээгээр төлбөрийг сар бүр төлөх байсан бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон бөгөөд алданги 20,119,680 төгрөг болсон. Үүнээс гэрээ байгуулахад барьцаанд өгсөн 20,000,000 төгрөгийг хасна. Мөн 57 ширхэг засвартай сапудны үнэ 570,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны үнэ 10,640,000 төгрөг, нийт 145,460,880 төгрөгийг хариуцагч В- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани гэмтэлтэй сапудны төлбөр 570,000 төгрөг, буцааж өгөөгүй 152 сапудны үнэ 10,640,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөр 134,250,880 төгрөг, алданги 20,119,680 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Манай тооцоогоор түрээсийн төлбөр 123,600,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс барьцаа 20,000,000 төгрөг, урьдчилж төлсөн 18,000,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 85,600,000 төгрөг болно. Манай компани 3000 ширхэг сапудаас 2848 ширхэгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн болно гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар В- ХХК-аас сапуд түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны төлбөрт 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөрт 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,451,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ү- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, В- ХХК-аас 817,998 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 2.1-т Гэрээний хугацаа нь түрээслүүлэгч тал барилга угсралтын бараа материалыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, түрээсийн төлбөр тооцоо дуусах өдөр хүртэл хүчинтэй хэвээр үйлчилнэ, 2.2-т түрээсийн хугацаа нь түрээслүүлэгч тал бараа материалыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, хүлээн авсан өдрөөр дуусах-аар зохигчид харилцан тохиролцсон. Хариуцагчаас гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талд 2848 ширхэг сапудыг 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, гэрээний хугацаа дуусгавар болсон. Хариуцагчаас алдангийг төлөх үндэслэлгүй. Гэрээ болон хавсралтаар түрээсийн төлбөрийг хэрхэн төлөхийг тохиролцоогүй. 2848 ширхэг сапудыг хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хариуцагчаас түрээсээ шаардаж байгаагүй. Хариуцагчийн зүгээс сапудыг хүлээлгэж өгөхдөө түрээсээ төлнө гэж ойлгож байсан. Энэ талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад тодруулсан байгаа. Гэтэл анхан шатны шүүх гэрээний хугацааг гэрээний 2.2-т түрээсийн хугацаа нь түрээслүүлэгч тал бараа материалыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, хүлээн авсан өдрөөр дуусна гэж заасан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний 3-т заасныг баримтлан алдангийг хангаж шийдсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн өөрийн дотоор итгэлээр үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээний 3-т хариуцагч "В-" ХХК нь түрээс төлөх нөхцөлийг тусгаж өгөөгүй. Хэргийн материалын 14, 15-д авагдсан баримтуудыг нэг талаас гаргаж өгсөн тул нотлогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ү- ХХК нь хариуцагч В- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 114,131,200 төгрөг, алданги 20,119,680 төгрөг, засвартай сапудны төлбөр 570,000 төгрөг, эвдэж дутаасан 152 ширхэг сапудны төлбөр 10,640,000 төгрөг нийт 145,460,880 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ү- ХХК нь 3000 ширхэг V-4 сапудыг нэг сарын 18,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч В- ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх, түрээсэлсэн бараа материалын бүрэн бүтэн байдлыг тодорхойлон түрээслүүлэгчид буцаан өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, барилга угсралтын материал түрээслэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-р тал/

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж зөв дүгнэжээ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх учиртай.

3.б.Нэхэмжлэгч Ү- ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,600 ширхэг сапуд, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,400 ширхэг сапудыг тус тус хариуцагч В- ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, бараа, материал хүлээлцсэн зарлагын баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-8-р тал/

3.в.Анхан шатны шүүх дээрх хугацаанаас сапудыг буцаан өгсөн өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг нийт 138,680,000 төгрөгөөр тооцож, үүнээс хариуцагчийн төлсөн нийт 38,000,000 төгрөгийг хасаж, хариуцагч В- ХХК-ийн түрээсийн төлбөрийн үүргийг 100,680,000 төгрөг гэж тооцсон нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй.

4.Мөн хариуцагч В- ХХК нь нэхэмжлэлээс засвартай сапудны төлбөр 570,000 төгрөг, эвдэж дутаасан 152 ширхэг сапудны төлбөр 10,640,000 төгрөг, нийт 11,210,000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

5.Алданги 20,119,680 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын байгуулсан гэрээний 5.3-т Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн түрээсийн төлбөрт нэмж төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч Ү- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

5.а.Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд алдангийг гэрээгээр тохиролцсон, мөн нэхэмжлэгч Ү- ХХК нь алдангид 20,119,680 төгрөг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтрээгүй байх тул алдангийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч талын гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

6.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түрээсийн төлбөр 100,680,000 төгрөг, 152 ширхэг сапудны төлбөр 10,640,000 төгрөг, засвартай сапудны төлбөр 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөгийг хариуцагч В- ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ү- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,451,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ