Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 155

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Н А с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд “С т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н А с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны А/254 дугаартай захирамжийн “С т" ХХК-д холбогдох хэсгийг Түгээмэл дархацтай ашигт малтмалын хайгуулын 15/007 тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгох, 

Манай ТББ 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга 266 дугаартай захирамж гаргаж “Н А ” ТББ-д ашиглуулахаар шийдвэрлэсэн юм. Уг захирамжийн дагуу шар шороон шуурганаас сэргийлэх зорилгоор мод модлог ургамал жимсгэнэ тариалж Эрдэнэ сумын болон Налайх дүүргийн 134 нэн ядуу иргэдийг ажлаар хангаж тогтмол нийгмийн даатгалд хамруулан 2016 оны байдлаар төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ.  

 Гэтэл ашигт малтмалын газар “М с” ХХК-д тусгай зөвшөөрлийг “Н А с” ТББ-ын ашиглалтын талбайтай давхцуулан газар олголт хийгдсэн шалтгаанаар гэрчилгээ сунгагдах асуудал түр хугацаагаар түдгэлзээд байгаа юм. Мөн “С т” ХХК-д Нийслэлийн Засаг дарга манай ашиглалтын талбайтай давхцуулан газар олгосон тухай мэдээллийг сонсоод Нийслэлийн Засаг даргаас лавлагаа хүсэхэд 23 хуудас материалыг манай итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлснээр үнэхээр давхцалтай болохыг мэдсэн юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин ногоон хөгжлийн газарт давхцлын асуудлыг тавихад мэдээллийн санд давхцал байхгүй тул манай байгууллага давхцалтай эсэхийг гаргах боломжгүй Засаг даргын захирамжийг цуцлах үндэслэл байхгүй гэж ам хариу өгөөд байгаа болно.

Харин дээрх газар олголт нь Нийслэлийн Засаг даргын газар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн “С т” ХХК-д холбогдох хэсгийг Түгээмэл дархацтай ашигт малтмалын хайгуулын 15/11007 тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариуцагч тал болон гуравдагч этгээдийн талтай эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байна. Манайд холбогдох хэсгийг нь хүчингүй болгоод асуудлыг шийдэх боломж байгаа. Учир нь засмал зам хүртэл тусгай зөвшөөрөлд багтаад байгаа.

“Н А с” ТББ нь 2009 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад хандаж 266 дугаар захирамжийн дагуу Эрдэнэ сумын Зуунмод хэмээх газар 116 га талбайд Солонгос улсын ... иргэдийн хандиваар хөрөнгө оруулалт хийж 5 жилийн хугацаанд мод тарьсан. Энэ мод тарихдаа Эрдэнэ сум болон Налайх дүүргийн 134 хүнийг ажлаар хангаж, нийгмийн даатгалыг нь төлсөн байдаг. Одоогоор 1 тэрбум воны хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд “М с” ХХК шүүхэд маргаан үүсгээд газрын давхцалтай байна. Налайх дүүргээс мэдүүлэг аваад Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл эзэмших болсон гэж шүүхэд өргөдөл өгснөөр энэ газар ашиглалтын гэрээ сунгагдаагүй түдгэлзсэн байгаа. Энэ газар дээр давхцуулаад Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглуулах зөвшөөрөл олгосон байдаг. Үүнийг хуулийн зөвлөгөө өгч байхдаа мэдсэн. Мэдсэн даруйдаа “Н А с” ТББ-ийн удирдлагуудад танилцуулаад, Байгаль орчны газар хандаж холбогдох баримтуудыг гаргуулж авахаар хандсан. Гэтэл манайх цуцлах боломжгүй тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн учраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны А254 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаагүй. Зөвхөн Эрдэнэ сумын Засаг даргын 266 дугаар захирамжаар ашиглуулахаар олгосон талбай дээр манайхтай давхцаж байгаа хэсэг дээр захирамжийн хэсгийг хүчингүй болгуулж, энэ захирамжийг үндэслэж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/90007 тусгай зөвшөөрөлд нь өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны 24 дүгээр тогтоол, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлиг, Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолуудыг тус тус баримталж энэ нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан юм.

Яагаад энэ тогтоол болон зарлигийг үндэслэсэн бэ гэхээр 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Үүнээс харахад Нийслэлийн газрын хилийн цэсэд зориулж гаргасан юм шиг харагдана. Гэтэл Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дахь заалт буюу 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсаралт гэснийг өөрчилж, хүчингүй болгож байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр Эрдэнэ сумын хилийн цэс сэргэж байгаа юм. Ийм учраас Эрдэнэ сумын Засаг дарга зөвхөн “М с” ХХК-тай давхцуулж 21 га газар олгосон захирамж гаргаж байгаа юм. Энэ маргаантай асуудал нь Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд удаа дараа маргалдсан байдаг. Налайх дүүргийн Засаг дарга н.Энхсайхан гэдэг хүн Эрдэнэ сумын Засаг дарга н.Ж ийг Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгч, уг асуудлыг Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх нь Улсын Их Хурлын эрх хэмжээний асуудал учраас манайхаас шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн байдаг. Үүнд хотын захиргаа нь хэлэхдээ эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгосон гэдэг. Эрдэнэ сумын Засаг дарга нь мөн адил манайх эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгосон гэдэг. Төв аймгийн захиргааны хэргийн шүүгч н.Х нь “М с” ХХК-тай холбоотой маргаан дээр шинжээч томилдог. Энэ шинжээчийн дүгнэлтийн нэмэлт тайлбар гээд 1.2-т Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ингээд Эрдэнэ сумын хилийн цэс сэргээгдсэн байна гэж үзсэн. Тэгэхээр өнөөдөр ямар асуудал яригдах вэ гэхээр хэн газар олгох эсэх асуудлаас илүү цаг хугацааны асуудал яригдана.

Үнэхээр Нийслэлийн Засаг дарга манайх газар олгох эрхтэй. Төрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан 1 тэрбум гаруй воны хохирлыг төр хариуцах болоод байгаа юм. Эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдэлд хүрнэ гэсэн горьдлого гаргаад шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид харамсаж байна. Газар давхцалтай, нэгж талбарын дугаар нь таарч байгаа. Ийм учраас энэ давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байгаа юм. Нөгөө асуудал нь засмал замыг компанид өгсөн нь буруу. Төрийн өмчийг Засаг дарга мэддэг юм биш. Ийм хууль бус акт гаргаад хууль ёсны дагуу гэж хариу өгөөд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасан анхан шатны шүүлтийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрын талбай, мөн түрүүлж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдийн талбай тус бүрээр давхцалтай эсэхийг шалгаж үзэхэд тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүд нь давхцалгүй байсан байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарагдах уг талбайд анхан шатны шүүлтийн дагуу ямар нэгэн давхцал гараагүй тул тус талбайд хүсэлт гаргасан “С т” ХХК-ийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1191 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газраас санал авахаар хүргүүлэхэд, тус саналын хариу болох 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/4494 дугаар албан бичигт тухайн аж ахуйн нэгжид хайгуулын талбай олгох боломжтой гэсэн байна.

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/16 дугаар албан бичгийг хүргүүлж аж ахуйн нэгжүүдийн өргөдөл гаргасан талбай нь иргэний эзэмшлийн газар болон нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байршилтай давхцалтай эсэх талаар мэдээлэл авах хүсэлтээ илгээхэд тус газраас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5/814 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан талбайн мэдээллийг шүүж, тухайн талбай нь газрын мэдээллийн санд давхцалгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар Байнгын зөвлөлийн дарга бөгөөд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Б-Э эс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/44 дугаар албан бичгээр тус өргөдөл гаргасан талбайн мэдээллийг хүргүүлэхэд тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал ирүүлээгүй болно.

Иймд нийслэлийн Засаг дарга холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн, ямар нэгэн давхцалгүй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/Р007 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны А/254 дүгээр захирамжаар “С т” ХХК-д олгосон байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс захирамжийг хэсэгчилж хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар авто зам орсон бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэсэн заалт байхгүй. Иймд хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа болохоор эвлэрэх боломжгүй.

“Н А с” ТББ-ын газар нь “М с” ХХК-ийн газартай давхцалтай байна гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Давхцалтай байснаар тухайн газар ашиглах гэрээг нь түдгэлзүүлсэн байдаг. Тэгэхээр “Н А с” ТББ нь яг газар эзэмших гэрчилгээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй байж энэ газар нь манай газар юм гэж нэхэмжлэл гаргах нь зүй ёсных гэж үзэж болох уу.

Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 3 дугаарт зааснаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Уг тогтоолыг засаж дараа нь 1998 оны 42 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр 1982 онд баталсан Улаанбаатар хотын хуучин хилийн цэсийг хүчингүй болгоод 1996 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталгаажуулсан байгаа юм. Ийм болохоор Улаанбаатар хотын хилийн цэсийг баталсан, Төв аймгийн нутаг дэвсгэрийг батлалгүй хэвээр нь үлдээсэн байгаа юм. Нийслэлийн Засаг дарга яагаад олгосон бэ гэхээр үндэслэл нь их олон байдаг. Нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэр дээрээ тусгай зөвшөөрөл олгох эрхтэй гэдэг үндсэн дээр тусгай зөвшөөрлийг өөрийн захирамжаар олгосон байгаа. Хавтаст хэрэгт байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1/176 албан бичгээр “С т” ХХК-ийн солбилцлын тодорхойлолт гаргуулахаар хүсэхэд тус яамны Хүрээлэн буй орчны газраас Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах солбилцол гэж хариу ирүүлсэн байгаа. Иймд өөрийнх нь нутаг дэвсгэр мөн байгаа учраас хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн Ашигт малтмалын газраас “С т” ХХК-д тусгай зөвшөөрөл анх олгохдоо хүсэлт гаргасан солбилцол бүхий талбайд хуулийн дагуу дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлэхэд албан бичгээр өргөдлийн бүртгэлийн кодыг ТХ00048УБ гэж кодлоод Улаанбаатар хотын бүртгэлээр бүртгэж хариу ирүүлсэн. Мөн тус дүгнэлтэнд “С т” ХХК нь  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Элсэн тасархай нэртэй газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариу өгсөн. Тэгэхээр Ашигт малтмалын газар яах гэж шүүлт хийлгэдэг вэ гэхээр тухайн газар дээр нөөц байгаа эсэх, дэд бүтэцтэй давхцалтай эсэхийг мэдэх гэж лавлагааг гаргуулж ирүүлдэг. Ингээд боломжтой гэсэн хариуг Нийслэлийн Засаг даргад хариу ирүүлсэн байдаг. Мөн Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн газрын албанд “Н А с” ХХК-ийн газрын 4 цэг нь давхцаж байгаа эсэхийг асуухад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1220 дугаартай албан бичгээр асуухад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7/1809 дугаартай албан бичгээр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байна гэсэн хариу өгсөн. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу өөрийн харъяалах нутаг дэвсгэртээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгосон. Иймд Төв аймгийн Засаг даргын харъяаллын бус газарт газар олголт хийсэн. Үүнийг газрын нэгдмэл мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхийг тодорхойлоогүй. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн харъяаллын дагуу олгосон байгаа учраас эрх мэдлийн хүрээнд нь биелүүлсэн гэж үзэж байгаа.

42 дугаар тогтоолоор 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралт гэж өөрчилсөн байгаа боловч тухайн 1996 оны 24 дүгээр тогтоол дээр 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай гээд заасан байдаг. Тэгэхээр Нийслэлийн дүүргүүдийн хилийн цэсээр нутаг дэвсгэрийн хилийн цэс тогтоогдоно. Ингэснээр Улаанбаатар хотын хилийн цэс баталгаажиж байгаа гэсэн үг юм гэв.

Ерөнхийдөө Нийслэлийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ газрыг олгосон. Яаж олгосон бэ гэвэл бүх нийтэд нээлттэйгээр зарлагдаж олон аж ахуйн нэгжээс өргөдөл хүлээж авч байсан. Нийт 154 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл өгсөн байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгч тал ярихдаа хариуцагч тал, гуравдагч этгээд ингэсэн гэж яриад байна. Жишээ нь замтай холбоотой зүйл ярихдаа 2 өөр зүйл ярьж байна. Ашигт малтмалын газар болон бусад газруудаас ирсэн мэдээллүүдийн дагуу хуульд заасны дагуу лавлагааг нь авсан. Тэгээд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Мод тарьсан газар гэж “М с” ХХК-ийн давхцалтай талаасаа модоо тарьж байгаа юм шиг байна. Бид нарыг үзэхэд нүх ухсан байсан. Гэхдээ нүх ухсаныг мод тарьж байгаа гэж үзэхгүй. Мөн Нийслэлийн Засаг дарга өөрийнхөө харъяалах нутаг дэвсгэртээ олгосон. Оны хувьд наана цаана гэсэн зүйл байхгүй. Өөрт нь ирсэн өргөдлийн дагуу тухайн газрыг олгосон байгаа. Иймд Төв аймгийн Засаг даргын газар олгосон шийдвэр нь хууль бус байна. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж хүчинтэй хэвээрээ байгаа учраас захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “С т” ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргаас ирсэн тайлбар баримтуудыг үзэхэд тухайн үед манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход газрын кадастрын ямар нэг давхцал байхгүй болох нь Нийслэлийн Засаг даргын тайлбар баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдсөн этгээд нь зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа өргөдлийг гаргана. Нэхэмжлэгч талын яг ямар эрх ашиг нь зөрчигдөөд, ямар бодит хохирол учраад байгаа талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д аймаг, нийслэлийн засаг даргын харъяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж заасан харагдаад байгаа юм. Тэгэхээр Нийслэлийн Газрын албанаас ирсэн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн нутаг дэвсгэр гэдгээ тодорхойлоод ирүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоолын баримтлаад шүүхэд өргөдөл гаргахад нь авсан юм шиг байдаг. Тэгээд эдгээр баримт бичгүүдийг нь харахад Элсэн тасархай гэдэг газар нь огт дурдагдаагүй байдаг. Тийм болохоор Нийслэлийн нутаг дэвсгэр буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэр мөн. Тийм болохоор Нийслэлийн Газрын алба нь өөрөө тодорхойлолтоо ирүүлсэн байна. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь бусдын газар нутаг дэвсгэр дээр өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар газар эзэмшүүлэх, ашиглуулах захирамж гаргасан нь өөрөө хууль бус, эрх хэмжээнд нь байхгүй захирамж гаргаад байгаа юм. Эдгээр шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын нэмэлт тайлбарыг сонсож байхад ерөнхийдөө зөрүүтэй юм ярих шиг боллоо. Эхлээд “М с” ХХК-тай давхцалтай хэсгийг ашиглах эрхийг түдгэлзүүлсэн гэж байна. Мөн ашиглах эрхийг Нийслэлийн Засаг дарга олгосноор ашиглах эрх нь түдгэлзээд байгаа юм гэж байна. Тэгэхээр ямар нэгэн шийдвэрээр тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахыг нь Нийслэлийн Засаг дарга хориглосон шийдвэр гаргаж байгаагүй. “М с” ХХК-ийн газрын давхцалыг энэ шүүх хурал дээр ярих шаардлагагүй байх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар аюулгүй, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах гэсэн зүйл ярьж байна. Тэгэхээр ”М с” ХХК-тай холбоотой маргааны улмаас газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзээд байгаа юм байна. Тэгэхээр энэ нь манай “С т” ХХК-тай холбоогүй, энэ газрыг эзэмших эрх нь угаасаа түдгэлзсэн байгаа юм байна. Манай үйл ажиллагаанаас болж эрх ашиг нь зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Төв аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад газар ашиглах, эзэмшүүлэх эрхгүй гэж байна. Энэ 2 Засаг даргын хэн нэгнийх нь шийдвэр хүчинтэй байж аль нэг нь тухайн газрыг эзэмшиж, ашиглана. Тэгэхээр миний хэлсэнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар харъяа нутаг дэвсгэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга уг асуудлыг шийднэ гэсэн байгаа. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд “С т” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр, захирамж байгаа. Мөн Нийслэлийн Газрын алба нь энэ маргаан бүхий Элсэн тасархай гэдэг газар нь манай харъяаны газар гээд албан тоот ирүүлсэн байгаа. Нөгөө талаас өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Засгийн газрын шийдвэрийг нь харахаар Элсэн тасархай гэдэг газрын нэр огт дурдагдаагүй. Яг хэний хилийн цэсэнд багтаж байгааг нь тогтоолоос хараад тогтоох боломжгүй. Социализмын үед байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг нь хуучин системийн үед гарсан учраас хууль зүйн талаас яадаг талаар мэдэхгүй байна. Тэгэхээр эдгээр баримтуудыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Н А с” ТББ нь “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн “С т” ХХК-д холбогдох хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/R007 тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ /хх 1-2/. 

Нэхэмжлэгч “мод тарихаар газар ашиглах эрх авч ашиглаж байсан газартай давхцуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэр үндэслэлгүй” гэж маргажээ. 

Нэхэмжлэгч “Н А с” ТББ нь Монгол Улсад байгуулагдсан БНСУ-д төвтэй гадаад улсын салбар төлөөлөгчийн газар бөгөөд цөлжилттэй тэмцэх төслөөр дамжуулан байгаль нөхөн сэргээх, ... зорилгоор үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ /хх 31/. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот шийдвэр /хх 186/-ээр “Н А с” ТББ-д 18687298404346 нэгж талбарын дугаар бүхий 920304 м2 газар, мөн 18686297965848  нэгж талбарын дугаар бүхий 249747 м2 газрыг тус тус ашиглуулахаар гэрчилгээ /хх 4/ тус бүр 5 жилийн хугацаатайгаар олгосон. 

  Нэхэмжлэгч “Н А с” ТББ-ын газар ашиглах гэрчилгээ нь 5 жилийн хугацаатайгаар олгогдсон бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон, газар ашиглах гэрчилгээг сунгаагүй гэдэг нь Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/57 албан бичиг /хх 180/, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 захирамж /хх 80, 187/, “Н А с” ТББ-ын Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд явуулсан албан бичиг /82, 177/  зэргээр тогтоогдож байна.  

Гуравдагч этгээд “С т” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хх 10, 47/-ийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт /хуучин нэрээр/ гаргасан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу  Ашигт малтмалын газраас холбогдох дүгнэлтүүдийг /хх 46-54/ авсан, мөн газрын давхцал, тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай эсэх талаар холбогдох байгууллагын дүгнэлтийг авсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтууд /хх 55-59, 67-68/-аар тогтоогдож байна.  

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамж /хх 7-8, 60-61/-аар Налайх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элсэн тасархай” хэмээх газарт “С т” ХХК-д 48.04 гектар талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, улмаар гуравдагч этгээд хуулийн этгээдэд 15/R007 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл /хх 62-64/-ийг  2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар олгожээ.

Төрийн өмчийн газрыг гадаад улсын иргэн, хуулийн этгээд ашиглах эрхийг олж авах, газар ашиглах эрхийг баталгжуулах журмыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.” хэлэхээр заасан. 

Нэхэмжлэгч буюу гадаад улсын салбар төлөөлөгчийн газраар бүртгэгдсэн “Н А с” ТББ нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийг дээр дурдсан Газрын тухай хуульд заасны дагуу олж авч ашиглаж байсан боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болжээ.

Харин гуравдагч этгээд “С т” ХХК нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноос хойш буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрх олж авсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноос хойш гуравдагч этгээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт тогтоогдож байхад  нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газартай гуравдагч этгээдэд давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Тухайлан хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шүүхээс хариуцагчийн гуравдагч этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч тал маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх  газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж маргасан. Гэвч маргаан бүхий актаар гуравдагч этгээд газар эзэмших хүсэлт гаргаагүй харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “маргаан бүхий газар нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлиг, Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 23-ны 42 дүгээр тогтоолын өөрчлөлтүүдээс үзэхэд Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарна.” гэж тайлбарлажээ. 

Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол Улсын Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтаар, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 2 дугаар хавсралтаар баталсан”, 2 дахь хэсэгт “Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгажээ.”, тогтоолын 3 дахь хэсэгт “Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтаар, Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэс тогтоосон 2 дугаар хавсралтыг баталсан”-ыг бүхэлд нь хүчингүй болгосон. Харин Улсын Их Хурлын 1998 оны 42 дугаар тогтоолоор 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дахь заалтын " 131 дүгээр зарлигийг" гэснийг " 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтыг" буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хүчингүй болгож, Төв аймгийн  Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэс тогтоосон 2 дугаар хавсралтыг хэвээр үлдээн өөрчилсөн. Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэр, түүний дүүргүүдийн хилийн цэсийг харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар Төв аймгийн хил цэсийг баталсан байна. 

Эдгээр эрх зүйн баримт бичгийг үндэслэн маргаан бүхий газрыг Төв аймгийн газар нутаг дэвсгэрт хамаарах эсхүл, Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарна, Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарахгүй гэж тогтоох үндэслэлгүй байна.  Түүнчлэн хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.8-д заасны дагуу холбогдох байгууллагын зөвшөөрлийг авч, маргаан бүхий газрыг Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах солбилцолд хамаарах талаар холбогдох байгууллагын лавлагаа дүгнэлтийг авсан, мөн маргаан бүхий газрыг Төв, эсхүл Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах талаар маргааныг шийдвэрлэсэн болон нутаг дэвсгэрийн хилийн цэсийн зөрүүтэй байдлын талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад өөрийн харьяаллын бус нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын гуравдагч этгээд хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй. 

Дээрхээс дүгнэхэд гуравдагч этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч “Н А с” ТББ-ын Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Н А с” ТББ-ын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн “С т” ХХК-д холбогдох хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/R007 тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                            А.САРАНГЭРЭЛ