Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133

 

Х.Т-, Н.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 717 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1474 дүгээр магадлалтай, Н.Г-, Х.Т- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ***,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Н-н Г-,

2. Монгол Улсын иргэн,1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ***,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмжээ авч байсан, Б овогт Х-н Т-.

Н.Г- нь 2019 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

Н.Г-, Х.Т- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлд дээрх “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Х.Т- нь ганцаараа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор дээрх “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод үзлэг хийхэд гарч ирсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны 404 тоот өрөөнөөс эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэргийн материалаас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол”, “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, мөрдөгчийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, тус өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Х.Т-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн,

мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, мөн эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-д ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг залгиж устгасан, ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Энэ хэрэг нь анхнаасаа хууль зөрчсөн, ямар ч гомдол мэдээлэл ирээгүй, түүнийг хавтаст хэрэгт бүртгэж авсан зүйл огт байхгүй. Хэргийн газарт хийсэн үзлэгээр мөнгөлөг өнгийн хуйлсан цаас гэж ярьдаг, мөн зураг байгаа гэж ярьдаг боловч шавар гэх зүйл байсныг нотлоогүй байж түүнийг залгисан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Мөнгөлөг цааснаас делта-9... бодис илрээгүй, үүнийг шинжээчийн дүгнэлтээс харж болно. Хавтаст хэрэгт бэхжүүлсэн зурагнууд шавар гэгч зүйлийг нотлох баримт биш. ...2020.03.20-ны өдөр биед хийсэн үзлэг хийхдээ хууль зөрчиж, хадам аав, эхнэр, хүүхдийнх нь дэргэд нүцгэлсэн.

 Мөнгөн гүүр эмнэлэг нь хувийн эмнэлэг, үзлэг, шинжилгээ хийх эрх бүхий эмнэлэг объект биш, хууль зөрчсөн. Мөрдөн шалгах явцад 2 удаа түргэн тусламж дуудсаны дуудлагын бүртгэл бий. Үүнийг эрх бүхий байгууллагын тоотоор авах ёстой аваагүй. Мөрдөн байцаагч нар хууль зөрчиж, хавтаст хэргийг эзэнгүй орхиж, Х.Т-ийг хавтаст хэрэг авч гарах нөхцөлийг бүрдүүлж гэмт хэрэг хийхэд хүргэсэн. Хавтаст хэргийг бүрэн бүтэн хүлээж авсан, Доржбатад хүлээлгэн өгсөн нь тухай цагдаагийн ажилтан С.Мөнхжин, М.Отгонбаатар нарын мэдүүлгээр, шинжээчийн дүгнэлтээр нотолдог. ...урж устгасан зүйл байхгүй.

Мөн Г-ийн болон ээжийнх нь машинаас гарсан гэх ургамал нь Х.Т-өд огт хамаагүй, хамаатай болохыг нотолж чадаагүй. Г- нь ургамал минийх, Т-өд огт хамаагүй, ээжийнх нь машинаас олдсон шар хайрцаг Т-өд хамаагүй, эдгээр зүйлээс Т-ийн гарын хээ илрээгүй, нотлох баримт байхгүй. /гарын дардаснаас илэрсэн гэх боловч хаанаас авсан нь тодорхойгүй, нотлогдоогүй/. Ээжийнх машиныг эзэнгүй үед нь цонхыг нь хагалж үзлэг хийж, хууль зөрчсөн. Эхнэр, аав нараас нь хууль сануулаагүй байцаалт аваад дуусаж байхад өөр эмэгтэй мөрдөгч орж ирэн хууль сануулаагүй гэж хэлснээр байцаалтад өөрчлөлт орсон. ...Энэ нь гэрчтэй.

Тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг хийсэн гэж үзсэн нь буруу. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно гэж заасан. Гэтэл 2015.10.04-ний өдрийн 11 цагт хурал дуусаж энэ үеэс буюу 11 цагаас тэнсэнгийн хугацааг тоолоход 2017.10.04-ний өдрийн 11 цагт 2 жилийн тэнсэнгийн хугацаа дууссан. Гэтэл эрх зүйн байдлыг хүндрүүлж хоногоор тоолсон нь хууль буруу хэрэглэсэн. ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн. Эцэст нь хэлэхэд прокурор хийх ёстой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хадгалсан, ...бүлэглэсэн, гэдгийг нотолж чадаагүй, ...шар хайрцагаас гарын хээ илрүүлээгүй, шар сав хэнийх болохыг, ...шавар гэх зүйл байсныг шалгаж тогтоогоогүй, залгисан гэдэг нь ойлгомжгүй гэж давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгч дүгнэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр залгисан гээд байгаа нь нотлогдоогүй. Учир нь шавар гэх зүйл анхнаасаа байгаагүй учир залгисан гэх ойлголт байхгүй төдийгүй нотолж чадаагүй болно.

Давж заалдах шатны шүүхийн гомдолдоо ямар ямар хууль зөрчсөнийг маш тодорхой дурдсан тул холбогдох заалтын дагуу нотлох ёстой зүйлүүдийг нотолж чадаагүйг бичлээ. Өмгөөлөгч миний хувьд давж заалдах шатны шүүхээс орсон. Өмнөх өмгөөлөгч ...хэрэгт холбогдолтой гомдол, мэдээллийг гаргаагүй байсан, үүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ хэргийг прокурорт буцааж өгнө үү. Х.Т-ийн хувьд гэм буруутай болохыг нотолж байж яллах нь зүйтэй. Учир нь холбогдоогүй хэргийн төлөө 6 жил хоригдоно гэдэг хууль зөрчсөн явдал билээ” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Н.Г-, Х.Т- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлд дээрх “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэдэг нь нотлогдохгүй байна. Н.Г- нь 2019 оны 09 дүгээр сард ганцаараа түүж, бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлд “өвс” гэх нэршилтэй бодис байсныг Х.Т- мэдээгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх ажлын шугамаар Х.Т-ийн хадам аавынд нэвтэрч үзлэг хийсэн ба Х.Т-ийн ээжийн машинд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан журмуудыг зөрчсөн. Үзлэгээр 0.0149 грамм мансууруулах бодис илрүүлсэн гэх ба Х.Т-ийх болохыг нотолсон баримт байхгүй. Хүндийг хэмжих хамгийн бага нэгж буюу 1 милограмм ч хүрэхгүй савны хананд наалдсан тоосонцорыг хадгалсан гэж буруутгах үндэслэлгүй. Мөн Х.Т-ийн биед үзлэг хийхдээ 23.2 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн талаар түүний хадам гэрчилж мэдүүлсэн. Хэргийн материалаас ямар ч нотлох баримт устаагүй буюу үрчийсэн, зарим хэсэг нь тасарсан байдалтай эх хувиараа байсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон учир хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтад үндэслэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Х.Т-өд холбогдох мансууруулах бодис хадгалсан, устгасан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэрэг нуусан үйлдэлд нь хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Х.Т- гаргасан гомдолдоо “...2019.10.04-ний өдөр Г-ийн гуйлтаар машиныг нь жолоодож зуслангийн байшинд майхан, компьютер хүргэж өгөхөөр явж байхад Ар гүнтийн салдаг уулзвар дээр автын шалгалт хийж байсан цагдаа нар шалгах үед Г-ийн машины суудал дороос ууттай ургамал гарж ирсэн. Би Г-ийн машиндаа өвс хийсэн гэдгийг мэдээгүй, миний эд зүйл биш учир надад хамааралгүй. Хэрэв тухайн машинд ямар нэгэн мансууруулах бодис байгааг мэдсэн бол машиныг барьж өгөхгүй байсан. Н.Г- нь тухайн машинд байсан өвс гэх зүйлээ ганцаараа олж авсан, машиндаа хийгээд удаан хугацаанд мартсан байсан. Т- машинд өвс байгаа гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Г-тэй бүлэглэн уг өвсийг хадгалсан гэж гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019.10.04-ний өдөр уг асуудал 18 цаг орчимд болсон. Би өмнө нь 2017.10.04-ний 11 цагт 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Гэтэл прокурор миний тэнсэн харгалзах ялыг дуусаагүй, хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн 24 цагт дуусна гэж хуульд заасан байгаа гэж үзсэн. Уг хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна гэж заасан байгаа боловч прокурор 2 жилийн тэнсэн харгалзах ялыг тоолохдоо хоногоор тоолон уг ялыг дуусаагүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

2020.03.20-ны өдөр танихгүй гурван залуу надтай уулзахаар ирээд намайг авч гараад гадаа хашаанд байсан манай ээжийн машины цонхыг хагалж онгойлгоод нэгжлэг хийсэн. Ээжийн машинаас ягаан өнгийн сав олсон. Тэр саван дотор нь ямар нэг зүйл байгаагүй хоосон байсан. Гэтэл савны хананаас тоосонцор илэрсэн гээд намайг мансууруулах бодис хадгалсан гээд байгаа. Гэтэл тэр саван дээрээс  хурууны хээ аваагүй, минийх гэдгийг яг баттай нотолсон нотолгоо байхгүй байтал намайг мансууруулах бодис хадгалсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020.04.17-ны өдөр би хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнд мөрдөгч Доржбатын дуудсанаар очсон. Түр хүлээж бай гээд сууж байтал өрөөнд байсан 4 мөрдөгч 4-үүлээ намайг орхиод гараад явчихсан. Тэгэхээр нь би мөрдөгч Доржбатын ширээн дээр байсан хавтаст хэргийг аваад гарчихсан. Хавтаст хэрийг авч гарсан нь үнэн, гэхдээ санаатайгаар устгах гэж авч гараагүй салсан эхнэр болох Золзаяа хүүхэдтэй минь уулзуулахгүй байсан учраас хавтаст хэрэгт байсан гэрийн хаягийг нь авч, хүүхэдтэйгээ уулзах зорилгоор авч гарсан. Тэгэхдээ сандраад хувцсандаа хийхдээ базаж, мушгисан, үйлдэл хийсэн байж болно. Тэрнээс урж, устгасан зүйл байхгүй. Үнэхээр устгах, нуух зорилготой байсан бол надад боломж нөхцөл бүрэн байсан. Намайг урж, устгаагүй гэдгийг нотлох камерын бичлэг хүртэл байдаг атал тэр бичлэгийг аль ч шатанд үзээгүй. Устсан гээд байгаа баримтууд нь устгагдаагүй эх хувиараа байна гэдгийг шинжээч нар хүртэл тогтоосон тул устгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Г-, Х.Т- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн, шүүгдэгч Х.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, хэргийн талаар шалгавал зохих асуудлуудыг шалгасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үзлэг, нэгжлэг хийх үедээ илрүүлж, харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хойшлуулшгүй тохиолдолд хийсэн үзлэг, нэгжлэгийг прокурорт танилцуулж, хүчинтэйд тооцуулах хуулийн зохицуулалт бий. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдолд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдагдахгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Г-, Х.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Г- Х.Т- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Н.Г- дангаараа “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, Х.Т- дангаараа уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Х.Т- нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан гэх, мөн түүнчлэн мөрдөгчийн өрөөнөөс хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг авч нуусан, урж гэмтээж, устгасан гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдоогүй, түүнчлэн анхан шатны болон давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ гэмт хэргийн шинж, түүний үе шатанд хамаарах эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийх явцад Х.Т-ийн залгиж устгасан гэх зүйл чухам юу байсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, ямар эд зүйл залгисныг нотлох эд мөрийн баримт, бусад баримтат мэдээлэл байхгүй байхад түүнийг нотлох баримт буюу “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг устгасан гэж таамаглалд тулгуурлан буруутгаж болохгүй тул тухайн үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.   

Мөн түүнчлэн тэрээр 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг устгахад чиглэсэн үйлдлийг эхлүүлсэн буюу тэдгээрийг мөрдөгчийн өрөөнөөс нууцаар авч явсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, өөрөөр хэлбэл, тэдгээр баримтат мэдээллийг устгахаас өмнө шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоогдсон, уг баримтуудыг эргүүлэн авч эх хувиар нь хэрэгт хавсаргасан үйл баримт тогтоогдсон байх тул Х.Т-ийн үйлдлийг “Нотлох баримтыг устгах” гэмт хэргийн завдалт гэж дүгнэх, үүний зэрэгцээ уг үйлдлийг хийхэд мөрдөгчийн хэт хайхрамжгүй үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд шүүгдэгч Х.Т-өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сар хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.Т- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын “Х.Т-өд холбогдох мансууруулах бодис ... устгасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэрэг нуусан үйлдэлд нь хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “мансууруулах бодис хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох..., тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг хийсэн гэж үзсэн нь буруу, энэ хугацаа дууссан байсан тул ял нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй тул тус заалтыг хүчингүй болгуулах” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 717 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1474 дүгээр магадлалд “Шүүгдэгч Х.Т-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж, устгасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.”,

“Шүүгдэгч Х.Т-ийг эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгахыг завдсан гэм буруутайд тооцсугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-ийг 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Х.Т-өд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-д ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т- болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Батцэнгэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН