Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01283

 

Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Энхжаргалд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 102 420 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр М.Энхжаргалд 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Хариуцагч хүүнд 2 300 000 төгрөгийг төлж, түүнээс хойш хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй.2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч М.Энхжаргал өөрийн гараар бичсэн тайлбартаа “Б.Эрдэнээс 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 7 дугаар сарын 16-наас өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээ сунгуулж, хүүгээ төлж чадаагүй байна. Хугацаандаа орлого орж ирж, авлагаа авч чадахгүй байна. 2014.7.16-наас хойшхи хүү, алдангийг бүрэн төлж Б.Эрдэнийг хохиролгүй болгож, зээлээ эргүүлэн төлнө” гэж гарын үсгээ зурсан байгаа.Энэ тайлбар болон шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд өгсөн тайлбартаа Б.Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан талаар тайлбараа гаргадаг боловч сүүлдээ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй мэтээр худлаа ярьдаг. Иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан, нотариат дээр очиж, зээлийн гэрээнд гарын үсгээ зурсныг нотариатч гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг.Иймд түүний зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг нь үндэслэлгүй юм. М.Энхжаргал 2 сарын хүүнд 4 800 000 төгрөг төлөхөөс 2 300 000 төгрөг төлж, 2 500 000 төгрөг төлөөгүй. Харин 2014 оны 7 дугаар сарын 16-наас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хүүг шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 222.5-д зааснаар үүссэн гэж үзэж байна. Зээлийн хугацаа 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Хугацаа хэтрээд хариуцагчид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч М.Энхжаргал нь үүргээ гүйцэтгээгүй. Хуульд үүргээ гүйцэтгээгүй бол хүү тооцох тухай заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон бөгөөд хоног тутмаар бодохоор зээлсэн мөнгөний нийт үнийн дүнгээс илүү гарсан /37 200 000 төгрөг/ тул хуульд зааснаар 50 хувиар тооцож 30 000 000 төгрөгийн алданги нэмж, нийт 102 420 000 төгрөг нэхэмжилж байна.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тэгэхээр 102 420 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд талууд 4 зүйл дээр маргасан байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, 2 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Уг гэрээний хугацаа 2 сар бөгөөд гэрээнд хүү тооцохоор тохирсон, иргэд хоорондын зээл. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 60 сая төгрөгийг шилжүүлсэн, мөнгө өгсөн тухайд маргадаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно гэж заасан байгаа. Гэрээнд сарын 4 хувийн хүүтэй гэж тохирсон ба хоёр сарын хүү 4 800 000 төгрөг төлөхөд татгалзахгүй. Харин М.Энхжаргалын төлсөн 2 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 57 300 000 төгрөг нийт 62 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.Алдангийн хувьд М.Энхжаргал төлбөрийн чадваргүй тул 50 хувиар тооцох нь учир дутагдалтай байна. Хуулинд алдангийн хэмжээ 0.1-0.5 хувь хүртэл гэж заасан байдаг. Энэ нь үндсэн зээл 60 000 000 төгрөгт илт өндөр байгаа тул шүүх алдангийг 0.3 хувиар бодож өгнө үү. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар талууд гэрээний хугацааг 2 сар гэж тодорхойлсон тул энэ хугацаагаар тооцох ёстой, гэтэл 2014.7.16-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хүүнд 12 420 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны зүйлийн хувьд маргаад байх зүйлгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэх боловч тодруулсан хэлбэрээр асуудалд хандахгүй. Иймд үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дүгээр зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Энхжаргалаас 92 500 000 төгрөг гаргуулж, Б.Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 920 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зїйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, /1419/ Бээжингийн гудамж, 55 дугаар байрны 101 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 92 500 000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 620 450 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зэрэг нь гэрээ хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангаж байгуулагдсан нь илэрхийлэгдэх бөгөөд энэ нь шууд нотлох баримтын шаардлагыг хангана. Нөгөөтэйгүүр хариуцагч тал дээрх гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа боловч энэ татгалзал нь хариуцагчийн 2014.09.08-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Анхан шатны шүүхээс шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэн магадлахуйн тэнхим, тус сургуулийн дэд профессор, эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй Б.Лхагвасүрэнгийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлтэд “М.Энхжаргалын гарын үсэг мөн байна” гэсэн байхад магадлалд нотлох баримтыг илт гуйвуулж бичсэн....Шүүхээс шинжээч томилох ажиллагаа нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхад чухам ямар байдлаар уг заалтыг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ. Дээрх хуулийн заалтын хүрээнд шүүхээс ямар нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж үнэлэх нь шүүгчийн дотоод үнэлэмж. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь бусад бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтаас илүү бодитой, нотлох баримтыг үнэлэхэд илүү чухал гэж үзэн бусад баримтаар тогтоогдож буй үйл баримтыг үгүйсгэх учиргүй....Мөн хариуцагчаас зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг гэрээнүүд дээрх гарын үсгийн хувьд маргаж, шинжээчийн дүгнэлтэд чухал ач холбогдол өгч, гол нотлох баримт болгох ёсгүй юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 2 шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасанчлан “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй” байсан учир нэхэмжлэгчээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүгч үндэслэлтэй гэж үзэн Хууль сахиулахын их сургуулийн шинжлэн магадлахуйн танхимыг шинжээчээр томилж, танхимд гарын үсгийн шинжилгээ хийх эрх бүхий мэргэшсэн ганц шинжээчийн хувьд Б.Лхагвасүрэн танхимаа төлөөлөн дүгнэлтийг гаргаж шүүхэд хүргүүлсэн....Дээрх нөхцөл байдлаар талуудын дунд байгуулагдсан гэрээний харилцаа хангалттай нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатанд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1414 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Мөн зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ёстой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 620 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН