| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1902003510158 |
| Дугаар | 202 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.2., 23.1.1, |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 202
Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Э.Энхбатын өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, О.Сайнгэрэл, шүүгдэгч Э.Насанжаргалын өмгөөлөгч Ц.Одончимэг, Д.Гансүх, Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 733 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр магадлалтай Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт холбогдох эрүүгийн 1902003510158 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, 64 настай, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хотын шүүхийн 1975 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх, мөн шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б, 128 дугаар зүйлийн б-д тус тус зааснаар 5 жилийн хорих, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих, мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоогдсон Й овогт Э-ны Э,
2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Э-ийн Н,
3. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Л овогт Б-ийн Ц,
4. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй З овогт Б-ийн Ч.
Э.Э нь Б.Ц, Э.Н, Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэх, хадгалахыг зохион байгуулсан, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц, Э.Н нараар Бүгд Найрамдах Хятад ард улсын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан,
Э.Н нь Э.Э-ын зохион байгуулснаар Б.Ц-той гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Б.Ц-той бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Ц, Б.Ч нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,
Э.Э-ын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц-той бүлэглэн Бүгд Найрамдах Хятад ард улсын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Б.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Б.Ц нь шүүгдэгч Э.Энхбатын зохион байгуулснаар Э.Н-тай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Э.Н-тай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Э.Н, Б.Ч нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,
Э.Э-ын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Э.Н-тай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад ард улсын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Э.Н, Б.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Б.Ч нь шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар Б.Ц, Э.Н нартай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндийн даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан,
мөн 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 733 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц нарыг бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,
Э.Н, Б.Ц, Б.Ч нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Б.Ч-ийг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн, Э.Н-ыг мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, Б.Ц-г мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, Б.Ч-ийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн Э.Э-ыг 8 жил, Э.Н-ыг 7 жил, Б.Ц-г 7 жил, Б.Ч-ийг 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э, Э.Н, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, Б.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 24 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 2.3 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар. ...” гэж өөрчилж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан Бүгд Найрамдах Хятад ард улсын нутгаас Монгол улсын хилээр буюу Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн гэж үзэж байгаа нь хөдөлбөргүйгээр нотлох баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн үйл явдлын өрнөл, таамаглалд үндэслэн Э.Э-ын зохион байгуулснаар Э.Н-тай хамтран сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож яллаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т “...хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 1.7-д “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмуудыг хангаагүй гэж үзэж Монгол улсын хилээр “...нэвтрүүлээгүй нь хэрэгт авагдсан хил хамгаалах газраас ирсэн лавлагаа, камерын бичлэг нь хилээр хар тамхи нэвтрүүлсэн нотолгоо баримт биш бөгөөд шүүх зөвхөн үйл явдлын өрнөлд хийсэн дүгнэлт төдий таамаглалаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т хар тамхийг хууль бусаар олж авч тээвэрлэн, худалдан борлуулах зорилгоор гэж яллаж байгаатай санал нийлэхгүй. Энэ нь хөдөлбөргүйгээр нотлох баримт байхгүй. Э.Н, Б.Ч нартай бүлэглэн Э.Э-ын зохион байгуулснаар сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулах зорилготой гэж яллаж байгаа нь ямар ч баримт нотолгоогүй гүтгэлэг. Зохион байгуулалттай гэж прокурор Ц.Гансүлд тайлбартаа нь Э.Н руу ярьж “хаана явна вэ” гэж асуусны төлөө зохион байгуулалт гэж тайлбарлаж байгаа нь илт гүтгэлэг, хэт нэг талыг барьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг баримталж, Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэн хэргийг зүйлчилж байгаа нь учир дутагдалтай дутуу хийгдэж яллаж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллаж байгаа эсэргүүцэж байна. Тухайн үед Б.Чинзориг тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Б.Ч-ийн жолоодсон үйлдэлд нь гэм буруутайд тооцон ялласан. Э.Н бид хоёрт энэ зүйл анги хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэг тээврийн хэрэгслийг нэг цагт гурван хүн зэрэг жолоодох боломжгүй. Иймд Насанжаргал бид хоёрт энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Ч цагдаагийн ажилтан Б.Э-ийн баруун ташаа орчимд санамсар болгоомжгүй үйлдлээр шүргэж, зүүлттэй байсан тусгай хэрэгслийн оосрыг тасалсан үйлдлийг цагдаагийн ажилтныг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэсэн, тухайн гэмт хэргийг бүлэглэн хийсэн гэж тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна. Миний бие тухайн тээврийн хэрэгслийн зорчигчын суудал дээр сууж явсан. Тухайн цагдаагийн ажилтныг таних боломжгүй. Иймд энэ зүйл ангиар гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй тул миний биед холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Э.Э-аас үүрэг даалгавар авч Э.Н, Б.Ч нартай үгсэн хуйвалдаж гэмт хэрэг хийгээгүй. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх мөн давж заалдах шатны шүүхэд өгсөн гомдол дээр миний гомдлыг дутуу танилцуулж уншсан. Уг хар тамхийг “Эрээн” хотод үзүүлсэн, замаасаа уг хар тамхийг аваад хотод очихоор Өвөр монгол хүн ярьж байгаа авиа гэсэн жинхэнэ эзэн нь болох гадаадын хөрөнгө оруулалттай “Говийн хан транс” ХХК-ний захирлын талаар /захирал Ц/ хэлэлцэж шийдээгүй.
Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж, хэрэг хүлээсэн байдлыг харгалзан үзэж 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хасаж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгөхийг хүсч байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Н гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д “хэргийн бодит байдлыг тогтоох”, 7.2-т “...хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй ...” зарчмуудыг хангаагүй мөн Монгол улсын хилээр... хар тамхи нэвтрүүлээгүй нь хил хамгаалах газрын бичиг, бичлэгээр батлагдаж байна. Хилээр нэвтрүүлсэн бол хоёр улсын аль нэг хил дээр баригдаж хүргэгдэж ирэх байсан. Цагдаагийн байгууллагаас мэдэж байсан бол хэрэг үйлдэхээс өмнө таслан зогсоох үүрэгтэй. Анхан шатны шүүхээс өнгөц төдий таамаглалаар яллаж түүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл эсэхэд...эргэлзээ гарвал...шүүгдэгчид ашигтайгаар шийднэ” гэж зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хар тамхийг хууль бусаар олж авч, тээвэрлэж, худалдан борлуулах зорилготойгоор гэж яллаж байгаа нь нотлох баримтгүй. Э.Н миний бие Э.Э-ын зохион байгуулснаар Б.Ц, Б.Ч нартай бүлэглэж, сэтгэцэд нөлөөт бодис худалдсан, худалдан борлуулахаар оролдсон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй нотлогдоогүй байхад сэжиг таамгаар худалдах зорилготой гэж дүгнэсэн нь ойлгох боломжгүй хэрэг юм. Шийтгэх тогтоол нь хавтаст хэргийн нотлох баримт дээр үндэслэж яллах дүгнэлт гаргах ёстой байхад нотлогдоогүй зүйлээр яллаж байна. Иймд гүтгэлгийн шинжтэй, хэт нэг талыг баримтлан, хуулийг буруу хэрэглэн зүйлчилж яллаж байгаа тул энэхүү зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-ээр яллаж байгааг эсэргүүцэж санал нийлэхгүй байна. Тухайн үед Б.Ч тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Жолоодсон үйлдэл нь гэм буруутайд тооцогдсон. Тэгэхээр Б.Ц бид хоёрын хувьд цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн үйлдэл байхгүй. Б.Ч өөрөө үйлдэл хийж тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн жолоодож байгаа хүнд л хэрэгжих ёстой. Б.Ч нь цагдаагийн ажилтан Б.Э-ийн баруун ташаа орчимд санамсар болгоомжгүйгээр шүргэсэн үйлдлийг хүч хэрэглэсэн гэж үзэх нь үнэнд нийцэхгүй ойлголт юм. Бид нар машинаас буугаагүй зөвхөн Ч-ийн тухайн үед гаргасан шийдвэр юм. Мөн цагдаагийн ажилтан гэх ямар ч таних тэмдэггүй хүч хэрэглэн эсэргүүцсэн ямар ч мөргүй, хэргийн шинжгүй байхад давхардуулж хүн хэлмэгдүүлж яллаж байгаа тул энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Э буюу шар Э гэх хүнтэй холбогдуулж ялыг хүндрүүлж эрх зүйн байдлыг дордуулж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд эрх зүйн байдлыг минь дордуулахгүй хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, дахин мөрдөн байцаалтанд буцааж надтай холбогдолтой бүх заалтыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э гаргасан гомдолдоо: “Миний утсыг 2 сарын өмнөөс чагнаж ойр хавийн ажилчдыг дуудаж элдэв юм асууж байсан. Их Хурлын гишүүн асан “Симба” хочтой Батааг огт танихгүй. Төмөрсүх гэгчтэй нүүрэлдүүлж байхад Н, Ц нар харж байсан. Т нь хүн гүтгэж чадахгүй, энэ хүнийг огт танихгүй өгсөн мөнгийг чинь авахгүй гэж хэлж байснаа одоо дүгнэж бодоход миний биеийг ямар нэг аргаар хохироох гэсэн явуулга урьдаас зохион байгуулалттай явагдаж байсан гэж харахаар байна. Энэ хэргийн талаар миний дүгнэлтээр эхлээд шээсний тестээр шинжлэхэд юу ч гараагүй тэгэнгүүт дахин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн лабораториор дахин шинжлүүлэхэд юу ч илрэхгүй болонгуут асуудал залгаад гарч ирсэн за ингээд 18.5 дугаар зүйлийн 2-т хадгалсан гэж эрүү үүсгэж мөрдөх ажиллагаа хийгдэж дуусаад Нийслэлийн прокурорын газар руу хэргийг шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэрэг өөрчлөгдөж, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон нэмэгдүүлж, 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 гэсэн хосолсон зүйл ангитайгаар шүүхэд шилжүүлсэн нь хүндрүүлэх нөхцөл байдлыг зориуд бий болгосон гэж би харж байгаа болно. 2019 оны 05 дугаар сарын 16-ны орой Н-тай ярьсан шөнийн 12 цагийн үед хөдөө явах ажилтай учир ярьсан. Гэтэл Н-ын айлд очихоор явж байна гэснийг зориуд хасаж яаралтай хурдан ир, очиж байна гэсэн үгийг ашиглан хэрэгт холбогдуулах хэлбэрийг сонгон нууцын материал оруулсан. Энэ яриа хүмүүс хоорондын ярьдаг л яриа тэрнээс хар тамхитай холбоотой яриа огт байхгүй байдаг. Урьд өмнө ч утсаар ярьж бичиж байсан мессеж хавтаст хэрэгт байгаа мөн л архи уусан байна машин барихааргүй гэх мэт л харьцаа байгаа. Б.Ц манайд орж ирэхдээ 29 грамм мөс гэх бодистойгоо орж ирээд мөн 29 грамм бодистойгоо гарч явсан. Мөн Чинзориг машинтай ирж тэр машинаараа л яваад манайхаас 3 км хол “Тэнгэр вилла” хотхоны автобусны буудлын тэнд хаясан гэсэн. Миний удирдан зохион байгуулсан үүрэг чиглэл өгсөн гэх энэ 29 грамм мөс огт хамааралгүй байсаар байтал зориуд санаатай холбогдуулж байгаад харамсаж гомдол гаргаж байгааг минь ойлгож хүлээн авна уу. Миний бие сахарын өвчнөөр өвчлөөд 20-иод жил зовж яваа нэгэн 2017 онд зүрхний инфаркт болж 3 дугаар эмнэлэгт хоёр судсандаа тэлэгч тавиулсан. 2019 онд дахин өвчилж 2 судсандаа нэмэлт тэлэгч тавиулсан нийт 4 тэлэгчтэй. Сахарын өвчин нь зүрх, бөөр, нойр, булчирхайн өвчинтэй хавсарч өдөрт 3 удаа тариа хийдэг. 8 жилийн хаалттай хорих ангид эдлэх ялыг хөнгөлж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд давж заалдах шатны шүүхээс Э.Э-ын үйлдэл оролцоог дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж үзэж байна.
Э.Э нь хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис огт хэрэглээгүй бөгөөд энэ нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3045 дугаартай шинжээчийн дүгнэлт (хэргийн 1 дэх хавтас 42 дугаар хуудас), Э.Э-ын биед болон гэрт хийсэн үзлэг нэгжлэгээр ямар нэгэн төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүйгээр хангалттай тогтоогддог. Гэтэл ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр Э.Э-ын эрх зүйн байдлыг илтэд дордуулж таамаглалд үндэслэн түүнийг “...сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг болох нь түүний гэрээс олдсон гэх “Deli” гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар уутны тасархайтай скочны хэсэгт метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэж болохоор” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-т “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна. 1902003510158 дугаартай хавтаст хэргийн хүрээнд бусдад мансууруулах бодис худалдан борлуулах гэж байсан эсвэл худалдан борлуулсан тухайд ямар нэгэн нотлох баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн нэгэн адил нотлох баримтад үндэслэлгүйгээр худалдан борлуулсан гэж үзэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Нэгэнт худалдан борлуулсан үйлдэл байхгүй нь гэмт хэрэг үйлдэхэд завдсан завдалтын шинж байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29,5 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Монгол улсын хилээр орж ирсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд хилээр хэн, хэзээ оруулж ирснийг тал бүрээс нь бүрэн гүйцэт тогтоохгүйгээр хилээр хууль бусаар оруулж ирсэн гэж дүгнэж байгаа нь илт хууль бус байна. Э.Э нь Б.Ц, Э.Н, Б.Ч нарын гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн тухайд дурдсан байх бөгөөд хавтаст хэрэгт Э.Э-ын оролцоог шууд болон шууд бусаар нотолсон нотлох баримт огт авагдаагүй байхад үндэслэлгүйгээр түүнийг энэ хэрэгт зохион байгуулагчаар оролцсон оролцоо хамааралтай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд таамаглалд үндэслэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ч нь Э.Э-ыг огт танихгүй бөгөөд хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсны дараагаар анх уг хүнийг харсан тухайгаа мэдүүлдэг, Э.Н болон Б.Ц нарын Бүгд Найрамдах Хятад ард улсад зорчсон зорилго нь тодорхой байх бөгөөд түүнийг нотолсон баримтыг Э.Н өмгөөлөгчөөрөө дамжуулан хавтаст хэрэгт өгсөн байдаг. Б.Ц-г нүүрэлдүүлэн байцаахад Э.Энхбатыг 29,5 грамм мөс гэх нэршилтэй метамфетамин гэх бодисыг мэдээгүй бөгөөд хамааралгүй тухай мэдүүлсэн байдаг.
Б.Ц-ийн авч явсан гэх 29,5 грамм мөс гэх гялгар ууттай байхад яагаад заавал “Deli” гэх бичиглэлтэй энгийн бичгийн савыг үзлэг хийж байгаа этгээдүүд буюу хар тамхитай тэмцэх газар хурааж авсан бэ? яагаад тэр хурааж авсан зүйлд метафитамины илэрц гарсан вэ? гэдгийг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Б.Ц-оос хурааж авсан зүйл зүгээр л энгийн гялгар ууттай байсан. Энгийн нүдээр эндээс мансууруулах бодис илэрнэ гэдгийг хэн ч хараад мэдэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт “Э.Э-ыг бусадтай бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд ... 2.1. Э.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, ... тус тус шийтгэсүгэй.” дурдсан. Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” заасан. Шүүх Э.Э-ыг зохион байгуулсан гэж дүгнэсэн боловч ямар нэгэнт нотлох баримтад огт үндэслээгүй орхигдуулсан, Э.Энхбат хэрхэн санаачилсан эсвэл удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан тухайд үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Магадлалаас харвал Э.Н-тай утсаар “Хаана байна?” гэж ярьсан, Э.Н, Б.Ц нар Замын-Үүд боомтоос шууд ирээд Улаанбаатар хотод Э.Э-ын гэрт орсон гэх үйл баримт нь Монгол улсын иргэнийг гэмт хэрэг зохион байгуулсан гэх үйлдэлд буруутган 8 жилийн хорих ял онооход дэндүү шударга бус үйл баримт байна гэж үзэж байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангид 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг нь зүйлчлэгдэхээ больсон байхад Э.Э нарыг уг зүйлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр тайлбарлан зүйлчилсэн. Үүнээс гадна хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэлгүйгээр дүгнэлт хийн 29,5 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсад хууль бусаар нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд илт хууль бус байна. Шүүх Э.Э-ыг мансууруулах бодис буюу 29,5 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ... худалдаалах зорилгоор олж авсан гэж дүгнэхдээ ... бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон "нотлох баримтад үндэслэх” зарчмыг зөрчиж, таамгаар гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд нэгэнт ийнхүү нотолгооны хувьд туйлын эргэлзээтэй байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар “...ашигтайгаар шийдвэрлэх" зарчмыг баримтлаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Үүнээс гадна шүүхийн дүгнэсэн 29,5 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э огт мэдэхгүй бөгөөд түүний оролцоо хамаарал нь нотлох баримтаар огт тогтоогдоогүй. Мөн анхан шатны шүүхээс Э.Э-д ял оногдуулахдаа оролцоо, тогтоогдсон байдал, түүний хувийн байдал (ажил хөдөлмөр, хөрөнгө, орлого, нас, эрүүл мэндийн байдал) харгалзан үзээгүй нь 3 зүйл ангиар гэм буруутайд тооцогдсон этгээдэд ногдуулсан ялаас Э.Э ногдуулсан ял илүү байгаагаас илт харагддаг. Энэ нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Э.Э нь Б.Ц-г биедээ юу авч явааг нь мэдээгүй, улмаар түүний юуг, ямар зорилгоор олж авсныг улмаар хадгалсан, тээвэрлэснийг мэдээгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан аль ч баримтаар үгүйсгэгдэн нотлогдоогүй, харин ч хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдан нотлогдож байгаа. Гэтэл шүүх нотлогдсон байдлыг үл харгалзан “худалдаалах зорилго” гэх зорилгыг таамгаар бий болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн заалтыг баримталж, Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэн хэргийг зүйлчилж шийдвэрлэх наад захын арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Э.Энхбат нь ... мөс гэх бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Э.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Мөнхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрт тодорхой тусгах шаардлага тавигддаг. Гэтэл шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Э.Э-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримтыг хууль ёсны гэж үзсэн үндэслэл, тухайн нотлох баримтын талаар өмгөөлөгчийн зүгээс маргаж буй санал дүгнэлтийг няцаан үгүйсгэж буй үндэслэл, “Э.Э тухайн хэрэгт оролцоогүй” гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцааж буй үндэслэлийг гаргасан шийдвэртээ огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Э.Э нь Э.Н, Б.Ц нарыг Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээс ...мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Хятад улсаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдлийг үгсэн тохиролцож, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулсан болох нь ...зэрэг баримтуудаар нотлогдож байна” хэмээн дүгнэж гэм буруутайг нотолсон гэх 22 төрлийн баримтыг тогтоолдоо тусгасан. Өмгөөлөгчийн зүгээс Э.Э-ыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон эдгээр нотлох баримт нь түүний гэм бурууг нотлохгүй, хууль ёсны биш гэж гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” шаардлагын дагуу эдгээр үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэхэд Э.Э-ын үйлдэл нотлогдохгүй байгаа юм. Шүүхийн зүгээс Э.Э-ын гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж дүгнэхдээ: түүний гэрээс олдсон “Deli” гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар уутны тасархайтай скочны хэсэгт метамфетамин илэрсэн” гэх нотолгоо гол үндэслэлээ болгодог. Гэтэл эдгээр эд мөрийн баримтыг хураан авсан талаар тэмдэглэл үйлдэж бэхжүүлэхдээ, энэ ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргахдаа дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдолтой бүхий л байдлыг тодруулах зорилгоор...үзлэг хийнэ” гэж, 3.7-д “хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах” арга хэмжээг авна гэж заасан. Мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны үйл явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүнг...бичиж тусгана”, 4-т “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд баримт бичиг, эд зүйлсийн тоо ширхэг, төрөл, хэлбэр, өнгө, сорьц, харагдаж байгаа онцлох шинж тэмдгийг... жагсаан бичнэ” гэж заасан. Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хэргийн 1 дэх хавтас 22-27 дугаар тал/-д “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авч хадгалсан байж болзошгүй...тул хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор ...үзлэг хийв” гэсэн байдаг. Эндээс харахад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан байж болзошгүй” үйлдлийн ул мөрийг илрүүлэх зорилгоор үзлэг хийсэн гэж ойлгогдохоор байгаа. Уг тэмдэглэлийн 2 дахь хуудасны доороос 8 дахь догол мөрт “мөн утасны хажуу талд “Deli” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хувцанцар сав байсныг хурааж авав” хэмээн нөхөн бичсэний зэрэгцээ, 6 дахь хуудсанд “...уг хогийн савыг онгойлгож үзэхэд зип лок түгжээ бүхий гялгар уутны тасархайг скочоор ороосон байдалтай байсныг хураан авлаа” гэж бичжээ. Эдгээр эд зүйлийг хураан авахдаа хамгийн гол нь “хэргийн ул мөр, илэрсэн нөхцөл байдал, онцлог шинж тэмдэг”-ийг тэмдэглэлд тусгах ёстой атал ямар учраас эдгээр эд зүйлийг хураан авч байгаа, ямар байдлаар хэргийн ул мөр илэрсэн талаар тэмдэглэлдээ огт тусгаагүй. Гэтэл тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн тайлбар /хэргийн 1 дэх хавтас 33 дугаар тал/-таа “Deli гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар савыг ойртуулж харуулав” хэмээн бичсэн нь тэмдэглэлтэйгээ зөрчилддөг. Мөн Э.Э-ын гэрт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт №4 дугаартай /хэргийн 1 дэх хавтаст 28 дугаар тал/-д байх хуванцар савны гадна талын наалтны дүрс нь №30 дугаартай зурагт байх хуванцар савны гадна талын наалтны дүрсээс илэрхий ялгаатай харагдаж байгаа нь эдгээр гэрэл зурагт тусгагдсан эд зүйлс нэг эд зүйл гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн 6 дугаар тал /хэргийн 1 дэх хавтас 33 дугаар тал/-д үзлэгийг “iphone 6 загварын гар утсаар ... дүрс бичлэг хийж” бэхжүүлсэн талаар тусгасан. Гэтэл үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн гэх энэхүү дүрс бичлэгийг хэрэгт огт хавсаргаагүй байдаг. Энэ бичлэг хэрэгт байхгүй нөхцөлд бичгээр үйлдсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтаар тухайн ажиллагаа хууль ёсны явагдсан гэж дүгнэх ямар ч боломжгүй. Дээрх байдлаар үзлэгийн тэмдэглэлд Э.Э-ыг буруутгаж байгаа гол нотолгоо гэх “Deli” гэсэн бичиглэлтэй хуванцар савыг хураан авсан талаар нөхөж бичсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийн ул мөр үлдсэн гэх эдгээр эд зүйл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтаар тооцох боломжгүйд хүрч байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарлаж, хангалттай мэтгэлцсэн боловч шүүх "... хэргийн газарт үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлд Э.Э-ын гэрээс эд зүйл хураан авсан талаар тусгасан байх ба хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон байх тул нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна“ гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн энэхүү дүгнэлтээс харахад тухайн нотлох баримтыг хүчинтэйд тооцсон “прокурорын тогтоол” байгаа л бол тухайн ажиллагаа туйлын үнэн, маргах боломжгүй гэсэн итгэл үнэмшлээр хандсан байна. Гэтэл “туйлын үнэн” хэмээн үнэлэгдсэн энэхүү прокурорын тогтоолд маш ноцтой зөрчил бий. Тухайлбал Э.Э-ын гэрээс олдсон гэх “Deli” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав, зип лок түгжээ бүхий, скочоор ороосон гялгар уутны тасархайг хураан авсан гэх мөрдөгчийн тэмдэглэл 2019 оны 05 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн бөгөөд уг тэмдэглэлд "эдгээр эд зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн учраас хураан авч байгаа" талаар огт тусгагдаагүй "Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1519 дугаартайгаар гарсан бөгөөд уг тогтоолыг гарах үед эдгээр эд зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн талаар ямар ч баримт байгаагүй. Харин эдгээр эд зүйлсээс метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу прокурорын тогтоол гарснаас хойш 4 хоногийн дараа гарсан байдаг. Гэтэл прокурор чухам юунд үндэслээд тогтоолдоо “хураан авсан эд зүйлс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд мөрийн баримт" хэмээн бичсэн нь тодорхойгүй байдаг. Энэ байдлаас дүгнэхэд прокурор Э.Э-ын гэрээс хураан авсан эдгээр эд зүйлсийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд мөрийн баримт гэсэн “таамаглалаар” мөрдөгчийн явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцсон" гэж үзэхээр байгаа юм. Харамсалтай нь энэ мэт илэрхий зөрчил байсаар атал шүүх Э.Э-ыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн тухайд хориглосон бараа гадаад улсын нутаг дэвсгэрт байсан гэдгийг, тухайн барааг гаалийн үзлэг шалгалтаас нууж нэвтрүүлсэн эсхүл хилийн шалгалт, үзлэггүй газраар нэвтрүүлсэн гэдгийг заавал тогтоох ёстой. Гэтэл зөвхөн Б.Ц, Э.Н нарын хүмүүс Хятадаас Монгол улсад орж ирсэн гэсэн үйл баримтаар эдгээр хүмүүс Хятадын нутаг дэвсгэрээс хар тамхи олж авсан улмаар хар тамхийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, уг хэргийг Э.Э зохион байгуулсныг нотолсон гэж үзэж байгаа нь “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” зарчмын эсрэг болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид... хүнлэг бус, хэрцгий хандахыг ... хориглоно” хэмээн "эрүүл шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх” зарчмыг тогтоосон. Э.Э нь өндөр настай /64 настай/ бөгөөд чихрийн шижин хүнд үедээ орсон, зүрхний титэм судсанд 2 гуурс суулгуулсан, нойр булчирхай, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг өвчний улмаас эмнэлгийн байгууллагын байнгын хяналтад байдаг учраас хаалттай хорих ангид 8 жил хоригдох ял шийтгэлийг даахгүй бодит эрсдэл байна.
Э.Э-ын үйлдэлд хамааралтай гэх бүхий л нотлох баримтыг шалгахад түүнийг Хятад улсын нутаг дэвсгэрээс... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэхэд үнэхээр эргэлзэхээр байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол болон магадлалын Э.Э-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Н-ын өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Э.Н-ыг дараах 3 үйлдэлд гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг дор дурдсан байдлаар буруу хэрэглэсэнд гомдолтой байна:
Хэрэгт авагдсан аль ч баримтаар Э.Н .... бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл тогтоогдоогүй буюу тэрээр хамт зорчсон Б.Ц биедээ юу авч явааг мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон атал Э.Н-ыг “хамт явсан нь гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл мөн" гэх байдлаар, мөн нууц ажиллагааны магадалгаагаар Э.Н, Б.Ч нарын харилцсан гэмт хэрэгт холбогдолгүй яриаг, мөн улсын хилээр гаалийн хяналтаар хориглосон бараатай нэвтрээгүйг нотолсон Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, бичлэгийг үндэслэн Э.Н-ыг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй үнэлэх журмыг зөрчсөн хэрэг болсон.
Шүүх Э.Н-ыг... худалдаалах зорилгоор олж авсан гэж дүгнэхдээ ... бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзсан, мөн үйл баримтын дэс дараалалд үндэслэн хэргийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон “нотлох баримтад үндэслэх” зарчмыг зөрчиж, таамгаар гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд нэгэнт ийнхүү нотолгооны хувьд туйлын эргэлзээтэй байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар "... ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Э.Н-ын Б.Ц биедээ юу авч явааг нь мэдээгүй, улмаар түүний юуг, ямар зорилгоор олж авсныг, улмаар хадгалсан, тээвэрлэснийг мэдээгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан аль ч баримтаар үгүйсгэгдэн нотлогдоогүй, харин ч хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдан нотлогдож байтал анхан, давж заалдах шатны шүүх хэрэг дэх нотлогдсон байдлыг үл харгалзан “худалдаалах зорилгыг таамгаар бий болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг баримталж, Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэн хэргийг зүйлчилж шийдвэрлэх наад захын арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Э.Н ...бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй нь эргэлзээгүй нотлогдож байгаа тул Э.Н-ыг Эрүүгийн хуулийн 20.7 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр тодорхойлогдоно. Гэтэл тухайн үед Э.Н нар хууль сахиулагч гэж танилгүйгээр зугтах үйлдэл хийсэн ба Э.Н-ын зорчиж буюу сууж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ч зугтах үйлдэл хийх үед хохирогч Б.Эрдэнэдалай унасан, буу нь алдагдсан байдаг. Тодруулбал, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн 23.1-д заасан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй буюу зугтах үйлдэл хийснийг мөн хуульд зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон. Анхан, давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотолгооны эргэлзээтэй байдлыг буюу эргэлзээтэй баримтыг шүүгдэгчид ашигтайгаар үнэлэх, шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, Э.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Н-ын өмгөөлөгч Д.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх, тогтоол магадлалын зарим дүгнэлт, заалтыг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэл нь:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал гүйцэд тогтоогдоогүй, Э.Н нар мансууруулах, сэтгэцэд нөлөөт 29,5 грамм бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэх нөхцөл байдал, өөрөөр хэлбэл хэрхэн, яаж хил нэвтрүүлсэн нь тогтоогдоогүй, тухайлбал, уг бодисыг хэрхэн олж авсан тухай яллагдагч Б.Ц-ийн мэдүүлгийг гүйцэд шалгаагүй бөгөөд энэ талаар түүний өгсөн мэдүүлгийг няцаах үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх нотолбол зохих байдлууд гүйцэд тогтоогдоогүй байхад зөвхөн тэдэнд холбогдох тухайн үйл явдлын өрнөлд хийсэн таамаглалаар Э.Н нарын сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д “хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “... хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал, Э.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс Б.Ц биедээ юу авч явааг мэдээгүй гэж удаа дараа мэдүүлсэн ба уг бодисыг Монгол улсын хилээр ... нэвтрүүлээгүй нь хэрэгт авагдсан Хил хамгаалах газрын лавлагаа, камерын бичлэгээс тодорхой байхад шүүх зөвхөн үйл баримтын өрнөлд хийсэн үндэслэлгүй дүгнэлт, таамаглалаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ....шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж зааснаар Э.Насанжаргал нарын сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхдээ “шар Э” буюу Б.Э гэгчтэй бүлэглэж, түүний зохион байгуулснаар гүйцэтгэсэн гэх, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах, тээвэрлэхдээ түүнийг худалдаалах зорилго агуулсан, тийн зорилгоор үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр тэднийг худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхисон нь хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдалд хүргэж байна. Тэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэнд, хэрхэн худалдаалах гэж байсан талаар шалгаж тогтоосон зүйл огт байхгүй юм. Иймд Э.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцсоныг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү. Э.Н нар нь “шар Э” гэгдэх Э.Э-нд түр орж тэндээс машинтай хөдлөх үедээ цагдаа нартай таарч сэтгэцэд нөлөөт бодис зөөвөрлөж явсандаа бантан тэднээс айсандаа зугтаахаар хөдлөх үед жолооч, шүүгдэгч Б.Ч цагдаагийн ажилтан Б.Эрдэнэдалайн баруун ташаа орчимд болгоомжгүй үйлдлээр шүргэж, зүүлттэй байсан тусгай хэрэгслийн оосрыг тасалсан үйлдлийг цагдаагийн ажилтныг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэж, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь тэд цагдаагийн ажилтанд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл гаргалгүйгээр цагдаагийн ажилтны “Зогс, хаалгаа нээ” гэсэн шаардлагыг биелүүлээгүй зугтсан, зугтаахдаа ажилтны бие дэх тусгай хэрэгслийн оосрыг болгоомжгүй шүргэн тасалсан үйлдлийг шүүх хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй. Жирийн иргэний нүдээр өнгөц дүгнэхэд тэд хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй нь эсэргүүцсэн мэт зураглал харагдах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэргийн бүрдэл, элементүүд тэдний үйлдэлд байгаа, эсэхийг 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын үүднээс тунгаан авч үзвэл тэдний үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг огт хангахгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн объектив талын гол шинж бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж тухайн хууль сахиулагчийн биед гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг л "хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг”-т тооцохоор хууль тогтоогч нэгэнт хуульчлан тогтоожээ. Гэтэл Б.Ч нь тээврийн хэрэгслээр зугтаахдаа хууль сахиулагч Эрдэнэдалайг болгоомжгүй үйлдлээр шүргэсэн болохоос тэдэнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл гаргаагүй нь нэгэнт тогтоогдсон. Гэтэл прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Санамсаргүй шүргэсэн жолооч Б.Ч-ийн үйлдлийг “...тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч Эрдэнэдалайг мөргөж зугтсан” гэж үйл баримтаас тэс өөр, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн дүгнэлт хийсэн. Ийнхүү шүүх Э.Н нарыг хууль сахиулагчийг бүлэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн дицпозицод заагаагүй үйлдлээр тэднийг гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй болно. Нөгөөтэйгүүр, Э.Н нарыг дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон цагдаагийн ажилтнууд ажиллагаанд ашигласан “Старикс” 24-92 УНЭ улсын дугаартай автомашиныг дуут дохиотой, ялгах тэмдэгтэй байсан мэтээр ашиг сонирхол нэгтэйгээр гэрчийн мэдүүлэг өгсөн боловч уг машин ялгах, тэмдэг дуут дохиогүй, аль байгууллагын, эсхүл хувийн эзэмшлийн аль нь болохыг тогтоогоогүй, шүүгчийн захирамжийн энэ талаарх заалтыг хангаагүй. Ашиг сонирхол нэгтэй хохирогч, гэрч нарын зүгээс өөрсдийгөө тод бичиглэл бүхий хантаазтай байсан гэж мэдүүлж, мэдүүлгээ батлах зорилгоор Эрдэнэдалайн гар утсанд үзлэг хийлгэсэн боловч утсан дээрх түүний зураг тухайн хэрэг учрал болсон цаг хугацаатай таарахгүй тул үүнийг хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү ялгах тэмдэг, дуут дохиогүй, гэрэлгүй хар өнгийн машинаас хэн болох нь танигдахгүй хүмүүс бууж тэдний машины хаалга, цонх руу цохиж дохисныг хууль сахиулах ажилтнуудын зүй ёсны шаардлага гэж үзэх, мөн тэднийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүх дүгнэх үндэслэлгүй байна. Иймээс Эрүүгийн хуулийн шинжлэх ухааны тайлбарт “тухайн гэмт хэргийн “албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх үйлдлийн шинжийг гүйцэтгэж байгаа албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно." гэж тайлбарласан байна. Энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхийг шаардана. Гэтэл тухайн үйлдлийн улмаас хууль сахиулагчийн биед санаатай халдсан, гэмтэл хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр хууль сахиулагчийн биед тэд санаа зорилгоо нэгтгэн халдсан гэх нотолгоо хэрэгт авагдаагүй байхад Э.Н нарыг хууль сахиулагчийг бүлэглэн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Иймд тэдний “хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйл /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-ийн 3-т хүндрүүлэх бүрэлдэхүүний “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-ийн 3 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд "энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” үйлдлийг нэмж оруулснаар тэдний холбогдсон дээрх үйлдэл нь бие даасан хэд хэдэн гэмт хэрэг биш, зөвхөн нэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн энэхүү үзэл баримтлалыг шүүх зайлшгүй харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нэгэн үндэслэл болгон авч үзэх шаардлагатай байна. Магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваажав”-ыг “шүүгдэгч Х.Даваажав” гэж алдаатай бичсэнийг зөвтгөх шаардлагатай болов уу. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дээрх үндэслэлүүдээр бидний гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох зарчим”-д нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэж, Э.Н-д холбогдох хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нууц ажиллагааны магадалгаагаар тогтоогдсон гэж дурдсан байдаг. Хоёр шатны шүүх нууц ажиллагааны магадалгааг хуульд заасан хэмжээнд үнэлсэнгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд мөрдөн шалгах нууц ажиллагагааны үр дүнг /магадалгаа/ нотлох баримтаар тооцох, эх сурвалж нь нууц байна гэж заасан. Уг хэрэгт нууц ажиллагаагаар хэргийг шалгаад тогтоосон гэж дурдаад байгаа атлаа Тагнуулын ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаал А/86, А/87-г зөрчиж тогтоол нь байхгүй, магадалгааны үр дүн нь хэрэгт авагдаагүй юм байна. Тэгэхээр үүнийг шүүхэд танилцуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Анх хэрэг бүртгэлтийн дугаар авахдаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу үйл явдал болохоос 7, 8 хоногийн өмнө хэрэг илэрсэн учир гомдлоор хэрэг бүртгэлтийн илрүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид заасан бүх үйлдлийг жагсааж бичээд илэрсэн учир дугаар авья гэж мөрдөгч нар нь бичсэн байдаг. Нэгэнт илэрсэн хэрэг дээр яагаад Бүгд Найрамдах Хятад ард улсруу Монгол Улсын иргэдийг энэ гэмт хэргийг үйлдүүлэхээр явуулчив. Үр дүнг илрүүлсэн бол урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгээгүй. Хэрэв Монгол Улсын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхээр яваад байгаа юм бол Хятад улсад баригдаад цаазын ялтай уг хэрэгт холбогдчуул яах вэ, худалдаалах, тээвэрлэх, авч яваад байгаа үйлдлийг нь мэдсээр байж гүйцэтгүүлж байгаа нь өөрөө Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн мэдээ баримтаар, нотлогдсон гэж магадалгаа дээр гараад байгаа үр дүнгээр нь хорих ял оногдуулж, зүйлчилж, ял оногдуулж байна. Илрүүлж байгаа ажиллагаа нь хууль зөрчсөн байхад шат шатны шүүх анхаарч үзсэнгүй. Нууц ажиллагааны магадалгааны үр дүнд шүүх анхаарал хандуулж байгаа болохоос арга хэрэгслийг ашиглахдаа хэрхэн хууль зөрчиж, иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад нь шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулж өгнө үү. 2019 оны 05 дугаар сард үйлдэгдсэн хэрэг дээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг алга болсон. Давж заалдах шатны шүүх ял нь хүнд учир нэмэлт өөрчлөлтийг хэрэглэхгүй гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль хэрэглээний хувьд ял хөнгөрүүлэхээс гадна үйлдэл нь байхгүй болсон тохиолдолд хэрэглэхгүй гэдэг нөхцөл байдалд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Э.Э-ын эрүүл мэндийн ноцтой байдлуудыг нь анхаарч үзнэ үү. Шүүхээс түүний хувийн байдлын талаар нь ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Э нь 62 настай, эрүүл мэндийн шалтгаан байгаа учир хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн баримтаар түүнийг гэмт хэргийг зохион байгуулсан гэдэг үйлдэл нотлогдохгүй байгаа. Утасны харилцан яриа, маршрут бүх ажиллагаа дээр зөвшөөрөл олгосон гэдэг боловч тогтоол нь байхгүй байгаа. Утсаар харилцан ярьсан хүмүүсийн дуу хоолой дээр таньж олуулах шинжилгээний дүгнэлт гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/84, А/57 дугаартай нууц ажиллагаа явуулах Улсын ерөнхий прокуророос гаргасан журмын 6.4-д “тухайн дуу дүрсийг зайлшгүй шинжээчийн дүгнэлт гарган, хянан баталгаажуулж, магадалгаанд хавсаргаснаар нотлох баримт болно гэж заасан байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж, зохион байгуулсан, хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мансууруулах бодисыг хадгалсан гэмт хэргийн хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, гомдолдоо тодорхой дурдсан. Хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.Одончимэг, Д.Гансүх өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Нотолгооны хувьд эргэлзээтэй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Ц-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Мансууруулах төрлийн бодисыг худалдаалах зорилгоор авч явсан, хадгалсан гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгоор авч явсан гэдэг асуудал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэнд, хэрхэн, яаж худалдаалах гэж байсан талаар шалгасан баримтууд байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд Б.Ц тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаад явж байсан. Тээврийн хэрэгслийг Б.Ч жолоодож явсан байдаг. Хууль сахиулагчийг эсэргүүцэж машинтайгаа зугтаасан гээд байгаа нөхцөл байдалд Б.Ц-ийн үйлдэл оролцоо огт байхгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас уг мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хил дотроос олж авсан уу, Монгол Улсын хилээр дамжуулж хууль бусаар оруулж ирсэн үү гэдэг асуудал бүрэн нотлогдож тогтоогдоогүй. Замын-Үүд дэх шатахуун түгээс станцын орчмоос уг мансууруулах төрлийн бодисыг авсан гэдэг асуудал яригддаг. Дээрх нөхцөл байдлууд нь нотолгооны хувьд маш эргэлзээтэй, бүрэн нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй байна. Эдгээр байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Б.Цолмонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж дүгнэсэн, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, Монгол Улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлээгүй гэж гомдол гаргасан. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон. Өөрөөр хэлбэл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үгүйсгэгдэнэ. Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон, хэрэгт ач холбогдолтойд тооцож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдийн хооронд сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, хадгалсан, Э.Н, Б.Ц, Б.Ч нар 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоожээ.
Хоёр шатны шүүхээс эдгээр хэргүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар шийтгэх тогтоол, магадлалд нэг бүрчлэн тусгаж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг үндэслэлтэй тодорхойлж, Э.Э нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Түүнчлэн хоёр шатны шүүх шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн сэдэлт, зорилго болон гэмт хэрэг үйлдэхэд тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан болон гэмт хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж байсан, хөнгөн ялтай хуулийг (2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) хэрэглэх зэргээр тэдгээрт холбогдох хэргүүдийг зөв зүйлчилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хорих ялыг шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх болно.
Шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, Ц.Одончимэг, Д.Гансүх нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 733 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, Д.Гансүх нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН