Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1414

 

Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн

Хариуцагч М.Энхжаргалд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 102 420 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч М.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Баатаржав,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр М.Энхжаргалд 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Хариуцагч хүүнд 2 300 000 төгрөгийг төлж, түүнээс хойш хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч М.Энхжаргал өөрийн гараар бичсэн тайлбартаа “Б.Эрдэнээс 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 он 7 дугаар сарын 16-наас өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээ сунгуулж, хүүгээ төлж чадаагүй байна. Хугацаандаа орлого орж ирж, авлагаа авч чадахгүй байна. 2014 оны 7 дугаар сарын 16-наас хойшхи хүү, алдангийг бүрэн төлж Б.Эрдэнийг хохиролгүй болгож, зээлээ эргүүлэн төлнө” гэж гарын үсгээ зурсан байгаа. Энэ тайлбар болон шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд өгсөн тайлбартаа Б.Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж мөнгийг авсан талаар тайлбараа гаргадаг боловч сүүлдээ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй мэтээр худлаа ярьдаг. Иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан, нотариат дээр очиж, зээлийн гэрээнд гарын үсгээ зурсныг нотариатч гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Иймд түүний зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг нь үндэслэлгүй юм. М.Энхжаргал 2 сарын хүүнд 4 800 000 төгрөг төлөхөөс 2 300 000 төгрөг төлж, 2 500 000 төгрөг төлөөгүй. Харин 2014 оны 7 дугаар сарын 16-наас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хүүг шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 222.5-д зааснаар үүссэн гэж үзэж байна. Зээлийн хугацаа 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Хугацаа хэтрээд хариуцагчид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч М.Энхжаргал нь үүргээ гүйцэтгээгүй. Хуульд үүргээ гүйцэтгээгүй бол хүү тооцох тухай заасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон бөгөөд хоног тутмаар бодохоор зээлсэн мөнгөний нийт үнийн дүнгээс илүү гарсан /37 200 000 төгрөг/ тул хуульд зааснаар 50 хувиар тооцож 30 000 000 төгрөгийн алданги нэмэж нийт 102 420 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тэгэхээр 102 420 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Анзын хэмжээ хуульд заасан хэмжээнд байгаа. Хэрэв үүрэг гүйцэтгэгч М.Энхжаргал өөрөө санаачлагаараа төлбөрөө төлөөд багасгаад явсан бол алданги бага байх байсан. М.Энхжаргал нь олон оффис түрээслүүлдэг, орлоготой, гэтэл төлбөрийн чадваргүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд талууд 4 зүйл дээр маргасан байдаг.

1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг үндэслэж 2 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Уг гэрээний хугацаа 2 сар бөгөөд гэрээнд хүү тооцохоор тохирсон, иргэд хоорондын зээл. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 60 сая төгрөгийг шилжүүлсэн, мөнгө өгсөн тухайд маргадаггүй.

 

2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно гэж заасан байгаа. Гэрээнд сарын 4 хувийн хүүтэй гэж тохирсон ба хоёр сарын хүү 4 800 000 төгрөг төлөхөд татгалзахгүй.

3. Харин М.Энхжаргалын төлсөн 2 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 57 300 000 төгрөг нийт 62 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

4. Алдангийн хувьд М.Энхжаргал төлбөрийн чадваргүй тул 50 хувиар тооцох нь учир дутагдалтай байна. Хуулинд алдангийн хэмжээ 0.1-0.5 хувь хүртэл гэж заасан байдаг. Энэ нь үндсэн зээл 60 000 000 төгрөгт илт өндөр байгаа тул шүүх алдангийг 0.3 хувиар бодож өгнө үү. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар талууд гэрээний хугацааг 2 сар гэж тодорхойлсон тул энэ хугацаагаар тооцох ёстой, гэтэл 2014 оны 7 дугаар сарын 16-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хүүнд 12 420 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны зүйлийн хувьд маргаад байх зүйлгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэх боловч тодруулсан хэлбэрээр асуудалд хандахгүй. Иймд үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дүгээр зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Энхжаргалаас 92 500 000 төгрөг гаргуулж, Б.Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 920 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 175 дугаар зїйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, /1419/ Бээжингийн гудамж, 55 дугаар байрны 101 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 92.500.000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 670 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 620 450 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаас /жирэмсний хүндрэл/ биечлэн оролцох боломжгүй болж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, өөрийгөө төлөөлүүлэх бүрэн эрхийг хуульд заасны дагуу олгож, шүүх хуралдаанд оролцож миний өмнөөс нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг олгосон. 2016 оны 5 дугаар сарын 9 өдөр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсүх албан томилолтоор орон нутагт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтээ нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлжээ. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсүхийн ажлын газрын үнэмлэх, томилолтын тушаал дээрх албан тушаал зөрүүтэй гэдэг шалтгаанаар шүүх хуралдаанд миний төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдаж шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчлөө. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсүх тухайн ажилладаг байгууллагадаа албан тушаал хавсарч хийдэг эсэх, албан тушаал өөрчлөгдсөн эсэхийг тодруулалгүй шууд нотлох баримт зөрүүтэй үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан дээр хэрэгт ач холбогдол бүхий Гүнсан Эрдэнэс болон Энхжаргал нарын хоорондын зээлийн нотлох баримтыг гаргаж өгөх байсан.

 1. Би зээл авах хүсэл сонирхолоо “Гүнсан эрдэнэс" ББСБ-д илэрхийлж, үүний дагуу захирал Туул гэх эмэгтэй өөрийн биеээр барьцаа хөрөнгө болон үйл ажиллагаатай танилцаж, зээл олгох шийдвэр гаргасан. Зээл авахаар гэрээ байгуулах үед тус ББСБ-ын захирал Туул гэх эмэгтэй өөрөө гэрээг бичиж байсан ба нөхөр нь надтай байгуулж байгаа гэрээнд гарын үсэг зурж байгааг огт хараагүй, сүүлд гэнэт Б.Эрдэнэ гэгч Туулын нөхөр зээлдүүлэгч болж гарч ирсэнд гайхаж, би Б.Эрдэнэ гэгчтэй гэрээ байгуулаагүй тул гарын үсгээ шинжлүүлье гэж хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүх шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт М.Энхжаргал миний гарын үсэгтэй тохирохгүй байна гэж гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулья гэснийг шүүх хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүн дахин шинжилгээ хийгээд мөн л М.Энхжаргал миний гарын үсэнтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй, Хууль сахиулах их сургуулийн шинжлэн магадлахуйн тэнхимийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шинжээч томилсон. Хууль сахиулах их сургуулийн дүгнэлтээр М.Энхжаргал миний гарын үсэг мөн гэж гарсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцаад миний гарын үсгийг өөр нэг чөлөөт загвартай, банкны баталгаат гарын үсэг зэрэгтэй харьцуулалгүй адил 2 гэрээний гарын үсгийг хооронд нь харьцуулсан байна гомдол гаргана гэж дүү Д.Энхтөр болон нөхөр У.Баатаржавын хамт очиход миний гомдлыг хүлээж аваагүй хэрнээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 зүйлийн 11.1.3-т заасны дагуу гомдол гаргаагүй гэж шийдвэртээ бичсэн нь үндэслэлгүй юм.

 2. М.Энхжаргал би 60 сая төгрөгийн зээл авсан болон хуучин Сүхбаатар дүүргийн  урд талын байрны 3 дугаар давхарт байрлах нотариат орсон гэдэгт огт маргаагүй. Зээл авсан буюу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүх нотариатч сургалттай гээд ямар ч нотариат ажиллахгүй байсан ба ББСБ-ын захирал Туул таньдаг нотариатаа дуудчихлаа гээд хаягийг нь зааж өгсний дагуу очиход Туул өөрөө гэрээ бичээд сууж байснаа гэрээ болон нотариатын дэвтэр дээр гарын үсэг зурчихаад лавлагаагаа аваад хүрээд ир гэсэн. Тухайн үед нотариатч гэх 40 гаран насны эмэгтэй дэвтэр барьж хүрч ирээд, урдаа дугаарласан хоосон хуудсан дээр энд гарын үсэг зур гэж урд нь тэмдэглэж гарын үсэг зуруулаад аваад цаашаа явсан. Гэтэл шүүх нотариатчын мэдүүлэг болон 60 сая төгрөгийн зээл олгогдсон баримтыг үндэслэл болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Нэгэнт би бага хүүтэй урт хугацаатай зээл авахаар ББСБ-д хандаж, захирал
нь зөвшөөрсний дагуу гэрээ байгуулах нь миний хүсэл сонирхол байсан. Түүнээс иргэнээс өндөр хүүтэй богино хугацаатай зээл авах нь миний хүсэл байгаагүй. Хүнийг бага хувийн /2-2,5%/ хүүтэй зээл 1 жил хүртэл хугацаатай олгоно гэж иргэдийн хуурч зар өгч, ирэхээр нь ББСБ-д хүсэлт гаргуулж итгэл төрүүлчихээд эцэст нь зээлдүүлэгч нь гэнэт ямарч ББСБ биш Б.Эрдэнэ гэгч гарч ирж байгаад гайхаж байгаа. Ер нь энэ санхүүгийн байгууллага хүүний орлогоос шууд татвар төлдөг хуулийн заалтаас санаатай зугтаж зээлийн гэрээг иргэдтэй байгуулахдаа төөрөгдүүлж, ойлгогдохгүй, далд маягаар таньдаг нотариатаа ашиглан хийж, эцэст нь ББСБ-аас гарсан биш, иргэд хоорондийн зээл болгож хувиргадаг гэдэгт огт эргэлзэхгүй байна. Иймд Б.Эрдэнэтэй байгуулсан гэж шүүх үзээд байгаа гэрээнд би гарын үсэг зураагүй гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1840 дүгээр, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2797 дүгнэлтээр нотлогдож байна. Б.Эрдэнэтэй байгуулсан гэх гэрээ нь миний хүсэл сонирхолын илэрхийлэл биш байх тул зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Нэгэнт зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй тул хүү, алданги болох 32 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Эрдэнэ болон М.Энхжаргал нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүйд тооцож, хүү 2 500 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэ нь хариуцагч М.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102 420 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж марган шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг 2 удаа шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтээр “...Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ гэсэн баримтууд дээрх ...гарын үсгүүд нь М.Энхаргалын гэх гарын үсгийн ...загваруудтай тохирохгүй байна” /хх-47-48, 65-66/ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хүсэлтийн дагуу шүүх  Хууль сахиулахын их сургуулийн шинжлэн магадлахуйн тэнхимийг шинжээчээр томилж, тус сургуулийн дэд профессор, эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Б.Лхагвасүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “М.Энхжаргалын гарын үсэг биш” гэсэн дүгнэлт гарган /хх-98-100/ ирүүлжээ.

Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн этгээд бичгээр гаргадаг бөгөөд энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн заалтад нийцсэн байхыг шаардлагатай.

Анхан шатны шүүх нь Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр Хууль сахиулахын их сургуулийн шинжлэн магадлахуйн тэнхимийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын нотариатчийн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах” хүсэлт /хх-83/-ийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

       Иймд давж заалдах шатны шүүх дээрх байдлуудыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд  дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

         2.  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        Д.БАЙГАЛМАА